Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/01956

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/01956

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт Ч-ын *******д холбогдох,

Автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдулам, Р.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдулам, Р.Энхсайхан нараас гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 163 тоот захирамжаар 700 м.кв талбайтай, нэгж талбар бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон. Хариуцагч иргэн Ч.******* нь дур зоргоор авирлаж, Б.*******гийн эзэмшил газар руу хашаагаа сунгаж, гарааш барьсан эрх зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Ч.*******гийн барьсан автомашины гараашийг буулгаж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр манай газарт 70 м.кв хэмжээтэй орж ирсэн, дээр нь гарааш барьсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч одоо энэ газраа л чөлөөлүүлэх, гараашийг нь буулгаж авахуулах хүсэлттэй байна. Бид 2009 оны 09 сарын үеэс уг гараашийг баригдаж эхлэх үеэс байнга энд гарааш барьж болохгүй, буулгаж ав гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. Намар болохоор одоо хүйтэрлээ, хавар татна гээд, хавар нь болохоор одоо удахгүй татаад авчихна гээд худлаа хэлдэг. Сүүлдээ бид газрын албанд хандсан. Чингэлтэй дүүргийн Газрын албаны шаардах хуудсыг өмнө нь өгөөгүй гэж байна. Газрыг худалдсан гэх н.Энхжаргал гэдэг хүний тодорхойлолтод газрын албанаас 2014 онд буулга гэсэн шийдвэр байсан гэж бичсэн байна. Энэ нь хэрэгт байгаа олон баримтуудаар нотлогдсон. Иймд бид нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2009 оны зун 2 тал хэн аль нь өөрсдийн барилгаа барьсан байдаг. Тухайн үед тус газар нь нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшилд шилжээгүй байсан ба 2010 оны 08 дугаар сарын 26-нд шилжсэн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь газрыг чөлөөлөхийг шаардах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.*******гаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* 2010 оны 08 дугаар сарын 26-нд эзэмшлийн газрыг шилжүүлж авсан. Тухайн үед талууд барилгаа барихад хэн хэн нь хил зөрчсөн үйлдлийг мэдээгүй байсан. Яагаад гэвэл Б.*******гийн өмнөх эзэмшигч н.Оюунсүрэн нь тус газрыг эзэмшилдээ авахдаа журам зөрчиж авсан байдаг. Газрын цэгээ нарийн тогтоолгож аваагүйн улмаас үл ойлголцол үүсээд байна. Нэхэмжлэгч тал мэдсэн, шаардлага тавьсан гэж байна. Гэтэл ийм үйл баримт огт болоогүй. Газрын албанд хандсан тухай баримтууд нь 2014 оноос хойш хандсан тухай баримтууд л хэрэгт байгаа. Тухайн үед нэхэмжлэгч тал хил зөрчсөн үйлдлийг мэдээд нэн даруй арга хэмжээ аваагүй учир хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний үндэслэл нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.-д заасны дагуу манайх хил зөрчсөн үйлдлээ зөвшөөрч байна. Манайх гараашийг буулгах боломжгүй учир гарааш ашиглах талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин манайх хуульд зааснаар нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлье гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь хуульд хөршийн хил зөрчиж барилга барьсан байх, тэр нь гэм буруутай үйлдэл байж болохгүй гэж байна. Хариуцагч Ч.******* нь 2014 онд Ч.Энхжаргалаас уг газраа шилжүүлж авсан байдаг. Ч.Энхжаргал нь Газрын тухай хуульд заасны дагуу гэрчилгээ аваагүй, кадастрын зураг хийлгэсэн маягаар тус газарт амьдарч байсан бөгөөд газар эзэмших, эрхгүй этгээд байсан. 2014 онд уг газрын анхны эзэмшигч нь Ч.******* нь болж, хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хөршийн эрх зөрчсөн байх нөхцөлийг бүрдээгүй гэж үзэж байна. Тиймээс хөршийн хил зөрчсөнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ч.******* нь 700 м.кв газартай, түүний нөхөр болох О.Гүррагчаа нь 380 м.кв талбайтай газрыг Ч.Энхжаргалаас авсан байдаг. Тиймээс орон зайн хувьд бусдын эзэмшил газар руу нэвтрэх эрхгүй. Хөршийнхөө газар руу хашаагаа сунгачхаад, хэсэг хугацаа өнгөрсөн учир хүлээн зөвшөөр гэвэл ийм асуудал маш их гарч хүн бүхэн л бусдын газарт орох шаардлагатай болно гэсэн үг. Бас зайлшгүй шаардлагатай нөлөөлөл байх ёстой юм байна, тэр нь хүний болон техник технологоор барьж тогтоох, өөрийн хяналтад байлгах боломжгүй, материаллаг буюу физикийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлсийн шинжтэй нөлөөлөл байх ёстой. Ийм нөлөөллийн улмаас манай газарт сунгасан гэдэг нь нотлогдоогүй. Өөрийн газрынхаа цэг тэмдэгтийг мэдсээр байж санаатайгаар хил зөрчин гарааш барьсан нь илт харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, гудамж, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газраас хашаалсан 70 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түүн дээр баригдсан 28 м.кв талбай бүхий автомашины гараашийг буулгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан ба уг нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг Ч.*******д холбогдуулан гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэжлэлийг шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар.

1. Нэхэмжлэгч Б.******* нь 2009 оны 06 дугаар сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, гудамж, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг иргэн *******гээс шилжүүлэн авч эзэмшсэн болох нь *******, Б.******* нарын хооронд 2009 оны 06 дугаар сарын 11-нд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2010 оны 05 дугаар сарын 12-нд гаргасан *******, Б.******* нарын хүсэлт, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0310123 тоот Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг зэргээр,

хариуцагч Ч.******* нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, гудамж, нэгж талбарын 18642324069216 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг болох нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд Ч.*******гаас 2014 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан газар эзэмших хүсэлт, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000523972 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн газрын албанаас 2014 оны 11 дүгээр сарын 16-нд, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2016 онд үйлдсэн газрын байршлын кадастрын зургууд зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон.

 

2. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн, нэгж талбарын дугаартай газрын хойд хэсэгт 70 м.кв талбай бүхий газрыг давхцуулан, нийт 1284 м.кв талбайг хашаалж, дээрх давхцуулсан газарт 2009 оны зун 28 м.кв талбай бүхий автомашины гарааш барьсан нь шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/04 тоот шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

3. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийнх нь эзэмшлийн газарт хашаа, гарааш барьсан талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл хүсэлт гаргаж байсан, уг газрыг чөлөөлж гараашийг бариулахгүй байх, буулгах талаар хариуцагчаас шаардаж байсан нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гарааш буулгах, газар чөлөөлж зөрчлөө арилгахыг шаардсан тухай Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудас, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 851 тоот, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 982 тоот албан бичгүүд, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

 

4. Маргаж буй 70 м.кв талбай бүхий нийт 700 м.кв газрыг нэхэмжлэгч нь 2009 оны 06 дугаар сарын 11-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу гэрч *******гээс шилжүүлэн авч, 2010 оны 08 дугаар сарын 26-нд 0310123 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ Б.*******гийн нэр дээр гарах үед хариуцагч Ч.******* нь нэгж талбарын 18642324069216 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхгүй байсан ба хариуцагч талын нэхэмжлэгч Ч.******* нь хууль тогтоомж зөрчин шударга эзэмшигч Ч.*******гийн эзэмшлийн газрыг эзэмших эрхийг олж авсан, гарааш, хашааг буулгах боломжгүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүйн дээр иргэн Ц.Цэрэнбадам, нарын тодорхойлолт, Эс даблю Си Эм ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, түүнд хавсаргасан Google earth интернет программаас татан хэвлэсэн зургууд нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй байна.

 

Иймд хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 70 м.кв талбай бүхий газарт өөрийн өмчлөлийн гараашийг барьж түүний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 70 м.кв талбайг чөлөөлүүлж, дээр нь баригдсан автомашины гараашийг буулгуулахаар шаардах эрхтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

1. Хариуцагч Ч.******* нь 2009 оны зун гарааш барьсан хөршийн хил зөрчсөн үйлдлийн талаар талуудын хэн аль нь маргаагүй, тухайн үед ******* нь уг газрыг эзэмшдэг байсан, хил зөрчсөн үйлдлийг зогсоох талаар шаардлага гаргаж байгаагүй нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, Б.******* нь 2010 онд газар эзэмших гэрчилгээг авсан нь хил зөрчсөн хэсэг газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

 

2. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар...-ыг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасны дагуу маргааны зүйл болох давхцсан 70 м.кв талбай нь нэхэмжлэгч хариуцагч нарын хувьд хөршөө залгаа эд хөрөнгөд хамаарч байх ба 134.2.-т Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж заасан байна.

Хариуцагч Ч.******* нь 2014 онд хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө буюу 2009 оны зун тухайн үед иргэн Б.Оюунсүрэнгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан дээрх 70 м.кв талбайд автомашины гарааш барьж хашаалсан нь хариуцагчийг хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн уг үйлдлийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д заасны дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа ашиглахад саад болохооргүй хариуцагчийн зайлшгүй шаардлагатай нөлөөлөл бүхий нөхцөл байдал гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл 2009 оны зун хариуцагч Ч.******* газар эзэмших ямар нэгэн эрхгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар эзэмшигч биш байх үедээ бусдын хууль ёсны эзэмшил бүхий газрын хилийг зөрчин сууриараа 28 м.кв талбайтай гарааш барьж 70 м.кв газар хашаалсныг газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж авсан нэхэмжлэгч Б.******* Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.-д заасны дагуу хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3. Хэрэгт дээрх 28 м.кв талбай бүхий гараашийг өмчлөх, эзэмших талаар баримт авагдаагүй ч уг гарааш нь хариуцагчийн өмчлөлийнх болох талаар хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд энэ талаар маргаагүй байх бөгөөд гараашийг буулгаж дээрх газрыг чөлөөлөх талаар хариуцагчаас байнга шаардаж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрч Д.Байгальмаагийн ... 2009 оны намраас эхлээд энэ асуудал үүссэн. Жил бүр л намар болохоор сэрүүн болчихлоо хавар татна гэдэг, хавар нь болохоор ажил ихтэй завгүй байна, тэгж байгаад татна гэдэг байсан. Тэгээд л намар болдог байсан. Ийм байдалтай л өдийг хүрсэн дээ гэх мэдүүлэг давхар нотолж байна.

 

4. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3., 135.4.-т зааснаар хөрш залгаа газрыг эзэмшигч буюу нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн өмчлөлийн гараашийг буулгуулахаар газраа чөлөөлүүлэх эрхтэй тул хариуцагчийн хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин гарааш барьсан үйлдлийг нэхэмжлэгчээр хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг шаардлага хуулийн үндэслэлгүй болно.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Б.*******гийн өөрийн эзэмшлийн 70 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж түүн дээр баригдсан хариуцагчийн өмчлөлийн гараашийг буулгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг ханган, харин хариуцагч талын хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/04 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан, шинжээчийн ажлын хөлсийг 644 539 төгрөгөөр тодорхойлж Геомэл ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий нэхэмжлэх, шинжээчийн зардлын тооцоог ирүүлсэн байх тул хариуцагч Ч. *******гааас дээрх зардлыг гаргуулан шинжээчид олгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйпийн 115.2.1., 115.2.3., 116., 118., дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, гудамж, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газарт баригдсан 28 м.кв талбай бүхий автомашины гараашийг буулгаж, уг гарааш байрлаж хашаалсан 70 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******гийн хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгч Б.*******д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас шинжээчийн ажлын хөлсөнд 644 539 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА