Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00582

 

Б.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2603 дугаар магадлалтай

Б.Л-гийн нэхэмжлэлтэй

Ч.Э-д холбогдох

Автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхсайхан, Л.Нямдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л- нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 163 тоот захирамжаар 700 мкв талбайтай, нэгж талбар бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон. Хариуцагч Ч.Э- нь дур зоргоор авирлаж, Б.Л-гийн эзэмшил газар руу хашаагаа сунгаж, гарааш барьсан эрх зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Ч.Э-гийн барьсан автомашины гараашийг буулгаж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр манай газарт 70 мкв хэмжээтэй орж ирсэн, дээр нь гарааш барьсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч одоо энэ газраа чөлөөлүүлэх, гараашийг нь буулгаж авахуулах хүсэлттэй байна. Бид 2009 оны 09 дүгээр сарын үеэс уг гараашийг баригдаж эхлэх үеэс энд гарааш барьж болохгүй, буулгаж ав гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. Намар болохоор одоо хүйтэрлээ, хавар татна гээд, хавар нь болохоор одоо удахгүй татаад авчихна гээд худлаа хэлдэг. Сүүлдээ бид газрын албанд хандсан. Чингэлтэй дүүргийн Газрын албаны шаардах хуудсыг өмнө нь өгөөгүй гэж байна. Газрыг худалдсан гэх н.Энхжаргал гэдэг хүний тодорхойлолтод газрын албанаас 2014 онд буулга гэсэн шийдвэр байсан гэж бичсэн байна. Энэ нь хэрэгт байгаа олон баримтуудаар нотлогдсон. Иймд бид нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны зун 2 тал хэн аль нь өөрсдийн барилгаа барьсан байдаг. Тухайн үед тус газар нь нэхэмжлэгч Б.Л-гийн эзэмшилд шилжээгүй байсан ба 2010 оны 08 дугаар сарын 26-нд шилжсэн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь газрыг чөлөөлөхийг шаардах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л- 2010 оны 08 дугаар сарын 26-нд эзэмшлийн газрыг шилжүүлж авсан. Тухайн үед талууд барилгаа барихад хэн хэн нь хил зөрчсөн үйлдлийг мэдээгүй байсан. Яагаад гэвэл Б.Л-гийн өмнөх эзэмшигч н.Оюунсүрэн нь тус газрыг эзэмшилдээ авахдаа журам зөрчиж авсан байдаг. Газрын цэгээ нарийн тогтоолгож аваагүйн улмаас үл ойлголцол үүсээд байна. Нэхэмжлэгч тал мэдсэн, шаардлага тавьсан гэж байна. Гэтэл ийм үйл баримт огт болоогүй. Газрын албанд хандсан тухай баримтууд нь 2014 оноос хойш хандсан тухай баримтууд л хэрэгт байгаа. Тухайн үед нэхэмжлэгч тал хил зөрчсөн үйлдлийг мэдээд нэн даруй арга хэмжээ аваагүй учир хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний үндэслэл нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасны дагуу манайх хил зөрчсөн үйлдлээ зөвшөөрч байна. Манайх гараашийг буулгах боломжгүй учир гарааш ашиглах талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин манайх хуульд зааснаар нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, учир нь хуульд хөршийн хил зөрчиж барилга барьсан, тэр нь гэм буруутай үйлдэл байж болохгүй гэж байна. Хариуцагч Ч.Э- нь 2014 онд Ч.Энхжаргалаас уг газраа шилжүүлж авсан байдаг. Ч.Энхжаргал нь Газрын тухай хуульд заасны дагуу гэрчилгээ аваагүй, кадастрын зураг хийлгэсэн маягаар тус газарт амьдарч байсан бөгөөд газар эзэмших, эрхгүй этгээд байсан. 2014 онд уг газрын анхны эзэмшигч нь Ч.Э- болж, хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хөршийн эрх зөрчсөн байх нөхцөлийг бүрдээгүй гэж үзэж байна. Тиймээс хөршийн хил зөрчсөнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ч.Э- нь 700 мкв газартай, түүний нөхөр болох О.Гүррагчаа нь 380 мкв талбайтай газрыг Ч.Энхжаргалаас авсан байдаг. Тиймээс орон зайн хувьд бусдын эзэмшил газар руу нэвтрэх эрхгүй. Хөршийнхөө газар руу хашаагаа сунгачихаад, хэсэг хугацаа өнгөрсөн учир хүлээн зөвшөөр гэвэл ийм асуудал маш их гарч, хүн бүхэн л бусдын газарт орох шаардлагатай болно гэсэн үг. Бас зайлшгүй шаардлагатай нөлөөлөл байх ёстой юм байна, тэр нь хүний болон техник технологиор барьж тогтоох, өөрийн хяналтад байлгах боломжгүй, материаллаг буюу физикийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлсийн шинжтэй нөлөөлөл байх ёстой. Ийм нөлөөллийн улмаас манай газарт сунгасан гэдэг нь нотлогдоогүй. Өөрийн газрынхаа цэг тэмдэгтийг мэдсээр байж санаатайгаар хил зөрчин гарааш барьсан нь илт харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-гийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамж, нэгж талбарын 18642324071183 дугаартай, 700 мкв талбай бүхий газарт баригдсан 28 мкв талбай бүхий автомашины гараашийг буулгаж, уг гарааш байрлаж хашаалсан 70 мкв талбай бүхий газрыг хариуцагч Ч.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гийн хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгч Б.Л-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гаас шинжээчийн ажлын хөлсөнд 644 539 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2603 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ч.Э-гийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2603 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргав. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь үнэлж талуудын тэгш эрхийг хангаагүй зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хэт ач холбогдол өгч түүний улмаас нэг талыг барьсан явцуу шийдвэр гаргажээ. Тухайлбал хэрэгт ач холбогдол бүхий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн нотлох баримт буюу тухайн бодит үйл баримтыг тогтоосон он дараалсан өөрчлөлт бүхий зураглалыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй, гэрч гэх төрөл садангийн холбоо бүхий этгээдүүдийг шүүх хурал дээр асуулгаж тэдгээрийн үндэслэлгүй мэдүүлгийг өмнөх шатны шүүхүүд шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгосон нь хариуцагч талын эрх ашгийг хэт зөрчсөн, шүүхээс Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх заалт болон бусад хэрэглэвэл зохих хууль, хуулийн заалтыг хэрэглээгүй улмаар бодит байдлыг гуйвуулсан өрөөсгөл шийдвэр, магадлал гарах нөхцөл болжээ.

Иймээс өмнөх шатны шүүхүүд хэргийн үйл баримтын талаар тогтоовол зохих нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч талын эрх ашигт нийцэх шийдвэр гарах ажиллагаа явуулж бүрдүүлсэн баримт сэлт нөгөө талаас олон жилийн өмнө болсон үйл баримт, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгаа зэрэг байдлыг харгалзан хяналтын шатны шүүхээс бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч, гаргасан гомдлыг хянаж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Б.Л- нь иргэн Ч.Э-д холбогдуулан автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөршийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар: Автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Б.Л- нь Ч.Э-д холбогдуулан хариуцагчийн барьсан автомашины гарааш нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан нь түүний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэн, автомашины гараашийг буулгуулж, газар чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байрлалтай, нэгж талбарын 700мкв талбай бүхий газрыг иргэн Р.Оюунсүрэн 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Газар эзэмших эрхийн 0064319 тоот гэрчилгээгээр эзэмшиж байсан, 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Б.Л-д газар эзэмших эрхээ шилжүүлж, талууд Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 163 тоот шийдвэрийг үндэслэн 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0310123 тоот Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Б.Л- тус газрыг эзэмших эрхтэй болсон тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар Б.Л- нь маргаж буй газрын шударга эзэмшигч байна.

Хариуцагч Ч.Э-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Яргайтын богино гэх газарт 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүүргийн Засаг даргын А/341 тоот шийдвэрээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэгж талбарын 700мкв талбай бүхий газар эзэмшүүлэхээр №000523972 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/04 тоот Шинжээчийн дүгнэлтээр “...Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын богинод байршилтай газрыг нэгж талбарын дугаараар хайлт хийж үзэхэд иргэн Б.Л-гийн эзэмшиж байгаа газар 618мкв талбайтай, иргэн Ч.Э-гийн эзэмшиж байгаа газар нь 1284мкв талбайтай, иргэн Б.Л-гийн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй, харин иргэн Ч.Э-гийн эзэмшиж буй газар нь иргэн Б.Л-гийн нэр дээр бүртгэгдсэн газартай 70мкв талбайгаар давхцалтай, иргэн Б.Э нь эргэлтийн цэгээрээ /солбицол бүхий газар/ хашаа бариагүй, бусдын эзэмшил газарт хашаа олон автомашины гарааш оруулан барьсан...” үйл баримт тогтоогджээ.

Иймд хариуцагчийг бусдын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж байгаа шударга бус эзэмшигч гэж үзнэ.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусдын эзэмшлийн газар дээр барьсан хариуцагчийн гараашийг буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх эзэмшигчийн бус өмчлөгчийн эрхэд хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2. дахь зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай.

Хариуцагч Ч.Э- нь 2009 онд тус автомашины гараашийг барьж байхад нэхэмжлэгчээс хил зөрчсөн үйлдлийг зогсоох шаардлага гаргаагүй үндэслэлээр Б.Л-гийн эзэмшлийн газартай давхацсан 70мкв газрыг иргэн Ч.Э-гийн эзэмшлийн газар болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.-д “газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэжээ.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д “хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж, 134.2.-т “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан байна.

Хариуцагч Ч.Э- нь Ч.Энхжаргалаас тус газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарлах боловч Ч.Энхжаргал нь маргаж буй газрыг эзэмших эрхтэй байсныг баримтаар нотлоогүй, Ч.Энхжаргал нь 2014 оноос тус газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Маргаж буй талууд 2014 оноос хойш хууль ёсоор хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч болсон бөгөөд хариуцагч Ч.Э- нь 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө буюу 2009 онд бусдын эзэмшлийн газарт өөрийн гараашийг барьсан байх тул түүнийг хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийг тус газарт гарааш барьж эхлэх үеэс барилгын үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг тэвчиж, хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1. дэх заалтад нийцсэн байна.

Хэргийн 141-144 дүгээр талд “Эс Даблю Си Эм” ХХК-ийн газрын мэдээллийн талаарх тодорхойлолт, хэвлэмэл зураг авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1-49 тоотод байрлах Ч.Э-гийн эзэмшлийн газрын 2009-2014 он хүртэлх он дараалсан өөрчлөлтийг “google earth” интернет программаас татан хэвлэсэн байна.

Дээрх зурагт үзүүлснээр 2009 оны 04 дүгээр сарын 22-ний байдлаар хариуцагч Ч.Э- нь өөрийн хашаалсан газарт баригдсан байшингийн хажууд гарааш бариагүй байсан, энэ үед Б.Л- мөн өөрийн хашаанд байшин бариагүй байсан, 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ч.Э- байшингийн хажууд гарааш барьсан, Б.Л-гийн байшин баригдсан байдалтай тусгагджээ.

Маргаж буй газрын 2009 оноос хойших он дараалсан өөрчлөлтийн зураг авагдсан байх тул холбогдох байгууллагын зургийг гаргуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2009 оны 06 дугаар сард Б.Л- нь Р.Оюунсүрэнгээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь баримтаар тогтоогдсон тул энэ үед Б.Л-гийн эзэмшил хууль бус байсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь гараашийн барилгыг зогсоох шаардлага гаргах эрхгүй этгээд гэх хариуцагчийн тайлбар, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2603 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1., 106.2-д заасныг...” гэснийг “...95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД