Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03271

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/03271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж,

Нэхэмжлэгч: Бору овогт С.М /РД:........................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Эрүүл мэндийн яам,

Хариуцагч: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус холбогдох,

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2.480.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунжаргал, өмгөөлөгч Ц.Ган-Од, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогзолмаа, өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, гуравдагч этгээд М.Э, иргэдийн төлөөлөгч Н.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 8 сарын 30-нд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд кесар хагалгаанд орж амаржих явцдаа давсгаа гэмтээлгэж оёулсан. Энэ үеэс эхлэн давсагны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд орсон. Одоо ч давсаг хэвийн ажиллагаагүй, зовиуртай хэвээр байна. Надад учирсан гэмтэл миний давсагны үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэдгийг би мэдсэн. Шээс агуулах хэмжээ 100 грамм болоход би өмдөндөө шээдэг. Би одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өндөр оношлуур хүчин чадалтай аппаратаар оношлуулж хиймэл давсаг тавиулах талаар судалж байгаа. Энэ нь намайг ядаж 1-2 литр шээс хуримтлуулах боломж өгөх байх гэж найдаж байна.

2010 оны 10 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын 50-60 хувийн зэрэг тогтоосон. Хөдөлмөрийн чадвар алдалтыг жил жилээр сунгаж байгаа. Би 2010 онд 199.800 төгрөг, 2011 онд 321.600 төгрөг, 2012 онд 441.600 төгрөг, 2013 онд 441.600 төгрөг, 2015 оны 1-5 саруудад тус тус 192.000 төгрөг, 6 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1.076.000 төгрөг байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн дундаас үүсэх зөрүү нийт 2.480.600 төгрөг байна.

Иймд энэ зөрүү мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин С.М 2010 хийсвэр хагалгаа хийлгээд, энэ хагалгааны явцад давсгыг нь цоолсон байгаа. Энэнээс хойш эрүүл мэндийн байдал өөрчлөгдөж умай тайрах мэс засал хийлгэж энэ үндэслэлээр группэд орсон.

2014 онд Эвлэрлийн гэрээ хийсэн. Солонгост эмчилгээ хийлгэх гэсэн хүсэлт тавьсан чинь Солонгост биш Монголдоо эмчлүүлье гэсэн хариу Эрүүл мэндийн яамнаас хэлсний үндсэн дээр Солонгос явахаас татгалзаж, Монголд эмчлүүлэхийг бид нар хүлээн зөвшөөрсөн. Хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эм тарифын үнэ нь үнэтэй байдаг. С.М нь улсын нэгдүгээр төв эмнэлэгт байнга үзүүлдэг, тэндхийн урологийн тасгийн эмчийн хяналтанд байдаг. Үзүүлэхээр та тур, та тур л гээд байхаас өөр эмчилгээ байхгүй гээд байдаг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2.480.600 төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү.

Хариуцагч Эрүүл мэндийн яамнаас мөнгө гаргуулах гээгүй, эмнэлэг хариуцсан төв байгууллага нь болхоор л эмнэлэгтээ, эмчдээ арга хэмжээ авч, энэ байдалд хяналт тавих байх гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан юм. Гэхдээ одоо хариуцагч Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн тал дээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 сарын 25-ны өдрийн 2620 дугаарт шийдвэрээр эмчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэж ажил олгогч буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн 2014 оны 4 сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 сарын 07-ны өдөр хүртэл авсан хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү нийт 825.066 төгрөг гаргуулахаар шийдвэрлэн байгаа. Энэ шүүхийн шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасны дагуу бид нар эмчийн буруутай үйлдлээс болсон талаар маргах зүйлгүй гэж үзэж байгаа.

Талууд шээс задгайрах өвчин гээд байгаа. Миний зүгээс харахад нэхэмжлэгч давсаг цоорсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группэд орсон.

Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу эмчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татсан гэж үзэж байгаа. Эмч нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 9, 1, 2, болон 11.1-т заасны дагуу төрийн албан хаагч албан үүргээ биелүүлэхдээ гэм хорын үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилж өгсөн байгаа. Тийм болохоор энэ хоёр байгууллагыг хариуцагчаар татсан гэж ойлгож байгаа.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сая ярьлаа. Өнөөдрийн байдлаар С.М хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ цалин орлогогүй байгаа.

Амьдралд нь нэг сарын тэтгэмж нь хүрдэггүй. Өнөөдрийн байдлаар 216,000 төгрөг авч байгаа, зөрүү гарч ирдэг. Энийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг үндэслээд энэ зөрүүгээ нэхэж байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2.-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсний дагуу хөдөлмөрийн хөлсний зөрүүг нэхэмжилж байгаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 12 сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоол. Энэ тогтоолоор хөдөлмөрийн хөлсийг 108.000 болгож шинэчилсэн. Уг тогтоол нь 2008 оны 01 сарын 01-ний өдрөөс 2011 оны 4 сарын 04-ний өдөр хүртэл үйлчилсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 2008 оны 10 сард 40.840 төгрөг авсан. Үүний зөрүү нь 10 сард 63.160 төгрөг авсан. 2010 оны 11 сараас 2011 оны 3 сар хүртэл сар бүр 53.800 төгрөг авсан. Энэний 1 сарын зөрүү нь 54.200 төгрөг өгч байгаа. Энэ 2 сарын хоорондыг зөрүү нь 271.000 төгрөг болж байгаа.

Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын зөрчлийн 3 талт үндэсний хорооны зөрчлийн 2011 оны 4 сарын 05-ны өдрийн 01 тогтоолоор хөдөлмөрийн хөлсний хэмжээг 140.400 төгрөг болгож өөрчилсөн. Уг тогтоол нь 2011 оны 4 сарын 05-ны өдрөөс 2013 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2011 оны 4 сараас 2012 оны 01 сар хүртэл 10 сар байгаа, нэг сард нь 53.800 төгрөг авсан, зөрүү нь 86.600 төгрөг. Энэ мөнгийг 10 сардаа үржүүлэхээр 866.000 төгрөг болж байгаа.

2012 оны 02 сараас 04 сар хүртэл 70.000 төгрөг авсан тэтгэмжийн зөрүү нь 70.400 төгрөг, энийг 3 сар авсан гэхээр 211.200 төгрөг болж байгаа. 2012 оны 5 сараас 2013 оны 8 сар хүртэл 15 сар байна. 1 сард 103.600 төгрөг авсан. Хөдөлмөрийн хөлсний зөрүү нь 36.800 төгрөг гарсан энийгээ 10 сардаа үржүүлэхээр 552.000 төгрөг болж байгаа. Мөн 3 талын хэлэлцээрээр 2013 оны 4 сарын11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг болгон шинэчилсэн. Уг тогтоол нь 2013 оны 9 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл үйлчилсэн. Энэ хугацаанд 2013 оны 9 сараас 2014 оны 3 сар хүртэл нэхэмжлэл авсан дүн нь тооцогдож байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 103.690 төгрөг авсан зөрүү болохоор 88.400 төгрөг. Энийгээ 7 сардаа үржүүлэхээр 618.800 төгрөг болж байгаа. Ингээд нийт зөрүү төлбөр нь 2.582.160 төгрөг гарч ирж байгаа. Гэвч манай нэхэмжлэгч нь өөрийн тооцооллоор бодсон 2.480.600 төгрөг гаргуулъя гэж нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

Хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

С. Мөнхбаясгалан 2010 онд Эх нялхсын эрүүл мэндийн төвд кесар хагалгаанд орж амаржих явцдаа давсгаа гэмтээн оёулсан. Энэ асуудлаар 2014 онд шүүх хурал болж шийдвэрлэсэн байна.

Төсвийн тухай хуульд нөхөн төлбөрт тусгайлан хөрөнгө тусгагддаггүй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвараа алдсан нь нэгэнт тогтоогдсон байх тул тус нэхэмжлэл нь Эрүүл мэндийн яаманд хамааралгүй болно.

Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Ерөнхийдөө давсаг цоорсноос болоод хөдөлмөрийн чадвараа алдсан гэж байгаа.

Энэ хүн эмчлүүлэх бүрэн боломжтой. Энэ хүний үнэхээр эрүүл болъё гэж бодож байвал шээс задгайрах чинь эмчлэгдэх өвчин. Оношлогоо эрүүл мэндийн төв дээр хуурай динамикийн лаборатор нь байна. Хэрвээ давсаг цоорох хагалгаа хийлгэх гэж байгаа бол манайд тэр хагалгааг хийдэг. Ерөөсөө манайх руу хандахгүй байгаа. Эвлэрмээр байгаа бол эрүүлжүүлэх тал дээр эвлэрвэл яасан юм бэ. Мөнгөнөөсөө илүү эцсийн эцэст 2.400.000 төгрөг оношлуулаад явахад тийм их мөнгө бишээ. Үнэхээр эмчлүүлье гэсэн бодолтой бол манайд ирээд эмчилгээнд, оношилгоонд ороо. Хоёр өөр өвчнийг нэг болгож яриад байгаа нь буруу ойлгож яваад байгааг өөрөө ойлгож аваасай гэж хүсэх байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М 2010 оны 8 сарын 19-ний өдөр 17 цаг 40 минутад яаралтай тусламжийн тасгаар ирж хэвтсэн. Хэвтэх үеийн онош нь жирэмсний 35 долоо хоногтой, эхэс бүрэн түрүүлэлт, жирэмсний хожуу хордлого хөнгөн хэлбэр, 2 удаагийн кесар хагалгааны дараах умайн бүрэн бус сорвижилттой, 1999, 2003 онуудад кесар хагалгаагаар төрсөн. 2001, 2004 онуудад аборт хийгдсэн. Төрөлтийн төлөвлөгөө 2010 оны 8 сарын 30-нд кесар мэс заслаар төрүүлнэ, төрөлтийн явцад цус ихээр гарвал умайг авах эсвэл умайг тайрах мэс засал хийнэ, ургийн бүтэлт, умайн цус алдалтаас сэргийлнэ, мэс заслын бэлтгэл хангасан. Мэс заслын гарах гарах эрсдэл, хүндрэлийг тайлбарлан, мэс заслын зөвшөөрлийг 2010 оны 8 сарын 27-нд С.М-аас авсан.

Хагалгааны явцад ба дараа үед цус алдах, хэрэв цус алдалт 1.500 мл-ээс их бол умайг авах авах, хагалгааны явцад наалдац саглах үед дазсаг, гэдэс, сэмж гэмтэх эрсдэлтэй, мэс заслын шарх болон умай үрэвсэх эрсдлүүдийг тайлбарлан бичиж, гарын үсгээр нь баталгаажуулсан. Жирэмсний эмгэгийг тасагт 11 хоног хэвтүүлж, хагалгааны бэлтгэлийг хангаж, 2010 оны 8 сарын 30-нд жирэмсний 37-38 долоо хоногтой төлөвлөгөөт журмаар кесар мэс засалд орсон.

Мэс заслын явцад нугасны мэдээ алдуулалтын дор хэвлийн урд хананд хуучин сорвиор хэвлийг үечлэн нээсэн. Хэвлийг нээхэд сэмж 3 хэсэг газар наалдсанг салгаж, оёж боосон. Давсаг дээш татагдаж, умайн сорвин дээр наалдсан байсан. Наалдацыг салгах явцад давсагны орой хэсэгт 1 см гэмтсэнд 3 викрил утсаар хөвөрдөг оёдол тавьж битүүлээд урогинеколог эмч дуудаж, мэс заслыг хамт үргэлжлүүлсэн. Сорви маш нимгэн, эхэсийг салгаж авсны дараа умайн хүзүүний суваг орчмоос цус урсан их гарч байсан тул умайг бүхэлд авахаар шийдсэн. Умайг авах явцад давсаг нь умайн ар ханатай наалдсан байсан тул наалдацыг салгасан. Давсагны булчинд 3 оёдол тавьсан. Мөн зүүн өндгөвч үрэвсэж, үрийн хоолой умайн ар ханатай наалдсан байсан. Нийт алдсан цус 3 000 мл. Мэс заслын дараах шээс тунгалаг 200 мл гарсан.

Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн хагалгааны дараах үе хэвийн явагдсан тул 4 дэх хоногт эхийн 1 тасагт шилжүүлсэн. Хагалгааны дараах 8 дах хоногт хүүхдийн хамт төрөх эмнэлгээс гарсан. Эмчилгээнд цус 610 мл, сийвэн 230 мл сэлбэж, шингэн сэлбэх, цус төлжүүлэх, халдварын эсрэг эмчилгээнүүд хийсэн. Эмгэг судлалд умай, зүүн дайврын хамт илгээсэн.

Шүүх эмнэлэгийн шинжээч нийт 4 удаагийн хуралд 4 удаа дүгнэлт гарсан байдаг.

Мэс засал удирдамж стандартын дагуу хийгдсэн тухай тайлбарууд хавтаст хэргүүдэд байдаг. Гэхдээ энэ хагалгаанд хэвлий нээхэд, давсаг дээш татагдан өргөгдөж, умай сорви дээр наалдаж эдгэрсэн байжээ. Энэ бол хэвлийн зарим хагалгааны дараа хэвлийн эрхтэн хооронд үүсдэг наалдац бөгөөд энэ нь С.Мгийн давсаг гэмтэж болох эмгэг нөхцлийг бүрдүүлжээ. Ингэж хоёр эрхтнийг хооронд нь наалдуулан үүссэн сорви нь умайн хүзүүвч ба давсагны хананд гүнзгий шигдэж орсон байдаг. Энэ сорвийг салгах явцад 1-2 мл хиртэй нимгэрсэн, давсагны зөөлөн булчин хана язарч цоорох нь цөөн боловч тохиолддог. Шээс задгайрал нь төрөөгүй эмэгтэйчүүдэд 5 хувь, кесар хагалгааны дараа 9 хувь тохиолддог.

С.Мд хийсэн 3 дахь кесар болон умай авах хагалгааны үед давсагны гэмтлийг бүрэн оношилж, төгс эмчилсэн байна. Давсагны багтаамж 100 мл хүртэл багассан нь дан ганц сүүлчийн бус харин өмнөх давтан хагалгаануудаас улбаатай эсвэл архаг цистит (давсагны архаг үрэвсэл) өвчний гаралтай давсагны мэдрэл булчингийн архаг үрэвслийн шалтгаантай байж магадгүй байна. Мэс засал хийж төрүүлэх явцад ЭХЭМҮТ болон хагалгааны баг бүрэлдэхүүн, эмч нарын зүгээс ямар нэг алдаа зөрчил хариуцлагагүй байдал огт гаргаагүй тул иргэн С.Мгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол нэхэмжлэгч С.Мгийн ээж Оюунжаргал гуай хүүхдийнхээ өмнөөс нэхэмжлэл гаргаад яваад байгаа юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд эх хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой 3 дугаар шатлалын эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг юм. Эх, хүүхэдтэй холбоотой эмгэг өвчнийг илрүүлж эмчилдэг. Гол чиг үүргийнхээ хүрээнд С.Мөнхбасгаланд үзүүлэх эмнэлэгийн үйлчилгээг үзүүлсэн.

С.М нь шээс задгайрах өвчтэй үндэслэлээр групп тогтоолгосноос хойш нэг ч удаа эмчлүүлэх талаар өөрөө санаачлага гаргаж арга хэмжээ аваагүй.

Монгол Улсад эмчлүүлэх бүрэн боломж байгаад байхад Солонгос улсад эмчлүүлнэ гээд анх 20 хэдэн сая төгрөг нэхээд ороод ирсэн. Үнэхээр эрүүл болъё гэж бодож байгаа бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс С.Мг өвчнийг нь оношлоод бас эмчлээд өгье гэсэн санал тавьж, ийм байдлаар хандаж хариу өгч байсан. С.Мгийн энэ өвчин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд оношлоод, эмчлэх бүрэн боломжтой юм. Ийм байдлаар, саяны хэлсэн саналаар харилцан тохиролцоод энэ асуудлыг шийдвэрлэж болох байсан гэж би бодож байна.

Гэм буруугаа хүлээж байгаа зүйл биш, эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн өвчнийг оношлоод эмчлээд өгөх боломж байгаад ийм тайлбарыг гаргаж байгаа юм. Хамгийн гол нь бид нарын зүгээс нэхэмжлэгч талаас групп тогтоогдсоноос хойш эмчилгээ хийлгэж байгаагүй, Эх нялхаст 100 хувь хүлээн зөвшөөрсөн боломж байгаад байхад Солонгос явна гээд 20.000.000 төгрөг нэхээд ороод ирсэн гол нь мөнгөндөө байгаад байгаа юм уу. Үнэхээр эмчлүүлье гэж бодож байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад 100 хувь Эх нялхаст оношлогоо, шинжилгээ, эмчилгээг хийгээд өгье гэсэн 3 баталгаа гаргаад байгаа. Ийм байдлаар харилцан тохиролцоход хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын гуравдугаар шатлалаар эмчилдэг ганцхан эмнэлэг байдаг энэ эмнэлгээр эмчлүүлье гэсэн саналтай байна гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бөгөөд 2010 оны 8 сарын 30-ны өдөр С.Мг кесар мэс заслаар төрүүлсэн. С.М нь 5 удаа жирэмсэлж, 3 төрсөн бөгөөд өмнө нь 2 удаа кесар мэс заслаар төрсөн байна. Сүүлийн буюу 2010 оны 3 дахь төрөлт нь эхэс түрүүлж умайн хүзүүг бүрэн тагласан, умайн шархны бүрэн биш сорвихилт оношоор давтан кесар мэс заслаар төрүүлэх явцад давсаг дээш татагдаж, умайн сорвит наалдсан байсныг салгах явцад давсагны хана 1.0 см гэмтсэн. Үүнийг оношлон төгс арга хэмжээ авсан. Улмаар умайгаас цус ихээр алдаж умайг нь авах мэс засал хийгдсэн. Хагалгааны дараа шарх бүрэн эдгэрч эх, хүүхдийн хамт 8 дахь хоногт эмнэлэгээс гарсан. Хагалгааны өмнө хагалгаа хийх явцад давсаг гэмтэх эрсдэлтэйг эхэд тайлбарлан ойлгуулж, хагалгаанд орох зөвшөөрлийг авч, гарын үсгийг нь зуруулан баталгаажуулсан.

С.М нь кесар мэс заслын үед давсаг гэмтээсэн гэх гомдол нь хуулийн байгууллагаар шалгагдаж, тухайн мэс засал нь заалт, стандартын дагуу хийгдсэн. Давсагны гэмтэл нь өмнөх хагалгааны үед умайн сорвинд давсаг наалдсан байсныг саллгах явцад гарч болох хүндрэл юм. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би С.Мд үүссэн шээс задгайрал нь давсагны ханын гэмтлээс шалтгаалсан гэж үзэхгүй байна. 2011 оны 4 сарын 11-ний өдөр урологийн мэс засалд орсон гэдэг мэс заслын заалт, хийгдсэн мэс засал, үр дүн тодорхойгүй байна. Давсагны багтаамж 100 мл болсон гэдэг нь оношийн нотолгоо үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооход юуг үндэслэн ямар шинжилгээгээр нотолсон нь тодорхойгүй байна. Шээс задгайрал нь 3 дахь мэс заслын өмнө болон дараа үүссэн эсэх нь тогтоогдоогүй.

Иймд иргэн С.М нь удаа дараа эмнэлэг болон эмч нараас нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэсгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2.480.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Эрүүл мэндийн яамнаас татгалзсан болно.

 

С.М нь 2010 оны 8 сарын 30-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд кесаров хагалгаагаар амаржих явцад эмчийн буруутай үйлдлээс давсагтаа гэмтэл авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нар хагалгааны үед үүссэн хүндрэл болох давсагны гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

С.Мгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг

-2010 оны 10 сарын 06-ны өдрийн 2900, 2011 оны 4 сарын 20-ны өдрийн 1071 дугаартай актуудаар Умай тайрах мэс засал хийгдсэний дараа шээс байнга савирах зэрэг хүндрэл оношоор тус бүр 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар,

2012 оны 4 сарын 01-ний өдрийн 1083, 2012 оны 10 сарын 30-ны өдрийн 1083, 2014 оны 01 сарын 07-ны өдрийн 4335 дугаартай актуудаар Шээс болон нөхөн үржихүйн тогтолцоо, эмэгтэйчүүдийн мэс заслын явцад үүссэн шээсний замын эрхтний хүндрэлүүд оношоор эхний удаад 6 сар, дараагийн 2 удаад тус бүр 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тус бүр 60 хувиар,

2015 оны 6 сарын 16-ны өдрийн 252 дугаартай актаар Шээс болон нөхөн үржихүйн тогтолцоо, эмэгтэйчүүдийн мэс заслын явцад үүссэн шээсний замын эрхтний хүндрэлүүд /давсаг үтрээний цоорхой/ оношоор 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тус тус тогтоосон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Ийнхүү хөдөлмөрийн чадвараа алдах болсон шалтгаан нь кесаров хагалгаагаар амаржих явцад эмчийн буруутай үйлдлээс давсагтаа гэмтэл авсан явдал гэж нэхэмжлэгч тайлбарлаж, энэхүү шаардлагаа гаргасан бол хариуцагч нар дээрх актуудад заасан онош давсагны дээд хэсгийн зүсэгдэж, оёгдсон гэмтэлд огт хамаагүй, давсаг бүрэн эдгэрсэн, одоо цоорхой байхгүй, харин умай тайрах мэс ажилбарын дараах аарцгийн хөндийн дотоод даралт өөрчлөгдсөнтэй холбоотой, энд эмнэлгийн буруу байхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 сарын 25-ны өдрийн 2620 дугаар шийдвэрээр С.М нь 2010 оны 8 сарын 30-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд кесар хагалгаагаар амаржих үед голлох буюу шууд үүрэгтэйгээр оролцож эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгийн мэргэжилтний гэм буруугаас болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд эмэгтэйчүүдийн мэс заслын явцад үүссэн шээсний замын эрхтэний хүндрэл буюу гэм хор учирсан болохыг тогтоож, 2014 оны 4 сарын 01-нээс 2015 оны 01 сарын 07-ныг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын сангаас тогтоосон тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний зөрүү болох 825.066 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр заасан тул Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэхэмжлэгчийн шаардаж буй хохирлыг тогтоогдсон хэмжээгээр хариуцан төлөх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.М нь төрөхийн өмнө болон хойно байнгын хөдөлмөр эрхлээгүй, цалин орлогогүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2.-т хохирогч, цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ мөн хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байгаа зөрүүг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч С.Мд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2012 оны 4 сарын 01-ний өдрийн 1083 дугаар акт, 2012 оны 10 сарын 30-ны өдрийн 1083 дугаар актыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 2012 оны 4 сарын 01-нээс 2013 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох хэсэг болох 747.600 төгрөгийг хангаж, гэм буруутай этгээд болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулах үндэстэй.

 

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1148 дугаар дүгнэлтээр С.М нь шээс задгайрах эмгэгтэй бөгөөд энэ эмгэг 2010 оны 8 дугаар сарын 30-нд ЭНЭШТ-д кесаров мэс заслаар хүүхэд төрүүлэх үед давсаг цоорч гэмтсэнтэй холбоотой үүсээгүй болохыг тогтоосон бөгөөд харин кесаров хагалгааны үеэр зайлшгүй заалтаар хийгдсэн эхсийн жинхэнэ шигдэлтийн улмаас умайг хүзүүний хамт тайрах, зүүн дайврыг үрэвслийн улмаас хамт авах мэс ажилбарын дараа аарцгийн хөндийн дотоод даралт өөрчлөгдсөнтэй холбоотой эмгэг болох нь тогтоогджээ.

 

Энэ дүгнэлтээс үзвэл шүүхийн шийдвэрт гэм буруутай гэж тогтоосноос өөр оношоор нэхэмжлэгч С.М хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Эрүүл мэндийн яаманд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хэргийн Эрүүл мэндийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн тул шүүхийн шийдвэрт заасан мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулахаар, мөн гуравдагч этгээд М.Э нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 сарын 28-ны өдөр бие даасан шаардлага гаргахаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн боловч бие даасан шаардлага гаргаагүй тул М.Эын 2016 оны 01 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.650 төгрөгийг буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 505 дугаар зүйлийн 505.2.-т заасныг баримтлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 747,600 төгрөгийг гаргуулж С.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,733,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс 22,492 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, гуравдагч этгээд М.Эын улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 сарын 28-ны өдөр төлсөн 54,650 төгрөгийг буцаан гаргуулж М.Эд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ө.УЯНГА