Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01115

 

С.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 660 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох,

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2 480 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогзолмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогзолмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, гуравдагч этгээд М.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд кесар хагалгаанд орж амаржих явцад давсаг гэмтээсэн. Энэ үеэс давсагны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд орсон. Шээс агуулах хэмжээ 100 грамм болоход би өмдөндөө шээдэг. Одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өндөр хүчин чадалтай аппаратаар оношлуулж хиймэл давсаг тавиулах талаар судалж байгаа. Энэ нь намайг ядаж 1-2 литр шээс хуримтлуулах боломж өгөх байх гэж найдаж байна. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын 50-60 хувийн зэрэг тогтоон, жил жилээр сунгаж байгаа ба 2010 онд 199 800 төгрөг, 2011 онд 321 600 төгрөг, 2012 онд 441 600 төгрөг, 2013 онд 441 600 төгрөг, 2015 оны 1-5 саруудад тус тус 192 000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1 076 000 төгрөг байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн дундаас үүсэх зөрүү нийт 2 480 600 төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны хувьд эмнэлэг хариуцсан төв байгууллага учир эмнэлэг, эмчдээ арга хэмжээ авч хяналт тавих байх гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан ба үүнээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шүүхэд гаргасан тайлбартаа:

С.М- 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 40 минутад яаралтай тусламжийн тасгаар ирж хэвтэх үед онош жирэмсний 35 долоо хоногтой, эхэс бүрэн түрүүлэлт, жирэмсний хожуу хордлого хөнгөн хэлбэр, 2 удаагийн кесар хагалгааны дараах умайн бүрэн бус сорвижилттой, 1999, 2003 онуудад кесар хагалгаагаар төрсөн. 2001, 2004 онуудад аборт хийгдсэн байсан. Төрөлтийн төлөвлөгөө 2010 оны 08 дугаар сарын 30-нд мэс заслаар төрүүлэх, төрөлтийн явцад цус ихээр гарвал умайг авах эсвэл умайг тайрах мэс засал хийх, ургийн бүтэлт, умайн цус алдалтаас сэргийлнэ, мэс заслын бэлтгэл хангасан, мэс заслын гарах эрсдэл хүндрэлийг тайлбарлаж зөвшөөрөл авсан. Хагалгааны явцад ба дараа үед цус алдах, хэрэв цус алдалт 1.500 мл-ээс их бол умайг авах, хагалгааны явцад наалдац салгах үед давсаг, гэдэс, сэмж гэмтэх эрсдэлтэй, мэс заслын шарх болон умай үрэвсэх эрсдлүүдийг тайлбарлан бичиж, гарын үсгээр баталгаажуулсан.

Жирэмсний эмгэгийг тасагт 11 хоног хэвтүүлж, хагалгааны бэлтгэл хангаж, 2010 оны 08 дугаар сарын 30-нд жирэмсний төлөвлөгөөт кесар мэс засалд орсон. Мэс заслын явцад нугасны мэдээ алдуулалтын дор хэвлийн урд хананд хуучин сорвиор хэвлийг үечлэн нээсэн, нээхэд сэмж 3 хэсэг газар наалдсан байсныг салгаж оёж боосон. Давсаг дээш татагдаж, умайн сорвин дээр наалдсан, наалдацыг салгах явцад давсагны орой хэсэгт 1 см гэмтсэнд 3 викрил утсаар хөвөрдөг оёдол тавьж битүүлээд урогинеколог эмч дуудаж, мэс заслыг хамт үргэлжлүүлсэн. Сорви маш нимгэн, эхэсийг салгаж авсны дараа умайн хүзүүний суваг орчмоос цус урсан гарч байсан тул умайг бүхлээр авахаар шийдсэн. Умай авах явцад давсаг умайн ар ханатай наалдсан байсныг салган, давсагны булчинд 3 оёдол тавьсан. Зүүн өндгөвч үрэвсэж, үрийн хоолой умайн ар ханатай наалдсан байсан. Нийт алдсан цус 3 000 мл, мэс заслын дараа шээс тунгалаг 200 мл гарсан.

Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн 4 дэх хоногт тасагт шилжүүлсэн, 8 дахь хоногт хүүхдийн хамт эмнэлгээс гарсан. Эмчилгээнд цус 610 мл, сийвэн 230 мл сэлбэж, шингэн сэлбэх, цус төлжүүлэх, халдварын эсрэг эмчилгээнүүд хийсэн. Эмгэг судлалд умай, зүүн дайврын хамт илгээсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн 4 удаагийн дүгнэлт гарч, мэс засал стандартын дагуу хийгдсэн тухай дүгнэсэн. Мөн хагалгаанд хэвлий нээхэд, давсаг дээш татагдан өргөгдөж, умай сорви дээр наалдаж эдгэрсэн байсан. Энэ бол хэвлийн зарим хагалгааны дараа хэвлийн эрхтэн хооронд үүсдэг наалдац бөгөөд түүний давсаг гэмтэж болох эмгэг нөхцлийг бүрдүүлжээ. Ингэж хоёр эрхтнийг хооронд нь наалдуулан үүссэн сорви нь умайн хүзүүвч ба давсагны хананд гүнзгий шигдэж орсон байдаг. Энэ сорвийг салгах явцад 1-2 мл хиртэй нимгэрсэн, давсагны зөөлөн булчин хана язарч цоорох нь цөөн боловч тохиолддог. Шээс задгайрал нь төрөөгүй эмэгтэйчүүдэд 5 хувь, кесар хагалгааны дараа 9 хувь тохиолддог. С.М-д хийсэн 3 дахь кесар болон умай авах хагалгааны үед давсагны гэмтлийг бүрэн оношилж, төгс эмчилсэн байна. Давсагны багтаамж 100 мл хүртэл багассан нь дан ганц сүүлчийн бус өмнөх давтан хагалгаанаас улбаатай эсвэл архаг цистит өвчний гаралтай давсагны мэдрэл булчингийн архаг үрэвслийн шалтгаантай байж магадгүй. Мэс засал хийж төрүүлэх явцад ЭХЭМҮТ болон хагалгааны баг бүрэлдэхүүн, эмч нарын зүгээс ямар нэг алдаа зөрчил хариуцлагагүй байдал огт гаргаагүй тул иргэн С.М-гийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яам шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн С.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. С.М- 2010 онд Эх нялхсын эрүүл мэндийн төвд кесар хагалгаанд орж амаржих явцдаа давсгаа гэмтээн оёулсан. Энэ асуудлаар 2014 онд шүүх хурал болж шийдвэрлэсэн байна. Төсвийн тухай хуульд нөхөн төлбөрт тусгайлан хөрөнгө тусгагддаггүй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвараа алдсан нь нэгэнт тогтоогдсон байх тул тус нэхэмжлэл нь Эрүүл мэндийн яаманд хамааралгүй болно. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдахаар байна. Ерөнхийдөө давсаг цоорсноос болоод хөдөлмөрийн чадвараа алдсан гэж байгаа. Энэ хүн эмчлүүлэх бүрэн боломжтой. Энэ хүний үнэхээр эрүүл болъё гэж бодож байвал шээс задгайрах чинь эмчлэгдэх өвчин. Оношлогоо эрүүл мэндийн төв дээр хуурай динамикийн лаборатор нь байна. Хэрвээ давсаг цоорох хагалгаа хийлгэх гэж байгаа бол манайд тэр хагалгааг хийдэг. Ерөөсөө манайх руу хандахгүй байгаа. Эвлэрмээр байгаа бол эрүүлжүүлэх тал дээр эвлэрвэл яасан юм бэ. Мөнгөнөөсөө илүү эцсийн эцэст 2 400 000 төгрөг оношлуулаад явахад тийм их мөнгө бишээ. Үнэхээр эмчлүүлье гэсэн бодолтой бол манайд ирээд эмчилгээнд, оношилгоонд ороо. Хоёр өөр өвчнийг нэг болгож яриад байгаа нь буруу ойлгож яваад байгааг өөрөө ойлгож аваасай гэж хүсэх байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд М.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг ба 2010 оны 08 дугаар сарын 30-нд С.М-г кесар мэс заслаар төрүүлсэн. Тэрээр 5 удаа жирэмсэлж, 3 удаа төрсний 2 удаад кесар мэс заслаар төрсөн. 2010 оны 3 дахь төрөлт эхэс түрүүлж умайн хүзүүг бүрэн тагласан, умайн шархны бүрэн биш сорвижилт оношоор давтан кесар мэс заслаар төрүүлэх явцад давсаг дээш татагдаж, умайн соривт наалдсан байсныг салгах явцад давсагны хана 1.0 см гэмтсэн. Үүнийг оношлон төгс арга хэмжээ авсан. Улмаар умайгаас цус ихээр алдаж умайг авах мэс засал хийгдсэн. Хагалгааны дараа шарх бүрэн эдгэрч 8 дахь хоногт эмнэлгээс гарсан. Хагалгааны өмнө хагалгаа хийх явцад давсаг гэмтэх эрсдэлтэйг эхэд тайлбарлан ойлгуулж, хагалгаанд орох зөвшөөрлийг авч, гарын үсгийг нь зуруулан баталгаажуулсан.

С.М- нь кесар мэс заслын үед давсаг гэмтээсэн гэх гомдол хуулийн байгууллагаар шалгагдаж, мэс засал заалт, стандартын дагуу хийгдсэн ба давсагны гэмтэл өмнөх хагалгааны үед умайн сорвинд давсаг наалдсан байсныг салгах явцад гарч болох хүндрэл юм. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би С.М-д үүссэн шээс задгайрал нь давсагны ханын гэмтлээс шалтгаалсан гэж үзэхгүй байна. 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр урологийн мэс засалд орсон гэх мэс заслын заалт, хийгдсэн мэс засал, түүний үр дүн тодорхойгүй, давсагны багтаамж 100 мл болсон гэх оношийн нотолгоо үндэслэлгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооход юуг үндэслэн ямар шинжилгээгээр нотолсон нь тодорхойгүй. Шээс задгайрал 3 дахь мэс заслын өмнө болон дараа үүссэн эсэх нь тогтоогдоогүй.

Иймд иргэн С.М- нь удаа дараа эмнэлэг болон эмч нараас нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 747 600 төгрөгийг гаргуулж, С.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 733 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс 22 492 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, гуравдагч этгээд М.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 650 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 660 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

Дээрх хуулийн заалтад үндэслэн хэргийг шийдвэрлэх тохиолдолд 2010 оны 08 сарын 30-ны өдөр ЭХЭМҮТөвд нэхэмжлэгч С.М-г кесар хагалгаагаар төрүүлсэн тус төвийн их эмч М.Энхжаргалын эмчилгээ, үйлчилгээ нь стандарт зөрчсөн, гэм буруутай нь тогтоогдсон байхыг шаардаж байгаа юм. Гэтэл тухайн үеийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой асуудлыг 2010 оноос эхлэн цагдаагийн байгууллагаас шалгасны эцэст Дүүргийн прокурорын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 123 тоот тогтоолоор “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн юм. Мөрдөн байцаах ажиллагааны явцад 4 удаа шинжээч томилсон байдаг бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 641, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128 тоот, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 384 тоот, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд байдаг. Энэ удаагийн шүүхийн маргаанд хариуцагч талаас удаа дараа хүсэлт гаргасны хүчинд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1148 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан юм. Уг дүгнэлтэд “...С.М- нь шээс задгайрах эмгэгтэй бөгөөд энэ эмгэг нь 2010 оны ЭХЭМҮТөвд хүүхэд төрүүлэх үед давсаг цоорч гэмтсэнтэй холбоотой үүсээгүй” болохыг тогтоосон бөгөөд харин уг өвчин нь өөр учир шалтгаантай болохыг тогтоосон их ач холбогдол бүхий нотлох баримт юм. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох “өвчтөний амбулаторийн карт”-нд дурдагдсанаар С.М- нь 2012 оны 01 дүгээр сарын 25-нд Шээдэг сүвний ойролцоо байрлалтай архаг буглаа, цоорхойтой. Цоорхой байгаа эсэхийг ЭХО-д харуулах оношийг тодруулах зөвлөгөө өгсөн. 2012 оны 02 дугаар сарын 06-д эхо-д харуулж Шээдэг сүвний ойролцоо байрлалтай архаг буглаа, цоорхойгүй гэсэн онош тавигдсан. 2012 оны 03 дугаар сарын 13-нд УНТЭ-т хэвтэж Шээдэг сүвний ойролцоо байрлалтай архаг буглааг мэс заслын аргаар эмчлэх зөвлөгөө өгсөн. 2012 оны 04 дүгээр сарын 09-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж 04 дүгээр сарын 10-нд шээсний сүвний ард байрлах 1.7-1.8 см хэмжээтэй жижиг буглааг нээж, шээсний сувгийг оёх мэс засалд орсон болох нь тогтоогдож байгаа юм. Уг хагалгаанд орсны улмаас Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 174/135 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалт /ХЧА/-ын хувь, хугацаа тогтоох жагсаалтын 7-39-т заасан “Шээсний замын мэс заслын дараах хүндрэл давсаг үтрээний цоорхой” заалтаар 2012 оны 1083 дугаар актаар 60%-иар шинээр тогтоосон. Цаашид ч энэ өвчнөөр 2012 оны 04 дүгээр сарын 01-ээс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасан байна. Өөрөөр хэлбэл шээдэг сүвний ойролцоо байрлалтай архаг буглаа өвчин нь 2012 онд бий болсон эмгэг тул цаг хугацааны хувьд 1-рт 2010 оны үйл явдалтай тохирохгүй, 2-рт шээсний сүвний ойролцоо буглаа тул буглааны байршил нь анатомын бүтцийн хувьд давсаг болон шээсний сүв 2 нь тус тусдаа өөр байршилтай эрхтэн тул 2010 оны давсагны гэмтэлтэй хамаарахгүй, 3-рт энэ хийлгэсэн хагалгааны улмаас групп тогтоолгосон заалт нь өөрчлөгдөж мэс заслын дараах хүндрэл болох “Шээсний замын мэс заслын дараах хүндрэл давсаг-үтрээний цоорхой” 7-39 тоот заалтаар ХЧА-ыг тогтоосон баримтанд шүүхээс огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй явдал нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “...Шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд гаргана...” гэсэн заалттай нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан тайлбар, гомдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч С.М- эрүүл мэндэд учирсан гэм хорд 2 480 000 төгрөг гаргуулахаар Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорд гэм буруугүй, эмчилгээ, мэс засал алдаа, дутагдалгүй хийгдсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нэхэмжлэгч С.М-д кесарев хагалгаа хийж, хүүхдийг нь төрүүлэхэд урьд өмнөх мэс заслын улмаас үүссэн наалдангиас шалтгаалан давсаганд гэмтэл учирч, улмаар нэхэмжлэгч шээс задгайрах өвчтэй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Мэс заслын ажиллагаа алдаа, зөрчилгүй, стандартын дагуу явагдсан гэж үзсэн ч эмчилгээний үр дүнд өвчтний эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь тогтоогдсон нөхцөлд гэм хорын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 660 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН