Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0485

 

Ц.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянган/ төгрөгийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Ц.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамж гарсны улмаас тухайн газарт таригдсан чацаргана, царгас, судан өвс зэрэг нь үгүй болж, хашаалж татсан шон тор зэрэг нь байхгүй болсон нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирол 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна …” гэжээ. Яг үнэндээ Ц.******* өөрийн эзэмшлийн гэх газартаа 2009-2012 он хүртэл 3 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж чацаргана, царгас. бургас тарьсан байдаг. Үүнийг гэрч ч гэсэн нотолж мэдүүлэг өгсөн байдаг. 2012 оноос хойш Ц.******* нь Улаанбаатар хотод амьдарч уг газрыг эзэнгүй хаясан юм.

Өөрөөр хэлбэл 2012 он хүртэл тухайн үеийн сум орон нутгийн удирдлага, хөдөлмөрийн хэлтэс дэмжиж Ц.*******ийн эзэмшлийн газар луу ус татаж торддог байсан. 2012 оноос хойш орон нутгийн удирдлага солигдож, Ц.******* ч гэсэн тус газраа эзэнгүй орхисон. Ингэснээр тус газарт тарьсан ургамал мод хатаж үхэж эхэлсэн. Маргаан бүхий акт гарах үед буюу 2015 оны хавар гэхэд Ц.*******ийн эзэмшлийн газарт тарьсан чацаргана царгас гэх зэрэг модыг хараа хяналтгүйн улмаас устаж үгүй болсон байсан. Өөрөөр хэлбэл Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Ц.*******ийн эзэмшлийн газарт тарьсан модыг устгаж, татсан тор шонг нь авч хаяагүй. Энэ байдлыг шүүх өөрөө нотлоогүй байж хариуцагчаас 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.*******ийн тарьсан чацаргана царгас нь хэний буруутай үйлдлийн улмаас устаж үгүй болсон талаар шүүх нотлоогүй байж Засаг даргын Тамгын газраас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийн “Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг дутуу цуглуулж,  бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт авагдсан зарим баримтыг үнэлэлгүй, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8,299,000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Тэрээр нэхэмжлэлийн агуулгадаа “... 2010-2014 оны газрын төлбөрийг чөлөөлөхөөр шийдсэн, 2016 оны төлбөрийг 2016 оны 3 сард төлсөн, 2009 оноос газрыг нөхөн сэргээж, тор татаж, ойжуулалт хийж, чацаргана, судан өвс, царгас тарьсан тул 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй, мөн газар эзэмших эрх цуцалсан А/76 дугаар захирамжаа мэдэгдээгүй ...” гэжээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь 2009 онд газар эзэмших эрх олж авснаас хойш 2014 он хүртэл газрыг зориулалтаар нь ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “... 2014 оны 6 сард Улаанбаатар хот явахад бүх мод нахиалсан байсан, аавын бие муу учир 2016 онд ирэхэд газар эзэмших эрх хүчингүй болсон байсан ...” гэх тайлбар, газрын хувийн хэрэгт хавсаргагдсан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Нямдоржтой байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд “... нийт 4 га газраас 3 га газрыг Б.Нямдоржид шилжүүлж, 1 га газар Ц.*******д үлдэнэ ... 1 000 000 /нэг сая/ төгрөгийг 05 сарын 05-ны дотор худалдагчид төлж дуусгасан байна” гэж дурдсан, уг гэрээнд Ц.*******, Б.Нямдорж нарын иргэний үнэмлэхний хуулбар хавсарган ирүүлсэн нь хэрэгт авагдсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн 4 га газар эзэмших эрх бүхэлдээ зөрчигдсөн эсэх, мөн учирсан хохирол гэх татсан тор алга болсон, тухайн газарт тарьсан мод бут байхгүй болсон нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас үүссэн эсэх зэрэг хэрэгч ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой уг гэрээг хэзээ, хэн захиргааны байгууллагад ирүүлсэн, хэрхэн шийдвэрлэсэн, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт Ц.*******, Б.Нямдорж нараас ирүүлсэн эсэх, уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол ямар шалтгаанаар шийдвэрлээгүй талаарх баримтыг цуглуулж Ц.*******ийн бусдаас төлбөр авч шилжүүлэхээр гэрээ байгуулсан 3 га газрыг эзэмших эрх нь дуусгавар болсон эсэх, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн нэг талаас Ц.******* нь өөрийнхөө эзэмшил газраа Б.Нямдоржид шилжүүлэхээр тохиролцохдоо тухайн газарт оруулсан хөрөнгө, эд зүйлээ шилжүүлсэн эсэх, мөн газрыг өөрийнхөө эзэмшилд байсан гэж үзсэн бол харуул хамгаалалттай орхисон эсэх, нөгөө талаас хариуцагчийг маргаан бүхий актыг гаргах үед тухайн газар дээр мод, бут, хашаа бүрэн байсан эсэх, байсан бол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг нэхэмжлэгчид учирсан гэх хохиролтой холбоотой баримт цуглуулж захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас уг хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй атлаа хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Мөн хэрэгт маргаан бүхий акт А/76 дугаар захирамжийн нотлох баримтын шаардлага хангасан хувь авагдаагүй байх тул дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангуулан бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ