Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00462

 

 

 

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00462

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* регистртэй, ******* ХХК-д холбогдох,

Түрээсийн урамшуулал 2 600 000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Гэрэлээ, түүний өмгөөлөгч Б.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.******* нь ******* ХХК-тай Хан-Уул дүүргийн --0 дугаар хороо, Эрчим хүчний 21 дүгээр байр, 10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө дахин барилгажуулахаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны нөхцөл сайжруулах 3 талт гэрээ-г эрх олгогч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч *******, ******* ХХК-ийн захирал ******* нартай тус тус байгуулсан. Тус гэрээний 4.1.3-т түрээсийн урамшууллыг сард 1 300 000 төгрөгөөр тооцож, олгож байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш түрээсийн урамшууллыг огт олгоогүй тул би шүүхэд хандан 2016 оны 09 дүгээр сарын 07-ныг хүртэл хугацааны урамшууллыг олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч нэг ч төгрөгийг тооцоо хийгээгүй байсан. Харин одоо шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг ******* ХХК нь бүрэн өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл урамшууллыг өгөхгүй, орон сууцыг сонгож авах эрхийг олгохгүй байна. Орон сууцыг ашиглалтанд оруулаагүй гэрээний хугацааг хэтрүүлсэн. ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс хүлээн авсан гэж хэлсэн боловч намайг орон сууцыг сонгож авъя гэхэд сонгуулахгүй, шүүхэд хандсан учир шүүхээрээ шийдвэрлүүл гэж захирал ******* хэлсэн. Иймд би 2 сарын түрээсийн урамшуулал болох 2 600 000 төгрөгийг, мөн гэрээнд заасны дагуу баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах эрх буюу Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-ний 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан юм. Би энэ хугацаанд маш олон удаа хариуцагчтай уулзах гэсэн боловч захирал нь уулздаггүй, алга болдог, 2016 оны 10 дугаар сарын 16-нд албан бичиг өгөх гэтэл хүлээж авахгүй байсан тул харуулд нь өгч, мөн баталгаат шуудангаар явуулсан. Би одоо уг орон сууцны 1 дүгээр давхарт зүүн тийшээ харсан цонхтой буюу хуучин өөрийн орон сууц байрлаж байсан, үйл ажиллагаа явуулж байсан объектын байрлалд шинэ орон сууцыг авах хүсэлттэй байх тул миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Би энэ талаар олон удаа хариуцагчид хэлж байсан, бичгээр бол хүсэлт гаргаж байгаагүй гэв.

Хариуцагч ******* ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2 сарын түрээсийн урамшуулал болох 2 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжилсэн. Манай компани нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, хот байгуулалтын хяналтын албанд хандаж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/51 тоот албан мэдэгдлээр улсын комисс ажиллуулах тухай хүсэлт өгсөн ба Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж аваад улсын комисс ажиллуулахаар акт гаргасан. Ингээд улсын комисс барилгыг хүлээж авахаар ажиллаагүй шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгууль, Ази номхон далайн орнуудын удирдах түвшний дээд албан тушаалтнуудын чуулга уулзалт, Засгийн газрыг шинээр томилох, түүнтэй холбоотой яам, агентлагийн дарга нар солигдсон учир тамга тэмдэг шинээр хийлгэсэн гэдэг үндэслэлүүдээр комисс ажиллаж чадаагүй. Нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж, барилгыг шалган үзэж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2016/403 тоот улсын комиссын акт гарч барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Уг актад барилгыг 2014 оны 06 дугаар сард барьж эхлээд 2016 оны 08 дугаар сарын 30-нд барьж дуусгасан гэж дүгнэсэн. Мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/51 тоот захиалагч байгууллагын албан мэдэгдлээр шалгасан тухай комиссын актанд заасан байгаа. Тэгэхээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч өмнө нь энэ талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 4 333 333 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгасан. Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-ний 4.1.3 дахь хэсэгт барилга баригдах хугацаанд 1 сарын 1 300 000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно гэж заасан. Тэгэхээр барилга баригдах хугацаа нь улсын комиссын актанд дурдагдсан 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцогдож байгаа учраас үүнээс хойшхи төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм. А.*******д 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл буюу илүү 8 хоногийн төлбөрийг төлсөн учир дахин 2 600 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд гаргуулж авна гэж тайлбарласан. Шинээр барьж байгаа барилга нь эхлээд барилгын эскиз зургаа батлуулж, мэргэжлийн хяналтын инженерт дүгнүүлж, улсын комиссоор батлуулсаны дараа барилгын ажил явагддаг. Уг эскиз зургийг жилийн өмнө батлуулсан зураг бөгөөд А.******* нь манай компаниас мөнгө нэхэмжилж байхдаа байршилтай холбоотой нэг ч гомдол, санал гаргаагүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгч байх үед барилгыг аль хэдийн өөрчлөх боломжгүй болсон, ашиглалтанд орсон байсан. Гэрээний 1.4 дэх хэсэгт орон сууц нь 21 дүгээр байрны 1 давхарт байрлахаар харилцан тохиролцсон. Харин байрны аль хэсэгт гэж тухайлан харилцан тохироогүй. ******* ХХК нь А.*******д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан өргөтгөлийг талбайг нь оруулж тооцон 1 300 000 төгрөгөөр, бусад хүмүүсээс харьцангуй өндөр хэмжээгээр тооцон урамшууллыг төлж ирсэн. Бусад захиалагч нарт сарын 600 000 төгрөгөөр тохиролцож байсан. Бид орон сууцны 1 дүгээр давхарт 54 м.кв талбай бүхий орон сууцыг олгохоор шийдвэрлэж хүлээлгэж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлд захиалагчийн эрх үүрэг гэж байгаа бөгөөд ******* нь өөрөө бусад захиалгч буюу өмчлөгч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр сонгоно гэж заасан, үүнийг ч нэхэмжлэгч өөрөө тайлбартаа дурдсан. Энэ 1 дүгээр давхар нь нийтдээ 740 м.кв талбайтай бөгөөд үүнээс 300 м.кв талбайд супермаркет, 140 м.кв талбайд банк, үлдсэн хэсэгт үсчин, нотариат, эмийн сан, А.*******гийнх гэсэн өмчлөгч нар байгаа. Өөрөөр хэлбэл төв зам руу харсан 3 хаалгатай, үүний 1 хаалганд супермаркет, 1 хаалганд банк, нөгөө хаалганд нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар бий. А.*******гийн орон сууцны хаалга нь орц талын хаалга биш бөгөөд төв зам дагуу харсан хаалгаар ордог. Мөн бусад хүмүүс нь сонголтоо хийсэн, өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаан гаргаагүй. 4 өмчлөгч нар адил м.кв-тай байсан бол тохиролцох боломжтой. Одоо хана нурааж, барилгыг өөрчлөх боломжгүй. Харин ингэх бол бусад хүмүүстэй тохиролцох асуудал байх. Тиймээс А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 600 000 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-ний 5.2-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл буюу барилга барьж дуусгах хүртэлх хугацааны түрээсийн урамшууллыг олгосон, 9 дүгээр сарын 07-ныг хүртэл 8 хоногийн урамшууллыг нэмж олгосон учир одоо 2 600 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь барилгын урьдчилсан зургийг гаргах үед хүсэлт гаргаж байгаагүй, барилга угсралтын ажил дууссан хойно хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлан үл зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1 256 666 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.******* нь зөвшөөрч Орон сууцны нөхцөл сайжруулах төсөлд хамран, нийтийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний 21 дүгээр байранд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005328 дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө, ашиглалтын шаардлага хангахгүй болсон өөрийн өмчлөлийн 10 тоот орон сууцыг буулгахыг зөвшөөрч, хариуцагч тал нь чанар стандартын шаардлагад нийцсэн шинэ орон сууцаар хангахаар харилцан тохиролцон эрх олгогч Нийслэлийн Засаг дарга, хөрөнгө оруулагч ******* ХХК нартай 10 тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ-г 2014 оны 05 дугаар сарын 26-нд байгуулсан байна.

Уг гэрээг нэхэмжлэгч хариуцагч нар нарийвчлан тодруулж мөн өдөр 14/29 тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-г байгуулсан байх ба энэ гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байрны 1 дүгээр давхарт 54 м.кв талбайтай орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, барилга баригдах хугацаанд сард 1 300 000 төгрөгөөр тооцон түрээсийн урамшууллыг олгох, өргөтгөлд 6 000 000 төгрөг бэлнээр олгох үүргийг, захиалагч буюу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өр төлбөргүйгээр гүйцэтгэх талд хүлээлгэж өгөх, нүүх зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг дарга, ******* ХХК болон иргэн А.******* нарын хооронд байгуулсан 10 тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ, талуудын хооронд байгуулсан 14/29 тоот Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ, гэрэл зургууд зэргээр нотлогдсон.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

2.Талуудын хоорондохь 14/29 тоот гэрээний 3.2-т Гүйцэтгэгч нь барилгын суурийн ажлыг эхлүүлснээс хойш 24 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж шинэ орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн заасан байх ба хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2016/403 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-ын 1.7-д Энэхүү барилга байгууламжийг ANEE-03/14 дугаартай зураг төслөөр 2014 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгасан байна гэснээс үзэхэд хариуцагч тал гэрээний хугацаа дуусахад орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3.14/29 тоот гэрээний 4.1.3-т Барилга баригдах хугацаанд нэг сарын 1 300 000 төгрөгөөр тооцон түрээсийн урамшууллыг олгоно... заасан ба хариуцагч тал нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ныг хүртэл хугацааны түрээсийн урамшууллыг нэхэмжлэгчид олгосон болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 965 дугаартай шийдвэр зэргээр нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

4.2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2016/403 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* ХХК-ийн захиалгатай 50 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 182 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байх ба зохигчдын хоорондох 14/29 тоот гэрээний 2.8.1-д Барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл 6 сар болгон урамшуулалт төлбөр олгох гэж заасны дагуу хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарынг 08-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэл 29 хоногийн түрээсийн урамшуулалд 1 256 657 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээний дагуу төлөх үүрэгтэй.

5. Талуудын хоорондох 14/29 тоот гэрээний 5.2-т Захиалагч нь бусад орон сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонголт хийх эрхтэй. Энэхүү сонголтод гүйцэтгэгч нь ямар нэг байдлаар оролцох эрхгүй, 5.3-т Захиалагч нь тэргүүн ээлжинд барилгын урьдчилсан эскиз зурагнаас өөрийн өмчлөх орон сууцны сонголтыг хийх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч А.******* нь тус шинээр баригдсан дээрх орон сууцны бусад өмчлөгч нартай өөрийн захиалсан орон сууцны байршлын талаар тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн бусад өмчлөгч нартай харилцан тохиролцож, тэргүүн ээлжинд орон сууцаа сонгох эрхээ эдлэхэд нь хариуцагч талаас нөлөөлж орон сууцны байршлыг сонгох боломжгүй болгосон, саад учруулсан гэх байдал баримтаар нотлогдохгүй байна.

Нөгөө талаар зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны барилгыг баригдаж эхлэх үед барилгын эскиз /урьдчилсан/ зурагнаас өөрийн өмчлөх орон сууцны сонголтыг хийх талаар гэрээний 5.9-д заасны дагуу бичгээр хүсэлт гаргаж байгаагүй байна.

Нэхэмжлэгчээс удаа дараа захирал *******т хандаж амаар хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж хүлээн авсны дараа 2016 оны 10 дугаар сарын 14-нд хариуцагч ******* ХХК-д хуучин өөрийн үйл ажиллагаа эрхэлж байсан объектын байрлалд орон сууц авах тухай хүсэлт гаргаж шуудангаар хүргүүлсэн нь дээрх үндэслэлийг нотлохгүй юм.

6. Мөн түүнчлэн талууд 14/29 тоот гэрээний 1.4-т ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байрны 1 дүгээр давхарт... гэж нэхэмжлэгчийн өмчлөн авах 54 м.кв талбайтай орон сууцны байршлыг тодорхойлсоноос өөрөөр барилгын 1 дүгээр давхарт зүүн тийшээ харсан цонхтой буюу хуучин өөрийн орон сууц байрлаж байсан, үйл ажиллагаа явуулж байсан объектын байрлалд шинэ орон сууцыг сонгохоор тохиролцоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 256 657 төгрөгийн шаардлагыг хангаж, үндэслэлгүй нэхэмжилсэн 1 343 343 төгрөгийн шаардлагыг, гэрээний 5.2-т заасан шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгуулах гэсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 34 709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1 256 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс 1 343 343 төгрөгийн шаардлагыг болон талуудын хооонд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасан шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгуулах гэсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 34 709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА