Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/04495

 

 

 

 

 

 

                   2023       10           17  

          101/ШШ2023/04495

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт үйл ажиллагаа явуулдаг “” ХК /рд:2075377/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягт оршин суух *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,446,071.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай банк хариуцагч тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 48,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай олгосон. Тус зээлийн гэрээний хавсралтад зааснаар гэрээний нэмэлт нөхцөл (Covenant)-ийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж тоот харилцах данс болон мөнгөн хөрөнгийг барьцаалсан.

 

Гэтэл зээлдэгч тал зээлийн гэрээний хавсралтад тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банкны зүгээс хариуцагчид зээлийг хугацаандаа төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй нийт 170 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 22,776,537.76 төгрөг, хүүгийн төлбөрт 1,546,013.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 123,520.21 төгрөг, нийт 24,446,071.20 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд нийт 30,712,468.56 төгрөгийг төлснөөс бид үндсэн зээлд 26,023,462.24 төгрөг, зээлийн хүүнд 4,677,960.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,046.17 төгрөгийг суутгасан. Гэвч манай компани хариуцагчид зээлийг төлөхийг утас болон биечлэн уулзаж удаа дараа сануулж байсан боловч төлөөгүй. Иймд, хариуцагчаас 24,446,071.20 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Тус шүүхэд хянагдаж буй “” ХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдох хэрэг маргаанд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч талаас бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан болон зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргахгүй ба хариуцагч нь өнгөрсөн хугацаанд 30 гаруй сая төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч нь жирэмсэн болоод ажлаа хийж чадаагүй учир зээлийг хугацаандаа төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзээд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийг буцаан төлөхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна. Гэвч хариуцагч болон нэхэмжлэгч “” ХК нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй байсан.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь үндсэн зээлийг нэхэмжилсэн байна. Иргэний хуульд зааснаар гэрээг хугацаатай байгуулсан бол зөвхөн хугацаа дууссаны дараагаар үндсэн зээлийг шаардах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээ цуцалж байгаа талаар хариуцагчид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа энэ талаар мэдэгдэх, гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно гэж заасныг зөрчсөн байна. Тийм учир зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 280,181.00 төгрөг төлсөн баримт,
  2. Итгэмжлэл,
  3. “” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар 04-ний өдрийн 734 тоот тушаал,
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  5. Зээлийн болон барьцааны гэрээ,
  6. Хүү тооцооллын хүснэгт,
  7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааны хуулбар,
  8. Зээлийн дансны хуулга,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Иргэний үнэмлэхийн  хуулбар,
  2. Итгэмжлэл,
  3. Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХК-иас хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,446,071.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “” ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч тай зээлийн гэрээ байгуулж түүнд 48,800,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 8-11 хуудас/.

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа ..............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 7 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “” ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч гийн тоот дансанд 48,800,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч г зээлийн гэрээний зүйлийг хүлээж авсан гэж үзэх учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв /х.х-ийн 42, 43 хуудас/.

 

  1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...............” гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгээс гадна үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон бол төлөх үүрэг хүлээнэ.

 

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т тус зааснаар хариуцагч нь 48,800,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 3,030,615.45 төгрөгийг төлсөөр гэрээний хугацаа дуусах өдөр болох 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,937,360.26 төгрөгийг төлж дуусгахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 18 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 25-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч тал энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох бөгөөд хэрэв хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 42,932,332.02 төгрөг төлөх ёстой байтал 26,023,462.24 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь өнгөрсөн хугацаанд нийт 30,712,468.56 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч тал үндсэн зээлд 26,023,462.24 төгрөг, зээлийн хүүнд 4,677,960.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,046.17 төгрөгийг суутгасан байна /х.х-ийн 13, 31, 32, 42, 43 хуудас/.

 

Нэхэмжлэгч “” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч гаас үндсэн зээлийн үлдэгдэл 22,776,537.76 төгрөг, 170 хоногийн хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 1,546,013.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,520.21 төгрөг, нийт 24,446,071.20 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний дагуу бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү болон өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөр, түүнээс суутгасан болон одоо нэхэмжилж байгаа төлбөрийн хэмжээний талаар маргаагүй боловч гагцхүү нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг хэрэгжүүлээгүй гэсэн.

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусах ёстой байтал нэхэмжлэгч “” ХК-ийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох агуулгатай байх тул хариуцагч д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх ёстой гэж маргаж байна.

 

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “” ХК-иас хариуцагч д өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэхийг сануулж байсан үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, түүнчлэн хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ тэрхүү цаг хугацаандаа гүйцэтгэх боломж байсан хэдий ч зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

  1. Нөгөө талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д “Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гээд 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж заасан.

 

Тайлбарлавал, урт хугацаатай гэрээ байгуулсан талууд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар нөгөө талдаа үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, хэрэв тогтоосон тохиолдолд тухайн хугацаанд гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхгүй хэдий ч үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэхгүй буюу тийнхүү гүйцэтгэх талаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт тодорхой байвал түүнд нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй юм.

 

Иймд, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг үндэслэн түүнд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “” ХК нь хариуцагч д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төгрөг болон мөнгөөр тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч с 24,446,071.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ” ХК-нд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,181.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280,181.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МАНДАЛБАЯР