Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00099

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00099

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/04495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 24,446,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус банк нь хариуцагч Б.Х-тай 2021 оны 11 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 48,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай олгосон. Мөн 2021 оны 11 сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж 3005143651 тоот харилцах данс болон мөнгөн хөрөнгийг барьцаалсан. Гэтэл зээлдэгч тал зээлийн гэрээний хавсралтад тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкны зүгээс хариуцагчид зээлийг хугацаандаа төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй нийт 170 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингээд 2023 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 22,776,538 төгрөг, хүүгийн төлбөрт 1,546,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 123,520 төгрөг, нийт 24,446,071 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 24,446,071 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болон зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргахгүй. Харин хариуцагч Б.Х нь өнгөрсөн хугацаанд 30,000,000 гаруй төгрөгийг төлсөн. Хариуцагч нь жирэмсэн болоод ажлаа хийж чадаагүй учир зээлийг хугацаандаа төлөх боломжгүй болсон. Гэвч хариуцагч Б.Х болон нэхэмжлэгч Г ХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй байсан. Иргэний хуульд зааснаар гэрээг хугацаатай байгуулсан бол зөвхөн хугацаа дууссаны дараагаар үндсэн зээлийг шаардах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагчид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасныг зөрчсөн. Иймд зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Х-с 24,446,071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ...Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г ХК-иас хариуцагч Б.Х-д өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэхийг сануулж байсан үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг хооронд 2021 оны 11 сарын 01 өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан... гэжээ. Хариуцагчийн зүгээс Г ХК талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байхад зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 22,776,538 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т заасныг зөрчиж байна хэмээн маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс Г ХК нь зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг маргааныг хянан хэлэлцэх явцад зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Г ХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 03 сард Б.Х-тай байгуулсан зээлийн гэрээгээ цуцлалгүйгээр шүүхэд үндсэн зээлийн төлбөр болох 22,776,537 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 208 дугаар зүйлийн 208.4-т заасныг тус тус зөрчиж байна.

4.2.  Мөн шүүхээс Г ХК нь зээлийн төлбөрийг төлөхийг сануулсан нь зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэнээр тооцогдох бөгөөд мөн шүүхэд зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь гэрээг цуцлах агуулгыг илэрхийлж байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу Г ХК нь зээлийн гэрээг цуцлах гэж байгаа талаар Б.Х-д урьдчилан мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй, мөн зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч түүнийгээ нотлох баримтаар батлаагүй. Төлбөрөө төлөх талаар сануулж байсан тухайд талууд маргаагүй гэж шүүхийн шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Г ХК-аас төлбөр төлөх болон гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсээр байтал шүүхээс нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.3.  Мөн шүүхээс ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт байсан тул зээлийн гэрээг цуцлах талаар Г ХК-аас Б.Х-д урьдчилан мэдэгдэх шаардлагагүй байсан гэж дүгнэсэн. Гэтэл Б.Х нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрийг хийсээр ирсэн бөгөөд нийт 30,712,469 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Цаашид ч үргэлжлүүлэн төлөх бүрэн боломжтой байтал шүүхээс Б.Х-д зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэнээр үр дүн гарахгүй нь тодорхой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Г ХК талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс гэрээг цуцлах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан гэж хийсвэрээр дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгчийн хуулиар олгогдсон эрхийг шууд зөрчсөн шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 25-ны өдөр дууссан. Тухайн үед 170 хоног хугацаа хэтэрсэн, 2022 оны 10 сараас хойш огт төлөлт хийгээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж, үргэлжлүүлэн төлөх боломжтой байсаар байтал үр дүн гарахгүй нь тодорхой болсон гэсэн байна. Хариуцагч 6 сарын хугацаанд огт төлөлт хийгээгүй. Шүүх хуралдааныг янз бүрийн байдлаар хойшлуулсаар 2023 оны 10 сард шүүх хуралдаан болсон. Энэ хооронд ямар нэгэн төлөлт хийгээгүй, зээлээ үргэлжүүлэн төлж үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч зээлээ төлөх сонирхолгүй байсан нь тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4, 225 дугаар зүйлийн 225.5, 226 дугаар зүйлийн 226.1.1-т тус тус заасны дагуу Г ХК нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Гэрээний хугацаа 2023 оны 04 сард дууссан. Иймд гэрээний хугацаа дуусаагүй байхад урьдчилан мэдэгдээгүй цуцалсан гэх давж заалдаж гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Х-д холбогдуулан үндсэн зээл 22,776,538 төгрөг, зээлийн хүү 1,546,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,520 төгрөг, нийт 24,446,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 80-81/

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1.  Талууд 2021 оны 11 сарын 01-ний өдөр ЗГ3005143607 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХК нь 48,800,000 төгрөгийг жилийн 14.4%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Х нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 8-10/

3.2.  Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Х нь үндсэн зээлд 26,023,462 төгрөг, зээлийн хүүд 4,677,973 төгрөг, нийт 30,701,435 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 22,776,538 төгрөг, хуримтлагдсан хүү 1,546,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,520 төгрөг, нийт 24,446,071 төгрөгийг төлбөрийн үүрэг хүлээсэн. /хх 13/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.   Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн эргэн төлөлтөд 30,701,435 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийн тооцооллын талаар маргаагүй боловч ...зээлдэгч жирэмсэн болоод ажлаа хийж чадаагүйн улмаас зээлээ төлж чадаагүй, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар маргажээ.

6.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 22 дугаар зүлийн 1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдэгч Б.Х нь 2022 оны 10 сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг хийгээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй.

 7.   Зээлдэгч Б.Х нь жирэмсэн болж, ажлаа хийж чадаагүй, орлогогүй байсан гэх үйл баримт нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Б.Х нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй 170 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч Г ХК нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч талын гаргасан ...банк зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, банк зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө шаардсан нь хуульд нийцэхгүй... гэсэн агуулгатай хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/04495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Хгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 280,180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 Д.НЯМБАЗАР