Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/03834

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/03834

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: ИНЕГ

Орон сууцад хийсэн засварын зардалд 10 273 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

хариуцагчийн төлөөлөгч П.Б,

гэрч Т.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан Орон сууцад хийсэн засварын зардалд 10 273 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар Орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие амьдрах нөхцөл байдлаа сайжруулахын тулд*******т өргөдөл гаргаж, миний гаргасан өргөдлийг Өмч хамгаалах байнгын зөвлөл 2019 онд хэлэлцээд орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан байдаг. Ингээд миний бие уг шийдвэр гарсны дагуу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон сууц түр эзэмшүүлэх гэрээг Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргатай байгуулсан. Уг гэрээг байгуулсны дараа миний бие одоо оршин сууж байгаа нэг өрөө байгууллагын эзэмшлийн байранд наад захын хүн амьдарч суух хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан тул засвар хийсэн ба тухайн засварыг хийхэд 12 сар гарчихсан, дүн өвөл байсан бөгөөд 3 сарын хугацаанд засварыг хийлгүүлсэн байдаг. Ингээд засвар хийлгэхэд шаардагдаж гарсан зардлуудын тухайд тус байранд цахилгааны иж бүрэн монтажийг хийлгэж, сангийн иж бүрэн засварыг хийлгүүлсэн, шал болон тааз мөөгөнцөртэй байсан учир тэдгээрийг янзлуулж битүүлсэн. Тэгээд хаалга, үүд, цонх янзлуулахаас эхлүүлээд иж бүрэн засварыг хийлгүүлсэн. Уг байранд намайг орохоос өмнө 2 жил гаран хүн амьдраагүй, эзэнгүй байр байсан. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга тушаал гаргаад намайг ажлаас чөлөөлсөн. Ингээд ажлаас чөлөөлж, цалин хөлс олгохгүй байгаа учраас тухайн байгууллагын байранд гаргасан зардлаа тус байгууллагаас нэхэмжилж амьжиргааныхаа зардал, амьдрах өртгөө гаргуулж авъя гэсэн бодолтойгоор нэхэмжлэл гаргасан. Иймд нийт гарсан зардлыг баримтаар нотолж хэрэгт гаргаж өгсөн тул нийт 10 273 000 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү. Хариуцагч урсгал зардалд гэж яриад байгааг зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь урсгал зардал бол биш юм. Хүн шууд орж амьдрах ямар ч боломжгүй байсан учраас зайлшгүй засварын ажлыг хийхээс өөр аргагүй байсан. Хэрэгт хавсрагдсан зурагнаас харвал тодорхой байгаа. Жорлон эвдэрсэн, тог цахилгаан, монтаж гэх зүйл байхгүй, хүн амьдраагүй удсан, зайлшгүй хийх ёстой засвар байсан учир миний нэхэж байгаа зардал бол урсгал зардал биш гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас *******тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц түр эзэмшүүлэх******* дугаартай гэрээний 3.2-т ажилтан нь орон сууцны урсгал засварын асуудлыг хариуцаж, 2 жилд нэг удаа урсгал засвар хийнэ гэж заасан. Энэ нь орон сууцанд түр амьдарч байгаа эзэмшигчийн үүрэг байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус байранд хүн шууд орж амьдрах ямар ч боломж, нөхцөлгүй байсан тул хувиасаа зардал мөнгийг гаргаж тус байранд иж бүрэн засвар үйлчилгээ, тавилга хийлгүүлсний үндсэн дээр орсон гэж байна. Энэ талаар гэрээнд тусгайлан заагаагүй бөгөөд урсгал засварын зардлыг орон сууц түр эзэмшигч өөрийн зардлаар хариуцна гэх талаар гэрээнд тусгасан байна. Уг орон сууцны нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч анх гэрээ байгуулахдаа байгууллагын удирдлагад танилцуулж, засвар үйлчилгээ хийлгэх талаар тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй, оршин суугч нэгэнт амьдрах гэж байгаа орон сууцны нөхцөлийг сайжруулах, аятай, тухтай амьдрах нөхцөлөө бүрдүүлэх зорилгоор урсгал засвар хийлгэсэн зардлаа байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч тухайн орон сууцад анх орохдоо хүн шууд амьдрахад ямар ч боломж, нөхцөлгүй байсан бол түүнийг мэдсэн үедээ гэрээ байгуулахаас татгалзах, орж амьдрахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлийн Хан Уул дүүргийн 10 дугаар хороо,******* дүгээр байр,******* тоот орон сууцанд оршин суугч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн******* дугаар тушаалаар *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,******* дүгээр байр,******* тоот нэг өрөө сууцанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Орон сууц түр эзэмшүүлэх"******* дугаар гэрээгээр оршин сууж, түр эзэмшиж байсан. Уг гэрээний 2.2-т Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцаан авна гэж заасан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *******ын хууль бус эзэмшлээс Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,******* дүгээр байр,******* тоот нэг өрөө сууцыг чөлөөлүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Учир нь ИНЕГ-ын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Бид уг тушаалын үндэслэлийн талаар шүүхэд маргаан үүсгэж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд уг хэргийг шийдвэрлэсний дараа энэхүү байрын чөлөөлөх эсэх асуудал яригдана гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс 2020.04.15-ны өдөр, 2020.08.09-ний өдөр, 2020.08.10-ны өдөр, 2020.04.14-ний өдөр, 2020.08.04-ний өдөр, 2020.04.15-ны өдөр, 2020.0813-ны өдөр, 2020.08.09-ий өдрүүдийн зарлагын баримтууд, 2019.12.04-ний өдрийн******* дугаар орон сууц түр эзэмшүүлэх гэрээ, 2020.04.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022.11.07-ны өдрийн******* дугаар тэмдэглэл, Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019.12.02-ны өдрийн******* дугаар орон сууц түр эзэмшүүлэх тухай тушаал, 2019.12.04-ний өдрийн******* дугаар орон сууц түр эзэмшүүлэх гэрээ, орон сууц түр эзэмшүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлт 2021.09.03-ны өдрийн*******-1/21 дүгээр оруулах гэрээ зэргийн ирүүлсэн. /хх-ийн 3-23, 65-67, 73-75/

 

6. Хариуцагчаас Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2022.04.28-ны өдрийн дугаар тушаал, 2022.05.27-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дугаар тогтоол, Засгийн газын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт, Монгол улсын Засгийн газрын 2021.11.24-ний өдрийн дугаар тогтоол зэргийн ирүүлсэн. /хх-ийн 35-42, 73-75/

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2023.10.23-ны өдрийн*******/1871 дүгээр албан бичиг, Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2019.12.02-ны өдрийн******* дугаар тушаал, гэрчээрыг асууж, баримтыг хэрэгт хавсаргав./хх-ийн 63-64,140-141/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие шийдвэр гарсны дагуу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон сууц түр эзэмшүүлэх гэрээг Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргатай байгуулж, одоо амьдарч байгаа нэг өрөө байгууллагын өмчлөлийн байранд 3 сарын хугацаанд засварыг хийлгүүлж, амьдарч эхэлсэн. Уг байранд намайг орохоос өмнө 2 жил гаран хүн амьдраагүй, эзэнгүй тоногдсон байр байсан бөгөөд бүх цахилгааны болон сангийн иж бүрэн ажлууд болон бусад засваруудыг нэг бүрчлэн хийж, зардал гаргасан. Эдгээр зардал урсгал засварт хамаарахгүй. ...ИНЕГ-ын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Бид уг тушаалын үндэслэлийн талаар шүүхэд маргаан үүсгэж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд уг хэргийг шийдвэрлэсний дараа энэхүү байрын чөлөөлөх эсэх асуудал яригдана. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Иргэний нисэхийн ерөнхий газраас *******тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц түр эзэмшүүлэх******* дугаартай гэрээний 3.2-т ажилтан нь орон сууцны урсгал засварын асуудлыг хариуцаж, 2 жилд нэг удаа урсгал засвар хийнэ гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус байранд хүн шууд орж амьдрах ямар ч боломж, нөхцөлгүй байсан тул хувиасаа зардал мөнгийг гаргаж тус байранд иж бүрэн засвар үйлчилгээ, тавилга хийлгүүлсний үндсэн дээр орсон гэж байна. Энэ талаар гэрээнд тусгайлан заагаагүй бөгөөд урсгал засварын зардлыг орон сууц түр эзэмшигч өөрийн зардлаар хариуцна гэх талаар гэрээнд тусгасан байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн******* дугаар тушаалаар *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,******* дүгээр байр,******* тоот нэг өрөө сууцанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Орон сууц түр эзэмшүүлэх"******* дугаар гэрээгээр оршин сууж, түр эзэмшиж байсан. Уг гэрээний 2.2-т Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцаан авна гэж заасан тул *******ын хууль бус эзэмшлээс Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болох нэг өрөө сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрчын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* нь ИНЕГазарт 2015 оноос эхлэн Хууль, эрх зүй, дотоод аудит, дүрэм боловсруулалтын газарт мэргэжилтнээр ажилд орж, улмаар ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны 04 сарын 28-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд тайлбар гаргаж байх ба энэ талаар талууд маргаангүй байна.

 

5.а. Талуудын хороонд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр******* дугаар орон сууц түр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын******* дүгээр байрны******* тоот, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаар бүхий 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар *******ад эзэмшүүлж, ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, гэмт хэрэг үйлдэн эрүүгийн хариуцлага хүлээсэн, орон сууцыг гамгүй хэрэглэн, эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд орон сууцыг буцаан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 74/

5.б. Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын дотоод журмын 6.5.7-д ажилтанд байгууллагын мэдлийн орон сууцыг түр хугацаагаар эзэмшүүлж болно. энэ тохиолдолд Захиргаа хариуцсан нэгжээс тухайн ажилтантай байгуулсан орон сууц түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулна. гэж зааснаар дээрх гэрээ байгуулагдсан талууд энэ асуудлаар маргаангүй байна.

 

6. Дээрх гэрээг талууд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр*******-1/21 дүгээр орон сууц түр эзэмшүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын******* дүгээр байрны******* тоот, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаар бүхий 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр хугацааг сунгасан байх ба уг гэрээг нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар ирүүлснийг хариуцагчийн төлөөлөгч уг гэрээ нь өөрийн байгууллагын архивт байхгүй талаар тайлбарлаж, гэрээ хууль бус гэж маргасан тайлбарыг гаргасан байна./хх-ийн 75/

 

7. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан, түүнчлэн уг гэрээний дагуу орон сууцанд ******* нь одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байгаа зэргээс хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг орон сууцыг албан тушаалын байдал, хөнгөлөлт эдлэх эрхтэй холбогдуулж, *******ад түр хугацаагаар шилжүүлсэн байх ба энэ нь Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1-д заасан Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ. гэсэнд хамаарч байна.

 

9. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын******* дүгээр байрны******* тоот, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар бүхий 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг анх хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан талаар тайлбарласан байх ба энэ талаар тухайн үед байгууллагыг төлөөлж, гэрээг байгуулсан нь гэрчээр манай байгууллагад 80 орчим орон сууц байдаг бөгөөд тухайн үед *******тай гэрээ байгуулж, байрыг очиж үзсэн бөгөөд тухайн үед тэр байранд амьдарч байсан хүн нь архичин болчихсон, хүн амьдрахын эцэсгүй болчихсон байр байсан нь үнэн. Харин засварын зардлыг байгууллагаас гаргуулах асуудлыг би мэдэхгүй. гэж мэдүүлсэн.

 

10. Нэхэмжлэгч ******* нь уг байранд засвар хийлгэхээр иргэн Э.Амарсанаатай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын******* дүгээр байрны******* тоот, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаар бүхий 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 3 сарын хугацаанд захиалагчийн зааврын дагуу, түүний материалаар засварын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын нийт хөлсийг 4 000 000 төгрөг байхаар тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу ажлыг гүйцэтгүүлж, уг байрны тухайн үеийн зураг болон засвар хийсний дараах зургийг, барилгын материал худалдан авсан баримтын хамт ирүүлсэн байна. /хх-ийн 3-10/

 

11. Хариуцагчийн төлөөлөгч, талуудын хороонд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн******* дүгээр орон сууц түр эзэмшүүлэх гэрээний 3.2-т Ажилтан нь орон сууцны урсгал засварын зардлыг хариуцаж, 2 жилд 1 удаа урсгал засвар хийнэ гэж зааснаар орон сууцад засвар хийсэн зардлыг орон сууц түр эзэмшигч өөрийн зардлаар хариуцна гэж заасан тул өөрөө хариуцна. Мөн гэрээнд засвартай холбоотой зардлын талаар тусгасан зүйл байхгүй, зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.

 

12. Орон сууцны тухай хуулийн 3.1.1-т "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, 3.1.4-т "орон сууц өмчлөгч" гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг ойлгохоор заасан байх ба хариуцагч ИНЕГ нь өөрийн өмч болох тухайн орон сууцыг хүн амьдрах зориулалттай нийтийн орон сууцыг шаардлага хангасан байдлаар засаж, тохижуулах үүрэгтэй гэж үзэхээр байна.

13. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хэвийн амьдрахад зайлшгүй шаардлагатай гэж тооцогдохооргүй зардлын буюу хөшиг, толь, зам, сэрээ, авжуур, гал тогооны тавилга зэрэгт зарцуулсан 1 693 000 төгрөгийг хасаж шийдвэрлэв.

 

14. Иймд хариуцагч ******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй. гэж зааснаар ******* нь тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой зардалд нийт 8 580 000 төгрөгийг Иргэний нисэхийн Ерөнхий газраас шаардах эрхтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

15. Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нэхэмжлэгч *******ад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн******* дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,******* дүгээр байр,******* тоот нэг өрөө сууцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэж тайлбарласан.

 

16. Нэхэмжлэгч ******* нь сөрөг шаардлагын үндэслэл болсон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тайлбар гаргасныг, хариуцагч тал маргаагүй.

 

Тодруулбал дээрх маргаан бүхий хэрэг шийдвэрлэгдээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг энэ нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан үндэслэл тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлд хамаарч байна.

 

17. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагын 8 580 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 1 693 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1, 298 дугаар зүйлийн 298.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас засварын зардалд 8 580 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, илүү нэхэмжилсэн 1 693 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 152 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ