Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00833

 

2023.04.21 № 210/МА2023/00833

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.М-

Хариуцагч: ИНЕГ-

Нэхэмжлэлийн шаардлага: 10,273,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие амьдрах нөхцөл байдлаа сайжруулахын тулд ИНЕГ-т өргөдөл гаргасан бөгөөд 2019 онд орон сууцыг надад эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-г хариуцагчтай байгуулсан. Тухайн орон сууц нь хүн амьдрах шаардлагыг хангахгүй байсан тул миний бие өөрийн зардлаар засвар хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч байгууллага нь намайг ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч байгууллага нь намайг ажлаас чөлөөлсөн тул тухайн орон сууцанд өөрийн зардлаар засвар хийсэн 10.273.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ИНЕГ- нь Б.М-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 3.2-т зааснаар ажилтан нь орон сууцны урсгал засварын асуудлыг хариуцаж, 2 жилд нэг удаа урсгал засвар хийх үүрэгтэй.

Гэрээнд тухайн орон сууцанд бүрэн засвар үйлчилгээ, тавилга хийх талаар тусгайлан заагаагүй. Уг орон сууцны нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч анх гэрээ байгуулахдаа байгууллагын удирдлагад танилцуулж, засвар үйлчилгээ хийлгэх талаар тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй, оршин суугч нэгэнт амьдрах гэж байгаа орон сууцны нөхцөлийг сайжруулах, аятай, тухтай амьдрах нөхцөлөө бүрдүүлэх зорилгоор урсгал засвар хийлгэсэн зардлаа байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй.

2.2 Нэхэмжлэгч нь тухайн орон сууцад анх орохдоо хүн шууд амьдрахад ямар ч боломж, нөхцөлгүй байсан бол түүнийг мэдсэн үедээ гэрээ байгуулахаас татгалзах, орж амьдахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ИНЕГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар Б.М-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Б.М- нь ИНЕГ-ын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 61 дүгээр байр, 52 тоот хаягт байрлалтай, нэг өрөө сууцанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу оршин сууж, түр эзэмшиж байсан. Уг гэрээний 2.2-т Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцаан авна гэж заасан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.М-ын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах 3 талт зөвлөлийн шийдвэрээр намайг ажлаас халсан ИНЕГ-ын даргын тушаалыг хууль бус гэсэн шийдвэр гарсан тул орон сууцыг чөлөөлж өгөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас орон сууцанд хийсэн засварын зардал 10.273.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ад холбогдох Орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч ИНЕГ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИНЕГ- нь сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, харин хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 179.318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-ад олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талууд ашиглалтын зардал буюу гэрээний 3.3-т заасан Орон сууцыг эзэмших хугацаандаа цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад /СӨХ гэх мэт/ ашиглалтын зардлын төлбөр тооцоог тухай бүрд нь барагдуулна гэх үндэслэлээр маргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

6.2. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-д талууд харилцан тохиролцож, зохицуулсан асуудлыг гэрээний 3.2-т Ажилтан нь орон сууцны урсгал засварын зардлыг хариуцаж, 2 жилд 1 удаа урсгал засвар хийнэ гэж талууд харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.3. Б.Мөнхбаатар гэсэн нэртэй нэхэмжлэгч тухайн маргаанд байхгүй.

6.4 Талууд гэрээгээр харилцан тохиролцсон асуудлыг шүүх ашиглалтын явцад гарсан жижиг засвар гэж засварыг их, бага мэтээр, хөрөнгийн байдал үлэмж хэжээгээр нэмэгдсэн гэх зэргээр дүгнэж, хуулийн өөр заалтаар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

6.5 Нэхэмжлэгч Б.М- нь ИНЕГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон асуудал нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлээр шийдвэрлэгдсэн. Мөн шүүхийн шатанд энэхүү маргаан үргэлжилж байгаа талаар талууд тайлбарласан.

Шүүхийн шийдвэрт дурдсан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж, талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон байдаг. Энэхүү тэмдэглэлийг Б.М- 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд Б.М-ын нэхэмжлэлтэй, ИНЕГ-т холбогдох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой иргэний хэрэг, маргаан байхгүй.

Б.М-аас хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Тодруулбал, ИНЕГ- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар гаргасан байхад анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр хуульд заагаагүй асуудлаар татгалзсан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан 10,273,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц түр эзэмших гэрээ-ний дагуу орон сууцыг түр эзэмшиж байгаа гэж тодорхойлсон. Сөрөг шаардлагыг ...хариуцагч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул орон сууцыг чөлөөлөхгүй гэж үгүйсгэн маргасан.

2.2 Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ...Орон сууц түр эзэмших гэрээ-р иж бүрэн засвар хийх талаар харилцан тохиролцоогүй гэж үгүйсгэн маргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ИНЕГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар цуцалсан тул нэхэмжлэгчтэй 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц түр эзэмших гэрээ-ний 2.2-т ажилтан ажлаас чөлөөлөгдсөн ...тохиолдолд орон сууцыг буцаан авна гэж заасан үндэслэлээр орон сууцыг чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар орон сууцанд засан сайжруулалт хийхэд гаргасан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй бөгөөд уг шаардах эрх нь гэрээ дуусгавар болоход үүснэ.

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан Орон сууц түр эзэмших гэрээ дуусгавар болсноор, эсхүл үргэлжлэх хугацаанд зардал гарсан үндэслэлээр шаардаж буйг тодруулснаар шүүх гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх учиртай.

4. Талуудын хооронд дахь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон эсэх нь сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүссэн талаар тайлбарласан боловч уг маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн, хэргийн 65-67 дугаар талд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл авагдсан байх боловч уг тэмдэглэл нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдсэн эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

5. Анхан шатны шүүх маргааны үндэслэлийг тодруулаагүйгээс зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,318 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН