Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

З.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Б, шүүгдэгч З.Г өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч З.Г холбогдох 2017001550019 дугаартай 1 хавтас 221 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Нэргүйн эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадаа өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт аюултай бодис болох /Нg-химийн томьёотой/ 12.755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х х овогт З Г холбогдох эрүүгийн 2017001550019 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.755 килограмм мөнгөн ус нь Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодис хадгалах агуулахад хадгалагдаж байгааг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт прокурорт буцааж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: Яллагдагч З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадна байх өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт, аюултай бодис болох /Hg химийн томъёотой /12,755/ килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон байна. Аймгийн прокурорын газраас З.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 22 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд З.Г холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан байдаг. Үүнд:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар Улсын наадмын дараахан Өвөрмонгол Б гэх хүн хар өнгийн төмөр савтай болон ундааны хуванцар саванд хийчихсэн зүйл гаргаад ирсэн” гэж мэдүүлдэг ба уг мөнгөн ус нь хэрхэн бий болсон. Өөрөөр хэлбэл Улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, худалдан авсан болохыг бүрэн тогтоогоогүй, Өвөрмонгол Б гэх хүнийг эрэн сурвалжлах талаар Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа авснаас өөр тодорхой ажиллагаа хийгээгүй байна. Мөн прокурорын зүгээс Өвөрмонгол хүн болох Б үйлдлийг тусад нь шалгаж байгаа” гэж  байгаа боловч яллагдагч З.Г холбогдох хэргээс тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Яллагдагч З.Г нь Өвөрмонгол Б гэх хүнээс мөнгөн усыг авсан. Дээрх хүний овог нэр, гэрийн хаяг, хаана ажилладаг талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн. Б гэгчийг эрэн сурвалжилж Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эсэхийг олж тогтоохоор Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа авсан боловч овог, регистрийн дугаар байхгүйгээс Монгол улсад байгаа эсэх, хилээр гадагш нэвтэрсэн эсэхийг тогтоох боломжгүй гэх хариуг өгсөн. Нөгөөтэйгүүр тухайн Б гэгч этгээдийн овог, оршин суух гэрийн хаяг тодорхой бус байгаагаас шалтгаалж түүнийг эрэн сурвалжлах, олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч З.Г нь мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан бөгөөд Улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, худалдан авсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй байна.

2. Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан хуулийн этгээдийн лавлагаагаар яллагдагч З.Г нэр дээр “Г К Э” нэртэй ХХК бүртгэлтэй байх бөгөөд уг аж ахуй нэгж нь барилгын материал худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг тогтоосон байна. Харин уг аж ахуй нэгж нь химийн хорт аюултай болох /Hg химийн томъёотой/ мөнгөн усыг ашиглан үйл ажиллагаа явуулах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна. Яллагдагч З.Г хувьд химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар “хадгалсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх З.Г нэр дээр бүртгэлтэй “Г К Э” нэртэй ХХК нь мөнгөн усыг ашиглан үйл ажиллагаа явуулах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч З.Г нь “Өвөрмонгол хүн болох Б гэгчээс авч хадгалж байсан талаар мэдүүлдэг.

3. Мөрдөн байцаалтын шатанд химийн хорт аюултай бодис болох /Hg химийн томъёотой/ мөнгөн усыг Монгол улсын хилээр ямар журмаар нэвтрүүлдэг болохыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл уг бодисыг хилээр нэвтрүүлэхдээ тарифын аргаар хязгаарласан, тарифын бус аргаар хязгаарласан, хориглосон барааны аль нь болохыг тогтоох.

Мөн химийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнг гэрчээр асууж мөнгөн усыг хэрхэн яаж гаргаж авдаг, юунд ашигладаг талаар тодруулах гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж тухайн гэмт хэргийн шинжүүдийг тодорхой заасан. Яллагдагч З.Г хувьд химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар “хадгалсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн усыг Монгол улсын хилээр ямар журмаар нэвтрүүлдэг болохыг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч З.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан “хадгалсан” гэх хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Химийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнг гэрчээр асууж мөнгөн усыг хэрхэн яаж гаргаж авдаг, юунд ашигладаг талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагагүй байна.

Учир нь: Хохирогчоор тогтоогдсон Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Агаарын бохирдол, химийн хортой бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.М-Э шүүх хуралдаанд оролцуулан мөнгөн усыг хэрхэн яаж гаргаж авдаг, юунд ашигладаг талаар тодруулах боломжтой, гэхдээ хадгалсан гэх үйлдлээр яллагдаж байгаа тохиолдолд мөнгөн усыг хэрхэн гаргаж авах, юунд ашигладгийг тодруулах нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Нөгөөтэйгүүр Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12/216 дугаартай дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо” Мөнгөн ус нь Монгол Улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис болохыг тогтоосон.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын”-ын 6 дугаарт мөнгөн ус нь Mercury /Hg/ гэсэн химийн нэр, томъёотой, бага, тоног төхөөрөмж, уул уурхай, пестицид хэрэглэдэг. Онцгой хортой, хүний биед био хуримтлал үүсгэх, мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлөх хоруу шинж чанартай болохыг тодорхой заасан байна.

4. Яллагдагч З.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадна өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт аюултай бодис болох /Hg химийн томъёотой/ 12.755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд уг төмөр амбаар нь З.Г өмчлөл, эзэмшлийн аль нь болохыг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тогтоогоогүй байна гэжээ.

   301 тоот байрны гадна байрлах төмөр амбаарт /ёмкост/ нь яллагдагч З.Г эзэмшлийнх мөн болох нь нотлогдсон. Учир нь гэрч В.Б “Манай хажуу байрны 301 тоотод оршин суудаг айл байгаа юм. Манайхыг энд нүүж ирэхээс өмнө амьдарч байсан. З.Г байрныхаа урд талд төмөр бөөрөнхий амбаартай, хааяа эхнэр нь орж байгаа харагддаг” гэж мэдүүлсэн. Мөн яллагдагч З.Г өөрөө ч манай эзэмшлийн амбаар гэж мэдүүлсэн.

Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс уг төмөр амбаар нь З.Г өмчлөл, эзэмшлийн аль болохыг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тогтоох шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл төмөр амбаар нь З.Г өмчлөл, эзэмшилд байна уу? гэдгийг тогтоосноор хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ” авах үндэслэлээр өмчлөл, эзэмшлийг тогтоох шаардлагатай гэж үзэж дээрх ажиллагааг буцаах үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

Гэтэл тухайн мөнгөн усыг хадгалж байсан төмөр амбаар нь “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт хамаарах эд зүйл биш юм. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй.

З.Г нь хэний эзэмшлийн амбаар саванд хадгалсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зөвхөн олж авч хадгалснаар тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул шүүгдэгч З.Г холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд З.Г холбогдох Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед З.Г нь БНХАУ-ын иргэн Б гэх хүнээс мөнгөн усыг авсан. Б гэх хүн нь мөнгөн усыг аваад байж бай, Хэнтий аймаг гэх мэтчилэн уурхайтай газрууд руу аваачиж зарвал ашигтай байдаг юм. Мөнгөтэй болно гэдэг асуудлыг яриад Дорноговь аймгийн Айраг суманд Б гэгч хүн нь Г мөнгөн усыг шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр гэмт хэрэг нь ямар нэгэн шалтгаант холбоотой байдаг. Энэ нь юу вэ? гэхээр мөнгөн усны эх сурвалж нь юу юм бэ? Монгол улсын хилээр хэрхэн яаж нэвтрүүлсэн, хууль бусаар оруулсан юм уу? эсхүл тодорхой зөвшөөрөлтэй компани, хуулийн этгээд оруулаад ирсэн юм уу? гэдэг нь хавтаст хэргээс харагддаггүй. Магадгүй Б гэх хүн Монгол улсад мөнгөн усыг бөөнөөр нь оруулж ирээд энэ тэнд зараад яваад байх магадлал өндөр байна. Тийм учраас Б гэх хүнийг олж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөнгөн усыг хаанаас ямар журмаар оруулж ирсэн юм бэ? гэдэг асуудлыг шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.  Мөн Б гэх хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан гэдэг. Энэ нь зөвхөн хил хамгаалах ерөнхий газар руу албан бичиг явуулаад хилээр орсон, гарсан зүйлгүй, тодорхой оршин суугаа хаяггүй байна гэсэн албан бичгийг үндэслэсэн байдаг. Гэтэл Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд ямар байдлаар хэрхэн, яаж эрэн сурвалжлах ёстой юм бэ? гэдэг талаар тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдөр Б гэдэг хүн нь Дорноговь аймгийн Айраг сум, Замын-Үүд чиглэлээр яваад ирсэн. Тэгэхээр энэ аймгуудын хүмүүсээс асуух нь зүйтэй. Б гэж хүн ямар хүн юм бэ? уул уурхайгаар яваад байсан юм уу? гэдэг тал дээр ямар ч ажиллагаа явуулаагүй, асуугаагүй, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тийм учраас Хэнтий аймаг, Дорноговь аймагт байрлах жонш болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани түүний эзэн, ажиллаж байгаа алба хаагчид болон тухайн орон нутгийн иргэдээс Б гэж хүн ямар хүн байдаг юм бэ? гэдэг талаар асууж тодруулах нь зүйтэй. Мөн харсан хүн байх юм бол аман зураг гарган эрэн сурвалжлах ажиллагаа явуулах боломжтой. Энэ нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан байдаг. Мөн прокуророос Б гэгч хүний хэргийг тусгаарласан, тусгаарлаад шалгаж байгаа гэсэн асуудлыг ярьдаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан ямар ч материал байхгүй. Ийм учраас анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Прокурорт хэргийн буцаан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадаа өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт аюултай бодис болох /Нg-химийн томьёотой/ 12.755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.          

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь  мөнгөн усыг өгсөн гэх өвөрмонгол Б гэгч нь бодит хүн мөн эсэх, түүнийг  олж тогтоох, уг мөнгөн усыг хаана үйлдвэрлэсэн, аль улсаас  оруулж ирсэн, хориглосон, зөвшөөрсөн барааны аль нь болох, хэрвээ зөвшөөрлөөр оруулж ирдэг бол ямар байгууллагын зөвшөөрлөөр оруулж ирсэн, гаднах сав баглаа боодол нь аль улсад үйлдвэрлэсэн, мөн  ямар зорилгоор юунд ашигладаг болох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “... авсан, тээвэрлэсэн, худалдсан /завдсан/ “ шинжүүд шүүгдэгчийн үйлдэлд давхар байгаа эсэх зэргийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

          Анхан шатны шүүх:

           - мөнгөн усыг улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, худалдан авсан, юунд ашигладаг  болохыг бүрэн тогтоогоогүй,

 - өвөрмонгол Б гэх хүнийг эрэн сурвалжлах талаар .... өөр тодорхой ажиллагаа хийгээгүй,

 - Б  үйлдлийг тусад нь шалгаж байгаа гэх боловч энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй,

 - химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг Монгол улсын хилээр ямар журмаар нэвтрүүлдэг болох, хилээр нэвтрүүлэхдээ тарифын аргаар хязгаарласан, тарифын бус аргаар хязгаарласан, хориглсон барааны аль нь болохыг тогтоох,

 - яллагдагч З.Г нэр дээр бүртгэлтэй  ‘’Г К Э’’ компани нь химийн хорт аюултай бодос болох мөнгөн усыг ашиглан үйл ажиллагаа явуулах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй байна гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь  үндэслэлтэй байна.

         Харин химийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнг гэрчээр асууж мөнгөн усыг хэрхэн яаж гаргаж авдаг болохыг тодруулах, мөн мөнгөн усыг хадгалж байсан гэх төмөр амбаар нь З.Г өмчлөл эзэмшлийн аль нь болохыг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тодруулах зэрэг ажиллагааг хийх шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй  гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА