Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Н.М,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х  овогт З-гийн Г-т холбогдох эрүүгийн 2017001550019 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын ......... дүгээр байрны ........ тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169б-д  зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Төмөр замын шүүхийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Х  овогт З-гийн Г /РД: ./,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч *******нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 301 тоот байрны гадна өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт, аюултай бодис болох /Hg химийн томьёотой/ 12,755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч *******нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 301 тоот байрны гадна өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт, аюултай бодис болох /Hg-химийн томьёотой/ 12,755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны сүүлээр Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтод ажиллаж байхад Бээжинд найзалж байсан Б гэх залуутай уулзсан. Тэгсэн би Монгол орж ирдэг болсон гэж надаа хэлээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын сүүлээр танихгүй дугаар залгахаар нь хэн бэ гэхэд Б байна та хувийн машинтай бол Айрагт хүрээд ир гэхээр нь би очсон. Надад ийм зүйл байна би урагшаа явах гэж байгаа та хадгалж бай гэхээр би авч ирээд гэртээ хадгалсан. Хадгалаад жил гаран болоод миний сониуч зан хөдлөөд өөрийн таньдаг Б-д ярьсан. Надад нэг ийм зүйл байна, алтны уурхайд ашигладаг гэсэн таньдаг хүн байвал асуугаад өгчих гэсэн. Жил гаран хадгалж байгаад Б-д хэлсэн Б нэг хүнтэй холбож өгсөн. Тэгээд ийм зүйлд холбогдсон. Өөрийнхөө хийсэн гэм бурууг ойлгож байна гэв.

1.2. Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хавтаст хэрэгтэй танилцаад мөнгөн усыг хууль бусаар хадгалж байна гэдгийг мэдсэн. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд болон байгаль орчныг хордуулдаг учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хориглосон байгаа. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн газраас хорт бодисын 10-т оруулсан байдаг. Манай улсад 2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг химийн болон хорт бодис гэж жагсаалтад оруулаад ашиглахыг хориглосон. Мөн үйлдвэрт ашиглахыг 2008 онд Байгаль орчны сайдын 131 дүгээр тушаалаар ашиглахыг хориглосон. Мөнгөн усыг химийн хорт бодис гэж дэлхий нийтээрээ авч үзэж байгаа. Мөн амбаарт байхад хор нөлөө байхгүй гэж яриад байсан. Мөнгөн ус нь үнэртэй учраас жирэмсэн эхчүүд болон эргэн тойрондоо байгаа зүйлийг хордуулж байдаг. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд ургийн гажгийн нөлөө үзүүлдэг. Бага хэмжээгээр хор тарж байдаг гэв.

1.3. Шүүгдэгч *******мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 07 сарын сүүлээр буюу наадмын дарааХ миний таньдаг Өвөрмонгол Б над руу залгаад та Дорноговь аймгийн Айраг суманд ганцаараа хүрээд ир, ярих юм байна гэсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө өөрийн 94-27 УБТ улсын дугаартай ягаан өнгийн Тоёото Виросса маркийн автомашинаар ганцаараа Дорноговь аймгийн Айраг суманд өдөр хэрд очсон. Тэгээд Б-тэй Айраг сумын төмөр замын баруун талд байх өмнө нь шорон байсан газарт уулзсан. Тухайн үед Б цагаан өнгийн пикап маркийн автомашинтай явж байсан ба нэг танихгүй хүнтэй явж байсан. Тэгээд Б та эндээ байж бай, би энэ хүнийг хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд явсан ба удалгүй ганцаараа хүрээд ирсэн. Ирээд ийм юм байна ахаа, хоёулаа таван цаастай больё, гэж хэлээд машиныхаа хажуу талын суудал доороос хар өнгийн төмөр савтай ундааны хуванцар саванд /мульти нэртэй ундааны сав/ хийчихсэн зүйл гаргаад ирсэн. Тэгээд энийг та хүнд мэдэгдэхгүй газар хийчих, би урагшаа явж ирээд Хэнтийд байдаг алтны уурхайтай хятадуудад наадахыг нь зарна, тэр болтол хадгалаад байж бай гэсэн. Тэгэхээр нь би энэ чинь юу юм бэ гэхэд мөнгөн ус байгаа юм, алт угаадаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зүйлийг нь аваад машиныхаа арын суудлын доод хэсэгт тавиад Чойр руу ирсэн. Чойрт авчираад гэрийнхээ буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 301-03 тоотын гадна байх төмөр амбаарт хийж хадгалсан. Тэгээд үүнээс хойш тэр мөнгөн усыг мартчихсан байж байгаад 2020 оны 08 дугаар сарын эхээр би Дорноговь аймгийн Д сум руу салхи Баяраа буюу П.Б-ы хамт явсан юм. Тэгж явах замдаа би П.Б-д надад хадгалж байгаа мөнгөн ус байна, үүнийг худалдаж авах найдвартай хүн байна уу гэхэд “за би асууж үзнээ ахаа” гэж надад хэлж байсан. Үүнээс хойш дээрх мөнгөн усны талаар яриагүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 24-25-ны үед Ж гэж хүн Чойрт ирчихсэн байна, Дрим рестораны хажууд байна гэхээр нь би төмөр амбаараас жижиг ундааны хуванцар мөнгөн усыг аваад Ж-д аваачиж үзүүлсэн. Тэгээд Ж нь мөнгөн усыг үзээд мөнгө цаасаа гүйцээж ирье гэж хэлээд мөнгөн усыг авалгүй явсан ба би авч явсан мөнгөн усаа буцаагаад гэрийнхээ төмөр амбаарт аваачиж хийсэн. Үүнээс удалгүй байж байгаад цагдаа нар баригдсан... /1 дүгээр хх-ийн 171-173 дугаар хуудас/,

1.4. Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2012-2016 онд Монголын Үндэсний их сургуульд суралцаж, уул уурхайн ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжил эзэмшсэн. 2020 оны 07 дугаар сараас Говьсүмбэр аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын агаарын орчны бохирдол, химийн хортой бодисын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Би иргэний нэхэмжлэгч, хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолтой танилцлаа. Миний хохирогчоор тогтоогдсон хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 301-03 тоотод оршин суух *******нь өөрийн эзэмшлийн төмөр амбаарт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэх хэрэг байна. Иймд Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрыг төлөөлж энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна.

Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү. Өөр санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/,

1.5. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Надад Г мөнгөн ус зарна гэж хэлж байгаагүй. Би энэ асуудлыг одоо мэдэж байна. Харин 2020 оны 06 сарын үед молдок газар ухдаг багаж зармаар байна гэж хэлж байсан. Би тэр молдок зарж өгье гэж бодоод фэйсбүүк дээр зар тавьж өгч байсан. Би энэ оны 8 сарын дундуур Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоор явж байгаад 8 сарын 25-ны өдөр Чойрт ирсэн. Тэгээд 8 сарын 28-ны өдөр ажилдаа орсон. Хамгийн сүүлд 9 сарын 1-нд Тулга авто угаалгын газрын гадаа Г-той таараад намайг гэрт минь хүргэж өгсөн. Тэрнээс өмнө Г-той уулзаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/,

Одоогоос 1 сар гаран, бараг 2 сар гарангийн өмнө Г надад өөрийнхөө хар өнгийн Виросса маркийн автомашин дотор явж байгаад надад 10 литр орчим мөнгөн ус байна. Чамд мөнгөн ус авах хүн байна уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би Г-оос мөнгөн усаар яадаг юм бэ гэж асуухад надад алтны уурхайд хэрэглэдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад өмнө алтны уурхайтай байсан Ж гээд найз байдаг юм. Тэрнээс асууж өгье гэж хэлээд Ж-гийн 9918... дугаар луу залгаад миний танил ахад 10 гаран литр зарах мөнгөн ус байна гэнэ, чамд авах хүн байна уу гэж асуухад Ж надад авах хүн байна уу асууж байя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэд хоногийн дараа би дахиад Ж луу залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Ж надад би Чойр орох гээд Болор цайны газар өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд би Ж-д чамайг ирэхээр мөнгөн ус зарах гээд байгаа Г гэдэг ахтай уулзъя нөгөө мөнгөн усаа үзнэ биз гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд цаг гарангийн дараа Ж над руу залгаад би Г ахтай чинь уулзлаа, нөгөө мөнгөн усаа үзчихлээ, би Х гээд нэг хулгайчтай явж байна, энэ хулгайчийн хажууд хамаагүй юм ярьж болохгүй шүү гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,

1.6. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Яг өөрийнх нь гэдгийг мэдэхгүй байна. Хуучин С гуайн дэлгүүрийн ард төмөр ёмкостон хэлбэртэй амбаар байдаг. Хааяа орж гарч байгаа харагддаг. Хойшоо харсан төмөр ёмкост хүрэн өнгөтэй санагдаж байна. Хуучин С гуайн дэлгүүрийн яг ард нь байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

1.7. Гэрч В.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

*******байрныхаа урд төмөр бөөрөнхий амбаартай. Хааяа эхнэр Ц нь орж харагддаг. Хуучин Сорсоо гээд айлын дэлгүүр, Монгол ардын намын байр хоёрын голд байдаг хойноо хаалгатай төмөр бөөрөнхий амбаар байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

1.8. Гэрч М.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 08 дугаар сарын 29-ний үеэр санаж байна. Тухайн үед гэрээсээ Говьсүмбэр аймаг руу явж хүнтэй уулзах санаатай гарсан юм. Тэгээд замд явж байтал Б миний 9918... гэсэн дугаар руу 9993... гэсэн дугаараас залгаад ойр зуур юм яриад чи хаана байгаа вэ гэхээр нь би танай нутаг руу явж байна гэсэн чинь өө тэгвэл чамайг Г-той уулзуулъя, нөгөө дээрийн яриад байсан юмыг үзэх үү гэж хэлсэн юм. Үүнээс өмнө 20 гаруй хоногийн өмнө Б надад Х-ж манай нэг ахад мөнгөн ус байгаа зарчих боломж байна уу гэхээр нь би хүнээс асууя гэж ярилцсан. Тэгээд би Говьсүмбэр аймаг руу ороод дугуй засвартай дэлгүүрийн орчим зогсож дэлгүүрээс тамхи авах гэтэл Г миний гар утас руу залгаад хаана явж байна гэхээр нь өөрийнхөө байгаа газрыг хэлсэн юм. Тэгээд удаагүй байж байтал Г хүрч ирсэн. Тэгээд би Гийн машинд орж суутал Г надад мөнгөн ус гэж хэлээд зураг үзүүлсэн юм. Тэр үзүүлсэн зураг нь хар өнгийн бортого шиг савны зураг үзүүлсэн. Мөн ундааны саванд хийсэн зүйлийг үзүүлээд энэ маань мөнгөн ус гэж хэлсэн. Энэ нь 2 кг гэж хэлсэн. Гэхдээ чамд бол шууд харуулахгүй гэж хэлсэн. Тэгээд л би Г-оос салаад явсан юм.

Миний явж байсан машинд миний танил Л, Х хоёр сууж явсан. Тухайн үед Л-гийн машинтай явсан юм. Би Чойр явахдаа Л-гийн гар утас руу залгаад ахын дүү хүрээд ирээч Чойр явъя гэж хэлсэн. Л манайд ирэхдээ Х гэх залуутай явж байсан. Би Х-ыг сайн танихгүй. Л, Х нар юу ч мэдээгүй. Би уулзах хүнтэйгээ ч уулзаж чадаагүй буцсан юм.

П гэж миний танил байгаа юм. Би П-аас мөнгө авах ёстой. Тэгээд утсаа авахгүй байсан. Тэгээд Чойрт байна гэж сураг гарсан. Тэгээд л явсан юм. Тэгэх зуураа Б-н хэлээд байсан хүнтэй уулзсан.

Б дахин дахин яриад байхаар нь бантсандаа болоод Г-ийн мөнгөн ус гэх зүйлийг үзсэн юм. Миний мөнгөн ус авна гэж юу байхав дээ. Би урьд өмнө нь мөнгөн ус харж байгаагүй. Г надад хэлэхдээ 20 000 доллараар зарчмаар байна гэхээр нь аан тийм үү, нэг хүн авах байх, мөнгө нь дутуу юм шиг байна лээ гээд худлаа зохиож ярьсан. Тэгээд л салсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/

1.9. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бид хоёрын хооронд ямар нэгэн найз нөхөд хамаатан садны холбоо байхгүй. Таньж мэдэхгүй. Одоогоос 3-4 жилийн өмнө Ж манай охин компани болох Их Үүсгэл ХХК-ийн байранд очиж гэрээ байгуулсан. Ямар учиртай гэрээ байгуулсан бэ гэхээр Архангай ангийн Цэнхэр суманд Эффл угааж, нөхөн сэргээлт явуулах тухай гэрээ юм. Тухайн үед 70 000 000 төгрөгийг тушаасан боловч ажлаа хийж чадалгүйгээр мөнгөө буцаан авсан. Тэр үед л М.Ж-тай анх уулзаж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/,

1.10. Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үндэсний нэгдсэн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 12/216  дугаартай шинжээчийн дүгнэлт:

- Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

Мөнгөн усны олон улсын нэршил нь “Mercury”, химийн томьёо – Hg бөгөөд шинжлэх ухааны нэр томьёонд түүнийг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилдаггүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна.

- Мөнгөн ус гэх бодисын химийн томьёо – Hg, Монгол нэршил – Мөнгөн ус, Олон улсын нэршил – Mercury болно.

Ирүүлсэн дээжүүдийн савнууд дээр химийн томьёо бичигдээгүй байна.

- Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм.

- Мөнгөн усыг олон улсад хуулийн хүрээнд судалгаа шинжилгээ, багаж, тоног төхөөрөмж, пестицид, уул уурхайн салбарт ашигладаг.

Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Дүгнэлт гаргасан: Химич-судлаач, дэслэгч Б.Ариунтунгалаг гэжээ. /1 дүгээр хх-ийн 50-53 дугаар хуудас/,

1.11. Шинжээч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Анх шинжилгээнд төмөр бортоготой тагийг нь лацаар лацдахчихсан дээж ирсэн. Тагийг нээж шинжилгээнд зориулан холбогдох дээжийг буюу шинжлэх дээжийг зориулалтын багаж хэрэгслээр соруулан авч сорил шинжилгээ хийж, явц байдлын зургийг дүгнэлтэд хавсаргасан. Тухайн бортогоны лацыг хөдөлгөөгүй байх үед шинжилгээнд дээжийг аваагүй байхдаа хэмжиж бохир жинг тогтооход 12 кг 475 грамм жинтэй байсан. Бортогоны болон мөнгөн усны тус тусын жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Учир нь манай хүрээлэн зөвхөн мөнгөн ус мөн эсэхэд сорил шинжилгээ хийдэг. Жингийн хувьд нарийвчлан салгаж бортогоны болон мөнгөн усны жинг ашиглаж буй техник тоног төхөөрөмжөөс шалтгаалан тодорхойлох боломжгүй юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

1.12. Экологийн цагдаагийн албанаас хэмжүүлсэн сав ба мөнгөн усны жингийн зураг /1 дүгээр хх-ийн 158-160 дугаар хуудас/,

1.13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

1.14. Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

1.15. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,

1.16. Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч *******нь химийн хорт, аюултай бодис болох 12.755 килограмм мөнгөн усыг хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах зэрэг аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн Химийн хорт аюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлд хадгалахад тавигдах үндсэн шаардлагыг тусгаж өгсөн байх ба мөнгөн ус нь Химийн хорт аюултай бодис болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаарт хавсралтад аюулын ангилал ба зэрэглэлээрээ ордог Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт орсон гэх дүгнэлтээр нотлогдож байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Г-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч С.Ганбат нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******нь мөнгөн усыг борлуулж ашиг олох зорилгоор үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.Г-ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч З.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Ю.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай нөхөр Г 1964 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн. Бид хоёр 1988 онд танилцаж гэр бүл болсон. Дундаа нэг охинтой. Манай охиныг Э гэдэг. Сүүлийн 8 жилийн турш хорт зуршил буюу архи тамхи хэрэглэхээ больсон. Гэртээ байхдаа эелдэг сайХ харилцаатай. Манай гэрт ямар нэгэн хэрүүл байдаггүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

2.2. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Гэртээ бол дөлгөөн зөөлөн ааштай хүн байгаа юм. Намайг загнаж байгаагүй, намайг Х байхад архи хэрэглэдэг байсан, одоо бол архи тамхи хэрэглэхээ болж муу зуршлаасаа салсан. Ажил хийж амьдралаа авч явдаг хүн байгаа юм. Манайх муур тэжээдэг, мууранд их хайртай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/,

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,

2.4. Төмөр замын шүүхийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

2.5. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч З.Г-ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******нь химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, үүний улмаас байгаль орчинд хохирол учирсан. Иймд шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч *******нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч З.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *******нь урьд дөрвөн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголтыг зохицуулаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч З.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн зүгээс химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг зориулалтын саванд хадгалаагүй, савны гаднаас байгаль орчинд хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч *******нь уг мөнгөн усыг хадгалсны улмаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн бодит хохирол учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, мөн хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй байх тул шүүгдэгч З.Гийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч З.Г-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Г-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодис хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 12.755 килограмм мөнгөн усыг улсын орлого болгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Х  овогт З-гийн Г-ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х  овогт З-гийн Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Г-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодис хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 12.755 килограмм мөнгөн усыг улсын орлого болгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч З.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ