Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04755

 

 

 

 

 

 

 

 

2023 10 31 101/ШШ2023/04755

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Хаан цамхаг хаягт байрлах ХААН банк ХК /рд:2993321/-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******, Цагдаагийн гудамж, 36 дугаар байр, 27 тоот хаягт байрлах ТСАА ХХК /рд:5209277841/-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 283,240,924.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлдэгч -ийг төлөөлж гүйцэтгэх захирал нь манай банктай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бизнесийн зээлийн гэрээ байгуулж 250,000,000.00 төгрөгийн жилийн 22.8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай санхүүжилтийн зориулалтаар авсан юм.

 

Мөн талууд буюу нэхэмжлэгч , , хариуцагч ТСАА ХХК нар шаардах эрх шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээ байгуулж хариуцагчийн -тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан экскаваторын канат тросс нийлүүлэх гэрээний төлбөрийг барьцаалсан.

 

Гэвч хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 82,770,522.00 төгрөг, зээлийн хүүнд 24,048,352.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ямар нэгэн төлбөр төлөөгүй буюу нийт 106,818,875.00 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Бид, энэ талаар тус компанид мэдэгдсэн хэдий ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хэвээр байна.

 

Зээлийн дансны хуулгаас орлого гэсэн хэсэгт 250,000,000.00 төгрөгийг гүйлгээ дээр нийт бодогдсон хүү, нэмэгдүүлсэн нэмэгдээд 282,763,214.97 төгрөг болсон, үүнээс хариуцагчийн төлсөн 106,818,874.51 төгрөг хасагдаад төлөх үндсэн зээл 167,229,477.93 төгрөг болсон байсан. Гэвч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,110,000.00 төгрөгийг төлсөн.

 

Үүнийг тодруулбал, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу -иас ТСАА ХХК-ийн харилцан данс руу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000.00 төгрөг шилжүүлснээс 29,979,600.00 төгрөгийг үндсэн зээлд, 2021 оны 03 дугаар 23-ны өдөр 50,000,000.00 төгрөг шилжүүлсэнийг үндсэн зээлд, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 45,199,467.50 төгрөг шилжүүлснээс 16,110,000.00 төгрөгийг үндсэн зээлд тус тус суутгасан юм. Гэтэл хариуцагч нь тус компанийн шилжүүлсэн төлбөрөөс 70,020,400.00 төгрөгийг авч явсан, харин үлдэх 79,979,600.00 төгрөгийг үндсэн зээлд төлүүлсэн.

 

Иймд, зээлдэгч ТСАА ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 167,229,478.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 110,591,816.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,419,629.00 төгрөг, нийт 283,240,924.00 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай үйлчлүүлэгч буюу хариуцагч ТСАА ХХК-ийн дахь данснаас хамгийн сүүлд 2023 оны 01 сарын 20-ны өдөр 16,110,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нь татаж авсан. Гэтэл энэ үнийн дүн нэхэмжилж буй нэхэмжлэлээс хасагдах байх гэж бодож байсан. Нэхэмжилсэн нийт 283,249,024.00 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж бодсон талаар тайлбар авахыг хүсч байна. өнгөрсөн хугацаанд зэлдэгч тал нийт 106,811,875 төгрөгийг төлсөн юм бол үндсэн зээл 82,770,522.00 төгрөгийг яаж тооцсон, зээлийн хүү 24,048,352.00 төгрөгийг хэдэн сараас хэрхэн бодож шаардаж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй ба үүнтэй холбоотойгоор хариуцагч тал 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Яагаад гэвэл манай үйлчлүүлэгчийн гэм буруугаас болоогүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээд тухайн дансанд орсон мөнгийг бүрэн авах боломжтой байсан учир хэтрүүлсэн хугацааны хүүг хариуцагч нь өгөх боломжгүй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2019 оны 09 сарын 22-ны өдрөөс 4 сарын хугацаатай гэрээ байсан. Тийм учир гэрээндзаасан хугацааны хүү өгнө гэж үзэж байгаа тул хэтэрсэн хугацааны хүү өгөх боломжгүй. Хариуцагчийн дансны хуулгаар 4 сарын хүү 19,000,000:00 төгрөг буюу сард 4,750,000.00 төгрөгийн хүү төлөх ёстой ба үүнээс 16,961,625.00 төгрөгийг суутгах зүйтэй гэж үзэж байна. Баримтын хувьд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш орсон 105,125,030.00 төгрөгийг үндсэн зээлээс хасагдах ёстой байсан. Иймээс үндсэн зээлийг 250,000,000 төгрөг гэж үзэж байгаа бол хариуцагч нь үлдэгдэл 144,874,970.00 төгрөгийг төлөх боломжтой. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлбөрийг суутгах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагаас 144,874,970.00 төгрөгийг төлнө гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Улсын тэмдэгтийн хураамжид 1,574,154.62 төгрөг төлсөн баримт,

2.    Төлбөрийн даалгавар,

3.    Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.    Итгэмжлэл,

5.    Бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.    Шаардах эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

7.    Экскаваторын канат тросс шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.    ТСАА ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.    Зээлийн бүртгэлийн карт,

10. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

11. Зээл төлөх мэдэгдлүүд,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

2.    Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.    Зээлийн хувийн хэрэг хүлээлцсэн товъёог,

2.    Тусгай активын газарт зээл шилжүүлэхээс өмнө хийгдсэн ажлын мэдээлэл,

3.    Зээл олгох гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас,

4.    Шийдвэрийн хураангуй,

5.    Зээл төлөх мэдэгдлүүдийн хуулбар,

6.    Шаардах эрх шилжүүлэх гэрээний хуулбар, бизнесийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн хуулбар,

7.    ТСАА ХХК-ийн бизнесийн зээлийн хугацаа сунгуулах тухай албан бичгийн хуулбар,

8.    Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах саналын хялбаршуулсан маягтын хуулбар,

9.    Тооцооны үлдэгдлийн баталгаа,

10. Орлогын тайлангийн гүйцэтгэлийн хуулбар,

11. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн хуулбар,

12. Бараа материал, бэлэн бүтээгдэхүүн тооллогын бүртгэлийн хуулбар,

13. Бодит санхүүгийн тайлан тэнцлийн хуулбар,

14. Авлагын бүртгэлийн хуулбар,

15. Бизнесийн үйл ажиллагааны зардлын хуулбар,

16. Нийслэл аудит ХХК-ийн хараат бус аудиторын тайлангийн хуулбар,

17. ТСАА ХХК-ийн 2019 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, дансны хуулга,

18. Кредит картын гэрээний хуулбар,

19. Зээл хүссэн өргөдлийн хуулбар,

20. ТСАА ХХК-ийн 2019 оны 10 дугаар 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хуулбар, мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээл хүсэх тухай албан бичгийн хуулбар,

21. Зээл хүсэгчийн анкетын хуулбар,

22. ТСАА ХХК-ийн танилцуулгын хуулбар,

23. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 11 дүгээр 20-ны өдрийн албан бичгийн хуулбар,

24. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар,

25. -ийн тендерийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар,

26. Гүйцэтгэлийн баталгааны хуулбар,

27. Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар,

28. Орлогын тайлангийн гүйцэтгэлийн хуулбар,

29. ТСАА ХХК-ийн зээлийг төлүүлэхээр хийж байсан ажиллагааны тайлбар,

30. Зээл төлөх мэдэгдэл болон зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар,

31. Зээлийн мэдээллийн лавлагааны хуулбар,

32. -ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,

33. Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч -иас хариуцагч ТСАА ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 283,240,924.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал 253,240,924.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нь татгалзсан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үзвэл хариуцагчаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч ТСАА ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 250,000,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувь, сарын 1.9 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 11-13 хуудас/.

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, ..............зээл, гадаад, дотоод төлбөр тооцоо, .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /1-р х.х-ийн 6 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцаат компани болсон байна /2-р х.х-ийн 109 хуудас/.

 

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч ТСАА ХХК-ийн тоот дансанд 250,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч ТСАА ХХК-ийг зээлийн гэрээний зүйлийг хүлээж авсан гэж үзэх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв /1-р х.х-ийн 26 хуудас/.

 

4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгээс гадна гэрээгээр тохиолцсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээж болно.

 

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.4, 2.1.6-д тус зааснаар хариуцагч ТСАА ХХК нь 250,000,000.00 төгрөгийг -тай байгуулсан экскаваторын канат тросс нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардагдах санхүүжилтад ашиглах зорилгоор жилийн 22.8 хувь, сарын 1.9 хувийн хүүтэй 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай зээлсэн бөгөөд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг үзвэл хариуцагч ТСАА ХХК нь 250,000,000.00 төгрөгийг зээлийн хүү болох 19,052,054.79 төгрөгийн хамт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс үндсэн зээлийг зээлийн гэрээний хугацаа дуусах эцсийн өдөр, харин тухайн сарын зээлийн хүү 4,684,931.51 төгрөг /4,684,931.51x4=19,052,054.79 /-ийг сар бүрийн 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна /1-р х.х-ийн 13 хуудас/.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ТСАА ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр -тай экскаваторын канат тросс нийлүүлэх тухай гэрээ байгуулж, тус компанид нийт 1,097,299,500.00 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнээс 250,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч банкинд шилжүүлэхээр тохирчээ /1-р х.х-ийн 16, 17 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч , хариуцагч ТСАА ХХК, нар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, хариуцагч компанийн зээлийг төлөх зорилгоор дээр дурдсан экскаваторын канат тросс нийлүүлэх тухай гэрээний дагуу тус компанийн бусдаас авах 1,097,299,500.00 төгрөгийн авлагаас 250,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх, нэхэмжлэгч нь тэрхүү төлбөрөөр зээлийн төлбөрийг төлүүлэх ажээ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, 123.6Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, талууд ийнхүү шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар хариуцагч ТСАА ХХК нь -иас авах 1,097,299,500.00 төгрөгөөс 250,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч -нд шилжүүлэх, тус банк энэхүү мөнгийг -иас шаардах эрхтэй болсон байна.

 

6. Гэтэл хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ТСАА ХК нь нэхэмжлэгч -тай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ зөрчсөн ба нэхэмжлэгч -иас хариуцагч ТСАА ХХК-нд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 167,229,478.00 төгрөг, зээлийн хүү 110,591,816.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,419,629.00 төгрөг, нийт 267,130,924.00 төгрөгийг нэхэмжилсэн /1-р х.х-ийн 1, 2 хуудас, 2-р х.х-ийн 46, 48, 52 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

7. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ТСАА ХХК нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч -нд 2019 оны 10 дугаар 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар 28-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 82,770,552.00 төгрөг, зээлийн хүүнд 24,048,352.44 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлд 16,110,000.00 төгрөгийг төлсөн эсэх талаар зохигчид маргаагүй /1-р х.х-ийн 26, 2-р х.х-ийн 114 хуудас/.

 

Үүнийг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг үндэслэн тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу -иас хариуцагч ТСАА ХХК-ийн харилцах данс руу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгөөс 29,979,600.00 төгрөгийг, мөн 2021 оны 03 дугаар 23-ны өдөр 50,000,000.00 төгрөг шилжүүлсэнийг үндсэн зээлд тус тус суутгасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 45,199,467.50 төгрөг шилжүүлсэнээс 16,110,000.00 төгрөгийг үндсэн зээлд суутгасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ТСАА ХХК нь нэхэмжлэл гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө үндсэн зээлээс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу суутгаж төлүүлсэн 79,979,600.00 төгрөгөөс гадна мөн 2,790,923.00 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,110,000.00 төгрөг, нийт 98,880,523.00 төгрөгийг төлж одоо үндсэн зээлийн үлдэгдэл 151,119,477.00 төгрөг байгаа талаар маргаагүй.

 

8. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч ТСАА ХХК-иас тус компанийн -тай байгуулсан экскаваторын канат тросс нийлүүлэх гэрээний төлбөрөөс 250,000,000.00 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан, ийнхүү тус компаниас иргэний хэрэг үүсгэхээс өмнө 150,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байхад үүнээс зөвхөн 79,979,600.00 төгрөгийг үндсэн зээлээс суутган төлүүлж үлдэх 70,020,400.00 төгрөгийг суутгаагүй буюу хариуцагчид өгсөнөөс улбаалан зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцөл байдлыг үүсгэжээ /2-р х.х-ийн 56 хуудас/.

 

Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж, 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч , хариуцагч ТСАА ХХК, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар -иас тухайн 250,000,000.00 төгрөгийг шаардах эрхийг нэхэмжлэгч нь хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч ТСАА ХХК-ийн авлага буюу өмч гэж үзэхгүй. Иймд, нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр гуравдагч талаас шилжүүлсэн нийт 195,199,467.50 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад суутгаж төлүүлсэн 16,110,000.00 төгрөгийг оролцуулаад 96,089,600.00 төгрөгийг үндсэн зээлд суутгаж, харин үлдэх 99,109,867.00 төгрөгийг төлүүлээгүй буюу өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотойгоор тухайн зээлд хүү тооцсон нь шударга бус байна.

 

9. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, 224 дүгээр зүйлийн 224.2Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ гээд 224.2.3мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч , хариуцагч ТСАА ХХК, нар шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан, энэхүү гэрээний дагуу гуравдагч талаас 195,199,467.50 төгрөг шилжүүлснээс 96,089,600.00 төгрөгийг үндсэн зээлд суутган төлүүлж, үлдэх 99,109,867.00 төгрөгийг суутгаагүй байж хариуцагч ТСАА ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр зээлийн хүү шаардаж байгааг зөвтгөх үндэслэл алга байна.

 

Иймд, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж, 222 дугаар зүйлийн 222.2Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус зааснаар шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс зээл, зээлийн хүүг суутган төлүүлээгүйн эрсдэлийг нэхэмжлэгч нь хүлээх учиртай юм.

 

10. Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч ТСАА ХХК-ийн нэхэмжлэгч -нд төлөх үндсэн зээл, зээлийн хүүг тооцвол:

 

10.1 250,000,000x1.9%=4,750,000 /1 сарын хүү/, 4,750,000x12=57,000,000 /1 жилийн хүү/, 57,000,000:365=156,164 /1 өдрийн хүү/. Зээлийг олгосон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс үндсэн зээлээс 904 төгрөг төлсөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 83 өдрөөр үржүүлэн тооцвол 12,961,612.00 төгрөгийн хүү,

 

10.2 249,999,096x1.9%=4,749,983 /1 сарын хүү/, 4,749,983x12=56,999,796 /1 жилийн хүү/, 56,999,796:365=156,163 /1 өдрийн хүү/. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс үндсэн зээлээс 18 төгрөг төлсөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 30 өдрөөр үржүүлэн тооцвол 4,684,890.00 төгрөгийн хүү,

 

10.3 249,999,078x1.9%=4,749,784 /1 сарын хүү/, 4,749,784x12=56,999,784 /1 жилийн хүү/, 56,999,784:365=156,162 /1 өдрийн хүү/. Үүнийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээдээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгөөс 29,979,600.00 төгрөгийг үндсэн зээл суутгах хүртэлх 256 өдрөөр үржүүлэн тооцвол 39,977,472.00 төгрөгийн хүү,

 

10.4 Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгийг үндсэн зээлд суутгаж төлүүлээгүйн хариуцлагыг дээр дурдсанаар хүлээх тул зээлийн хүү тооцвол зохих зээлийг хэмжээ /249,999,078-100,000,000/-г 149,999,087.00 төгрөг гэж үзнэ.

 

149,999,087x1.9%=2,849,982 /1 сарын хүү/, 2,849,982x12=34,199,784 /1 жилийн хүү/, 34,199,784:365=93,698 /1 өдрийн хүү/. Үүнийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлээс 1,500,000.00 төгрөгийг төлсөн өдөр хүртэлх 57 өдрөөр үржүүлэн тооцвол 5,340,789.00 төгрөгийн хүү,

 

10.5 Суутгал хийгээгүй буюу төлөөгүй зээлийн үлдэгдэл 249,999,078.00 төгрөгөөс хариуцагчийн өөрийн төлсөн 1,500,000.00 төгрөгийг хасвал 248,499,078.00 төгрөг, үүнээс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч талаас шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгийг хасахад 148,499,078.00 төгрөг.

 

148,499,078x1.9%=2,821,182 /1 сарын хүү/, 2,821,182x12=33,854,184 /1 жилийн хүү/, 33,854,184:365=92,751 /1 өдрийн хүү/. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээдээс 50,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 81 өдрөөр үржүүлэн тооцвол 7,512,831.00 төгрөгийн хүү,

 

10.6 148,499,078.00 төгрөгөөс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээдээс шилжүүлсэн 50,000,000.00 төгрөгийг хасвал 98,499,078.00 төгрөг.

 

98,499,078x1.9%=1,871,482 /1 сарын хүү/, 1,871,482x12=22,469,784 /1 жилийн хүү/, 22,469,784:365=61,561 /1 өдрийн хүү/. Үүнийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хариуцагч нь үндсэн зээлээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,290,000.00 төгрөгийг төлсөн өдөр хүртэл 341 өдрөөр үржүүлэн тооцвол 20,992,301.00 төгрөгийн хүү,

 

10.7 98,499,078.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,290,000.00 төгрөгийг хасахад 97,209,078.00 төгрөг.

 

97,209,078x1.9%=1,846,972 /1 сарын хүү/, 1,846,972x12=22,163,664 /1 жилийн хүү/, 22,163,664:365=60,722 /1 өдрийн хүү/. Үүнийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн тооцоолсон 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 250 өдрөөр үржүүлэн тооцвол 12,448,010.00 төгрөг, нийт 103,917,902.00 төгрөгийн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй байна /1-р х.х-ийн 25 хуудас/.

 

Ингээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгаар хариуцагч ТСАА ХХК нь нэхэмжлэгч -нд өнгөрсөн хугацаанд зээлийн хүүнд 24,048,352.44 төгрөгийг төлсөн байх тул одоо төлбөл зохих зээлийн хүүгийн хэмжээ 79,869,550.00 төгрөг болно.

 

11. Иргэний хуулийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж заасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан нь хуульд нийцсэн ба хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүг тооцвол

 

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс үндсэн зээлээс 904 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 төгрөгийг тус тус төлсөн дараа өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээдээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 100,000,000.00 төгрөгөөс 29,979,600.00 төгрөгийг үндсэн зээл суутгах өдөр хүртэл 256 өдрийн нэмэгдүүлсэн хүү:

 

249,999,078x0.38%=949,996 /1 сарын хүү/, 949,996x12=11,399,952 /1 жилийн хүү/, 11,399,952:365=31,232 /1 өдрийн хүү/, 31,232x256=7,995,392.00 төгрөг болж байна.

 

12. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан нэмэгдүүлсэн хүүнд 5,419,629.00 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй юм. Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 151,119,477.00 төгрөг, төлвөл зохих зээлийн хүү 79,869,550.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,419,629.00 төгрөг, нийт 236,408,655.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,832,269.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч ТСАА ХХК-иас 236,408,655.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,832,269.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,574,154.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,339,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР