Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00295

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00295

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04755 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 283,240,924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч T ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.С нь манай банктай 2019 оны 10 сарын 21-ний өдөр бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай санхүүжилтийн зориулалтаар авсан. Мөн нэхэмжлэгч Х ХК, Б ХК, хариуцагч Т ХХК нар шаардах эрх шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч Т ХХК-ийн Б ХК-тай 2019 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан экскаваторын канат тросс нийлүүлэх гэрээний төлбөрийг барьцаалсан. Хариуцагч тал 2022 оны 09 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 82,770,522 төгрөг, зээлийн хүүнд 24,048,352 төгрөг, нийт 106,818,875 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 167,229,477.93 төгрөг болж байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,110,000 төгрөгийг төлсөн. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагууБ ХК-иас Т ХХК-ийн харилцсан данс руу 2020 оны 11 сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг шилжүүлснээс 29,979,600 төгрөгийг үндсэн зээлд, 2021 оны 03 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлснийг үндсэн зээлд, 2023 оны 01 сарын 18-ны өдөр 45,199,467 төгрөг шилжүүлснээс 16,110,000 төгрөгийг үндсэн зээлд суутгасан юм. Гэтэл хариуцагч нь тус компанийн шилжүүлсэн төлбөрөөс 70,020,400 төгрөгийг авч явсан, харин үлдэх 79,979,600 төгрөгийг үндсэн зээлд төлүүлсэн. Иймд, зээлдэгч Т ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 09 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 167,229,478 төгрөг, зээлийн хүү 110,591,816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,419,629 төгрөг, нийт 283,240,924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч татгалзал, хариу тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд зэлдэгч тал нийт 106,811,875 төгрөгийг төлсөн бол үндсэн зээл 82,770,522 төгрөгийг яаж тооцсон, зээлийн хүү 24,048,352 төгрөгийг хэдэн сараас хэрхэн бодож шаардаж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй ба хариуцагч тал 2019 оны 10 сарын 21-ний өдөр шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Х ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээд тухайн дансанд орсон мөнгийг бүрэн авах боломжтой байсан учир хэтрүүлсэн хугацааны хүүг хариуцагч өгөх боломжгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2019 оны 09 сарын 22-ны өдрөөс 4 сарын хугацаатай байсан учир гэрээнд заасан хугацааны хүү өгнө гэж үзэж байгаа тул хэтэрсэн хугацааны хүү өгөх боломжгүй. Хариуцагчийн дансны хуулгаар 4 сарын хүү 19,000,000 төгрөг буюу сард 4,750,000 төгрөгийн хүү төлөх ёстой ба үүнээс 16,961,625 төгрөгийг суутгах нь зүйтэй гэж үзэж байна. Баримтын хувьд 2020 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш орсон 105,125,030 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой байсан. Иймээс үндсэн зээлийг 250,000,000 төгрөг гэж үзэж байвал хариуцагч нь үлдэгдэл 144,874,970 төгрөгийг төлөх боломжтой. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлбөрийг суутгах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагаас 144,874,970.00 төгрөгийг төлнө гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т ХХК-иас 236,408,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,832,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,574,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,339,993 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 12-т тус тус хийсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Иргэний эрх зүйн харилцаанд тэгш эрхийн үндсэн дээр оролцох нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ба талуудын хооронд бизнесийн зээлийн гэрээ байгуулагдсанаар зээлдэгч Т" ХХК нь зээл төлөх үүргийг гэрээгээр болон хуулиар хүлээсэн бөгөөд авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Иймд банк зээлийн төлбөрийг суутган төлүүлэх үүрэгтэй биш, харин хариуцагч өөрөө зээлийн төлбөртөө шилжүүлэн төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 317201944782592 тоот Бизнесийн зээлийн гэрээ-ний 2.1.4, 2.4.5, 5.1.10, 7.1-д тодорхой заасан.

4.2.  Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх зээлдэгчийг гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 46,832,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4.3.  Нэхэмжлэгчээс Т ХХК нь Татварын байгууллагад төлөх татварын өр төлбөртэй учраас Хин дахь харилцах дансанд орсон орлого нь татварын өрийн дүнгээр битүүмжлэгдсэн тул Б ХК-иас 2023 оны 01 сарын 18-ны өдөр шилжүүлсэн 45,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч тал суутган авах боломжтой дүнгээр буюу 16,110,000 төгрөгийг зээлд төлүүлснийг тайлбарласан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.3, 63.1.4-д зааснаар татварын албанаас дансыг битүүмжилсэн дүнг нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт суутган авах боломжгүй учир шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс зээлийн төлбөрийг суутган төлүүлээгүйн эрсдэлийг хүлээх үндэслэл байхгүй. Дээрхийг дүгнэн үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадаагүй шийдвэрийг гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, улмаар шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан үндсэн зээл 167,229,478 төгрөг, зээлийн хүү 110,591,816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,419,629 төгрөг, нийт 283,240,924 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. /1хх 1-2/

Дээрх шаардлагаас хариуцагч нь 253,240,934 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчийн буруугаас болоогүй, нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу дансанд орсон мөнгийг бүрэн авах боломжтой байсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 3.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Х ХХК /одоогийн Х ХК/ болон Т ХХК-иуд 2019 оны 10 сарын 21-ний өдөр ЗГ/201944782592 тоот Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /1хх 11-13/

3.2.  Мөн өдөр Х ХХК,Б ХК болон Т ХХК-иуд 2019 оны 10 сарын 21-ний өдөр ШГ/201944782592 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Х ХХК нь Б ХК-аас Т ХХК-ийн авах авлага буюу 250,000,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авсан. /1хх 16/

3.3.  Улмаар, Х ХХК нь дээр дурдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн Б ХК-аас хариуцагч Т ХХК-ийн харилцах данс руу 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 195,199,467 төгрөгөөс нийт 96,089,600 төгрөгийг үндсэн зээлд суутган авсан. /1хх 26, 2хх 59-60, 114/

3.4.  Үүнээс гадна хариуцагч Т ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,790,923 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 151,119,477 төгрөг байсан. /2хх 114/

4.   Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин Х ХХК нь Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх, ийнхүү хэрэгжүүлээгүйн улмаар хариуцагч Т ХХК-ийн төлөх хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ нэмэгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5.   Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Х ХК-ийг Б ХК-аас шилжүүлсэн 195,199,467 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт 96,089,600 төгрөгийг суутган авч, үлдэх 99,109,867 төгрөгийг суутгаагүйн улмаас хариуцагч Т ХХК буруугүй, үүнтэй холбоотой хариуцагч Т ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг нэмэгдсэн тул нэхэмжлэгч Х ХК нь уг хугацаанд хүү тооцсон нь шударга бус... гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6, 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

6.   Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр зээл, зээлийн хүүг тооцож, хариуцагч Т ХХК-ийн хүлээх зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг нийт 236,408,655 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

7.   Нэхэмжлэгч Х ХК нь ...татвар, нийгмийн даатгалын байгууллагаас хариуцагч Т ХХК-ийн дансны зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон учир бүтэн дүнгээр суутгал хийх боломжгүй байсан... гэсэн агуулгатай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул холбогдох давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 392,111 төгрөгийг улсын төсөвт хвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 Д.НЯМБАЗАР