Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/03624

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2023/03624 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г

Хариуцагч: Ж.Э

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар, *** тоот, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолыг ********ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,

хариуцагчийн төлөөлөгч Э.Ж,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******** хариуцагч ******д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг,

Хариуцагч ****** нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар, *** тоот, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолыг ********ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

а. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: 2021.05.14-ний өдөр ******гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж, *** байр зоорийн давхарын *** тоот 22.98 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг 2021.05.14-ний өдөр худалдагч ******гийн Хаан банк дахь ********* тоот дансанд шилжүүлсэн. Мөн гэрээний 3.2-т заасны дагуу 2021.08.01-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг шилжүүлж дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж хүлээж, авах талаар удаа, дараа шаардсан боловч хариуцагчийн зүгээс элдэв шалтаг хэлж хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд хариуцагч нь 2021.08.01-ний өдөр уг авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх бодит боломж байхгүй байсныг би сүүлд нь олж мэдээд гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөгөө буцааж авах талаар хэлэхэд хариуцагч зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй намайг хохироосоор байна. Учир нь Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй ****** нарт холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шүүхийн шүүгчийн 2021.06.17-ны өдрийн ****** дугаартай захирамжаар хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр зоорийн давхрын *** тоот 22.98 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдах, бэлэглэх, барьцаалах, зэргээр ямар нэг тодорхой ажиллагаа явуулахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.07-ны өдрийн 101/ШШ2022/****** дугаартай шийдвэрээр ******гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж, *** байрны зоорийн давхрын *** тоотод орших Улсын бүртгэлийн ********* дугаартай 22.98 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн 210/МА2022/****** дугаарт магадлал хүчин төгөлдөр болсон болохыг миний бие сүүлд олж мэдсэн бөгөөд хариуцагч дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг миний өмчлөлд шилжүүлж өгөх бодит боломж байхгүй байна. Иймээс хариуцагч 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Төлбөрийн дансанд шилжүүлсэн гэж тодорхой хэлсэн байдаг. ******** анх урьдчилгаа төлбөрөө төлснөөс хойш алга болчихсон. Тэгээд гэнэт гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байна. учир нь ******** өөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хэрнээ хариуцагчийг буруутай мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан хэдий өнөөдрийн байдлаар тухайн авто зогсоолын өмчлөгч нь ****** хэвээр байгаа бөгөөд улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй. Энэ хүн тухайн авто зогсоолыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа үгүйг бид мэдэхгүй байна. өөрөө л Ганцэцэгт өгсөн гэж байна. ******** гэдэг хүний асуудал энэ хэрэгт хамааралгүй юм гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ****** нь өөрийн өмчлөлийн ********* үл хөдлөхийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол, Олимпийн гудамж, *** байрны зоорийн давхар *** тоотын 22.98 м.кв хэмжээтэй авто зогсоолыг ********эд 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингээд гэрээ байгуулагдсан өдөр ********ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн бөгөөд 10 000 000 төгрөгийг авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.21-д зааснаар үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 29 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй байж, гаражийг ашигласаар байна. Харин ******** нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр **** бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмнө төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэв ******** нь гэрээний 3.2-д заасан үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийж, гэрээнээс татгалзсан нь Гэрээний 5.2 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэж заасны дагуу гаражийг ашигласан 29 сарын хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрилагийн зүүн урд талд One residence хотхонд дулаан зогсоол 1 жилээр 3 600 000 төгрөгт буюу 1 сар нь 300 000 төгрөгөөр түрээслүүлж байгаа зах зээлийн ханш байна. Иймд гэрээний 3.2, 5.2-д заасны дагуу ********ээс 29 сар ашигласан хугацааны 8 700 000 төгрөгийг гаргуулж, ********ийн хууль бус эзэмшлээс ********* үл хөдлөхийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар *** тоотын 22.98 м.кв хэмжээтэй авто зогсоолыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто зогсоолыг нэр дээр шилжүүлж өгсөн бол мөнгөө төлөх боломжтой байсан гэж үзэж байна. Энэ нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байсан. Бид 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, өөр хүний өмчлөлд шилжүүлсэн гэдгийг мэдсэн. Талууд хоорондоо зурвас бичиж байсан. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага нь энэ шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь магадлалаар, ****** өмчлөгч биш юм. ******** юм. Гэрээний 5.2 дахь хэсэгт, хохирол шаардаж байгаа тохиолдолд хамааралгүй гэдгийг хуулиар зохицуулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс мөнгөн шилжүүлгийн баримт, 2021.05.14-ний өдрийн **** дугаар худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн 210/МА2022/**** дугаар магадлал зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-8, 20-34, /

6. Хариуцагчаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, unegui.mn зар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 55-58,

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.10.31-ний өдрийн ***дүгээр тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.17-ны өдрийн 101/ШЗ2021/*****дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.07-ны өдрийн 101/ШШ2022/**** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн 210/МА2022/**** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/**** дугаар тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн./хх-ийн 68-112/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Тус хөрөнгө нь өөр хүний өмчлөлд шилжсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус хөрөнгийн өмчлөгч нь ****** биш ********ийнх гэж дүгнэсэн байдаг. Гэрээний 5.2 дахь хэсэгт заасан хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй гэв. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.21-д зааснаар үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 29 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. Тэгсэн хэрнээ авто зогсоолыг ашигласаар байна. Нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзаж байх тул тус гэрээнд заасны дагуу ********ээс 29 сар ашигласан хугацааны 8 700 000 төгрөгийг гаргуулж, ********ийн хууль бус эзэмшлээс ********* үл хөдлөхийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар *** тоотын 22.98 м.кв хэмжээтэй авто зогсоолыг чөлөөлж өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ********, хариуцагч ****** нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр **** дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар *** тоот, 22.98 м.кв талбайтай авто зогсоолыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-нд худалдагчийн Хаан банкны ********* тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-6/

6. Дээрх гэрээний дагуу ******** нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагч ******д өгсөн асуудлаар маргаагүй боловч талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

Тодруулбал, гэрээний худалдан авагч ******** нь үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөх үүргээ, худалдагч ****** нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар *** тоот, 22.98 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

8. Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/***** дүгээр шийдвэрээр ...хариуцагч Г.Т, хариуцагч ****** нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч ******, хариуцагч Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ... хариуцагч ******гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар *** тоот, 22.98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********т олгосугай гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/***** дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар, *** тоот, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгчөөр ********ийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. /100-р хх-ийн 74-112/

9. Иймд талуудын байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ****** нэхэмжлэгч ********эд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар, *** тоот, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолыг ********ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8 700 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ******** нь хэрэгт авагдсан хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу тухайн авто зогсоолын өмчлөх эрхийг ********т олгосон хэдий ч улсын бүртгэлд энэ талаар бүртгээгүй, миний өмчлөлд бүртгэлтэй байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

12. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ****** нь шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрхтэй этгээд биш болсон байх тул авто зогсоолыг ********ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохиролд 8 700 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******гаас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********эд олгож, хариуцагч ******гийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, *** байр, зоорийн давхар, *** тоот, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолыг ********ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******гаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********эд олгож, хариуцагч ******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ