Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00199

 

Ц.Г*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/03624 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч: Ц.Г*******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Ж.Э*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Автозогсоолын үнэд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Сүхбаатар дүүрэг ******* ******* хороолол-1, ******* гудамж, ******* байр зоорийн давхар 1-2 тоот хаягт байршилтай 22.98 м.кв талбай бүхий авто зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э*******гаас Сүхбаатар дүүргийн ******* ******* хороолол 1, ******* гудамж, ******* байр зоорийн давхарын 1-2 тоотод байршилтай 22.98 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.

1.2. Гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э*******гийн Хаан банк дахь 5037594438 тоот дансанд шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг өгч, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар удаа дараа шаардсан боловч хариуцагч элдэв шалтаг хэлж хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн.

1.3. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх бодит боломж байхгүй байсныг сүүлд нь олж мэдээд гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөгөө буцааж авах талаар хэлэхэд хариуцагч зөвшөөрсөн ба өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй хохироосоор байна.

1.4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Ж.Э*******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09679 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн *******, ******* хороолол 1, ******* гудамж, ******* байр зоорийн давхрын 1-2 тоот 22.98 м.кв талбай бүхий автозогсоолыг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр ямар нэг тодорхой ажиллагаа явуулахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04101 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/02132 дугаартай магадлалаар Ж.Э*******гаас дээрх маргаан бүхий автозогсоолыг гаргуулан Д.Ганцэцэгт олгож шийдвэрлэсэн.

1.5. Иймд хариуцагч нь автозогсоолыг өмчлөлд шилжүүлж өгөх бодит боломж байхгүй байх тул хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ц.Г******* урьдчилгаа төлбөрөө төлснөөс хойш алга болчихсон, гэнэт гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Ц.Г******* өөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хэрнээ хариуцагчийг буруутай мэтээр ярьж байна.

2.2. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийн байдлаар тухайн автозогсоолын өмчлөгч нь Ж.Э******* хэвээр байгаа бөгөөд улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй.

2.3. Тухайн авто зогсоолыг өнөөдрийг хүртэл энэ хүн эзэмшиж байгаа үгүйг мэдэхгүй байна, өөрөө Д.Ганцэцэгт өгсөн гэж байна. Д.Ганцэцэг гэдэг хүний асуудал энэ хэрэгт хамааралгүй гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э******* нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Сүхбаатар дүүргийн *******, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны зоорийн давхар 1-2 тоотын 22.98 м.кв хэмжээтэй автозогсоолыг Ц.Г*******эд 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан.

3.2. Гэрээ байгуулагдсан өдөр Ц.Г*******ийн эзэмшилд автозогсоолыг шилжүүлэн өгч 10,000,000 төгрөгийг хүлээн авсан. Гэрээний 3.2-т үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 29 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй, гаражийг ашигласаар байна.

3.3. Ц.Г******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмнө төлсөн 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ц.Г******* нь гэрээний 3.2-д заасан үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийж, гэрээнээс татгалзсан нь гэрээний 5.2-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэж заасны дагуу гаражийг ашигласан 29 сарын хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

3.4. Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэр гийн зүүн урд талд хотхонд дулаан зогсоол 1 жилээр 3,600,000 төгрөг буюу 1 сар нь 300,000 төгрөгөөр түрээслүүлж байгаа. Иймд гэрээний 3.2, 5.2-д заасны дагуу Ц.Г*******ээс 29 сар ашигласан хугацааны төлбөр 8,700,000 төгрөгийг гаргуулж, Ц.Г*******ийн хууль бус эзэмшлээс Ү-******* дугаартай Сүхбаатар дүүргийн *******, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, зоорийн давхар 1-2 тоотын 22.98 м.кв хэмжээтэй автозогсоолыг чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Мөнгөө төлсөн бол автозогсоолыг шилжүүлэх боломжтой байсан гэж байгаа боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар автозогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэдэг нь харагдана. Тиймээс 8 дугаар сарын 21-ний өмчлөх эрхийг шилжүүлэх ямар ч боломжгүй байсан. Үүнийгээ хариуцагч мэдээд утсаа огт авахаа больсон бөгөөд өөр хүний өмчлөлд шилжүүлэх болсныг би өөрөө олж мэдсэн.

4.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар автозогсоолын өмчлөгч нь Ж.Э******* биш, Д.Ганцэцэг өмчлөгч гэдгийг тогтоосон.

4.3. Гэрээний 5.2-т гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэж заасан бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн тал нь хариуцагч өөрөө юм. Мөн гэрээнээс татгалзаж байгаа явдалд нэхэмжлэгч буруугүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э*******гаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г*******эд олгож, хариуцагч Ж.Э*******гийн Сүхбаатар дүүрэг ******* ******* хороолол 1, ******* гудамж, ******* байрны зоорийн давхар 1-2 тоотын 22.98 м.кв талбайтай автозогсоолыг Ц.Г*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг, хариуцагч Ж.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г*******эд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шийдвэрт: ...Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

Тодруулбал, гэрээний худалдан авагч Ц.Г******* нь үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ, худалдагч Ж.Э******* нь Сүхбаатар дүүргийн *******, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны зоорийн давхар 1-2 тоот, 22.98 м.кв талбайтай автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна..." хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл шүүхээс талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн гэдгийг тогтоогоод зөвхөн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

6.2. Хэрэгт улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа"-д маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч нь Ж.Э*******, ямар нэгэн тусгай тэмдэглэгээ байхгүй гэдгийг тодорхойлсон байдаг.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна", Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 "эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан. Бүртгэлийн үйл ажиллагааг" гэж заасны дагуу автозогсоол Ж.Э*******гийн өмчлөлд хэвээр байна.

Ийм байхад Ц.Г******* нь 22.98 м.кв талбайтай авто зогсоолыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ашигласан асуудлыг шүүхийн зүгээс анзаарч үзсэнгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* "үлдэгдэл төлбөр төлөх талаар, мөн өмчлөл шилжүүлэх тухай ганц ч удаа бичгээр мэдэгдэл өгч байгаагүй" гэдгээ нотолж хэлсэн энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч Ц.Г******* нь үлдэгдэл төлбөрөө зориудаар төлөхгүй, зайлсхийж 29 сарын хугацаанд авто зогсоолыг үнэ төлбөргүй ашиглаад эргүүлэн 10,000,000 төгрөгөө авахаар улайрч буй нь шударга ёсонд нийцээгүй.

6.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж хэргийн оролцогчийн үүргийг тодорхойлсон. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор автозогсоол байгаа байрны Сууц өмчлөгчдийн холбооноос автозогсоолыг эзэмшиж буй хүний тодорхойлолтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Дээрх баримтаар Ц.Г******* нь автозогсоолыг 2021 оны 5 дугаар сараас эхлэн 29 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан гэдэг нь бүрэн тогтоогдох юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/03624 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Автозогсоолыг худалдан авсан гэх Ж.Э*******гийн байгуулсан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үр дагаврыг арилгуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Хариуцагч нь өмчлөгч биш учраас өмчлөгчийн гаргах ёстой шаардлагыг гаргах эрхгүй. Мөн автозогсоолыг худалдан авсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж тухайн автозогсоолыг нэхэмжлэгчид худалдсан нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

7.2. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хүсэлт гаргасан. Гэвч хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг буцааж, тухайн нотлох баримтыг гаргуулахад ач холбогдол байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Г******* нь хариуцагч Ж.Э*******д холбогдуулан авто зогсоолын төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч авто зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохирол 8,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.1. Зохигч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Ж.Э******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг ******* ******* хороолол 1, ******* гудамж ******* байрны зоорийн давхарын 1-2 тоот хаягт байрлах, 22.98 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Г*******ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Ц.Г******* нь хэлэлцэн тохирсон хугацаанд 20,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /I-хх-ийн 5-6 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Г******* нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ж.Э*******гийн дансанд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлж төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр тохиролцсон, үлдэгдэл төлбөр төлөөгүй асуудлаар зохигч маргаагүй. Харин гэрээнээс татгалзах болсон үндэслэл буюу талуудын хэн нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох асуудлаар маргаантай байна.

3.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04101 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/02132 дугаар магадлалаар Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тэлмэн, Ж.Э*******, Г.Түмэндэмбэрэл нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ганцэцэг, Г.Тэлмэн, Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Ж.Э*******гаас Сүхбаатар дүүргийн ******* ******* хороолол-1, Олимпын гудамж ******* байрны зоорийн давхрын 1-2 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 22.98 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан Д.Ганцэцэгт олгож шийдвэрлэсэн, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /I-хх-ийн 74-112 дугаар тал/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх явдал юм.

4.3. Талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрх хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байсан хэдий ч уг эрхийг хариуцагч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр олж авсан, гуравдагч этгээдийн өмч болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

4.4. Иймд нэхэмжлэгчийн худалдан авсан автозогсоолын өмчлөх эрх гуравдагч этгээдэд хадгалагдаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь уг хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг гуравдагч этгээдээс хамааралгүй, ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, гэрээ хэрэгжихгүй нь илт байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах /цуцлах/ эрхтэй.

4.5. Ийнхүү гэрээ цуцлагдсан үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчаас автозогсоолын урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг төлөөгүй нь эд хөрөнгийн доголдолтой шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй, гэрээнээс татгалзах болсон үйл баримтад нэхэмжлэгч буруугүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах боломжгүй. Иймд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

6. Мөн анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 49,400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/03624 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4... гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,350 төгрөгөөс давж заалдах журмаар гаргасан гомдолд төлөх 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 49,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА