Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/03583

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/03583

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Э

 

Хариуцагч: Х холбогдох

2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2021.08.30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 94 662 221.73 төгрөг, нотариатын зардалд 12 000 төгрөг, нийт 94 674 221.73 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Б,

хариуцагчийн төлөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбадам нар хариуцагч Хаан банк ХК-д холбогдуулан 2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2021.08.30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэл гаргасныг,

хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 94 662 221.73 төгрөг, нотариатын зардалд 12 000 төгрөг, нийт 94 674 221.73 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

1.а. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бгү/201944725065 дугаар барьцааны гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Үүргийн гүйцэтгэлд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны ЗГ/201944725065 гэрээний нэг сарын эргэн төлөлтийн мөнгөн дүн 2 500 000 төгрөг, харин 2021 оны 03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээний нэг сарын эргэн төлөлт төлөлт нь 6 сарын хугацаанд 5 908 192 төгрөг, 6-н сарын дараагаар нэг сарын эргэн төлөлт нь 3 243 000 төгрөг төлөхөөр өөрчилсөн. Зээлдэгч нар сарын эргэн төлөлт хит өндөр байна бид 6 сая төгрөг сард төлж чадахгүй гэж хэлэхэд анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа хойшилж болохгүй учир ямар нэгэн аргаар төл төлөхгүй бол барьцаа эд хөрөнгийг чинь худалдан борлуулна гэж хэлсний дагуу нэмэлт гэрээнд эхнэр бид хоёр гарын үсэг зурсан, харин охин Э.Отгонцэцэг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй юм. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3Г/201944725065 дугаар Зээлийн гэрээний эргэн төлөлт сарын 2 500 000 төгрөг байсан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр нэг сарын эргэн төлөлт 5 908 192 төгрөгөөр 6-н сарын хугацаанд төлөх, гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд сарын эргэн төлөлт 3 243 000 төгрөгөөр төлөхөөр гэрээнд тусгагдсан. Зээлдэгч нар Хаан банктай байгуулсан нэмэлт гэрээний сар бүрийн эргэн төлөлтийг төлөхийн тулд өөрийн ах дүү хамаатан садангаас мөнгө зээлж банкны зээлээ төлж, мөнгө олохгүй болохоор нь нэр бүхий 5 иргэнээс өдрийн 10% хувийн хүүтэй зээл авч, мөн эд хөрөнгөө ломбардад сарын 5% хувийн хүүтэй барьцаалж, бусад эд хөрөнгөө худалдан борлуулж, банкны төлбөрүүдээ төлсөөр өнөөг хүрсэн. Банкны зээл төлөхийн тулд бусдаас авсан өндөр хүүтэй зээл, зээлийн хүү нэхэгдээд өдрөөс өдөрт өр төлбөрт орж, санхүүгийн хувьд хэцүү байдалд ороод байна. Зээлдэгч Л.Эрдэнэбилэг миний эрүүл мэндийн байдал 2021 оны 10 сараас хойш муудаж, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Миний хувьд эрүүл мэндийн байдлаас болоод хөдөлмөр хийх чадваргүй болоод байгаа тул цайны газар, буудал үйл ажиллагаа явуулж ашиг олж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хамтран зээлдэгч эхнэр О.Цэцэгбал нь Улаанбаатар хотод 86 настай бие муу байгаа ээж ***** асарч байна. Мөн хамтран зээлдэгч охин Б.Отгонцэцэг нялх хүүхдээ асарч, асрахын хажуугаар зөвхөн буудлын үйл ажиллагаа явуулж зөвхөн өдөр тутмын хэрэглээгээ дөнгөн данган хангаж байна. Цаашид банкны эргэн төлөлтийг төлж чадахгүй болсон. Гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3.-т, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэж Хаан банкинд болон хариуцсан зээлийн эдийн засагч нарт зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж чадахгүй, зээлдэгч нарын санхүүгийн чадвар муудаж, өр төлбөрт орсон ба цаашлаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт орох бодит нөхцөл байдал үүсээд байгаа талаар удаа дараа хэлж мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон нэмэлт гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн хариуг өнөөг хүртэл өгөхгүй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт орох бодит нөхцөл байдал үүсэхээр байх тул энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна. Иймд Зээлдэгч нарын санхүүгийн чадвар муудаж, өр төлбөрт орсон ба цаашлаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт орох бодит нөхцөл байдал үүсээд байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Зээлдэгч Л.Эрдэнэбилэг хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нар нь Хаан банк ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944725065 тоот барьцааны гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 баг, холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 баг, геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 200 /0.02/ м.кв /га/ худалдаа, үйлчилгээний зориулалттай газар /*********7/ тус тус барьцаалсан. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр *********** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр *********** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201944725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201444725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгч нар нэгэнт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэж шүүхэд хандсан тул манайх зээлийн төлбөрийн үүргээ шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

3. Хариуцагч Хаан банк ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Эрдэнэбилэг хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нар нь Хаан банк ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944725065 тоот барьцааны гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 баг, холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 баг, геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 200 /0.02/ м.кв /га/ худалдаа, үйлчилгээний зориулалттай газар /*********7/ тус тус барьцаалсан. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр *********** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр *********** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201944725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201444725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 15 680 136.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 80 801 098.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25 758 төгрөг, нийт 96 506 993.06 төгрөг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Зээлдэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нар нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 84 319 863.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 329 825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 532.33 төгрөг, нийт 94 662 221.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: хариуцагч Хаан банк ХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлголоо. Манай хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх боломжтой. Бид үндсэн зээлийн төлбөрт маргахгүй байгаа. Харин банк зээлдэгч бидний эрх ашгийг хохироож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэлд өнөөдрийг хүртэл хариу өгөлгүйгээр хохироосон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2023 оны 06 сарын 20-ны өдрөөр тооцож төлөхөд татгалзахгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгох хүсэлт, 2019.09.25-ны өдрийн БГҮ/201944725065 дугаар барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, 2021.08.30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Л.Эрдэнэбилэг, О.Цэцэгбал, Б.Отгонцэцэг нарын 2026.06.06-ны өдрийн хүсэлт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022.05.31-ний өдрийн ********** дугаар барьцаат зээлийн гэрээ, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023.06.22-ны өдрийн 157/ШЗ2023/********дугаар захирамж, зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-91, /

6. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, мөнгөн шилжүүлэгийн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, зээл олгох хүсэлт, 2019.09.25-ны өдрийн БГҮ/201944725065 дугаар барьцааны гэрээ, 2020.07.31-ний өдрийн *********** дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.04.09-ний өдрийн *********** дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргөн төлөлтийн хуваарь, 2020.11.28-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.08.30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Э.Отгонцэцэгийн 2020.04.09-ний өдрийн хүсэлт, Л.Эрдэнэбилэгийн 2020.07.29-ний өдрийн хүсэлт, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 114-139/

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ Хаан банктай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бгү/201944725065 дугаар барьцааны гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Үүргийн гүйцэтгэлд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. 2019 оны ЗГ/201944725065 гэрээний нэг сарын эргэн төлөлтийн мөнгөн дүн 2 500 000 төгрөг, харин 2021 оны 03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээний нэг сарын эргэн төлөлт нь 6 сарын хугацаанд 5 908 192 төгрөг, 6-н сарын дараагаар нэг сарын эргэн төлөлт нь 3 243 000 төгрөг төлөхөөр өөрчилсөн. Зээлдэгч Л.Эрдэнэбилэг миний эрүүл мэндийн байдал 2021 оны 10 сараас хойш муудаж, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Иймд зээлдэгч нарын санхүүгийн чадвар муудаж, өр төлбөрт орсон ба цаашлаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт орох бодит нөхцөл байдал үүсээд байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь банкны санаачилгаар цуцлах энэхүү заалтыг үндэслэл болгож байгаа нь гэрээний зохицуулалтыг буруу ойлгосон, гэрээнд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан тул зээлийн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

  4. Хариуцагч Хаан банк ХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...нэгэнт зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 84 319 863.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 329 825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 532.33 төгрөг, нийт 94 662 221.73 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэж тайлбарлав.

 

5. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ Банк зээлдэгч бидний эрх ашгийг хохироож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэлд өнөөдрийг хүртэл хариу өгөлгүйгээр хохироосон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2023 оны 06 сарын 20-ны өдрөөр тооцож төлөхөд татгалзахгүй. гэж тайлбарласан.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нар хариуцагч Хаан банк ХК нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталжээ. /хх-ийн 7-10/

а. Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг нарын гаргасан 2020.04.09-ний өдрийн, 2020.07.29-ний өдрийн, 2020.11.28-ний өдрийн зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн дагуу 2020.04.09-ны өдөр *********** дугаар, 2020.07.31-ний өдөр *********** дугаар, 2020.11.28-ны өдөр ЗГ/201944725065-03 дугаар, 2021.08.30-ны өдөр ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээг 2026 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 127-139/

 

б. Дээрх зээлийн гэрээний баталгаа болгон 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944725065 дугаар барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр Э.Отгонцэцэг, Л.Эрдэнэбилэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Эрдэнэбилэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********7 дугаартай, Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 200 /0.2/ м.кв га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, 2019 оны 09 сарын 26-ны өдөр барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 12-14/

8. Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар нэхэмжлэгч нар үндсэн зээл 84 319 863.81 төгрөг, зээлийн хүү 10 329 825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 532.22 төгрөг, нийт 94 662 221.73 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 114,115/

9. Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

10. Харин зээлдэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээл авсны дараагаас Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүсэж, улмаар нэхэмжлэгч нарын санхүүгийн чадвар муудаж, өр төлбөрт орсон үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардлагаа тодорхойлж, энэ талаараа хариуцагч Хаан банк ХК-нд гэрээг цуцлах талаар бичгээр хүртэл мэдэгдэл хүргүүлж байсан гэж тайлбарлан, мөн шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээл тооцооллыг энэ хугацаагаар тооцуулна гэж тайлбарлаж байна.

11. Нэхэмжлэгч нарыг зээл авсны дараа Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал гарч, улмаар улс орны эдийн засаг болон аж, ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд зогсонги байдал үүсч, улмаар Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 сарын 29 өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк баталж, хэрэгжүүлсэн.

12. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч нарын хүсэлтээр Хаан банк ХК нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээний зээл төлөх хугацааг нийт 4 удаа хойшлуулж, хугацаа сунгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаагүй байна.

13. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, О.Цэцэгбал, Э.Отгонцэцэг нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг өөрсдийн хүсэлтээр хойшлуулж, зээлийн төлөлтийн хугацааг нийт сунгасан байх тул зээл төлөгдөөгүй хугацааны хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

14. Хариуцагч Хаан банк ХК нь сөрөг нэхэмжлэлд хуримтлагдсан хүүг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 84 319 863.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10 329 825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 532.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12 000 төгрөг, нийт 94 674 221.73 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

15. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

16. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн тооцоолол зогсох тул 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 84 319 863.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 384 057.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 369 төгрөг, нийт 86 710 290.33 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцож, нийт 7 951 931.4 төгрөгөөр нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

17. Барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, барьцаалбарт 2019.09.25-ны өдөр бүртгэгдсэн, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Э.Отгонцэцэг, Л.Эрдэнэбилэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Эрдэнэбилэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********7 дугаартай, Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 200 /0.2/ м.кв га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

18. Харин нотариатын зардалд 12 000 төгрөг төлсөн үндэслэлээр мөнгөн шилжүүлгийн баримтын хамт ирүүлсэн байх тул уг зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.

19. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нартай байгуулсан 2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ болон ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус цуцалж, нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нараас зээлийн гэрээний үүрэгт 86 710 290.33 төгрөгийг гаргуулж, хариуцагч Хаан банк ХК-нд олгож, хариуцагч Хаан банк ХК-ийн илүү нэхэмжилсэн 7 951 931.40 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, Э.Отгонцэцэг, Л.Эрдэнэбилэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Эрдэнэбилэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********7 дугаартай, Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбоо геологичид 3 гудамж, *** тоот хаягт байршилтай, 200 /0.2/ м.кв га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг, хариуцагч Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 915.61 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нараас улсын тэмдэгтийн хураамжид 591 501 төгрөгийг гаргуулж, хариуцагч Хаан банк ХК-д олгож, хариуцагч Хаан банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг, Э.Отгонцэцэг, О.Цэцэгбал нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ