Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2023/02724

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/02724

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, *** тоотод байрлах, регистрийн *******, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, М таун *** дугаар байр, ** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Ш ХХК,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, М таун *** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Б овогтой Л-ийн Э-д тус тус холбогдох,

 

Ажил гүйцэтгэх, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75.075.000 төгрөг, алданги 7.250.000 төгрөг, нийт 82.325.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш ХХК, Л.Э-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75.075.000 төгрөг, алданги 7.250.000 төгрөг, нийт 82.325.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75.075.000 төгрөг, алданги 7.250.000 төгрөг, нийт 82.325.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ш ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт байрлах 32 айлын орон сууцны цэвэр ус, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг Г ХХК 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Гэрээний *** заагдсан    ажлыг гэрээний **** заагдсан хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний *** заагдсан урьдчилгаа төлбөрийг ажлын 2 хоногт шилжүүлэх үүргээ Ш ХХК гүйцэтгээгүй ба Г ХХК нь өөрийн хөрөнгөөр орон сууцны цэвэр ус, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75.075.000 төгрөг, алданги 7.250.000 төгрөг, нийт 82.325.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн компанийн захиралтай 2019 онд эхнэрийн бэр дүүгээр дамжуулж танилцсан. 2020 онд Налайх дүүрэгт 30 айлын орон сууц барих гэж байгаагаа хэлэхэд Бид ковидын үеэр ажил багатай байгаа тул таны баригдаж байгаа 30-н айлын орон сууцны бохир, цэвэр ус, дулаан болон эрчим хүчний ажлыг нь хийж гүйцэтгэж өгье гэж тохиролцсон. Тухайн ажил эхлэх үед гэрээ байгуулаагүй, аман тохиролцоо хийсэн. Барилгын ажил эхлэхэд миний санхүү саатсан учир тус компани зуун айлд таньдаг дэлгүүрээсээ бохирын хоолой зээлээр авч, манай компани тээвэр болон кольцо болон бетонон эдлэлүүдийг өөрийн мөнгөөр авч, тээврийн зардлыг төлөөд, тухайн газарт суулгасан болно. 2022 онд тус хийсэн ажлыг нь Налайх дүүргийн Орон сууцны конторын ажлын алба шалгахад Ажлын зураггүй, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгээгүй, бидэнтэй трасс зөвшилцөөгүй гэсэн. Мөн Налайхын Дулааны станцаас ажлын алба гарч шалгахад мөн ажлын зураггүй, бидэнтэй зөвшилцөөгүй гээд тус дулааны станцын 2 континсац шугамыг эвдэж гэмтээсэн байна гээд акт тавиад явсан. Энэ ажлыг засаж хийх тухай манай компани болон Налайхын Орон сууцны компани шаардлага тавсан боловч шаардлагыг хүлээж аваагүй, тус ажлыг хийж дуусгаагүй. Тус компанийн татсан бохирын шугам нь шаардлага хангаагүй буюу бохир ус гүйхгүй, дундуураа хотойсон, нурсан байдалтай байсныг Налайх дүүргийн Орон сууцны конторын инженер болон ажилчид тухайн бохирын хоолойг огт ашиглахгүйгээр өөр кольцо шинээр хийж, 100% ашиглалтад оруулсан. Мөн ажлын гэрээг сүүлд 75 сая /далан таван сая/ төгрөгийн гэрээг байгуулж өгөөч, манай компанид хэрэгтэй байна гэж хэлсний дагуу гэрээг байгуулж өгсөн. Төлбөр барагдуулах гэрээг мөн өөр дүнтэй байгуулсан болно. Иймд би тус компанийн нэхэмжилж буй мөнгийг төлөх хүсэлгүй байна. Налайх дүүргийн Орон сууцны конторын инженер Д.Т-аас лавлаж тодруулж болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 569.575 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, нэхэмжлэгч компаниас Д.Б-д олгосон итгэмжлэл, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Л.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй үзэв.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ****** дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд хариуцагч Ш ХХК-иас Налайх дүүрэгт баригдаж буй 32 айлын орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг 1 сарын хугацаанд гүйцэтгүүлэх, ажлын хөлсөд 75.075.000 төгрөгийг төлөхөөр Г ХХК-тай гэрээ байгуулжээ.

 

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г талууд байгуулж, уг гэрээний дагуу Ш ХХК нь 2020 оны **** дугаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 75.075.000 төгрөгийг Г ХХК-д төлөх, ингэхдээ тухайн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хуваан төлөх, хэрэв уг хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.

 

Ингээд энэхүү гэрээ болон төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Ш ХХК болон Л.Э нарт холбогдуулан 75.075.000 төгрөг, алданги 7.250.000 төгрөг, нийт 82.325.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ш ХХК нь Ажлыг хугацаанд нь бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөөгүй. Мөн тухайн дутуу хийгдсэн ажил нь доголдолтой байсан хэмээн маргаж, ажлын хөлс төлөхөөс татгалзсан хариу тайлбар гаргасан.

 

Гэвч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй ба хэрэгт Г ХХК-ийн хийсэн ажлын үр дүн доголдолтой, мөн дутуу байсныг нотлох баримт авагдаагүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь тухайн үр дүнг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Ш ХХК-иас ажлын үр дүнг хүлээн аваагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн Г ХХК болон Ш ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсанаар дээр дурдсан ажлын үр дүнг харилцан хүлээлцсэн гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч Г ХХК-иас Төлбөр барагдуулах гэрээ-ний 8 дахь заалтад зааснаар алданги 7.250.000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан.

 

Гэвч уг гэрээний 8 дахь хэсэгт Төлбөр төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байх ба төлөгдөөгүй үнийн дүн 75.075.000 төгрөг ба үүний 0,5 хувь нь 375.375 төгрөг болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас алданги 375.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 6.874.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үеэр хариуцагч Л.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

 

5. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 75.075.000 төгрөг, алданги 375.375 төгрөг, нийт 75.450.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.874.625 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 75.450.375 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 535.202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 75.075.000 төгрөг, алданги 375.375 төгрөг, нийт 75.450.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.874.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 535.202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Л.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г ХХК татгалзсаныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА