Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02136

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02136

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/02724 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХХК, Л.******* нарт холбогдох,

 

Ажил гэрээний үүрэгт 75,075,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг, нийт 82,325,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “******* *******” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “******* *******” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүрэгт байрлах, 32 айлын орон сууцны цэвэр ус, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг “*******” ХХК 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

1.2. Гэрээний 1.1-т заагдсан ажлыг гэрээний 2.1-т заасан хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. “******* *******” ХХК нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөрийг ажлын 2 хоногт шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй. “*******” ХХК нь өөрийн хөрөнгөөр орон сууцны цэвэр ус, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

1.3. Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75,075,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг, нийт 82,325,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Манай компани ******* дүүрэгт 30 айлын орон сууц барих талаар Л.*******д хэлсэн. 2020 онд “*******” ХХК-тай ******* дүүрэгт 30 айлын орон сууцны цэвэр, бохир ус, дулаан болон эрчим хүчний ажлыг нь хийж гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон.

2.2. 2022 онд тус хийсэн ажлыг нь ******* дүүргийн орон сууцны конторын алба шалгаад “ажлын зураггүй, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгээгүй, бидэнтэй трасс зөвшилцөөгүй” гэсэн. Мөн ******* дүүргийн дулааны станцаас бидэнтэй зөвшилцөөгүй, ажлын зураггүй, тус ажлыг хийхдээ дулааны станцын 2 континсац шугамыг эвдэж гэмтээсэн гээд акт тавиад явсан. Энэ ажлыг засаж  хийх тухай шаардлага тавихад хүлээж аваагүй. Тус компанийн татсан бохирын шугам нь шаардлага хангаагүй, бохир ус гүйхгүй дундуураа хотойсон нурсан байдалтай байсныг ******* дүүргийн орон сууцны конторын ажилчид өөр кольцо шинээр хийж  100 хувь ашиглалтад оруулсан.

2.3. Мөн манай компанид хэрэгтэй байна гэж хэлсний дагуу төлбөр барагдуулах гэрээг сүүлд байгуулсан. Уг гэрээг өөр үнийн дүнтэй байгуулж  байсан.

2.4. Иймд би тус компанийн нэхэмжилж буй мөнгийг төлөх хүсэлгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 75,075,000 төгрөг, алданги 375,375 төгрөг, нийт 75,450,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,874,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас 535.202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Л.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь манай компанийн ажлыг шаардлагад нийцүүлж, техникийн нөхцөлийн дагуу хийгээгүй, хийсэн бохирын шугам нь дутуу, дундуур хотойж, бохир ус гүйхгүй, бетон эдлэлээ, кольцогоо шалгаагүй, доторлоогүй, ажлаа хаяад явсан. Манай зүгээс болон ******* дүүргийн Орон сууцны конторын инженерийн зүгээс шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй, засвар хийгээгүй болно. Барилгын ажил эхлэхэд санхүүгийн асуудал үүссэн тул зээлээр кольцо болон бетон эдлэлүүдийг худалдан авч, тээврийн зардлуудыг төлсөн болно.

4.2. Ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь ажлын зураггүй, ажил гүйцэтгэсэн эсэхээ шалгуулж, комисст хүлээлгэж өгөөгүй зэрэг алдаа дутагдал гаргасан байхад 100 хувь ажлаа гүйцэтгэсэн мэтээр шүүхэд нэхэмжлэлийг гаргасан, мөн шүүх шийдвэрээ “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн авах боломжгүй.

4.3. Иймээс “*******” ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс зээлсэн бохирын хуванцар хоолойны үнэ болох 20,000,000 төгрөг, ажлын хөлс болох 10,000,000 төгрөгт техникийн зардал орсон болно. Нийт 30,000,000 төгрөг төлөх боломжтой гэж үзэж байна.

4.4. Манай компани анх удаа барилга барьсан туршлагагүй, ковид цар тахалын үеэр барилга барьсан зэрэг нь компанид ашиггүй, харин ч алдагдал хүлээсэн. Уг барилгыг барихдаа өөрийн хөрөнгөгүйгээс болж, өөр компанийн хөрөнгө оруулалтаар хамтарч барьсан. Одоогоор 300,000,000 гаруй төгрөгийн алдагдалтай, банк бус болон хувь хүнд өр ихтэй, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг очсон болно.

Иймд манай компанийн хүсэлтийг хүлээж авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч “******* *******” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК, Л.******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,075,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг, нийт 82,325,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “******* *******” ХХК эс зөвшөөрч, маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Энхтүвшинд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь зөв боловч найруулгын хувьд алдаатай байгааг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “*******” ХХК нь захиалагчийн даалгаврын дагуу ******* дүүрэгт баригдаж буй 32 айлын орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам суурилуулах ажлыг 1 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, “******* *******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсөнд 75,075,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-10-12/ Энэ үйл баримтад талууд маргаангүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.  

5.1. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтаар ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг тайлагнан хүлээлгэж өгөх, гэрээ хүчин төгөлдөр болж эхэлснээс хойш ажлын 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 22,522,500 төгрөг, ажлын гүйцэтгэлээр үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэгч рүү шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой байсан, доголдлоо арилгаж өгөөгүй” гэж тайлбарлан маргасан байна.

6.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт хэргийн 13 дахь талд авагджээ. Уг баримтаас үзвэл, талууд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнэж, “******* *******” ХХК нь ажлын хөлс 75,075,000 төгрөгийг “*******” ХХК-д хэсэгчлэн төлөх  хуваарь гаргаж, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон, гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулжээ.

Энэ баримтыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүйн гадна татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг өөрөө шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүх зөв дүгнэсэн.

 

7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь харьцуулан үзэж тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн гэж дүгнэн, хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 75,075,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн алдангийн шаардлагыг 375,375 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 6,874,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.  Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “Манай компани анх удаа барилга барьсан туршлагагүй, ковид цар тахалын үеэр барилга барьсан зэрэг нь компанид ашиггүй, харин ч алдагдал хүлээсэн. Уг барилгыг барихдаа өөрийн хөрөнгөгүйгээс болж, өөр компанийн хөрөнгө оруулалтаар хамтарч барьсан. Одоогоор 300,000,000 гаруй төгрөгийн алдагдалтай, банк бус болон хувь хүнд өр ихтэй, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг очсон болохыг харгалзан үзэхийг” хүссэн байна. Энэ нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлд хамаарахгүй юм.

 

8. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг 30,000,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар  шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/02724 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Л.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                   

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БЯМБАСҮРЭН

 

      ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

Ч.ЦЭНД