Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2023/02754

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/02754

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Я **** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Ш-ын Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ***********, Б овогтой Г-ын О-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үнэ болох 120.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.О-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэн Г-ын О хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны 29 м.кв талбайтай ** тоотын орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай. Иргэн Ш.Г би дээр дурдсан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны ** тоотын 29 м.кв орон сууцыг хэн нэгэнтэй хамтран эзэмшиж ашиглаж байгаагүй бөгөөд Нийслэлийн өмч хувьчлалын 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ш.Г надад хувьчилснаар уг орон сууцны цорын ганц өмчлөгч болсон юм. Миний энэхүү орон сууцаа өмчлөх эрх улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн байдаг. Би АНУ-д ажиллаж амьдарч байгаад сахарын өвчний улмаас биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан тул 2022 оны 4 дүгээр сард эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн. Гэтэл миний өмчлөлийн дээрх орон сууцанд сууж байсан аавын төрсөн дүү болох Г.О орон сууцыг чөлөөлж өгөхгүй элдвээр дарамт учруулж байгаа тул арга буюу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Хариуцагч Г.О-д хандаж "Орон сууц чөлөөлж өгөөч" гэж олон удаа гуйсан ч Чиний аавыг чинь харж асарч байсан гэж дарамтлаад гардаггүй. Г.Ш агсан нь миний аав ч, энэ хүний төрсөн ах шүү дээ, аавд минь хань болж байсан ч бүх зардлыг би өгч байсан. АНУ-аас ирэхээсээ өмнө ч "Би удахгүй очно, байрандаа орно шүү гэдгээ мэдэгдэж байсан. Би эрүүл саруул ажил орлоготой АНУ-д ажиллаж амьдарч байх үедээ өөрийн төрсөн ах, дүү нартаа чадах чинээгээрээ тусалж, харж хандаж байсан. Тухайлбал, хариуцагч Г.О-н охин Б.Э-г АНУ-д дагуулж явж, өөрийн зардлаар сургуульд сургаж, боловсрол мэргэжилтэй болгож өгсөн, одоо Вашингтон DC-д амьдарч байгаа. Г.О эгчийн хүүхдүүд насанд хүрсэн, мэргэжил боловсролтой болсон эднийх өөрсдийнхөө амьдралыг аваад явах бүрэн боломжтой болцгоосон атлаа орон сууц чөлөөлж өгөхгүй, улмаар хаалганы цоожны голыг сольчихсоноос би гэртээ ч орж чадахгүй байна. Өвчтэй болсон намайг айл хэсүүлж, удаан хугацаагаар зовоож байгаад үнэхээр гомдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус шаардах эрхтэй, мөн зүйлийн 106.3-д ... шүүхэд нэхэмжлэл гаргаж эзэмшлээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж заасны дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Иймд нэхэмжлэлийн дараах шаардлагыг хангаж, иргэн Г-ын О-н хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны 29 м.кв талбайтай ** тоотын орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би хариуцагч Г.О-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 1. 1996-1997 оны үед байх хариуцагч Г.О-н эгч Ө-н хүү Ч нь эхнэр Ч-гээ Солонгос явуулж ажил хийлгэн мөнгө олох гэж Солонгос руу явуулахын тулд эгч О-хоо дээрх ** дугаар байр, ** тоотын ** өрөө орон сууцыг барьцаанд тавьж, хүнээс мөнгө аваад Солонгос явуулсан боловч Солонгосын хил дээрээс буцаж ирсэн гэж яригдаж байсан. Эд нарыг ийм зүйл хийснийг нь тухайн үед нь мэдээгүй. Ингээд орон сууцаа зарж, барьцааны мөнгөө төлсөн гэсэн. Эд нарын байраа зарсан асуудал надад огт хамааралгүй юм. Харин хариуцагч Г.О өөрийхөө байрыг зарсанаасаа хойш 2 хүүхдийнхээ хамт Зурагтад миний эмээ Г-нд очиж хашаа байшинд амьдарч байсан. Уг хашаанд хариуцагч Г.О-н ах Г.Ц, эгч Г.Ө, хариуцагч Г.О-н ээж буюу миний эмээ Г-д нарын 3 айл байсан ба тэд хоорондоо таарч тохирдоггүй, эв түнжингүй байдаг байсан /бага дүү талийгаач Г.Б нь архи уудаг, агсам тавьдаг байснаас/ тул би 1999 онд эмээ Г-д болон Г.О-ыг 2 хүүхдийнх нь хамт өөрийнхөө өмчлөлийн маргаж байгаа Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотын орон сууцанд орохыг зөвшөөрч оруулсан. Ингэж хариуцагч Г.О миний байранд орсон түүхтэй. Энэ үед би эхнэр хүүхдийн хамт АНУ-д амьдарч байсан ба анх 1998 оны 11 дүгээр сарын 25-нд АНУ явсан. 2. Мөн хариуцагчийн "Ээж Г-ын Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол,  дугаар байр, ** тоотын байрыг өөрийн аав болох Г.Ш-ын нэр дээр ятгаж, шилжүүлж зараад улмаар бүх мөнгийн авсан" гэсэн тухайд: Энэ Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотын орон сууц нь миний аав Г.Ш-ын байр. Уг орон сууцыг анх Зам гүүрийн барилга трестээс миний эмээд өгсөн, эмээ хамгийн том хүү Г.Ш-ыг шууд оруулсан байдаг. Энэ үед би эмээтэйгээ хамт Зурагтад байдаг байсан. Тухайн үед аав, ээж 2 салсан байсан, аав Х гэдэг хүнтэй суугаад, дундаасаа нэг хүүхэдтэй байсан. Аав хойд ээжээс салсан, тул энэ байранд аав, дүү Ш.Г бид гурав үлдсэн. Хариуцагч Г.О нь миний аав Г.Ш-ын нэр дээр байсан энэ орон сууцанд амьдарч байгаагүй. Аав **** оноос **** оны хугацаанд амьдарч байсан. **** онд аав маань хоолоо хийж байгаад цахилгаан зуухаа унтраахгүй унтсан /согтуу байсан гэсэн/-аас болж угаартаж, ухаангүй байх үед нь хажуу айлын хүмүүс мэдэж, цонхоор нь гаргасан байдаг. Би энэ үйл явдлыг мэдээд, аавыг байраа зараад одоогийн маргаж буй ** тоот орон сууцанд эмээ, Г.О нартай хамт амьдар гэдэг саналыг хэлсэн. Ингээд аав Г.Ш маань эмээ Г-д, Г.О, түүний 2 хүүхэдтэй нь хамт одоогийн маргаж байгаа ** өрөө байранд амьдрах болсон. Аавыг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** дүгээр хороолол, ** дугаар байр ** тоотын орон сууцаа зарсан мөнгөнөөс би ганц ч төгрөг аваагүй. Эд нар олуулаа байсан, хэрэглэсэн, нөгөө талаар, аав өөртөө ч зарсан байх. Энэ үед би Америкийн Нэгдсэн Улсад хараар ажиллаж амьдарч байсан тул Монгол руу ирж чаддаггүй байсан. Эд нар байр зарлаа гэж мөнгө явуулж байсан удаагүй. 3. Хариуцагчийн "Ах дүүдээ тус болж байгаагүй. Э-г хүүхдүүүдээ харуулах гэж АНУ авч явсан" гэсэн тухайд: 2004 онд Г.О-н охин Э, миний аав Г.Ш-ын хамт Америкад ирсэн. Э-г C s high school-д 4 жил сургаад, Коллежид оруулсан. Ээж нь охин Э-даа мөнгө төгрөг явуулж байгаагүй. Би онгоцны зардал, хэрэглээний зардал гээд бүх зардлыг даадаг байсан. Миний охин ** настай, хүү ** настай байсан. Э ** настай байсан, миний 2 хүүхдийг харах ямар ч шаардлага байгаагүй. Би чадалтай үедээ 1990-1994 оны ганзагын наймааны үед худалдаа наймаа хийдэг, аж ахуй эрхэлдэг байсан тул аавын 8 дүүгийн хүүхдүүд над дээр ажилладаг, гэр бүлийг нь тэжээж байсан. Би өөрийнхөө байрыг бусдад түрээслүүлээд орлого олох боломжтой байхад Г.О-ыг хүүхэдтэй нь үнэгүй байлгаж байгаа нь хамаатан садангаа харж үзсэн хэрэг биш юм уу. 4. Хариуцагчийн "Өвчтэй" гэх миний аав Г.Ш-ыг 20 жил асарсан" гэсэн тухайд: Энэ бол худлаа. Миний аав насаараа жолооч хийсэн, өвдөж байгаагүй, 2014 онд тэтгэвэрт гарсан. Би аавдаа Н с  машин авч өгсөн, түүгээр халтуур хийдэг, Г.О-оор харуулах, тэжээлгэх шаардлага байхгүй. Би аавдаа цагаан сараар 1000 ам доллар, наадмаар 500 ам доллар гэх мэтээр шаардлагатай гэх үед нь байнга мөнгө өгдөг, аав АНУ-д 6 удаа очиж сар болоод буцдаг байсан. Аав удаан хугацаагаар өвдөөгүй. Би АНУ-гаас ирж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт 7 хоног, Б эмнэлэг /хөнгөвчлөх эмнэлэг/-т 7 хоног хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-нд нас барсан. Аав маань хүнээр асруулах хүн биш, 2 байрны зардал төлөх шаардлагагүй гэж өөрийнхийгөө зарсан байсан. Хариуцагч Г.О-н сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж тодруулахад: 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монголд ирсэн, 5 сард миний сахарын хэмжээ гэнэт ихсэж, тулай өвчнөөс болж хөл бүхэлдээ хавдаад эмчилгээ хийлгэх шаардлагтай болж, байраа барьцаалаад сарын хугацаатай мөнгө аваадахъя гээд очиход гэрт оруулаагүй, 2 хоногийн дараа АНУ дахь машин зарагдаад мөнгө хэрэггүй болсон, тиймээс байраа барьцаанд тавиагүй. Миний төрсөн дүү Ш.Г гудамжинд архи уугаад явж байгаа, би өөрөө өвчтэй болсон, орох орон алга, айлаар явж байгаа. Иймээс миний нэхэмжлэлийг наралтай шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

3. Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.Г-ын нэхэмжлэлийг хариуцагч Г.О би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргалдаж буй байрыг надад өгнө гэж амлаад Ш.Га миний байрыг заруулаад АНУ явсан. Оронд нь энэ байраа өгнө гэж амлаад, энэ байранд би 20 гаран жил амьдарч байгаа. Өмчлөх эрхээ шилжүүлэх гэхээр АНУ-д амьдарч байгаа болохоор зав гарахгүй байна гэдэг байсан. Г.О миний аавыг Г, ээжийг мөн Г гэдэг, миний төрсөн ахыг Г.Ш гэдэг. Нэхэмжлэгч Ш.Гнь миний төрсөн ах Г.Ш-ын төрсөн хүү юм. Ш.Г нь миний төрсөн ахын хүү гэдэг утгаараа надад ганц байсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, нэг өрөө байрыг 1997 онд намайг ятгаж заруулж, Би таньд оронд нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол ** дүгээр байр ** тоот хаягтай өөрийн өмчлөлд байдаг байраа өгнө гээд Дүү нь АНУ-д явах маш их шаардлагатай байна, та минь надад итгээд байраа зараад мөнгийг нь надад өгчих гэж амлаж гуйгаад байхаар нь би төрсөн ахын хүү тул итгэж, өөрийн байраа зарж мөнгөө бүхэлд нь Ш.Г-т өгсөн. Энэ байдлыг манай ах, дүү, тэдний хүүхдүүд бүгд мэднэ, үйл явдлыг ч харж байсан. Би байраа зарж Ш.Г-т мөнгийг өгчихөөд өөрийн ээжийн байр болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны ** тоотод байрлах орон сууцанд аав, ээжтэйгээ, өөрийн 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Гэтэл Ш.Г нь ээж Г-ын бидний хамт амьдарч байсан байрыг өөрийн аавын нэр дээр ятгаж шилжүүлээд уг байрыг бидэнд хэлэхгүйгээр зарсан тул бид нар Ш.Г-ын нэр дээр байдаг Г.Ш ахын байр болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод шилжиж орсон. Ээж маань 2014 онд нас барсан, би ах Г.Ш өвчтэй болсон учир би асарч байсан. Энэ хугацаанд би Ш.Г-аас өөрийн байрны мөнгө авъя гэж нэхэхэд Наад байр чинь угаасаа танд очно, ах дүү хүмүүс байна, би одоо АНУ-д амьдарч байгаа тул наад байрыг чинь Монголд очингуутаа шилжүүлээд өгнө гэсэн. Г.Ш ах маань 2019 онд нас барж, Ш.Г Монголд ирсэн. Би байрны нэрээ шилжүүлэх гэтэл барьцаанд тавьчихсан гээд гүйгээд гарсан. Ш.Г нь манай аавын, ээжийн байрыг биднийг залилж зарсан, миний байрыг ч мөн залилж зараад бүх мөнгийг өөрөө ганцаараа авсан, энэ байраа надад шилжүүлж өгнө гэсэн үгэнд нь би өдий хүртэл итгэж цагдаа, шүүхэд өгөөгүй. Ш.Г нь өөрөө маш олон байртай, үнэтэй хауснуудтай, амьдрал нь боломжийн, авгай хүүхдүүд нь АНУ-д тансаг үнэтэй хаусанд суудаг, Тэгчихээд одоо миний ганц байрыг зарж, хөлжиж АНУ явж амьдрал ахуйгаа дээшлүүлээд Өгнө гэсэн байрныхаа нэрийг шилжүүлж өгөхгүй, намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Энэ бүгдийг бүх л ах дүү нар нь мэдэж байгаа. Ш.Г хэзээ ч ах, дүүдээ тус болж байгаагүй. Э-г хүүхдээ харуулах гэж авч явсан, өөрт нь хэрэгтэй болохоор л авч явсан. Мөн манай эгчийн хүүхэд О-аас ч гэсэн мөнгийг нь хуурч аваад буцааж өгөөгүй байсан. Би бүтэн 20 жил өвчтэй аавыг нь асарч, сувилж явсан мөртлөө насны эцэст байр ч үгүй, хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна, яасан ч ханаж цаддаггүй шунал гээч вээ. Энэ бүгдийг бүх л ах дүү нар маань мэднэ, одоо би 64 настай, ямар ч хөдөлмөрийн чадваргүй, очих газаргүй болсон хүн. Ш.Г нь энэ олон жил Байраа өгнө гэсэн тул би өөрийн байрны мөнгөө аваагүй өдий хүрсэн. Энэ бүгдийг би бүх хамаатнаа авчирч гэрчлүүлж болно. ... Иймээс миний байрны үнэ буюу зах зээлийн ханш 120.000.000 төгрөг болсон тул уг 120.000.000 төгрөгийг Ш.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчээс Б.Ө-д олгосон итгэмжлэл, Ш.Г-ын ********** дугаартай гадаад паспортын хуулбар, 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-д очсон гэсэн баримтын хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Х, Г.М, Ш.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-н өмгөөлөгч П.Ц-тэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, 687.750 төгрөг тус тус төлсөн баримт, Хан-Уул дүүргийн ** хорооны Засаг даргын тодорхойлолт, Т банк ХК-ийн 2021 оны 2 дугаар сараас 12 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар дуустал М сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримтууд, хариуцагчийн Г.О-н эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагчаас өмгөөлөгч З.А-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Баянгол дүүргийн Улсны бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот албан бичгээр ********** дугаартай Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаартай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ************ дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн хувийн хэргийг хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын албан бичгээр хариуцагчийн хүн амын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаарт албан бичгээр Г.О оршин суугаа газрын хаягийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч Ч.Б, Б.Г нарын мэдүүлэг зэрэг баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.О-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийн ******* дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 4 дүгээр талд авагдсан 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ш.Г Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байна.

Түүнчлэн энэ орон сууц нь Ш.Г-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох талаар хариуцагч Г.О маргаагүй боловч тухайн байрыг Надад шилжүүлж өгнө гэж амлаж байсан хэмээн тайлбар гаргаж мэтгэлцэв.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, **** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болох талаар талууд маргаагүй болно.

Ингээд шүүх хуралдааны явцад хариуцагч Г.О Би энэхүү байрыг нь чөлөөлж өгөхөд татгалзахгүй гэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч Г.О нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй, харин талуудын тохиролцсон тохиролцооны дагуу амьдарч байсан нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Г.О-н эзэмшлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэв.

3. Харин хариуцагч Г.О нь Нийслэлийн Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан нь хэргийн 35 дугаар талд авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хэргийн 92 дугаар талд авагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбараар тогтоогдож байх ба хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан уг орон сууцны үнэ 120.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.Г уг орон сууцыг худалдан борлуулах ажиллагаанд оролцоогүй, надад хамааралгүй гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан гэрч Д.Э, Д.Ч, Н.Э, Н.О нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзэв.

 

Тодруулбал, гэрч Д.Э-н мэдүүлэгт Миний бие Г.О-н бэр болоод 2005 оноос хойш энэ байдлыг мэднэ. ... Ш.Г ахтай ойрын харилцаатай байсан ба тэрээр надаас мөнгө төгрөг зээлж авдаг байсан. Бид 2 Г.О-н байрыг авч өгөх гэсэн юм, эгчтэйгээ хамт яваад байхаар үзээдхээч гэхээр явж байр үзсэн чинь 68.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Эгч өглөө нь залгаад Ш.Г байр авч өгөхөө болиод наад 2 хүнээ үхсэн хойно байраа аваарай, одоо тооцоо дууслаа шүү гэсэн байсан. Бид хэд байнга утасдаж хэлдэг байсан. Та байрны гэрчилгээг эгчид шилжүүлж өгөөч гээд. Эгч Ш.Г-ыг Монголд ирэх болгонд нь шаарддаг байсан. ... Энэ хүнийг 40 хэдэн настай байхад нь аавыгаа асруулж байр савыг нь зарчихаад энэ хүний амьдралаар тоглосон. Одоо тэтгэвэрт гарчихаар нь нохой шиг хөнөөж гаргана гэсэн. ... Байрны завсрыг нь хийж өгсөн хүний хажууд орж ирээд Гоё болсон байна. Түлхүүрээ ав, одоо наад түлхүүр чинь надад хэрэггүй гээд өгчихөөд явсан. ... Эгчийн байрыг зарсан, зарсан байрныхаа оронд өгсөн байр. Нэг зүйл сонин байгаа эгчийн зарсан байр, энэ байрыг авсан нь 8 хоногийн зөрүүтэй. Манай эгчийн зарсан байрны мөнгөөр энэ байрыг худалдаж авсан байх магадал өндөр байгаа. ... Эгчид байр авч өгнө гээд байр үзсэн. 68.000.000 төгрөг гэж байсан. Ш.Г ахад хэлээрэй гэсэн чинь өглөө нь утасдаад Амьдарч байгаа байраа 2 хөгшнийг өнгөрөхөөр нь аваарай гэсэн. 2013 онд Америкаас утасдаад байр үзээдэх гэхээр нь би хороолол явж байр үзсэн. ... Манай нөхөртэй ярихдаа 600 ам доллароор зарсан гэж өөрөө ярьсан гэж,

 

Гэрч Д.Ч-ийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: Намайг Солонгос явахаас өмнө 1997 онд Ш.Г ах Г.О эгчийн байрыг заруулсан. Манай нөхөр хамт оролцсон. Манай нөхөр бид хоёр Солонгос явах гээд мөнгөний хэрэгцээ байсан тул нөхөр маань Надад мөнгөний хэрэг байна. 800.000 төгрөг зээлээч гээд зарагдсан байрны мөнгөнөөс нь Ш.Г-аас зээлж авч байсан. Манай нөхөр 1998 онд Солонгос явсан. Би 1999 онд араас нь очсон. Зээлсэн 800.000 төгрөгөө 1.000 доллар болгож өгсөн. Хэсэг хугацааны дараа Т /Г.О-ыг бид ингэж авгайлж дууддаг/ эгчид байр авч өгөх гэж байгаа гэхээр нь тухайн зээлсэн 800.000 төгрөгөө 2.000 доллар болгож өгсөн ба тухайн мөнгөө Ш.Г ахад өгсөн. Байр заруулсных нь оронд Байр авч өгнө гэж ярьдаг байсан. Г.О өвтэй хүмүүсийг хараад гэртээ байдаг байсан. Та харж л бай, 2 жилийн дараа энэ байр таных гэж хэлж байсан. Бид Та хурдан байраа шилжүүлээч гэж хэлсэн. ... Цагаан сараар байнга очиж золгодог байсан. Тэгэхэд юу болж байна гэхэд Асуудалгүй, энэ байр Т эгчийн байр гэж ярьдаг байсан. Т эгч итгэдэг байсан. Ш.Г ахын ээжийг бас асардаг, эгч бол хүнд ачаа үүрдэг байсан. Г.О байрыг яг хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Т эгчийн байрыг зарсан мөнгөнөөс нь 800.000 төгрөг авсан гэж хэлж байсан гэж,

 

Гэрч Н.Э шүүхэд өгсөн мэдүүлэгт: Ш.Г ах Т эгчийн байрыг зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг би мэдэхгүй байна. Г.О эгч ярьж байсан. 2018 онд байранд завсар хийж байхад Ш.Г ах орж ирээд Гоё болж байна гэсэн. Тэгээд нөгөө өрөөнд ороод түлхүүрийг нь өгсөн. Байрны түлхүүр өгсөн, би яриаг нь сонсож байсан. Би түлхүүр өгч байхыг нь харсан. Эмээ, том ах, эгч 3 хамт амьдардаг. 2017 онд ах нас барсан. Г.О эгч байранд завсар хийгээд өгөөч гэж гуйсан учир завсар хийсэн гэж,

 

Гэрч Н.О шүүхэд өгсөн мэдүүлэгт: 1998 онд төрсөн ах Солонгос улсад ирсэн. Нэгдүгээр хорооллын арын байранд байхад Ш.Г ах тэр байрыг зарсан. Энэ байрыг 6.000 ам доллароор зарсан. Ах маань 800.000 төгрөг зээлээд, дараа нь 2.000 ам доллар болгож өгсөн. Тэр үед нь би Солонгос улсад байсан. Үлдэгдэл мөнгийг Ш.Г ах аваад явсан. Манайх мөнгөө өгсөн. Г.Ш ахтай Г.О эгч хамт амьдардаг байсан. Г.О эгч ахыг харсаар байгаад таарсан. Ш.Г ах мөнгийг аваад Байр авч өгнө гээд явсан. 7, 8 жилийн өмнө байр хайгаад явж байсан. Таалагдахгүй болохоор нь Чи наад байраа ав гэж байсан. Гэтэл одоо ахыг өнгөрсөн хойно Байрнаас гар, зайл гээд байх юм. Ш.Г ах надаас хүүтэй мөнгө зээлээд хүүг нь ч өгөөгүй. Хамаатан болохоор нь хаясан. 60 гарсан хүнд ядаж 1 өрөө байрыг аваад өг л дөө. Хамгийн гол нь Байрыг нь авч өгнө гэсээр алга болчихсон гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн болон хариуцагчийн гаргаж буй удаа дараагийн тайлбараар Ш.Г нь Г.О өмчлөлийн орон сууцыг 1997 онд худалдан борлуулж, мөнгийг нь өөртөө авч ашигласан, мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй садан төрлийн холбоотой, мөн түүний Байр авч өгнө, Наад байраа аваарай гэх амлалтад итгэж, энэ 20 гаран жилийн хугацаанд байрны төлбөр, мөнгийг нэхэмжилж байгаагүй болох нь тогтоогдож байх ба үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байсан байх тул хариуцагчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэв.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Г ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны үнэлгээг 128.000.000 төгрөг хэмээн дүгнэлт гаргасан ба хариуцагчийн нэхэмжилсэн 120.000.000 төгрөг нь үндэслэл бүхий байна.

 

Иймд Ш.Г-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-аас 120.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д олгохоор шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-оос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-т, нэхэмжлэгч Ш.Г-аас 757.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д тус тус олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.О эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-оос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-т, нэхэмжлэгч Ш.Г-аас 757.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА