Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02068

 

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр Дуга210/МА2023/02068

 

 Ш.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/02754 дугаар шийдвэртэй,

 Ш.Г-ын нэхэмжлэлтэй,

Г.О-д холбогдох

 Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцны үнэ 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн өмч хувьчлалын 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор надад хувьчилснаар уг орон сууцны өмчлөгч болж, өмчлөх эрх улсын бүртгэлийн Ү-220600**** дугаарт бүртгэгдсэн. Би АНУ-д ажиллаж амьдарч байгаад сахарын өвчний улмаас биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан тул 2022 оны 04 дүгээр сард эх орондоо ирсэн. Гэтэл миний өмчлөлийн дээрх орон сууцанд сууж байсан аавын төрсөн дүү Г.О орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна.

1.2. Хариуцагч Г.О-ыг "Орон сууц чөлөөлж өгөөч" гэж олон удаа гуйсан ч чиний аавыг чинь харж асарч байсан гэж дарамтлаад гардаггүй. Г.Ш агсан нь миний аав, энэ хүний төрсөн ах шүү дээ, аавд минь хань болж байсан ч бүх зардлыг би өгч байсан. АНУ-аас ирэхээсээ өмнө "би удахгүй очно, байрандаа орно гэдгээ мэдэгдэж байсан. Би АНУ-д ажиллаж амьдарч байхдаа өөрийн төрсөн ах, дүү нартаа чадахаараа тусалж, харж хандаж байсан. Тухайлбал, хариуцагч Г.О-ны охин Б.Э-г АНУ-д өөрийн зардлаар сургуульд сургаж, боловсрол, мэргэжилтэй болгож өгсөн, одоо Вашингтонд амьдарч байна. Г.О-ны хүүхдүүд насанд хүрсэн, мэргэжил, боловсролтой болсон өөрсдийн амьдралыг аваад явах боломжтой болсон атлаа орон сууц чөлөөлж өгөхгүй, улмаар хаалганы цоожны голыг сольсоноос би гэртээ орж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Г.О-ны хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны 29 м.кв талбайтай ** тоот орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Маргаан бүрхий орон сууцыг надад өгнө гэж Ш.Г амлаад миний байрыг заруулан АНУ руу явсан, энэ орон сууцанд би 20 гаран жил амьдарч байна. Өмчлөх эрхээ шилжүүлэх гэхээр АНУ-д байгаа болохоор зав гарахгүй байна гэдэг байсан. Миний аав, ээжийг н.Г-д, миний төрсөн ахыг Г.Ш гэдэг. Нэхэмжлэгч Ш.Г нь миний төрсөн ах Г.Ш-ын төрсөн хүү юм.

2.2. Ш.Г нь надад ганц байсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, нэг өрөө орон сууцыг 1997 онд намайг ятган, танд оронд нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол ** дүгээр байрны ** тоот өөрийн өмчлөлийн байраа өгнө, дүү нь АНУ явах шаардлагатай байна, надад итгээд байраа зараад мөнгийг нь өгчих гэж амалж, гуйгаад байхаар нь би төрсөн ахын хүү тул итгэж, өөрийн байраа зарж мөнгөө бүхэлд нь Ш.Г-т өгсөн. Энэ байдлыг манай ах, дүү, тэдний хүүхдүүд бүгд мэднэ, үйл явдлыг харж байсан. Би байраа зарж Ш.Г-т мөнгийг өгчихөөд өөрийн ээжийн байр болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 40 дүгээр байрны 2 тоотод байрлах орон сууцанд аав, ээж, өөрийн 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Гэтэл Ш.Г нь ээж н.Г-ын бидний хамт амьдарч байсан байрыг өөрийн аавын нэр дээр ятгаж шилжүүлээд уг байрыг бидэнд хэлэхгүйгээр зарсан тул бид нар Ш.Г-ын нэр дээр байдаг, Г.Ш ахын Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод шилжиж орсон. Ээж 2014 онд нас барсан, ах Г.Ш өвчтэй болсон учир би асарч байсан. Энэ хугацаанд би Ш.Г-аас өөрийн байрны мөнгө авъя гэж нэхэхэд Наад байр чинь угаасаа танд очно, ах дүү хүмүүс байна, би одоо АНУ-д амьдарч байгаа тул байрыг чинь Монголд очоод шилжүүлээд өгнө. гэсэн.

2.3. Г.Ш ах 2019 онд нас барж, Ш.Г нь Монголд ирсэн. Би байрны нэрээ шилжүүлэх гэтэл барьцаанд тавьчихсан гэсэн. Ш.Г нь манай аавын, ээжийн болон миний байрыг залилж зараад бүх мөнгөө өөрөө авсан, энэ байраа надад шилжүүлж өгнө гэсэн үгэнд нь би итгэж цагдаа, шүүхэд өгөөгүй. Ш.Г нь өөрөө олон байртай, амьдрал нь боломжийн байж, миний байрыг зарж, хөлжиж АНУ явж амьдралаа дээшлүүлээд өгнө гэсэн байрныхаа нэрийг шилжүүлж өгөхгүй, шүүхэд өгсөнд гомдолтой байна. Ш.Г хэзээ ч ах, дүүдээ тус болж байгаагүй. Б.Э-г хүүхдээ харуулах гэж авч явсан. Би 20 жил өвчтэй аавыг нь асарсны эцэст байргүй, хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна. Одоо би 64 настай, хөдөлмөрийн чадваргүй, очих газаргүй болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Ш.Г нь миний төрсөн ах Г.Ш-ын төрсөн хүү гэдэг утгаараа надад ганц байсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг 1997 онд намайг ятгаж заруулж, таньд оронд нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол ** дүгээр байр ** тоот хаягтай өөрийн өмчлөлд байдаг байраа өгнө, дүү нь АНУ явах шаардлагатай байна, та надад итгээд байраа зараад мөнгийг нь өгчих гэж амалж гуйгаад байхаар нь би итгэж, өөрийн байраа зарж мөнгөө бүхэлд нь Ш.Г т өгсөн. Би байраа зарж Ш.Г-т мөнгөө өгчихөөд ээжийн байр болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны ** тоот орон сууцанд аав, ээж, 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Гэтэл Ш.Г нь ээж н.Г-ын бидний хамт амьдарч байсан байрыг өөрийн аавын нэр дээр ятгаж шилжүүлээд уг байрыг бидэнд хэлэхгүйгээр зарсан тул бид нар Ш.Г-ын нэр дээр байдаг Г.Ш ахын Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод шилжиж орсон. Ээж минь 2014 онд нас барсан, ах Г.Ш өвчтэй болсон учир би асарч байх хугацаандаа би Ш.Г-аас өөрийн байрны мөнгө авъя гэж нэхэхэд Наад байр чинь угаасаа танд очно, ах дүү хүмүүс байна, би одоо АНУ-д амьдарч байгаа тул Монголд очоод шилжүүлээд өгнө гэсэн. Г.Ш ах 2019 онд нас барж, Ш.Г Монголд ирсэн. Байрны нэр шилжүүлэх гэтэл барьцаанд тавьчихсан гэсэн.

Ш.Г нь олон байртай, үнэтэй хауснуудтай, амьдрал нь боломжийн, авгай хүүхдүүд нь АНУ-д тансаг үнэтэй хаусанд суудаг, одоо миний ганц байрыг зарж, хөлжиж АНУ явж амьдралаа дээшлүүлчихээд нэр шилжүүлж өгөхгүй, шүүхэд өгсөнд гомдолтой байна. Иймд 1 өрөө орон сууцны үнэ 120,000,000 төгрөгийг Ш.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. 1996-1997 оны үед байх хариуцагч Г.О-ны эгч Г.Ө-ний хүү Ө.Ч нь эхнэр Д.Ч-ийг Солонгос явуулахын тулд эгч Г.О-ны ** дугаар байр, 39 тоот, 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, хүнээс мөнгө аваад Солонгос явуулсан боловч Солонгосын хил дээрээс буцаж ирсэн гэж яригдаж байсан. Ингээд орон сууцаа зарж, барьцааны мөнгөө төлсөн гэсэн, эд нар байраа зарсан асуудал надад хамааралгүй. Г.О өөрийн байраа зарснаас хойш 2 хүүхдийн хамт Зурагтад миний эмээ н.Г-ын хашаа, байшинд амьдарч байсан. Уг хашаанд хариуцагч Г.О-ны ах Г.Ц, эгч Г.Ө, хариуцагч Г.О-ны ээж буюу миний эмээ н.Г-д нарын 3 айл байсан ба тэд хоорондоо эв түнжингүй байсан /бага дүү талийгаач Г.Б нь архи уудаг, агсам тавьдаг/ тул би 1999 онд эмээ н.Г-д болон Г.О-ыг 2 хүүхдийнх нь хамт өөрийн өмчлөлийн маргаж байгаа Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууцанд оруулсан. Энэ үед би эхнэр, хүүхдийн хамт АНУ-д амьдарч байсан ба анх 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр АНУ явсан.

4.2. Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууц нь миний аав Г.Ш-ын байр. Уг орон сууцыг анх Зам гүүрийн барилга трестээс миний эмээд өгсөн, эмээ том хүү Г.Шыг оруулсан байдаг. Энэ үед би эмээтэйгээ хамт Зурагтад байдаг байсан. Тухайн үед аав, ээж 2 салсан, аав н.Х-тай суугаад, нэг хүүхэдтэй байсан. Аав хойд ээжээс салсан тул энэ байранд аав, дүү Ш.Г бид 3 үлдсэн. Хариуцагч Г.О нь миний аав Г.Ш-ын нэр дээр байсан энэ орон сууцанд амьдарч байгаагүй. Аав 1973-2004 онд амьдарч байсан. 2003 онд аав минь угаартаж, ухаангүй байх үед нь хажуу айлын хүмүүс мэдэж, цонхоор нь гаргасан байдаг. Би энэ үйл явдлыг мэдээд, аавыг байраа зараад маргаж буй 4 тоот орон сууцанд эмээ, Г.О нартай хамт амьдар гэдэг саналыг хэлсэн. Ингээд аав Г.Ш, эмээ н.Г-д, Г.О, түүний 2 хүүхэдтэй хамт маргаж байгаа 2 өрөө байранд амьдрах болсон. Аавыг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоот орон сууцаа зарсан мөнгөнөөс би аваагүй, надад явуулаагүй, энэ үед би АНУ-д ажиллаж амьдарч байсан.

4.3. 2004 онд Г.О-ны охин Б.Э, миний аав Г.Ш-ын хамт АНУ-д ирсэн. Б.Э-г Cave spring high school-д 4 жил сургаад, коллежид оруулсан. Ээж нь охин Б.Э-даа мөнгө явуулж байгаагүй, би онгоцны билет болон хэрэглээний бүх зардлыг дааж байсан. Миний охин 7 настай, хүү 11 настай, Б.Э 13 настай байсан, миний 2 хүүхдийг харах шаардлага байгаагүй. Би чадалтай үедээ 1990-1994 онд ганзагын наймаа хийдэг, аж ахуй эрхэлж байхад аавын 8 дүүгийн хүүхдүүд над дээр ажиллаж, гэр бүлийг нь тэжээж байсан. Би өөрийн байрыг бусдад түрээслүүлээд орлого олох боломжтой байхад Г.О-ыг хүүхэдтэй нь үнэгүй байлгаж байгаа нь хамаатан садангаа харж үзсэн хэрэг биш юм уу.

4.4. Миний аав насаараа жолооч хийсэн, өвдөж байгаагүй, 2014 онд тэтгэвэрт гарсан. Би аавдаа Ниссан сани /Nissan sunny/ машин авч өгсөн, түүгээр халтуур хийдэг, Г.Ооор харуулах, тэжээлгэх шаардлага байхгүй. Би аавдаа цагаан сараар 1,000 ам.доллар, наадмаар 500 ам.доллар гэх мэтээр шаардлагатай үед нь мөнгө өгдөг, аав АНУ-д 6 удаа очиж сар болоод буцдаг байсан. Аав удаан хугацаагаар өвдөөгүй. Би АНУ-аас ирж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт 7 хоног, Бриллиант эмнэлэгт 7 хоног хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. 2 байрны зардал төлөх шаардлагагүй гэж өөрийн байраа зарсан байсан. Хариуцагч Г.О-ны сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.5. Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монголд ирсэн, 05 дугаар сард миний сахарын хэмжээ гэнэт ихсэж, тулай өвчнөөс болж хөл бүхэлдээ хавдаад эмчилгээ хийлгэх шаардлагтай болж, байраа барьцаалаад сарын хугацаатай мөнгө авъя гээд очиход гэрт оруулаагүй, 2 хоногийн дараа АНУ дахь машин зарагдаад мөнгө хэрэггүй болсон, тиймээс байраа барьцаанд тавиагүй. Миний төрсөн дүү Ш.Ганзул гудамжинд архи уугаад явж байгаа, би өөрөө өвчтэй болсон, орох орон алга, айлаар явж байгаа. Иймээс миний нэхэмжлэлийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.О-ны эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-220600**** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.О-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Г-т, нэхэмжлэгч Ш.Г-аас 757,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Ш.Г-ын аав Г.Ш-ын төрсөн дүү бөгөөд 1996-1997 онд Г.Оы эгч Г.Ө-ний хүү Ө.Ч-ийн эхнэр Д.Ч-ийг ажил хийлгэхээр Солонгос Улс явуулахдаа эгч Г.Оы нэр дээрх Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот, 1 өрөө орон сууцыг барьцаалж, хүнээс мөнгө зээлж явуулсан боловч Солонгос Улсын хил дээрээс буцаж ирснээс шалтгаалан зээлсэн мөнгөө төлж чадахгүй барьцаалагдсан 1 өрөө орон сууцаа Г.О зарсан байдаг. Уг үйл явдал нь нэхэмжлэгч Ш.Г-тай холбоогүй байхад анхан шатны шүүх гэрч Д.Э, Д.Ч, Н.Э, Н.О нарын мэдүүлгээр няцаагдсан гэж үзэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн болон үйл баримтын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Г.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..маргаж байгаа байрыг өгнө... гэсэн, ...Америк явах гэж миний байрыг заруулж мөнгийг нь авсан гэх мэтээр бодит үнэнд нийцээгүй худал тайлбарыг гаргаж байсан. Мөн шүүхийн коридорт хүлээгээд байж байхад мэдүүлэг бичсэн цаасыг гэрчүүд дамжуулан уншуулж байснаа өөрсдөө мэдэж байгаа байх. Г.Оы байрыг барьцаалж мөнгө зээлсэн этгээд болох Д.Ч гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө Солонгосын хил дээрээс буцаж ирсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр гэрч Д.Ч нь Г.О-ны эгч Г.Өвгөний хүү Ө.Ч-ийн эхнэр, гэрч Д.Э нь Ө.Ч-ийн дүүгийнх нь эхнэр, гэрч Н.Э нь Ө.Ч-ийн дүү юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О-ны орон сууцыг барьцаалж хүнээс мөнгө авч Солонгос явуулсан Ө.Ч, Солонгосын хилээс буцаж ирсэн Д.Ч нар хамаарал бүхий этгээдүүд байхад шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

6.2. Хариуцагч Г.О нэхэмжлэгчийн орон сууцнаас гарсан тохиолдолд Г.О-д орон сууц авч өгөх асуудал үүсэх тул гэрчүүдээс Г.О-д ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасан байдаг. Хэдийгээр хариуцагчийн дээрх этгээдүүдийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй ч тэдний мэдүүлгээс өөр нэхэмжлэгч Ш.Г нь сөрөг нэхэмжлэгч Г.О-д байр авч өгөх үүрэг хүлээснийг нотолсон баримтгүй, Ш.Г байр авч өгөх мөнгийг тэднээс авсныг нотолсон өөр нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр гэрч гэх хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэн Ш.Г ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, түүнээс 120,000,000 төгрөг гаргуулж, Ш.О-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-д заасан шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

7.1. Хариуцагч талаас гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, БНСУ руу явсан, АНУ руу явсан он сар буруу байна гэж тайлбарлаж байна. Орон сууцыг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл гаргахад, миний орон сууцыг зараад 26 жил орон сууц авч өгнө гэж хэлээд эцгийгээ асруулсан. Одоо өөрийнхөө 1 өрөө орон сууцны мөнгийг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрч Д.Э, Д.Ч, Н.Э, Н.О нар зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь ах дүүсийн хүүхдүүд буюу үеэлүүд юм. Төрсөн ахынх нь том хүү нь та орон сууцаа худалдаад мөнгийг нь надад өгчих, би АНУ руу явчихаад ирье. Ирээд буцаад таны орон сууцыг аваад өгчихнө гэж хэлээд авч явсан. Дээрх гэрчүүд нь тус орон сууцыг худалдсан эсэхийг нотолсон. Гэрч би нөхөртэйгөө хамт яваад маргаан бүхий орон сууцыг худалдсан. Тухайн үед 800,000 төгрөг зээлэх үү гэж асуухад, Г.О эгчид орон сууц авч өгөх учраас хүүтэй зээлнэ 1,000 ам.доллар болгож өгөөрэй гэж хэлээд хэсэг хугацааны дараа орон сууц авах гэж байна 2,000 ам.доллар болгож өг гэж хэлэхэд нь өгсөн гэж мэдүүлсэн. Үеэлүүд болох гэрч Н.Э, Н.О нар бид нарыг БНСУ руу явчхаад ирэх үед эгчийн орон сууцыг авч өгье орон сууц үзэж байгаарай гэж хэлэхэд нь хороололд байр үзэхэд 68,000,000 төгрөг гэж байсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй. Сүүлдээ Ш.Г нь орон сууцыг авч өгөхөө болилоо 2 хөгшнийг асарч байгаад тус орон сууцыг ав гэж хэлсэн байдаг. Гэрчийн мэдүүлгүүдээр орон сууц авч өгнө гэж хэлээд орон сууцыг нь худалдсан. Мөнгийг нь өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Миний эцгийг асарч байгаад тус орон сууцыг ав гэж хэлсэн нь нотлогддог. Бүх хамаатнууд нь гэрчийн мэдүүлэг өгч байхад, нэхэмжлэгч нэг ч удаа шүүх хуралдаанд ирээгүй. 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.О 1 өрөө орон сууцтай байсан, тус орон сууцаа зарсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.О орон сууцаа худалдсан, 10 дугаар сарын 17-ны өдөр Ш.Г орон сууц аваад АНУ руу явсан. Г.О орон сууцаа худалдсан мөнгөө Ш.Г т өгсөн үйл баримт нь бичгийн нотлох баримтаар тогтоогддог.

7.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энэ хүн таны орон сууцыг худалдаад мөнгийг чинь өгөөгүй юм бол 10 жилийн дараа Монгол Улсад ирэхэд нь аятайхан хандсан бол өгөх байсан. Та нарын хувийн байдлаас болж маргаан үүссэн гэх тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, орон сууц өгөх ёстой байсан гэх агуулгатай тайлбар хэлдэг. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтыг үндэслэж хуулийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй. Давж заалдах гомдолдоо үйл баримтыг таамаглаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.О-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үнэ 120,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

 4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

4.1. Нэхэмжлэгч Ш.Г нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, 4 тоот, 29 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Г-ын өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм.

4.2. Хариуцагч Г.О нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон хэдий ч тэрээр хууль буюу хэлцлийн үндсэн дээр эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Иймд нэхэмжлэгч Ш.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

 5. Хариуцагч Г.О нь орон сууцны үнэ 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Г-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж, үндэслэлээ Ш.Г миний байрыг заруулаад АНУ явсан. Оронд нь энэ байраа өгнө гэж амлаад энэ байранд би 20 гаруй жил амьдарч байгаа гэж тайлбарлаж, түүний хүсэлтээр шүүх гэрч Д.Э, Д.Ч, Н.Энхчулуун, Н.О нараас мэдүүлэг авчээ.

5.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эзэмшиж /хх-95/, 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өмчилж /хх-4/, 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн /хх-5/, хариуцагч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, 39 тоот дахь 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдад худалдсан /хх-92/ үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, мөн хариуцагч нь байраа худалдсаны дараа өөрийн ээжийн байр болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны 2 тоот орон сууцанд аав, ээж, 2 хүүхдийн хамт амьдарч байсан, тэндээс бид маргаан бүхий 4 тоотод шилжиж орсон гэж тайлбарласан байна.

Дээр дурдсан үйл баримтыг цаг хугацааны дарааллын хувьд харьцуулж үзэхэд, хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах үед нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий орон сууц нь байсан тул тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг бус харин хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, уг мөнгөөр АНУ явсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай байна.

 5.2. Гэрч Д.Энхсайхан Эгчийн байрыг зарсан, зарсан байрныхаа оронд өгсөн байр. Манай эгчийн зарсан байрны мөнгөөр энэ байрыг худалдаж авсан байх магадлал өндөр байгаа гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ч Ш.Г ах Г.О эгчийн байрыг заруулсан. Байр заруулсных нь оронд байр авч өгнө гэж ярьдаг байсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.Э, Ш.Г ах Г.О эгчийн байрыг зарсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.О Ш.Г ах тэр байрыг зарсан. Ш.Г ах мөнгийг аваад байр авч өгнө гээд явсан гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.

Хэдийгээр гэрчүүд хариуцагчийн тайлбарыг нотолсон агуулга бүхий мэдүүлэг өгсөн ч тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдал буюу Г.О байраа хэрхэн худалдаж Ш.Г т хэдэн төгрөг хэрхэн шилжүүлсэн, мөн Ш.Г нь Г.О-д байраа өгөх, эсхүл байр авч өгөх талаар хэзээ, хэрхэн илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг гэрчүүд үзсэн, харсан эсэх, ямар нотлох баримтад үндэслэн ийнхүү мэдүүлсэн нь тодорхой бус байхаас гадна хариуцагчтай хамаарал бүхий этгээдүүд байна.

5.3. Дээр дурдсанаар гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй, мөн тухайн мэдүүлгийг нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Г-т холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/02754 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ш.Г т холбогдох 120,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Оы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

3 дахь заалтаас нэхэмжлэгч Ш.Г-аас 757,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д тус тус гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 Д.БЯМБАСҮРЭН