Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1577

 

“А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01373 дугаар шийдвэртэй

 

“А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ж К” ХХК-д холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зуучлалын гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан 92 323 008.14 төгрөгийн хамт буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч Б.Б, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“А Т” ХХК нь “Ж К” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Зуучлалын гэрээ” байгуулсан бөгөөд “А Т” ХХК нь ОХУ-аас 2 300 тонн арматур төмрийг “К” ХХК-д нийлүүлэх, “Ж К” ХХК нь арматурыг хүлээн авснаас хойш арматурын төлбөрийн хамтаар зуучлалын хөлсний 50 хувийг ажлын 3-15 хоногт, үлдэгдэл төлбөрийг түүнээс хойш ажлын 15 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. “А Т” ХХК нь “К” ХХК-д ОХУ-аас нийт 1 530 тонн арматур нийлүүлэхэд зуучлалын үйлчилгээг үзүүлсэн боловч хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж байгаагүй. Тиймээс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бид зуучлалын хөлсийг 170 000 000 төгрөг байхаар тохирч, энэ төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30 өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ “Ж К” ХХК илэрхийлсэн бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр болсон. Гэвч уг төлбөрөөс 70 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлж, үлдэх хэсгийг буюу 100 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанид хохирол учруулсаар байна. Түүнчлэн, өөрсдийн арматурыг шилжүүлээд байгаа зүйл байхгүй тул зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан гэх хуулийн үндэслэл үгүй. Иймд зуучлалын гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагчаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 100 000 000 төгрөг болон түүнд ногдох 50 000 000 төгрөгийн алдангийн хамт нийт 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, өмгөөлөгч Г.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

“Ж К” ХХК нь 2016 оны 4 дүгээр сараас эхлэн Япон улсын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Харин зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлэх, ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын хуулийн этгээд болох “К” ХХК ажиллаж байна. Манай компанийн зүгээс “К” ХХК-д арматур нийлүүлэх үүднээс арматурыг оруулж ирэх ажлыг тухайн үед эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд ОХУ-аас арматур оруулж ирэхэд зуучлах компанийг сонгож ажилласан бөгөөд тус компани нь “А Т” ХХК байсан. Ийнхүү гэрээний дагуу “Ж К” ХХК-д “А Т” ХХК нь 1 530 тонн арматурыг нийлүүлэхэд зуучлан ажилласан байдаг. Хариуцагч нь тус гэрээгээр 2 300 тонн арматурыг зуучлуулах хэлэлцээртэй байсан ч 1 530 тонн арматурыг зуучлуулсан. Зуучлалын гэрээний нийт төлбөрийг 300 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд нийт зуучлах арматурыг зуучлалгүйгээр тохиролцсон хэмжээнээс тал арматурыг зуучлан ажилласан. Иймээс хариуцагчийн зүгээс нийт гэрээний төлбөрийг олгохоос татгалзаж, 170 000 000 төгрөгийн төлбөрийг олгохыг хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 70 000 000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Улмаар төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагч хичээн ажилласан боловч “Ж К” ХХК-ийн төлвөл зохих дүнгээс өндөр дүнг шаардаж төлүүлж байсан нь баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн хувьд арматурыг нийлүүлэх ОХУ-ын компанитай “Ж К” ХХК-ийг холбож өгөх байсан боловч өөрийн ашиг сонирхол, хувийн бизнесийг урьтал болгон, гэрээг зөрчин ОХУ-аас арматур нийлүүлж, зуучлуулагчид худалдсан байна. “Ж К” ХХК-ийн хувьд зуучлагч гуравдагч этгээд болохыг гэрээ байгуулах үед болон гэрээ байгуулахаас өмнө мэдээгүй байсан бөгөөд итгэлцлийн үндсэн дээр гэрээний харилцааг үргэлжлүүлж байсан. Гэтэл зуучлагч зуучлуулагчийг итгэлийг хууран мэхэлж, өөртөө ашиг хүртэх, орлого олох үйлдлийг хийсэн нь хууль бус байна. Зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан нь зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Зуучлагч нь гуравдагч этгээд байж, ашиг хүртсэн тохиолдолд түүний хувийн ашиг сонирхол зуучлуулагчийнхаас давсанд тооцно. Иймээс дээрх шалтгаан нөхцөлийн улмаас хариуцагч “Ж К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Харин “Ж К” ХХК болон “А Т” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний үр дагавар болох шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэнэ үү. Мөн зуучлалын гэрээний дагуу “Ж К” ХХК-д “А Т” ХХК-ийн нийлүүлсэн 1 530 тонн арматурын төлбөрийг нэхэмжлэгч өөрийн компанийн дансаар бүрэн авсан. Ингэхдээ “А Т” ХХК нь өөрийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг тодорхой үндэслэлгүйгээр “Ж К” ХХК-аас нэхэмжилж, зээлийн хүүгийн төлбөрт нийт 92 323 008.14 төгрөгийг хүлээн авсан байна. Иймд 92 323 008.14 төгрөгийг буцаан шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, “А Т” ХХК-аас нийт 162 323 008.14 төгрөг гаргуулах “Ж К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж К” ХХК-аас 150 000 000 төгрөгийг гаргуулж “А Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 907 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2 785 900 төгрөгөөс 1 197 715 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 588 185 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуульд даалгаврын гэрээг даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар нь хөлс төлөх үүргийг хүлээх үүрэг бүхий хэлцлийг ойлгохоор тусгасан. Гэтэл “А Т” ХХК-тай байгуулсан гэрээгээр тус компани нь зуучлагч байх бөгөөд зуучлалын гэрээгээр “А Т” ХХК-ийг “Ж К” ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах, зуучлуулагчийг төлөөлж гадаад харилцаанд оролцох эрхийг олгоогүй. Хэргийн материалд итгэмжлэл олгосон, өөрийг нь төлөөлж гадаад харилцаанд оролцох, гэрээ хэлцэл байгуулах эрхийг олгосон албан бичиг, зөвшөөрөл огт байхгүй. Иймээс даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс арматур нийлүүлэх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулаагүй юм. Түүнчлэн даалгавар гүйцэтгэгч нь ОХУ-ын ХК-тай гэрээ байгуулахдаа “Ж К” ХХК-ийн нэрийн өмнөөс бус өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс гэрээг байгуулсан байдаг. Манай компани Оросын холбооны Улсын “ЧМК” ХК-тай гэрээ байгуулж ирэх талаар даалгаврыг “А Т” ХХК-д огт өгөөгүй. Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн зардлаар тодорхой үйлдэл хийсэн байх гэдэг нь даалгавар гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхээс өмнө даалгавартай холбоотой гарах зардлыг урьдчилан даалгавар гүйцэтгэгчид өгсөн байхыг ойлгоно. Гэтэл “А Т” ХХК нь өөрийн зардлаар арматурыг нийлүүлсэн байдаг. Хэргийн материалд авагдсан "Агь трейд" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн "Жунсон констракшн” ХХК-ийн арматур олгосон тооцоонд “А Т” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 300 000 000 төгрөгийн зээлийг авч арматурыг нийлүүлсэн талаар дурдсан ба шүүх хуралдааны мэтгэлцээний үед үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч “А Т” ХХК нь “Ж К” ХХК-д арматур нийлүүлэхдээ ямар үнээр, ямар компаниас арматур авах гэж байгаа эсэх, төлбөр төлөх нөхцөл, зардлын удирдамж, чиглэмж авч байгаагүйгээс гадна манай компанид зуучлал, нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ огт үзүүлж байгаагүй болно. Нийлүүлсэн гэдэг нь үр дүнгийн асуудал боловч нийлүүлэхтэй холбоотой ямар үйлчилгээ, хамтын ажиллагаа үзүүлж, хариу төлбөр шаардаж байгаа вэ гэдэг нь чухал ач холбогдолтой. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Хэргийн материалд “А Т” ХХК-ийн үйлчилгээ үзүүлсэн эсэхтэй холбоотой нэг ч нотлох баримт байхгүй бөгөөд гаргаж өгөөгүй байдаг. Дээрх гурван үндэслэл хангагдахгүй байх тул талуудын хооронд байгуулсан Зуучлалын гэрээг даалгаврын гэрээ үзэх үндэслэлгүй юм.  “А Т” ХХК болон “Ж К” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зуучлалын гэрээний 5 дугаар зүйлд хариуцлага буюу гэрээгээр гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги, түүний үнийн дүнгийн дээд хязгаар хэмжээг тогтоосон байдаг. Мөн гэрээний 5.3-т “Торгууль нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Уг гэрээний дагуу торгуулийн хэмжээг бус алдангийн хэмжээг тогтоосон нь илт тодорхой. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т гэрээний хугацаа 1 жил байна гэж тохиролцсон. Дээрх заалтын дагуу гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээгээр тогтоосон алданги тооцох үндэслэлгүй болох бөгөөд нэхэмжлэгчийн тогтоосон алданги тооцсон тооцоолол нь буруу юм. Гэрээний 5.3-т алдангийн хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн албан бичигт алданги тооцох хэмжээг тохиролцоогүй. Нөгөөтэйгээр гэрээний хугацаа дууссан тул алданги тооцох эрх зүйн үндэслэл байхгүй болно. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба огт үндэслэлгүй шийдвэр гаргаж хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Манай компани “А Т” ХХК руу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 160 тоот албан бичиг хүргүүлж байсан. Дээрх нотлох баримт нь хэргийн материалд авагдсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд зээл авч материал нийлүүлсэн талаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс манай компанийн зүгээс өөрийн зохих ёсны шаардлагаа албан бичгээр хүргүүлж, алданги төлөх боломжгүй талаар мэдэгдэж байсан. Иймээс хариу үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэл огт байхгүй бөгөөд алданги төлөхөөс татгалзах эрх манай компани байгаа болно.

Хэргийн материалд “А Т” ХХК-аас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан арматурын тооцоолол, банкны зээлийн хүүг шаардаж манай компани руу хүргүүлж байсан нэхэмжлэхүүд авагдсан. Гэтэл шүүхийн зүгээс хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй юм. Зуучлалын гэрээний үүрэг болон зээлийн хүүг төлөх үүрэг нь харилцан уялдаа холбоогүй, харилцан тооцох үүрэг биш тул манай компанийн зүгээс төлөх ёсгүй байсан мөнгөн төлбөр болох зээлийн хүүгийн мөнгөн төлбөрийг буцаан шаардаж байгаа болно. “А Т” ХХК манай компани руу “Арматур нийлүүлсэн тооцоо”-г тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн ба тус тооцооллын “Зээлийн хүү тооцсон” хүснэгтэд 92 323 008.14 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг тооцож авсан тухай тусгасан байдаг. Зуучлалын гэрээгээр нэг талаас зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, нөгөө талаас зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээдэг. Түүнчлэн “А Т” ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээнд зуучлуулагч тал зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөх тухай заалт байхгүй бөгөөд гэрээгээр тохиролцож тусгаагүй. Иймд “Ж К” ХХК нь зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй болно. Иймд “А Т” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу манай компаниас шилжүүлсэн зээлийн хүүгийн мөнгөн төлбөр 92 323 008.14 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул манай компани дээрх хөрөнгөө буцаан шаардах хууль зүйн үндэслэл бүхий эрхтэй болно. Зуучлагч болон зуучлуулагчийн хооронд гэрээ байгуулагдсан боловч зуучлуулагч гуравдагч этгээдийн хооронд ямар ч харилцаа үүсээгүй болно. Гуравдагч этгээд болох Оросын Холбооны улсын ган үйлдвэрийн нэр хүнд бүхий компани болох Мечел компаний охин компани “Челябинский металлургический комбинат” ХК нь зуучлуулагч “Ж К” ХХК-тай эрх зүйн болон албан бичгийн ямар ч харилцаанд оролцож байгаагүй юм. Харин зуучлагч болох “А Т” ХХК нь “Челябинский металлургический комбинат” ХК-тай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 7 000 000 ам.долларын өндөр үнэ бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, арматур худалдан авсан нь гэрээгээр нотлогддог. Мөн зуучлуулагч нь зуучлагчтай анх зуучлалын гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдтэй зуучлуулагчийн нэрийн өмнөөс итгэмжлэн гэрээ байгуулах талаар эрх олгоогүй байдаг. Ийнхүү арматур нийлүүлэх үйл ажиллагааг “А Т” ХХК нь дан ганц “Ж К” ХХК-д явуулсан бус бусад өөр компанид ч энэхүү үйлчилгээг үзүүлдэг нь “Агь трейд” компанийн албан ёсны вэб хуудсан дах үйлчилгээний цэснээс харагддаг. Иймд шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “А Т” ХХК нь хариуцагч “Ж К” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн хөлс 100 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 70 000 000 төгрөг болон нэхэмжлэгчийн авсан зээлийн хүүд үндэслэлгүйгээр төлсөн гэх 92 323 008.14 төгрөгийн хамт тус тус буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ж К” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 300 тонн арматурыг барилгын талбайд буулгаж өгөх, “Канто консткракшн” ХХК нь 1 966 500 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Мөн “А Т” ХХК, “Ж К” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зуучлалын нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь ОХУ-ын ГОСТ5781-82, АIII (А400)-35ГС стандартын арматурыг захиалж, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах баримтыг гаргаж, арматурыг дагалдах бичгийн хамт “Канто консткракшн” ХХК-ийн агуулахад буулган хүлээлгэж өгөх, хариуцагч нь арматурыг хүлээн авснаас хойш үнийг ажлын 3-15 хоногийн дотор 50 хувийг, үлдэх 50 хувийг ажлын 15 хоногийн дотор барагдуулах, зуучлалын хөлс 300 000 000 төгрөгийг арматурыг “Канто консткракшн” ХХК-ийн агуулахад бүрэн нийлүүлсний дараа 15 хоногт бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч болон ОХУ-ын “Челябинский металлургический комбинат” ХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10015941 тоот гэрээ байгуулагдсан, энэ гэрээгээр ОХУ-ын компани нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 7 000 000 ам.доллароос хэтрэхгүй үнийн дүн бүхий арматурыг ОХУ-ын гаалийн нутаг дэвсгэрээс гаргаж өгөх, нэхэмжлэгч нь зохих журмын дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх үүрэг хүлээсэн байх ба дээрх зуучлалын нэртэй гэрээний дагуу нэхэмжлэгч 1 530 тонн арматурыг “К” ХХК-д нийлүүлсэн, түүний үнэ болох 1 650 205 031 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн, нэхэмжлэгч уг төлбөрийг ОХУ-ын компанид дамжуулан төлсөн, хариуцагч нь зуучлалын хөлс гэж 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, арматур дутуу нийлүүлсэн үндэслэлээр талууд зуучлалын хөлсийг 170 000 000 төгрөг байхаар бууруулан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний шинж байдал, талуудын гүйцэтгэх үүрэг, тогтоогдсон үйл баримт зэргийг харьцуулан дүгнэж зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.  Учир нь даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “А Т” ХХК нь 10015941 дугаар гэрээний дагуу ОХУ-ын ЧМК ХК-аас улсын стандарт /ГОСТ/ РФ болон тодорхойлолтод заасан техникийн нөхцөлд нийцсэн арматурыг өөрийн нэрээр гэрээ байгуулж худалдан авсан болох нь хэрэгт авагдсан дээрх дугаар бүхий гэрээ, түүний орчуулга болон гэрээнд заасан хэмжээний арматурыг шилжүүлэн авсан талаарх гаалийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх.38-40, 64-75, / 10015941 дугаар гэрээнд зааснаар шилжүүлэн авсан арматурыг нэхэмжлэгч “А Т” ХХК нь хариуцагч “Ж К” ХХК-д 1 479 343 415.73 төгрөгт нийлүүлсэн, гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн зүгээс хариуцагч компанид мэдэгдэл хүргүүлж байжээ. /хх.33-34/

 

Хуульд зааснаар “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг” тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч компани нь өөрийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ байгуулж, хариуцагчтай гэрээгээр тохиролцсон арматурыг худалдан авчирж нийлүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээгээр анх тохирсон төлбөрийн хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэсэн үүргийн хувь хэмжээнд нийцүүлэн 170 000 000 төгрөг байхаар тохирсон, хариуцагч уг төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлөх үүргийг хүлээсэн ч үүнээс 70 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн болох нь хэргийн баримтууд, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон байна.

 

Гэрээний 5.2, 5.3 дахь заалтуудаар зуучлуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зуучлагчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутам 0,1 хувийн торгууль төлнө, торгууль нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон байх бөгөөд талууд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр алдангийн хэмжээ хоног тутамд 0,5 хувь байхаар шинэчлэн тогтоосон тул үүний дагуу алданги шаардсан нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Хариуцагчийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа 465 хоногоор хэтэрсэн, энэ хугацааны алданги хуульд заасан хэмжээнээс давсан гэж үзэн алдангийн хэмжээг 50 000 000 төгрөгөөр тооцсон шүүхийн дүгнэлт зөв, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлүүлсэн гэх 92 323 008.14 төгрөг гаргуулах шаардлага баримтаар нотлогдоогүй, хариуцагчаас төлсөн арматурын үнэ болох 1 650 205 031 төгрөг нь нийлүүлэгдсэн 1 530 тонн арматурын үнэтэй тохирч байгаа талаар талууд маргаагүй, мөн 70 000 000 төгрөгийн хөлс төлснөөс өөр төлбөр хариуцагч төлөөгүй тул нэхэмжлэгчид зээлийн хүү төлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “399 дүгээр зүйлийн 399.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 785 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

 

                   ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО