Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1373

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох,

 

2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зуучлалын гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан 92,323,008.14 төгрөгийн хамт буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн /2080/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Г.Халиунаа /2029/, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК нь “Ж” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 10 өдөр “Зуучлалын гэрээ” байгуулсан. Гэрээ ёсоор “А” ХХК нь ОХУ-аас 2,300 тонн арматур төмрийг “Канто констракшн” ХХК-д нийлүүлэх, “Ж” ХХК нь арматурыг хүлээн авснаас хойш арматурын төлбөрийн хамтаар зуучлалын хөлсний 50 хувийг ажлын 3-15 хоногт, үлдэгдэл төлбөрийг түүнээс хойш ажлын 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан.

“А” ХХК нь “Канто констракшн” ХХК-д Оросын Холбооны улсаас нийт 1,530 тонн арматур нийлүүлэхэд зуучлалын үйлчилгээг үзүүлсэн боловч хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж байгаагүй. Тиймээс 2017 оны 4 сарын 04-ний өдөр бид 1,530 тонн арматур зуучлалын хөлсийг 170,000,000 төгрөг байхаар тохирч, энэ төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30 өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ “Ж” ХХК илэрхийлсэн бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр болсон.

Гэвч уг төлбөрөөс 70,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлж, үлдэх хэсгийг буюу 100,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанид хохирол учруулсаар байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан арматурыг ОХУ-ын компаниудаас зуучилж нийлүүлсэн үйл баримт тогтоогддог. Зарим төлбөрийг нэхэмжлэгч нь хүлээн авч байсан үйл баримт байгаа. Энэ нь төлбөрүүд хариуцагчаас гаргасан “Манайх ОХУ-д төлбөр төлж чадахгүй байна, та нар манай өмнөөс төлж байгаа ч” гэсэн хүсэлтийн дагуу төлөгдсөн байдаг. Энэ нөхцөл байдал гаалийн бичгээр тогтоогдоно. Өөрсдийн арматурыг шилжүүлээд байгаа юм зүйл байхгүй тул зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан гэх хуулийн үндэслэл үгүй. Иймд зуучлалын гэрээ хүчин төгөлдөр.

Алдангийн хэмжээг 2017.04.04-ний хэлэлцээрээр хоног тутамд 0,5% байхаар дахин тохиролцож тогтоосон тул энэ дагуу тооцсон.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хариуцагчаар өөрсдийн авсан зээлийн хүүг огт төлүүлээгүй. 92,232,008.14 төгрөгийн нотлох баримт нь та нар төлбөр төлөөгүй удсанаас болж манайд энэ хэмжээний хохирол учирч байгааг баримтаар харуулж, хариуцагчид энэ тухай албан бичиг явуулж байсан болохоос эднийхээс төлүүлж авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй. Уг мөнгийг огтоос аваагүй тул буцаан төлөх асуудал яригдахгүй.

Иймд хариуцагчаас “Зуучлалын гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 100,000,000 төгрөг болон түүнд ногдох 50,000,000 төгрөгийн алданги, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

“Ж” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Зуучлалын гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээний зорилго нь “Ж” ХХК-ийн захиалгаар “А” ХХК нь Оросын Холбооны улсаас арматурыг “Ж” ХХК-д нийлүүлж, худалдах, худалдан авах гэрээг байгуулахад зуучлах харилцааг зохицуулах байсан. Энэхүү гэрээний дагуу “Ж” ХХК-д “А” ХХК 1,530 тонн арматурыг нийлүүлэхэд зуучилсан байдаг бөгөөд арматурын төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн.

“Ж” ХХК нь 2016 оны 4 дүгээр сараас эхлэн Япон улсын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Харин зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлэх, ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын хуулийн этгээд болох “Канто констракшн” ХХК ажиллаж байна. Манай компанийн зүгээс “Канто констракшн” ХХК-д арматур нийлүүлэх үүднээс арматурыг оруулж ирэх ажлыг тухайн үед эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд Оросын Холбооны улсаас арматур оруулж ирэхэд зуучлах компанийг сонгож ажилласан бөгөөд тус компани нь “А” ХХК байсан. Ийнхүү гэрээний дагуу “Ж” ХХК-д “А” ХХК нь 1, 530 тонн арматурыг нийлүүлэхэд зуучлан ажилласан байдаг.

Хариуцагч нь тус гэрээгээр 2,300 тн арматурыг зуучлуулах хэлэлцээртэй байсан ч 1,530 тонн арматурыг зуучлуулсан. Зуучлалын гэрээний нийт төлбөрийг 300,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд нийт зуучлах арматурыг зуучлалгүйгээр тохиролцсон хэмжээнээс тал арматурыг зуучлан ажилласан. Иймээс хариуцагчийн зүгээс нийт гэрээний төлбөрийг олгохоос татгалзаж, 170,000,000 төгрөгийн төлбөрийг олгохыг хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 70,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Улмаар төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагч хичээн ажилласан боловч “Ж” ХХК-ийн төлвөл зохих дүнгээс өндөр дүнг шаардаж төлүүлж байсан нь баримтаар нотлогдсон бөгөөд банкны зээлийн хүү зэрэг гэрээний зүйлтэй огт холбоогүй мөнгөн зардлуудыг арматурын зардалд суутган авч байсан учир манайх зуучлалын төлбөрийг олгохоос татгалзаж, албан бичиг хүргүүлсэн боловч албан ёсны хариу ирүүлээгүй байдаг. Мөн түүнчлэн өнөөдрийн байдлаар “А” ХХК нь манай компанид арматур зуучилсан бус арматур нийлүүлсэн компани өөрөө байсныг мэдсэн болно.

Иймээс бидний зүгээс төлбөрийг төлөхөөс татгалзах бүрэн эрхийн хүрээнд татгалзаж байгаа юм.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасны дагуу зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээдэг. Харин нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд арматурыг нийлүүлэх Оросын холбооны улсын компанитай “Ж” ХХК-ийг холбож өгөх байсан боловч өөрийн ашиг сонирхол, хувийн бизнесийг урьтал болгон, гэрээг зөрчин Оросын холбооны улсаас арматур нийлүүлж, зуучлуулагчид худалдсан байна. Энэхүү үйлдэл нь хуулиар хориглосон үйлдэл мөн.

“Ж” ХХК-ийн хувьд зуучлагч гуравдагч этгээд болохыг гэрээ байгуулах үед болон гэрээ байгуулахаас өмнө мэдээгүй байсан бөгөөд итгэлцлийн үндсэн дээр гэрээний харилцааг үргэлжлүүлж байсан. Гэтэл зуучлагч зуучлуулагчийг итгэлийг хууран мэхэлж, өөртөө ашиг хүртэх, орлого олох үйлдлийг хийсэн нь хууль бус байна.

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7-д “Зуучлагч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний зүйл нь зуучлагчийн өмчлөлийн зүйл байсан бол зуучлагчид зуучлалын хөлс, шагнал болон зардлыг нөхөн төлөхгүй бөгөөд энэ журам хожим илэрсэн дараах тохиолдолд нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 411.7.1-д “Зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан”, 411.10-т “Энэ хуулийн 411.7, 411,8-д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зохицуулжээ. Энэхүү зохицуулалтын зорилго, агуулга нь зуучлагч зуучлуулагчийн итгэлийг хамгаалах, өөрийн хувийн ашиг сонирхлыг эрхэмлэн зуучлуулагчийг хууран мэхлэхгүй байх, хэрвээ хууран мэхэлсэн бол зуучлуулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах агуулга, зорилго бүхий зохицуулалт юм.

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.8-д “Зуучлагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид энэ хуулийн 411.7-д заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдсэн бол хөлс, шагнал авах буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй” гэж зохицуулжээ. Дээрх заалтын дагуу Зуучлагч буюу “А” ХХК нь Оросын Холбооны улсаас арматур худалдан авч нийлүүлж байгаа зуучлуулагч болох “Ж” ХХК-д гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй бол итгэлцлийг хамгаалаагүй, хууран мэхэлсэн гэж үзнэ. Зуучлагч “А” ХХК-ийн хувьд зуучлуулагчид зуучлагч нь гуравдагч этгээд бөгөөд арматурыг нийлүүлж байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй юм. “Ж” ХХК зуучлагчийг гуравдагч этгээд гэдгийг мэдсэн бол зуучлалын гэрээг байгуулахгүй байсан бөгөөд шууд худалдах, худалдан авах гэрээг “А” ХХК-тай байгуулах байсан нь ойлгомжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар “А” ХХК-ийн хувьд өөрсдөө арматурыг зуучлуулагчид нийлүүлж, ашиг хүртсэн атлаа нэмж зуучлагчийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь шударга бус юм.

Иргэний хуулийн 411.9-д “Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажиллавал хөлс шагнал авах буюу зардал нөхөн төлүүлэх эрхээ алдана.” гэж заасан. Зуучлагч “А” ХХК нь зуучлалын гэрээгээр хүлээсэн үүрэг болох Оросын холбооны улсаас арматур нийлүүлэхэд зуучлах үүргээ зөрчиж, арматурыг нийлүүлсэн, гуравдагч этгээдтэй хамтран ажиллаж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.

Иймээс тус гэрээний үндсэн үүрэг харилцаа анхнаасаа үүсээгүй учир зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Зуучлагч Иргэний хуулийн 411.9-д заасан заалтыг зөрчиж, ажилласан байх тул зуучлуулагчаас шагнал хөлс болон зардал, алданги нэхэмжлэх эрхгүй болно.

Аливаа гэрээг байгуулахад гэрээний зорилго, үр дагавар гэж байдаг. Өндөр үнэ бүхий зуучлалын гэрээг “Ж” ХХК зуучлагчтай байгуулсан зорилго нь хурдан хугацаанд, найдвартай түншлэлтэй болох, стандарт бүхий арматурыг нийлүүлэх компанитай харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах байсан. Гэтэл зуучлагч нь нийлүүлэгчтэй нэг этгээд болох тохиолдолд энэхүү гэрээний зорилго биелэхгүй бөгөөд үр дагавар ч үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул гэрээгээр үүсэх харилцаа анхнаасаа үүсээгүй байх үр дагаврыг дагуулна. Төлбөрийг төлөхөөс татгалзах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үр дагавар үүснэ. Дээрх нөхцөл байдлыг шүүхийн зүгээс харгалзан үзэж шийдвэрээ гаргах нь шударга ёсны зарчим болон итгэлцлийг хамгаалах зарчимд нийцнэ.

Зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан нь зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Зуучлагч нь гуравдагч этгээд байж, ашиг хүртсэн тохиолдолд түүний хувийн ашиг сонирхол зуучлуулагчийнхаас давсанд тооцно. Иймээс дээрх шалтгаан нөхцөлийн улмаас хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Харин “Ж” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрсөн тул Иргэний хуулийн 56.1.1-д заасан зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний үр дагавар болох шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэнэ үү.

Мөн зуучлалын гэрээний дагуу “Ж” ХХК-д “А” ХХК-ийн нийлүүлсэн 1,530 тонн арматурын төлбөрийг нэхэмжлэгч өөрийн компанийн дансаар бүрэн авсан. Ингэхдээ “А” ХХК нь өөрийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг тодорхой үндэслэлгүйгээр “Ж” ХХК-аас нэхэмжилж, зээлийн хүүгийн төлбөрт нийт 92,323,008.14 төгрөгийг хүлээн авсан байна.

“А” ХХК нь “Жунсонконстракшн” ХХК руу “Арматур нийлүүлсэн тооцоо”-г тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн ба тус тооцооллын “Зээлийн хүү тооцсон” хүснэгтэд 92,323,008.14 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг арматурын нийт үнэд тооцож авсан тухай тусгасан байдаг.

Манай компани “А” ХХК руу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 160 тоот албан бичгийг хүргүүлж байсан бөгөөд тус албан бичгээрээ зуучлалын гэрээнд тухайн ажлыг гүйцэтгэхийн тулд зуучлагч тал арилжааны банкнаас зээл авч төлнө гэж тусгагдаагүй учир банкнаас авсан зээлийн хүүг төлөх үндэслэлгүй талаараа дурдаж байсан боловч бидэнд хариу өгч байгаагүй.

Иргэний хуулийн 492.1.1-т заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл, “Ж" ХХК нь “А” ХХК-ийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй тул “А” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, “Ж” ХХК-аас зээлийн хүүгийн төлбөр гэсэн нэхэмжлэхийн дагуу арматурын төлбөрт тооцож шилжүүлсэн, 92,323,008.14 төгрөгийг буцаан шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь зуучлалын гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн хөлс 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг буюу нийт 150,000,000 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн авсан зээлийн хүүд үндэслэлгүйгээр төлсөн гэх 92,323,008.14 төгрөгийн хамт тус тус буцаан гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

 

Тус шүүх хуралдаанд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 92,323,008.14 төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан бөгөөд уг нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргана, хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартай холбоотой нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, эсхүл хариу тайлбар гаргах шаардлагатай талаар хариуцагч тал хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдаан хойшлуулах үндэслэл үүсээгүй болно.

 

Иймд шүүх зохигчдоос гаргасан шаардлагуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

 

1. Хариуцагч болон “Канто констракшн” ХХК-ийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2,300 тонн арматурыг барилгын талбайд буулгаж өгөх, “Канто Консткракшн” ХХК нь бүх зардал багтсан үнэ 1,966,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх-ийн 35-40 хуу/

 

2. Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Зуучлалын гэрээ” бичгээр байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь ОХУ-ын ГОСТ5781-82, АIII (А400)-35ГС стандартын арматурыг захиалж, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах баримтыг гаргаж, арматурыг дагалдах бичгийн хамт “Канто Консткракшн” ХХК-ийн агуулахад буулган хүлээлгэж өгөх, хариуцагч нь арматурыг хүлээн авснаас хойш үнийг ажлын 3-15 хоногийн дотор 50%, үлдэгдлийг ажлын 15 хоногийн дотор барагдуулах, зуучлалын хөлс 300,000,000 төгрөгийг арматурыг “Канто консткракшн” ХХК-ийн агуулахад бүрэн нийлүүлсний дараа 15 хоногт бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцжээ. /1хх-ийн 8-10, 29-31 хуу/

 

3. Нэхэмжлэгч болон ОХУ-ын “Челябинский металлургический комбинат” ХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10015941 тоот гэрээ байгуулагдсан, энэ гэрээгээр ОХУ-ын ХК нь 2016 оны 5 дугаар сарын 16-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний хооронд 7,000,000 ам.доллараас хэтрэхгүй үнийн дүн бүхий арматурыг ОХУ-ын гаалийн нутаг дэвсгэрээс гаргаж өгөх, нэхэмжлэгч нь зохих журмын дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх үүрэг хүлээсэн байна./1хх-ийн 54-76, 2хх-ийн 1-10 хуу/

 

4. Зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч 1,530 тонн арматурыг “Канто констракшн” ХХК-д нийлүүлсэн, түүний үнэ 1,650,205,031 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн, нэхэмжлэгч энэ төлбөрийг ОХУ-ын ХК-д дамжуулан төлсөн, хариуцагч нь зуучлалын хөлс гэж 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, арматур дутуу нийлүүлсэн үндэслэлээр талууд зуучлалын хөлсийг 170,000,000 төгрөг байхаар бууруулан тохиролцсон байна./1хх-ийн 42-53, 108-229 хуу/

 

Одоо нэхэмжлэгч нь зуучлалын хөлсний үлдэгдэл 100,000,000 төгрөг төгрөгийг, түүний 50%-тай тэнцэх хэмжээний алданги 50,000,000 төгрөгийн хамт шаардаж байгаа бол хариуцагч зуучлалын гэрээг Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.1, 411.8-д заасныг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлагаар түүнд зээлийн хүүнд төлсөн гэх 92,232,008.14 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар шаардсан.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааны шинж байдал, талуудын гүйцэтгэх үүрэг, тогтоогдсон үйл баримт зэргийг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд зуучлалын гэрээний бус харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд энэ харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуульд заасан даалгаврын гэрээний зохицуулалт хэрэглэгдэнэ.

 

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

“Ж” ХХК нь “Канто констракшн” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ “А” ХХК-д даалгавар өгөх замаар гүйцэтгүүлсэн болох нь, “А” ХХК нь энэ үүргийг гүйцэтгэхийн тулд ОХУ-ын ХК-тай өөрийн нэрээр гэрээ байгуулах замаар даалгаврыг гүйцэтгэж, 1,530 тонн арматурыг “Канто констракшн” ХХК-д нийлүүлсэн болох нь тус тус тогтоогдсон, даалгавар гүйцэтгэгчийн энэ үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ нэртэй даалгаврын гэрээг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд 399.1, 400 дүгээр зүйлийн 400.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

Хариуцагч нь 1,530 тонн арматурын үнийг “Канто констракшн” ХХК-аас авч, нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч уг төлбөрийг ОХУ-ын ХК-д төлсөн үйл баримтаар нэхэмжлэгч нь даалгаврыг хариуцагчийн зардлаар гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан энэ төлбөрт даалгаврын гэрээний хөлс багтсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд даалгавар өгөгч нь дээрх зардлаас гадна гэрээгээр тохирсон хөлсийг даалгавар гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээгээр анх тохирсон хөлсний хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэсэн үүргийн хувь хэмжээнд нийцүүлэн 170,000,000 төгрөг байхаар тохирсон, хариуцагч уг төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлөх үүргийг хүлээсэн ч үүнээс 70,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн болох нь хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тус тус тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл хөлс 100,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ./1хх-ийн 11, 41 хуу/

 

Талууд бичгээр байгуулсан гэрээний 5.2, 5.3 дахь заалтаар “зуучлуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед зуучлагчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутам 0,1% торгууль төлнө”, “торгууль нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж тохиролцсон байна. /1хх-ийн 9 хуу/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

 

Хуулийн зохицуулалтыг талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний тохиролцоотой харьцуулан дүгнэхэд талууд үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй талд хүлээлгэх хариуцлагын анзын төрлийг алданги байхаар сонгосон, хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-аар тогтоосон гэж үзэхээр байх боловч энэ хэмжээг талууд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хоног тутамд 0,5 хувь байхаар шинэчлэн тогтоосон тул үүний дагуу алданги шаардаж байгаа нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. /1хх-ийн 11 хуу/

 

Учир нь, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан талуудын хүсэл зориг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хүчин төгөлдөр болж, хуулийн шаардлага хангасан, энэ үйл баримт нь мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон учир үүрэг дуусгавар болж, шинэ үүрэг үүссэн гэж үзэх тул хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөх ёстой.

 

Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 100,000,000 төгрөгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги буюу хоног тутам 500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн төлбөр төлөх үүрэг бүхий хугацаа 1 жил 3 сар 8 хоног буюу 465 хоногоор хэтэрсэн, энэ хугацааны алданги хуульд заасан хэмжээ /500,000х465хон=232,500,000 төгрөг/-ээс давсан тул алдангийн хэмжээг 50,000,000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй, хариуцагчаас мөн хэмжээний алданги гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах сөрөг нэхэмжлэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д нийцэхгүй.

 

Зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлүүлсэн гэх 92,323,008.14 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдоогүй, хариуцагчаас төлсөн арматурын үнэ 1,650,205,031 төгрөг нь нийлүүлэгдсэн 1,530 тонн арматурын үнэтэй тохирч байгаа талаар хариуцагч тал тайлбарласан, энэ талаар маргаагүй, үүнээс гадна 70,000,000 төгрөгийн хөлс төлснөөс өөр төлбөр хариуцагч төлөөгүй тул нэхэмжлэгчид зээлийн хүү төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар нэхэмжлэгчийг 92,323,008.14 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үйл баримт нэгэнт тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эцэст нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Жунсон консракшн” ХХК-ийн ерөнхий захирал М.Бат-Очироос олгосон итгэмжлэлд үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс оролцож эхэлсэн бөгөөд ажиллагааны явцад хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Бат-Очир биш болох нь тогтоогдож, улмаар гүйцэтгэх захирал Б.Пүрэвдэмбэрэл түүнд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаагаар дахин олгосон тул шүүх А.Түвшинтөгсийн төлөөлөх эрхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “зуучлалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, “А” ХХК-аас нийт 162,323,008.14 төгрөг гаргуулах “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Ж” ХХК-аас 150,000,000 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 907,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,785,900 төгрөгөөс 1,197,715 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1,588,185 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ө.УЯНГА