Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2017/00137

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2017/00137

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  тоотод оршин суух, эмэгтэй, ******* дугаарын регистртэй, ******* гүн овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, эрэгтэй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, эмэгтэй, ******* дугаарын регистртэй, овогт ын нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 79 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.*******, Б. нарын 2015 оны 6 дугаар сарын 16, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох тухай нэхэмжлэгч Б.*******т холбогдох сөрөг нхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны11 дүгээр сарын 10-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ариунаа, хариуцагч Н.*******, Б.Хишигт, тэдний өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 11-нд Н.*******, Б. нартай тохиролцож 20 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн дахин хүсэлт гаргасны дагуу 2015 оны 06 дугаар 16-ны өдөр нэмж 20 000 000 төгрөгийг өмнөх 20 000 000 төгрөг дээр нэмж, нийт 40 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай үргэлжлүүлэн зээлүүлсэн. Уг зээлсэн мөнгөө авах гэтэл хариуцагч нар нь бизнесийн үйл ажиллагаа зогссон, та түр хүлээж байгаач, танд түрээсийн байрны 1, 2 сарын мөнгийг орж ирэхээр төлнө гэж хэлсэн. Би энэ 2 хүнд итгээд хүлээж байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусах гэж байхад бид харилцан тохиролцож өмнөх 40 000 000 төгрөг дээр нэмж 20 000 000 төгрөгийг зээлж, нийт 60 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, мөн гэрээ ёсоор зээлээ төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон. Эхний гэрээний төлөлтөнд 2015 оны 01 дүгээр сарын 12-нд 800 000 төгрөг /дансаар/, 2015 оны 02 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг /бэлнээр/, 2015 оны 03 дугаар сарын 13-нд 800 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-нд 800 000 /бэлнээр/, 2015 оны 05 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг /дансаар/, 2015 оны 06 дугаар сарын 11-нд 800.000 /бэлнээр/ төлсөн. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин 20 000 000 төгрөгийг олгохдоо зээлийн гэрээг бичгээр хийсэн. Үндсэн зээл нийт 40 000 000 төгрөг болж байгаа юм. Үүний хүүд 07 дугаар сарын 16-нд 2 000 000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 16-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-нд 2 470 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өмнө нь авсан 40 000 000 төгрөг дээр дахин 20 000 000 төгрөгийг нэмж зээлэн гэрээ байгуулсан. Түүнээс төлснийг хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг /дансаар/, 2015 оны 11 дүгээр сарын 19-нд 250 000 төгрөг /дансаар/, 2015 оны 11 дүгээр 24-нд 2 000 000 төгрөг /дансаар/, 2015 оны 12 дугаар сарын 09-нд 750 000 төгрөг /дансаар/, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 10 000 000 төгрөг /дансаар/, 2016 оны 05 дугаар сарын 11-нд 2 000 000 төгрөг /дансаар/ шилжүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 07-нд 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар 15-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд өдөр 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-нд 100 000 төгрөгийг тус тус дансаар төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй байгаа. Эдгээр төлсөн мөнгийг би дандаа зээлийн хүүнд тооцсон байгаа. Н.*******, Б. нар нь 2016 оны 10 дугаар сард баталгаа гаргаж өгсөн байдаг. Тиймээс тэр хэлсэн мөнгөн дүн буюу 53 000 000 төгрөгт алданги тооцож, нийт 79 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.*******, Б. нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Б.******* эгчтэй 2014 онд танилцаж байсан. Б.******* эгчээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийн гэрээ хэлэлцээрээр 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин нэмж 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, бичгээр гэрээ байгуулсан. Ингээд 3 сарын хугацаа дуусахад 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.******* эгч чи 20 000 000 төгрөг нэмж авах уу гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байсан учраас зээлсэн. ******* эгч дандаа өөрөө гэрээгээ хийгээд ирдэг, биднээр гарын үсэг зуруулсан. Бид хоёр үндсэн зээлийн хүүний төлөлтийг цаг тухайд нь төлж байсан. Б.******* эгчийн сая хэлсэн төлөлттэй миний төлсөн мөнгөн дүн болон хугацаа нь яг тохирч нийлж байна. Бидний хувьд хүү болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 36 500 000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 23 500 000 төгрөгийг төлнө гэсэн бодолтой байна гэв.

 

Хариуцагч Н.*******, Б. нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч Н.*******, Б. бид нар шүүхэд сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлийн гол утга нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иргэд хоорондын байгуулсан нийт 3 гэрээ байдаг. Үүнд эхлээд 20 000 000 төгрөгийн, дараа нь 40 000 000 төгрөгийн, сүүлд нь 60 000 000 төгрөгийн гэрээ юм. Үүнийг тайлбарлаж хэлбэл, 2014 оны 12 дугаар сарын 11-нд 20 000 000 төгрөг зээлсэн ба энэ үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангаагүй, аман тохиролцоогоор зээлсэн мөнгө юм. Мөн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 20 000 000 төгрөгийн гэрээ бичгээр байгуулагдсан. Ингэхдээ өмнөх 20 000 000 төгрөгийн гэрээг нөхөж 40 000 000 төгрөгийн гэрээ гэж байгуулсан байгаа. 40 000 000 төгрөг биш, 20 000 000 төгрөг л хүлээн авсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар Б.******* эгчийн хэлснээр авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ингэхэд бас л 20 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээнд өмнөх 40 000 000 төгрөгийг оруулаад 60 000 000 төгрөгөөр хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл юм. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7.-д зээлийн гэрээг заавал гэрчлэхээр зааж өгсөн. Эдгээр шаардлагыг тус зээлийн гэрээ хангаагүй байна. Бид зээлийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 3 удаа авсан нийтдээ 60 000 000 төгрөгийн зээлийг зөвшөөрч байна. Үүнээс бид нийт 36 500 000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 23 500 000 төгрөгийг төлөөгүй. Иймд дээрх иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Б.*******ээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хүрээнд зээлийн гэрээг нөхөж үйлдсэн нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хариуцагч тал мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ нь гэрээ байгуулсанд тооцно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож, амаар болон бичгээр хийнэ гэсэн заалт байна. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээгээ байгуулсан. Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 281.2.-д мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасантай нийцнэ гэж үзэж байна. Тийм учраас гэрээг нөхөж хийхийг хуулинд хориглосон заалт байхгүй. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь гэрээнд мөнгийг хүлээн авсан гарын үсгээ зурсан. Мөн гэрээ хэлцэл батлах нь нотариатын үйлдлийн нэг хэлбэр болохоос зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлагатай гэж заагаагүй. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж заасан. Мөн Иргэний хуульд зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах тухай заалт байдаггүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлагад нийт 79 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.*******, Б. нар нь цувуулж авсан 60 000 000 төгрөгийн зээлээс 36 500 000 төгрөгийг төлсөн, одоо 23 500 000 төгрөгийг төлнө гэж тайлбарлан дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг үл зөвшөөрч, улмаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гарган мэтгэлцэж байна.

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Хэрэгт Б.*******, хариуцагч Н.*******, Б. нарын хооронд 40 000 000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 60 000 000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн гэх 2015 оны 6 дугаар сарын 16, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн Иргэд хоорондын гэрээ гэх баримт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч нарт 2014 оны 12 дугаар сарын 11-нд 20 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2015 оны 6 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2015 оны 9 дүгээр сарын 16-нд мөн 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн нь зохигчдын тайлбараар нотлогдож, талууд 3 удаа нийт 60 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлйн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

2.Хариуцагч нар 2014 оны 12 дугаар сарын 11-нд нэхэмжлэгчээс зээлж авсан 20 000 000 төгрөгт талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд энэ зээлээс хариуцагч нар нь 2015 оны 1 дүгээр сарын 12-нд 800 000 төгрөг, 2 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг, 3 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг, 4 дүгээр сарын 14-нд 800 000 төгрөг, 5 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг, 6 дугаар сарын 11-нд 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ХААН банк дахь Б.*******ийн 5007781116 тоот дансны хуулбар зэргээр нотлогдсон.

Өөрөөр хэлбэл дээрх зээлээс хариуцагч нар нь 4 800 000 төгрөгийг төлж, үлдэх 15 200 000 төгрөгийг төлөөгүй ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 11-нд хариуцагч нарт зээлүүлсэн 20 000 000 төгрөгт хүү тооцон нэхэмжлэх эрхгүй болно.

3. Нэхэмжлэгчээс 2015 оны 6 дугаар сарын 16-нд 40 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг, 9 дүгээр сарын 16-нд 60 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг тус тус хариуцагч нарт хүлээлгэн өгсөн баримтгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсний дагуу зохигчдын хооронд дээрх хугацаануудад нийт 60 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд зээлийн дүнг 40 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд 60 000 000 төгрөг гэж бичсэн байх боловч 2015 оны 6 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөгийг, 9 дүгээр сарын 16-нд 20 000 000 төгрөгийг тус тус хариуцагч нар хүлээн авсан, тус бүрт нь сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж Иргэд хоорондын гэрээ нэртэй зээлийн гэрээ үйлдсэн талаар хариуцагч нар маргаагүй байна.

Иймд дээрх 2 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 196 дугаар зүйлийн 196.1.2.-д заасны дагуу талууд зээлүүдийг сард 5 хувийн хүүтэй тооцохоор, хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь дээрх 2 зээлийн хувьд зээлийн үнэ болох хүү тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

4. Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байдлыг зохигчдын тайлбар, ХААН банк дахь Б.*******ийн 5007781116 тоот дансны хуулга зэргээс тооцож үзвэл:

а/.2015 оны 6 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 16-ныг хүртэл 30 хоногийн 20 000 000 төгрөгийн хүүд 1 000 000 төгрөг тооцогдсон бөгөөд энэ өдөр хариуцагч нараас төлсөн 2 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг хүүд, үлдэх 1 000 000 төгрөгийг зээлээс тус тус хасч тооцон, үндсэн зээлд 19 000 000 төгрөг,

б/.2015 оны 7 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 16-ныг хүртэл 31 хоногийн хүүд 981 667 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 2 000 000 төгрөгийн 981 667 төгрөгийг хүүд, үлдэх 1 018 333 төгрөгийг зээлээс тус тус хасч тооцон, үндсэн зээлд 17 981 667 төгрөг,

в/. 2015 оны 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл 30 хоногийн хүүд 899 083 төгрөг тооцогдсоноос мөн өдөр төлсөн 2 470 000 төгрөгийн 899 083 төгрөгийг зээлийн хүүд, үлдэх 1 570 917 төгрөгийг зээлээс тус тус хасч тооцоход үндсэн зээлд 16 410 000 төгрөгийн буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар зээлийн хүүг төлж дуусгасан, үндсэн зээлийн үүрэгт 16 410 750 төгрөгийг үүрэгтэй үлдсэн байна.

5. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байдлыг мөн дээрх нотлох баримтуудыг үндэслэн тооцож үзвэл:

а/.2015 оны 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэл 36 хоногийн 20 000 000 төгрөгийн 5 хувийн хүүд 1 199 999 төгрөг тооцогдсон бөгөөд энэ өдөр хариуцагч нараас төлсөн 3 000 000 төгрөгөөс хүүг хасч, үлдэх 1 800 001 төгрөгийг зээлээс хасч тооцоход 18 199 999 төгрөгийг зээлд төлөхөөр,

б/.2015 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дугаар сарын 19-нийг хүртэл 28 хоногийн хүүд 849 333 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 250 000 төгрөгийг төлөх ёстой хүүгээс хасч, үндсэн зээлд 18 199 999 төгрөг, зээлийн хүүд 599 333 төгрөг,

в/. 2015 оны 11 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 24-нийг хүртэл 5 хоногийн хүүд 151 667 төгрөг тооцогдсоноос мөн өдөр төлсөн 2 000 000 төгрөгийн 750 999 төгрөгийг зээлийн хүүд, үлдэх 1 249 000 төгрөгийг зээлээс тус тус хасч тооцоход үндсэн зээлд 16 950 999 төгрөг,

г/.2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 09-нийг хүртэл 14 хоногийн зээлийн хүүд 395 523 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 750 000 төгрөгийн 395 523 төгрөгийг хүүд, үлдэх 354 477 төгрөгийг зээлээс хасч тооцоход 16 596 522 төгрөгийг үндсэн зээлд,

д/. 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 16-ныг хүртэл хүртэл 7 хоногийн хүүд 193 626 төгрөг тооцогдсон ба өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар зээлд 16 596 522 төгрөг, зээлийн хүүд 193 626 төгрөгийн үүрэгтэй үлдсэн байна.

6. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд ...үндсэн мөнгө болон зээлийн хүүг хугацаандаа хийж гүйцэтгээгүй тохиолдолд төлөх ёстой нийт мөнгөнийхөө үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги нөхөн тооцох болно гэж, 2015 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд ...зээлээ хугацаандаа төлөх боломжгүй...бол төлөх ёстой нийт мөнгөнийхөө үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алдангийг нөхөн тооцож хохиролгүй болгоно гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нар нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16 410 750 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16 790 148 төгрөг, бүгд 33 200 898 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хугацаа хэтрүүлсэний хариуцлагад 16 600 449 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

7. Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 40 000 000 төгрөгийн, 2015 оны 9 дүгээр сарын 16-нд 60 000 000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасны дагуу байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл уг гэрээнүүдийн зүйл болох 40 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг, 60 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн баримтгүй, уг мөнгийг шилжүүлээгүй, өмнө нь 2014 оны 12 дугаар сарын 11-нд зээлүүлсэн 20 000 000 төгрөгийг нэмж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 40 000 000 төгрөгөөр, 2015 оны 9 дүгээр сарын 16-нд 60 000 000 төгрөгөөр тооцон гэрээний зүйл болгон тодорхойлж зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Иймд 2 удаа нийт 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хуулийн дагуу талуудын хооронд байгуулагдаагүй үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал болохгүй байна. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь дээрх хуулийн заалтуудын дагуу хүчин төгөлдөр бус байх нөхцлийг бий болгосон байх ёстой бөгөөд нэгэнт байгуулагдаагүй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйн дээр энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа дээрх 2 зээлийн гэрээгээр нийт 60 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар ч үүсээгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээг заавал бичгээр үйлдэн нотариатаар гэрчлэхийг хуулиар шаардаагүй тул Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., 46 дугаар зүйлийн 46.1.7.-д заасныг зөрчсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нарын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн талуудын хооронд байгуулсан гэх Иргэд хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэхийг хүссэн сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

8. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 12 дугаар сарын 25-наас 2016 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд 8 удаагийн төлөлтөөр нийт 18 500 000 төгрөг төлсөн нь нотлогдсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой 48 400 898 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид төлөх 16 600 449 төгрөг, бүгд 65 001 347 төгрөгөөс төлсөн 18 500 000 төгрөгийг хасч 46 501 347 төгрөгийг хариуцагч нараар төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 32 998 653 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс 555 450 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 390 457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Б., Н.******* нараас 46 501 347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 998 653 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг баримтлан хариуцагч Б., Н.******* нарын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан Иргэд хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05962 дугаар захирамжаар дээрх хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс 555 450 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 390 457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА