Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00900

 

Б.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 839 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Б.Уранбилэг,

Хариуцагч : Н.Батхуяг,

Хариуцагч : Б.Хишигт,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 79.500.000 төгрөг гаргуулах тухай,           

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2015.6.16, 2015.9.16-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уранбилэг, түүний өмгөөлөгч Б.Ариунаа, хариуцагч Н.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.12.11-нд Н.Батхуяг, Б.Хишигт нартай тохиролцож 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж энэ хугацааны зээл бүрэн төлөгдөж дууссан. Үндсэн зээлийн 20 сая төгрөг төлөгдөөгүй үлдсэн.  2015.6.16-ны өдөр нэмж 20 сая төгрөг зээлүүлж,  нийт 40 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай  зээлүүлсэн.  2015.9.16-ны өдөр гэрээний хугацаа дуусах гэж байхад  нэмж 20 сая төгрөг нийт 60 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлээ төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцохоор тохиролцсон. Эхний гэрээний төлөлтөд 2015.01.12-нд 800.000 төгрөг /дансаар/, 2015.02.11-нд 800.000 төгрөг /бэлнээр/, 2015.3.13-нд 800.000 төгрөг, 2015.4.14-нд 800.000 төгрөг /бэлнээр/, 2015.5.11-нд 800.000 төгрөг /дансаар/, 2015.6.26-нд 800.000 төгрөг /бэлнээр/ төлсөн. 2015.6.16-ны өдөр дахин 20 сая төгрөгийг нийт 40 сая төгрөгийн гэрээг бичгээр хийсэн. Хүүд 7 сарын 16-нд 2 сая төгрөг, 2015.8.16-нд 2 сая төгрөг, 2015.9.15-нд 2.470.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2015.9.16-ны өдөр өмнө нь авсан 40 сая төгрөг дээр дахин 20 сая төгрөгийг нэмж зээлэн гэрээ байгуулсан. Түүнээс 2015.10.22-нд 3 сая төгрөг /дансаар/, 2015.11.19-нд 250.000 төгрөг /дансаар/, 2015.11.24-нд 2 сая төгрөг /дансаар/, 2015.12.09-нд 750.000 төгрөг /дансаар/, 2015.12.25-нд 10 сая төгрөг /дансаар/, 2016.5.11-нд 2 сая төгрөг /дансаар/ шилжүүлсэн. 2016.6.07-нд 500.000 төгрөг, 2016.6.15-нд 1 сая төгрөг, 2016.6.27-нд 1 сая төгрөг, 2016.7.07-нд 1 сая төгрөг, 2016.7.29-нд 1,5 сая төгрөг, 2016.9.13-нд 1 сая төгрөг, 2016.11.12-нд өдөр 400.000 төгрөг, 2016.11.15-нд 100.000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй, төлсөн мөнгийг би  зээлийн хүүд тооцсон байгаа. Н.Батхуяг, Б.Хишигт нар нь 2016 оны 10 дугаар сард баталгаа гаргаж өгсөн байдаг. Иймд зээлийн үлдэгдэл 53 сая  төгрөг, алданги 26.5 сая  нийт 79.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2014.12.11-ний өдөр 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тэгээд 2015.6.16-ны өдөр дахин нэмж 20 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, бичгээр гэрээ байгуулсан.  9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Уранбилэг 20 сая төгрөг нэмж зээлсэн. Уранбилэг гэрээгээ хийж ирээд биднээр гарын үсэг зуруулсан. Бид зээлийн хүүг цаг тухайд нь төлж байсан. Б.Уранбилэгийн хэлсэн төлөлттэй бидний төлсөн дүн, хугацаа яг тохирч байна. Бидний хувьд хүү,алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлд 36.5 сая  төгрөг төлсөн тул  үлдэгдэл 23.5 сая төгрөг  төлнө гэжээ.

   Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  2014.12.11-нд 20 сая төгрөг зээлсэн. Уг гэрээг бичгээр байгуулаагүй юм. Мөн 2015.6.16-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 20 сая төгрөгийн гэрээ бичгээр байгуулагдсан. Ингэхдээ өмнөх 20 сая төгрөгийн гэрээг нөхөж 40 сая төгрөгийн гэрээ гэж байгуулсан. 40 сая төгрөг биш, 20 сая төгрөг л хүлээн авсан. Дараа нь 2016.9.16-ны өдөр дахин 20 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ингэхэд бас л 20 сая төгрөгийг хүлээн авсан боловч гэрээнд өмнөх 40 сая төгрөгийг оруулаад 60 сая төгрөгөөр хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл. Нотариатын тухай хуулийн 46.1.7-н шаардлагыг  гэрээ хангаагүй.  Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

   Нэхэмжлэгч Б.Уранбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хүрээнд зээлийн гэрээг нөхөж үйлдсэн нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй. Хариуцагч мөнгө хүлээн авснаа зөвшөөрч байгаа, гэрээ байгуулсанд тооцно. Хариуцагч нь гэрээнд мөнгийг хүлээн авч гарын үсгээ зурсан. Мөн гэрээг батлах нь нотариатын үйлдлийн нэг хэлбэр болохоос зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлагатай гэж заагаагүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Б.Хишигт, Н.Батхуяг нараас 46.501.347 төгрөг гаргуулан Б.Уранбилэгт олгож, нэхэмжлэлээс 32.998.653 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Б.Хишигт, Н.Батхуяг нарын  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчээс 555.450 төгрөг, хариуцагч нараас 457.950 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 390.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 839 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “46.501.347” гэснийг “53.000.000” гэж, “32.998.653” гэснийг “26.500.000” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “390.457” гэснийг “422.950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.500 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.957 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.

Хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Батхуяг, Б.Хишигт нар нь 2015.6.16-ний өдөр 40,0 сая төгрөг, 2016.9.16-ний өдөр 60,0 сая төгрөгийг бодитоор хүлээж аваагүй мөн зээлдүүлэгч нь уг мөнгийг дээрх дүнгээр шилжүүлээгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлж тайлбар гаргасаар байтал шүүгчийн зүгээс дээрх бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Хэргийн дээрх бодит нөхцөл байдалд үндэслэн хариуцагч нь шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба иргэн Б.Уранбилэг, зээлдэгч иргэн Н.Батхуяг, Б.Хишигт нарын хооронд хийгдсэн Иргэд хоорондын гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, Нотариатын тухай хуулийн 25.1.1, 46.1.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан боловч шүүх үндэслэлгүй гэж үзэн дээрх магадлалыг гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар хуудсанд: Талууд тооцоо бодож гүйцэтгэвэл зохих үүргийн эцсийн хэмжээг 53 сая төгрөгөөр тохирсон баримт хэрэгт авагдсаныг анхан шатны шүүхээс анхаарч үнэлэ буруу болжээ. гэж үзэн гол үндэслэл болгосон байна. Энэхүү гол үндэслэл болгосон баримт нь харилцан тооцоо нийлээгүй /харилцан тооцоо нийлсэн бол талууд бүгд гарын үсэг зурж баталгаажуулах байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь хариуцагч талын хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан, тулгаж гарын үсэг зуруулсан баримт юм. Нэгэнт зээл авсан, зээлдүүлэгчийн дарамтанд орсон хүн зээлдүүлэгчийн авчирч ирсэн баримтан дээр гарын үсэг зурсан гэдгээ шүүхэд мэдүулсээр байтал уг баримтыг үндэслэж магадлал гаргаж байгаад гомдолтой байна. Мөн хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа 20 сая төгрөгийн зээлийг тус тусд нь 3 удаа авсанаа, зээлийг буцаан /60,0-36,5=23,5 сая төгрөг төлөхөө зөвшөөрдөг! төлөх тал дээр уаргадаггүй гагцхуү талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчиж гэрээний торгууль, алданги, хүүг төлөхгүй гэдгээ шүүхэд илэрхийлж байсан болно гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Б.Уранбилэг Б.Хишигт, Н.Батхуяг нарт холбогдуулан  нэхэмжлэл гаргаж, зээлийн үлдэгдэл 53 сая төгрөг, алданги 26.5 сая төгрөг нийт 79.5 сая төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1/

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргахдаа, “...2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20 сая төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20 сая төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20 сая төгрөг нийт 60 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Эхний зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, сүүлийн хоёр гэрээг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Буцааж нийт 36.5 сая төгрөг төлсөн. Одоо 23.5 сая төгрөг үлдсэн, уг мөнгийг төлнө...” гэжээ.  /хх 23-24/

Б.Хишигт, Н.Батхуяг нар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.  /хх 48-49, 53, 54/

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 48.400.898 төгрөг, алданги 16.600.449 төгрөг нийт  65.001.347 төгрөгөөс төлсөн 18.500.000 төгрөгийг хасаж үлдэх  46.501.347 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлэс 32.998.653 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гомдлоор хянаад “...талууд  эцсийн тооцоог 53 сая төгрөгөөр тохирч уг үлдэгдэлд хүү анз тохиролцогүй байна...” гэж дүгнэн хариуцагч нараас 53 сая төгрөг гаргуулах, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холботой улсын тэмдэгтийн хураамжийг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...60,0 сая төгрөгийг бодитоор аваагүй байтал энэ талаар дүгнэлт хийсэнгүй... давж заалдах шатны шүүхийн үндэслэсэн 53 сая төгрөгийн тооцооны баримт нь тулгаж гарын үсэг зуруулсан баримт ...сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон...” гэжээ. 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, хэргийн 7 дугаар талд буй “...үлдэгдэл 53.000.000 төгрөгийг ...төлөхөөр тохиролцлоо...” гэсэн бичгийг үндэслэл болгосон хэдий ч хариуцагч Б.Хишигт уг баримтыг зөвшөөрөөгүй, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, уг баримтад Б.Хишигтийн гарын үсэг байхгүй тул зохигчид  2014 оны 12 дугаар сарын 11, 2015 оны 6 дугаар сарын 16, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг гэрээг эцсийн байдлаар дүгнэж тооцоо нийлсэн гэж үзэхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

 Харин анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай хариуцагч нарын гомдлыг хангах боломжгүй байна.  

Хариуцагч нар нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр 20 сая төгрөг,  2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 20 сая төгрөг,  2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр 20 сая төгрөг нийт 60 сая төгрөг зээлсэн талаар маргаагүй байв.

Зохигчид сүүлийн 2 гэрээгээр хүү, алданги тохирсон нь тогтоогдсон, шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж, хариуцагч нараас нийт 46.501.347 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлд нийцжээ.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 839 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 273.000 төгрөгийг Н.Батхуягт  захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ