Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:........./,

Хариуцагч: Б*******, сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Б******* сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын З******* ам нэртэй газарт 0.25 га газрыг зориулалтаар ашиглах эрх олгожээ. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгогджээ.

2. Б*******, сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б******* ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан байна.

3.Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Б******* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн захирал Г.В шүүхэд бичгээр гаргасан болон өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь анх Б*******, сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З******* амны хязгаарлалтын бүсэд 0.25 га газрыг зориулалтаар, 5 жилийн хугацаатай, ашиглах эрхтэй болж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгосон.

Манай зүгээс газар ашиглах эрхийг хуулийн дагуу авсан бөгөөд уг газар дээрээ эко чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан ба хуульд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулан гэрээнд гарын үсэг зуруулж, гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж, гурвалсан гэрээг байгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн 2 дараа хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан боловч дүүргийн Засаг дарга солигдож байгаа, томилогдоогүй байна, тамга тэмдгийн чадамжгүй гэх зэрэг шалтгаанаар гэрээ байгуулахгүй байсаар өдийг хүрсэн. Ийнхүү холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хуулийн дагуу гурвалсан гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан бичиг баримтын бүрдэл дутуу, бүрдэхгүй байсан ба үүнээс болж хөрөнгө оруулалтын асуудал зогсонги байдалд орж, мөн 2020 оноос цар тахалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм, хязгаарлалтууд зэргээс хамааран газар дээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй. Гэсэн хэдий ч төлөвлөлт, зураг төсөл зэрэг бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Ингэж байсаар манайд олгосон газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байсан тул хуулийн дагуу хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2022 оны дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийг сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж хүсэлт гаргасан боловч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгөхдөө манай газар ашиглах эрхийг Б*******, сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг маань дуусгавар болгосон байсан.

Манай компанийн газар ашиглах эрхийг ийнхүү 2021 онд буюу бүтэн нэг жилийн өмнө цуцлахдаа манайд огт мэдэгдээгүй бөгөөд тайлбар, санал, гомдол гаргах эрхийг маань хязгаарласан, хууль бус тушаалаар газар ашиглах эрхийг маань цуцалсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүйн зэрэгцээ ийм шийдвэр гарсан болохыг ч мэдэгдээгүй нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Тухайн газар дээр 2 жил дараалан үйл ажиллаагаа явуулж чадаагүй эсвэл газрын төлбөрөө төлөөгүй шалтгаанууд нь Баянзүрх дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж өгөөгүйтэй холбоотой байсан. Тухайн газар ашиглах гэрээгээ байгуулж чадаагүй учраас хэдэн төгрөгийн газрын төлбөр төлөх асуудал тодорхой биш, гурвалсан гэрээ баталж өгөөгүй учраас тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал байсан. Иймд Б*******, сайдын 2021 оны 3-р сарын 12-ны өдрийн *******-р тушаалын Б******* э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б............шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б*******, сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын З******* аманд зориулалтаар 0.25 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Б*******, сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах... гэж. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх... гэж, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх... гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус үндэслэсэн. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь газрын төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Б*******, яаманд ирүүлээгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/ тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нэхэмжлэгч газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг нь нотлогдож байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий акт буюу ******* дүгээр тушаалын Б******* ХХК-тай холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр гарсан байгаа. Газраа 2 жил дараалан ашиглаагүй байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б*******, яаман-д ирүүлсэн 11/ дугаар албан бичигт тусгай хамгаалалтай газар нутагт газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгодог. Тухайн газар дээр хийгдэж байгаа зориулалтаар бусад зориулалтаар тодорхой төсөл хэрэгжүүлэхээр төслийг Б******* яаманд ирүүлж, б******* нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ батлуулсны дараа хийгддэг. 2 жил гэдэг хугацаа тухайн төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой хугацаа бөгөөд 5 жилийн хугацаанд тухайн төслийг хэрэгжүүлнэ гэдэг үүднээс газар эзэмшүүлдэг. 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг хязгаарлалт нь тухайн газар нь өөрөө тусгай хамгаалалтай газар нутаг байгаа. Үүн дээр бид бичиг баримтын ийм үйл ажиллагаа хийж байгаа гэдэг тодорхой тайлбар, шалтгааны үндсэн дээрээс 5, 5 жилийн хугацаагаар сунгуулдаг. Богдхан уулын дархан цаазат газар үйл ажиллагаа явуулж байгаа 660 аж ахуйн нэгж газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна. Үүнийг цуцлах арга хэмжээ авч өгнө үү гэсэн мэдэгдлийн ирүүлсэн байдаг. Энэ мэдэгдэлд Б******* ХХК-ийн нэр дурдагдсан байдаг. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй 2 жил болсон байна гэдгийг шалган тогтоосон байгаа. Газрын тухай хуулийн 41.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Газрын албанаас Б******* ХХК нь 2017 газар ашиглах эрх авснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлбөр төлөөгүй байдаг. Үүгээр тухайн компани газар дээрээ ямар ч газрын төлбөр төлөөгүй байгааг нотолж байна. Хариуцагчийн зүгээс газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбар дээр гурвалсан гэрээг байгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч холбогдох захиргааны байгууллага газар ашиглах эрхийн гэрээг байгуулж өгөөгүй гэдэг. Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах түр журам 2022 оны 7 сард хүчингүй болсон. Маргаан бүхий захиргааны акт гарах үед энэ журам хүчинтэй байсан. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар газар ашиглагч нь өөрөө тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж Байгаль орчны яамны тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэдэг заалт байгаа. Өөрөөр хэлбэл газар ашиглах шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор гурвалсан гэрээ байгуулах үүргийг газар ашиглагчид өөрт нь олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбараар Баянзүрх дүүргийн Засаг дарга солигдоод гэрээг байгуулаагүй гэдэг. Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гаргасан албан бичиг нь газар ашиглах гэрээ байгуулах ёстой 3 сарын хугацаа өнгөрснөөс хойш гаргасан байна. Хоёрдугаарт Засаг дарга солигдсон гэдэг баримтыг тухайн Засаг даргын Тамгын газраас гаргуулахад энэ 2 хүн нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу газар ашиглах гэрчилгээ олгосноос хойш 3 жилийн дараа, 1 өдөр дараалаад ******* дугаартай тушаалаар нэгийг нь чөлөөлөөд ******* дугаартай тушаалаар дараагийнх нь авсан үйл баримт байдаг. Өөрөөр хэлбэл Засаг дарга солигдох хугацаа нь газар ашиглах гэрээ байгуулаагүй гэдэг нөхцөл байдал нотлогдохгүй байна. Тиймээс газар ашиглагчийн газар ашиглах гэрээ байгуулаагүй гэдэг тайлбар нотлох баримтаар нотлогдож чадахгүй байна. Газар дээр 2 жил дараалан үйл ажиллаагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б*******, сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Б*******, сайдад холбогдуулан Б*******, сайдын 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б******* ХХК нь Б*******, сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богдхан уулын дархан цаазат газрын З******* аманд зориулалтаар 0.25 га газрыг ашиглах эрхтэй болж, ******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар авсан байна.

4. Маргаан бүхий акт болох Б*******, сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хавсралтын 110-т нэхэмжлэгч Б******* ХХК-ийн газар оржээ.

5. Нэхэмжлэгчээс ... хуульд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулан гэрээнд гарын үсэг зуруулж, гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж, гурвалсан гэрээг байгуулахаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн хүсэлт гаргаж байсан, дүүргийн Засаг дарга солигдож, томилогдоогүй, тамга тэмдгийн чадамжгүй гэх зэрэг шалтгаанаар гэрээ байгуулахгүй байсаар өдийг хүрсэн, мөн 2020 оноос цар тахалтай холбоотой хөл хорионы дэглэмийн улмаас газар дээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй, газар эзэмших эрхийг 2021 онд буюу бүтэн нэг жилийн өмнө цуцлахдаа манайд огт мэдэгдээгүй... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж... гэж тус тус маргасан.

6. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байх боловч шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулахад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/ дугаар албан бичгээр нэхэмжлэгч компани 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б........ танаа Хүсэлт гаргах нь 19/01 дугаар албан бичгээр гурвалсан гэрээ байгуулахаар нэг удаа хүсэлт гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь газар ашиглах гэрчилгээ олгосон 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 1 жил 6 сарын дараах хүсэлт байна.

7. Түүнчлэн тухайн газрыг ашиглах хүсэл зоригоо илэрхийлж, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон тайланг Б*******, яаманд хүргүүлээгүй, гурвалсан гэрээ байгуулахаар дахин хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаагүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдлийн талаар шүүхэд маргаагүй, Баянзүрх дүүргийн газрын албанд газрын төлбөр төлөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.

8. Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/ дугаар Газар ашиглах гэрээ хийх тухай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Гурвалсан гэрээ байгуулах тухай 01/ дугаар албан бичгүүдийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан гэх баримтуудыг шүүхэд өгсөн боловч төрийн захиргааны байгууллагад хүргэгдсэн нь баримтаар нотлогдоогүй.

9. Үүнээс гадна нэхэмжлэгч нь Засаг дарга чөлөөлөгдөөд, томилогдоогүй, тамга тэмдгийн эрх зүйн чадамжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/******* дугаар захирамжаар Т.Б........... Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/******* дугаар захирамжаар Н.Б......г Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон байх тул Засаг дарга чөлөөлөгдсөн, томилогдоогүй байснаас гурвалсан гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Б******* сайдын 2017 оны тушаалаар газар ашиглах эрхийг олгосон, цар тахлын нөхцөл байдал 2020 онд үүссэн тул газраа ашиглах боломжгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш 3 жил 6 сарын хугацаанд нэхэмжлэгч тухайн газраа ашиглах талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна.

11. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, ...35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан байна.

13. Нэхэмжлэгч Б******* ХХК нь 2017-2021 онуудад газрын төлбөр төлөөгүй нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/1621 дугаар албан бичгээр нотлогдож байна.

14. Иймд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

15. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 502 дугаар албан бичгээр ...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг мэдэгдсэн явсан баримт бичгийн бүртгэлийг хуулбарлан ирүүлсэн бөгөөд уг бүртгэлийн 532 дугаарт 03 дугаар сарын 24-ний өдөр, Б******* ХХК нэр бүртгэгдсэн байхаас гадна дээрх албан бичигт тус компанийн сонсох ажиллагааны талаарх баримт бүртгэгдээгүй байна... гэж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчлийг үгүйсгэхгүй учраас энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

16. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцсэн, бодит нөхцөл, байдалд тохирсон, үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн, Б*******, сайдад холбогдуулан гаргасан Б*******, сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ