Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0464

 

“Б э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.В

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Б э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 435 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0810/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б э” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Б э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 7 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ингэхдээ нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гурвалсан гэрээ байгуулахаар 1 удаа хандаж байснаас өөрөөр хандаж байгаагүй, мөн 2017-2021 онуудад газрын төлбөр төлж байгаагүй нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/1621 дүгээр албан бичгээр нотлогдож байна гэж дүгнэсэн.

Манай компани анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.25 га газар ашиглах эрх авч 0170980 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай авсан.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулахаар анх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан.

Дахин 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гурвалсан гэрээ байгуулахаар хандсан бөгөөд үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байсан.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж байсан. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин хандаж байсан боловч бидэнтэй дээрх 2 байгууллага гурвалсан гэрээ баталж өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өөр гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

Манай компани төрийн байгууллагад удаа дараа гаргаж байсан хүсэлтийн талаар шүүхийн зүгээс шалгах ажиллагаа явуулалгүй зөвхөн нэг талын баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн байна.

Манай компанийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж чадаагүй учир газрын төлбөрийн хэмжээ болон аль байгууллагын ямар дансанд хэзээ төлөх зэрэг нөхцөл ойлгомжгүй үлдсэн. Эдгээр нөхцөлийг гурвалсан гэрээнд талууд тохирдог бөгөөд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж өгөөгүй байж манай компанийг газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.

Төрийн эрх бүхий байгууллага манай гэрээг баталж өгөөгүй шалтгаанаас үүдэн газраа зориулалтын дагуу ашиглах дараа дараагийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

Бид гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ 2017 оны намраас эхлэн зохих байгууллагад нь хүргүүлсэн бөгөөд төрийн захиргааны байгууллагаас манай асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгоод явж байсан болохоос заавал шүүх, хууль хяналтын болон бусад байгууллагад хандаж байж гэрээ байгуулдаг гэж бодож байгаагүй.

Дээрх гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа үйлдэл Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны буруутай үйлдэл болохоос газар ашиглаж тодорхой үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгаа хуулийн этгээдийн буруу гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хэмээн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Б э” ХХК-ийн газар багтжээ.

2.2. Анх нэхэмжлэгч “Б э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт “Залаатын ам” байршилд “аялал жуулчлалын” зориулалтаар 0.25 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулан гэрээнд гарын үсэг зуруулж, гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж, гурвалсан гэрээг байгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн 2 дараа хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан боловч дүүргийн Засаг дарга солигдож байгаа, томилогдоогүй байна, тамга тэмдгийн чадамжгүй гэх зэрэг шалтгаанаар гэрээ байгуулахгүй байсаар өдийг хүрсэн. Ийнхүү холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хуулийн дагуу гурвалсан гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан бичиг баримтын бүрдэл дутуу, бүрдэхгүй байсан ба үүнээс болж хөрөнгө оруулалтын асуудал зогсонги байдалд орж, мөн 2020 оноос цар тахалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм, хязгаарлалтууд зэргээс хамааран газар дээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй. Гэсэн хэдий ч төлөвлөлт, зураг төсөл зэрэг бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн “газар ашиглах гэрчилгээ олгосноос хойш 1 жил 6 сарын дараа Баянзүрх дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулах хүсэлт гаргасан, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээгүй, гурвалсан гэрээ байгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад дахин хүсэлт гаргаагүй, Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой шүүхээр маргасан зүйл байхгүй, дүүргийн газрын албанд газрын төлбөр төлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй, мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга чөлөөлөгдсөн, томилогдоогүй байснаас гурвалсан гэрээ байгуулаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, газар ашиглах гэрчилгээ олгосноос хойш 3 жил 6 сарын хугацаанд газраа ашиглах талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, 2017-2021 онуудад газрын төлбөр төлөөгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Т.Б-ыг Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/187 дугаар захирамж, мөн өдрийн “Н.Б-ийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/188 дугаар захирамжууд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/2256 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Б э” ХХК-иас гаргасан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн авсан “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт” болон тус компаниас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 19/01 дугаартай хүсэлт, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/1621 дүгээр албан бичгүүдээр нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “газар ашиглах гэрээгээ байгуулж чадаагүй учраас хэдэн төгрөгийн газрын төлбөр талаар тодорхой биш” байсан гэж тайлбарлах боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гурвалсан гэрээ байгуулаагүй нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.

2.6. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/8504 дүгээр албан бичгээр “Б э” ХХК-иас гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан эсэх, хэрэв гаргаж байсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас шаардсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/2256 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компаниас гурвалсан гэрээ байгуулахаар гаргасан хүсэлтийг, хяналтын картын хамт шүүхэд ирүүлсэн байгаа байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН