Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/шш2023/02769

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/02769

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, С овогтой А-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С.Ш гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Х-овогтой Л-ийн Б-т холбогдох,

Гэм хорын хохирол 2.430.968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, хариуцагч Л.Б, иргэдийн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Л.Б-гт холбогдуулан Гэм хорын хохиролд 2.430.968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Д-ийн Т-ийн ээж, хууль ёсны асран хамгаалагч бөгөөд миний охин Д.Т-г 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 13 минутын орчимд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, А хотхоны урд замаар зам гарч байхад нь Т п маркийн, ******* дугаартай автомашины жолооч Л.Б нь автомашинаараа мөргөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэтэл тухайн хэрэг шалгагдаж Прокурорын газраас Л.Б-ийг гэм буруугүй гэсэн тогтоол гарсан бөгөөд гэмтээсэн эхний өдрөө эмнэлэгт үзүүлэхэд нь томографийн мөнгө төлсөн. Үүнээс хойш охины маань биеийн байдлыг огтхон ч асуугаагүй, цагдаа, прокурорын тогтоол гарахаас өмнө өөрийгөө Буруугүй хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж, Та нар надаас мөнгө салгах гэж цагдаа, прокурорт хандлаа гэх зэргээр илт гүтгэж, охины минь биед гэмтэл учруулсандаа огтхон ч харамсахгүй, эмчлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Мөн Л.Б-ийн нөхөр бидэн лүү дайрч хэл амаар доромжлон Цагдаагийн байгууллагаар гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргуулах эрх бүхий албан тушаалтныг таньдаг хэмээн сүрдүүлж байсан. А.Д миний бие Д.Т-г гэмтэл авснаас хойш удаа дараа эмнэлэгээр үзүүлж, томограф болон бусад шаардлагатай зураг авахуулж, оношлогоо хийлгэж, нэлээдгүй их зардал чирэгдэл болсон. Мөн хүүхдээ асрахаар ажлаасаа чөлөө авч, сар гаруй хугацаанд өрхийн орлогогүй болсон. Охин маань хэвтрийн дэглэм сахин хичээлдээ явж, шалгалтаа өгч чадахгүйд хүрсэн. Иймд миний охины биед гэмтэл учруулснаас үүдэн гарсан мөнгөн зардал буюу миний олох ёстой байсан цалингийн орлого 2.000.000 төгрөг, охины эмчилгээнд зарцуулсан 430.968 төгрөг, нийт 2.430.968 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ бол зөвхөн бүрдүүлж чадсан баримттай зардал бөгөөд үүнээс илүү цаг хугацаа, сэтгэл санаагаар маш их хохирч, гомдож байна гэжээ.

 

2. Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн ****** дугаартай T P маркийн машинтай явж байхад явган зорчигчийн гарцгүй хэсгээр замын эсрэг урсгалын түгжирсэн машинууд дундаас 1 хүүхэд гэнэт гүйж гарч ирээд миний унаж явсан машинд шүргүүлсэн юм. Тухайн үедээ миний зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авч, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж, хэмжилт үзлэг хийсэн. Хүүхдийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэн, гэмтлийн хүлээн авах бүх төрлийн үзлэг оношилгоо /эхо, рентген зураг зэрэг/-г хийлгэсэн бөгөөд тухайн хүүхдэд гэмтлээс үүссэн ил болон далд шарх сорви байхгүй гэсэн боловч тухайн хүүхэдтэй хамт явж байсан асран хамгаалагчдын хүсэлтээр хувийн эмнэлэгт төлбөртэй томограф хийлгэж тухайн үед эмчийн бичиж өгсөн тайвшруулах эм болон дархлаа дэмжих эм зэргийг би авч өгсөн. Үүний дараа осол болох үед хамт явж байсан эгчтэй нь цуг замын цагдаа дээр очсон бөгөөд эгч нь тухайн үед Охины төрсөн ээж нь хөдөө ажилтай байгаа учир ирэх боломжгүй, би асран хамгаалагч нь мөн, гомдол саналгүй гэж хэлээд хэргийн газар ирсэн байцаагч нь надад ямар нэг торгууль тавиагүй, мөн жолоодох эрхийн онооноос хасаагүй Явж болно гээд миний бичиг баримтыг өгсөн. Асран хамгаалагч гэх эгч нь харин хүүхдийн барьж явсан утасны нүүр нь замын цементэн дээр унаад хагарсан тул утсыг шинээр авахуулмаар байгаагаа хэлсэн. Тухайн үед ямар утас барьж явсныг нь асуухад IP гэдэг утас гээд 300.000 орчим байдаг гэсэн. Би тухайн үедээ мөнгө байхгүй учир Утсыг нь засуулах боломжтой бол засуулж өгье, бүр боломжгүй бол маргааш, нөгөөдөр мөнгө хүнээс зээлээд өгье гэж хэлсэн. Үүнээс болоод үл ойлголцол үүссэн. Маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 29-ний өглөө охины эгчтэй нь яриад охины биеийг асууж, томографын шинжилгээний хариуг цуг очиж авах уу гэхэд Охины ээж хөдөөгөөс ирсэн чамайг зүгээр ингээд өнгөрөөхгүй, явдаг газраар нь явж чамд тооцох ёстой хариуцлагыг нь тооцуулна гэж байна гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өглөө ********* дугаараас охины ээж Д гэх эмэгтэй ярьж Охин хүнд бэртсэн, цагдаагаар хэргийг хаалгаагүй, хууль шүүхийн байгууллагаар явна гэхээр нь би Тухайн өдөр эмнэлэгт үзүүлж бүх шаардлагатай оношилгоог хийлгэсэн, мөн өөрийн зүгээс хийх ёстой бүх зүйлийг хийсэн гэж үзэж байгаа, танай охин гарцгүй хэсгээр шууд урдуур гүйж орж ирсэн гэтэл намайг элдвээр доромжилж, бүр хувийн амьдрал руу минь орж дайрч давшилсан. Миний буруутай буруугүйгээс үл хамааран би охинд чадлаараа анхаарал хандуулах чин сэтгэл надад уг нь байсан юм. Гэвч охины ээжтэй нь ойлголцох үнэхээр боломжгүй байсан тул арга буюу өмгөөлөгч авч, өмгөөлөгчөөр дамжуулан харьцах гэж оролдсон. Гэвч энэ осолд хэн буруутайг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад болон хөндлөнгийн шинжээчийн багийн дүгнэлтээр явган зорчигчийн буруу гэсэн дүгнэлт гарсан байхад хүртэл намайг өдөр бүр шахуу 2-3 танихгүй дугаараас байнга залгаж элдэв зардал мөнгө нэхэж үг хэлээр байнга дарамталж байсан. Миний зүгээс асуудал хуулийн дагуу үнэн зөвөөрөө шийдэгдэж, үнэхээр миний буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдсон тохиолдолд ямар ч хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа Д гэгч эмэгтэйд удаа дараа хэлж байсан болно. Тээврийн Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай тогтоолд "...Л. Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.8 дахь заалт "Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино", мөн дүрмийн 5.12 дахь заалт "Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно /үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 12 настай эмэгтэй, Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй үйлдэл нь осолд өртөх шалтгаан болсон байна" гэж дүгнэн осол нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас гараагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан юм. Хуулийн байгууллагаар ослыг шалгаж, тухайн ослыг явган зорчигчийн буруутай үйлдлээс болсныг тогтоосон учраас Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө олон хүүхэдтэй хүн учраас хүүхдийн буруугаас зам тээврийн осол болсон гэж тогтоогдсон ч Т-ийн ээжид гомдол гаргаагүй, гэхдээ цаашид ийм байдлаар дарамт, шахалт үргэлжилбэл би хохирол нэхэмжлэх болно. Энэ хэрэг болсноос хойш би байнгын сэтгэл санааны дарамтад орж, миний зүрх, ходоод маш их өвддөг болсон. Үүнийг би шүүх дээр Д-д анхааруулж ойлгуулахыг хүсэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийн "гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлнө" гэсэн заалтын дагуу явган зорчигчийн буруутай үйлдлээс осол болсныг тогтоосон цагдаа, прокурорын байгууллагын шийдвэр тогтоолыг үндэслэн Д.Т-ийн асран хамгаалагч Б.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 54.000 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар тогтоол, С констракшн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ********* дугаар цалингийн тодорхойлолт, M t эмнэлгийн үзлэгийн хуудас, эм, үзлэг хийлгэсэнтэй холбоотой е-баримтын хуулбарууд, Д.Т-ийн өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын О у цогцолбор сургуулийн тодорхойлолт, Д.Т-ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, А.Д-аас А.Ш-т олгосон итгэмжлэл, С констракшн ХХК-тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас О.О-т олгосон итгэмжлэл, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар тогтоолын хуулбарыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Д нь 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д-ийн Т-ийн эх нь болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

3. Хариуцагч Л.Б 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 13 минутын орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр А хотхоны урд замд Т п маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ 12 настай, охин Д.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зохигчийн тайлбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ***** дүгээр дүгнэлт зэргээр тогтоогдов.

 Хүүхдийн биед ахар сүүлний хугарал, сүүж ясны хугарал гэмтэл тогтоогдсон байх ба энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлтэд дурджээ.

4. Хариуцагч Л.Б Осол миний буруугаас болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэдийгээр Тээврийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар тогтоолд ... осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гараагүй ... хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байх боловч Л.Б-ийн болгоомжгүй үйлдлийн улмаас охин Д.Т-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх тул тэрээр хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцах нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуунд нийцнэ.

Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна гэж заасан ба 12 настай охин Д.Т өөрийнх гаргаж буй зарим үйлдэл нь өөрт нь аюултай байж болохыг урьдчилан таамаглах чадамжгүй байдаг тул тэрээр явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зорчсон нь Л.Б-ийн гэм буруутай үйлдлийг бүрэн үгүйсгэх үндэслэл биш.

Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн А.О Хүүхдийг мөргөж, гэмтээсэн тул эмчилгээний төлбөрийг нь барагдуулах нь зөв. Хариуцагчийг буруутайд тооцож байна гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

5. Нөгөө талаар, Ц ш-ын жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.8, 5.12 дугаар заалтыг тус тус зөрчиж, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлах үүргээ биелүүлээгүй, мөн явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, охин Д.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг бууруулан тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

6. Ингээд А.Д-ийн гэм хорын хохиролд 2.430.968 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд дараах дүгнэлтийг хийв.

М т эмнэлэгт 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хийлгэсэн толгойн дүрс оношлогооны төлбөр 120.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шатахуун худалдан авсан 40.000 төгрөг, М эмийн сангаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эм авсан 9.130 төгрөг, С ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эмчилгээ, үйлчилгээ авсны төлбөр 130.000 төгрөг, гар утасны дэлгэцний үнэлгээ 65.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой байх тул 364.130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

7. Харин нэхэмжлэгчийн ажлаас чөлөө авч, нэг сарын хугацаанд хүүхдээ асарч орлогогүй болсон тул цалин, хөлсний нөхөн төлбөрт 2.000.000 төгрөг гаргуулна гэх шаардлагын тухайд

Нэхэмжлэгч А.Д С констракшн ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид төслийн админ болон хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг, сайт дээр ажиллахад 2.000.000 төгрөг, харин Улаанбаатар хотод байрлан ажиллахад нэг сарын 1.450.000 төгрөг байхаар тохиролцсон байна.

Осол гарах үед А.Д С констракшн ХХК-ийн сайт дээр буюу орон нутагт байрлан ажиллаж байсан, ингээд ослын дараа охин Д.Т-г хэвтрийн дэглэм сахиулах шаардлагатай болж, өвчтөн асрамжлахаар 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж, эмнэлгийн магадлагаа авсан нь хэргийн 39 дүгээр талд авагдсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Гэвч энэхүү зам тээврийн осолд хүүхдийн буруу мөн тогтоогдсон тул хариуцагч Л.Б-ээс дутуу авсан цалин хөлс 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгож, үлдэх цалингийн орлгод нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн үзлээ.

8. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Л.Б-ээс гэм хорын хохиролд 1.364.130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.066.838 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 36.776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Л.Б-ээс гэм хорын хохиролд 1.364.130 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.066.838 /нэг сая жаран зургаан мянга найман зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 36.776 /гучин зургаан мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Г.ТӨРБОЛД