Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00538

 

 

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/00135 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-гийн хариуцагч Б.А-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,430,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ш.И нь охин Т.Этэй хамт зам гарч байгаад гэнэт уйлахад нь эргэж харахад автомашин мөргөсөн байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулж харахад аарцагны яс цуурсан гэмтэл гарсан байсан. Автомашины жолооч Б.А- бидэнтэй холбоо бариагүй. Охин Т.Э-гийн эх Д.Э- хөдөө байсан учраас ирж чадаагүй. Б.А-тэй утсаар холбогдсон боловч үл ойлголцсон. Эмч охин Т.Э-г 1 сар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж зөвлөсөн. Б.А- барагшуун авсан болон томографи хийлгэсэн төлбөрийг төлсөн. Эх Д.Э- охин Т.Э-г 1 сар асарч ажилдаа явж чадаагүй. Тиймээс эрүүл мэндэд учирсан болон асаргааны зардал 2,430,968 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.А- зам тээврийн осолтой холбоотой зөрчил болон гэмт хэрэгт түүний гэм буруу тогтоогдоогүй. Б.А- нь тухайн осол болсон газраас хүүхдийг эмнэлэг авч явж үзүүлээд бүх арга хэмжээг авсан. Эвдэрсэн утасны асуудлын талаар яригддаг. Гэвч төлбөрийг төлөх боломжгүй. Утасыг засуулаад өгье гэсэн боловч үл ойлголцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Б.А- зам тээврийн осол гаргаж Т.Э-г дайрсан буруутай байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс гэм хорын хохиролд 2,135,168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, илүү нэхэмжилсэн 295,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 49,113 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ..

Анхан шатны шүүх Б.А-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, Т.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, түүний эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардал болон бусад зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд Иргэний хуулийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна. Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч гэм буруутай байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тээврийн прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаар тогтоолд ...Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт дэх Toyota prius маркийн 61-90 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй... Явган зорчигч Т.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5.8 дахь заалт Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино. Мөн дүрмийн 5.12 дахь заалт Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй ... гэх дүгнэлтээр Т.Э- Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй үйлдэл нь осолд өртөх шалтгаан болсон нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх Б.А-ийг гэм буруутай гэж хохирол төлүүлэхээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүх Д.Э-д СААДИ констракшн ХХК-ийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 1 сарын цалин 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Д.Э- хэдий хугацаанд хүүхдээ асарсныг тогтоолгүй цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.Этэй хамт зам гарч яваагүй бөгөөд замын эсрэг талд машиндаа хүлээж байсан нь Тээврийн прокурорын тогтоолоор нотлогдоно.Осол болсон өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж рентгэн зургаар аарцгийн яс цуураагүй гэж эмч тайлбарласан. Т.Э-г хөл дээр нь ээлжлэн зогсоож өвдгийг нугалуулж хөлийг хөдөлгөх хөдөлгөөн хийлгэж аарцагт ямар ч гэмтэл байхгүй хэлж байсан. Хэрэв гэмтэл хугарал байсан хөлөө хөдөлгөх боломжгүй. Эмч дархлаа дэмжих зорилгоор барагшуун, мөн тайвшруулах эм бичиж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Т.Э гарцгүй газраар гарсан. Хариуцагч анхаарал болгоомжгүйгээс зам тээврийн осол гаргасан. Тухайн үед автомашин 37 к.м цагийн хурдтай явсан. Т.Э- автомашинд мөргүүлж 4 метрийн зайд шидэгдсэн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Эм тариа, витамин, кальци зэрэг осолтой холбоотой зардал гарсан. Хэвтрийн дэглэм 1 сар сахих шаардлагатай байсан тул хүүхдээ асарсан. Гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна. Гэтэл 2,000,000 төгрөгөөс илүү зардал гарсан. Д.Э- Оюу толгой ХХК-д туслан гүйцэтгэгч компанид ээлжээр ажилладаг. Тухайн өдөр нислэгийн тийзээ цуцалсан. Ажил дээр маргаантай асуудал үүсэж, 1 сарын хугацаатай ажил зогсоосон. Т.Э-гийн дархлаа суларсан, биеийн тамирын хичээлд орж чадахгүй хохирсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч Б.А-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас охин Т.Э-гийн эрүүл мэндэд учирсан хохирол болон асарсан хугацааны цалин нийт 2,430,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Э- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Б.А- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны урд замд Toyota prius маркийн 61-90 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 12 настай Т.Эг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан... гэж тайлбарлажээ.

 

2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй байх ба хэрэгт Toyota prius маркийн 61-90 УБМ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс гэм хорыг хариуцан арилгах эрх бүхий этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

3. Мөн хэрэгт СААДИ констракшн ХХК-ийн цалингийн тодорхойлолт байх боловч хариуцагч нь тухайн байгууллагад ажилладаг талаарх гэрээ, ажил олгогчийн шийдвэр, ажлын цагийн бүртгэл, түүнийг эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажил олгогчоос цалин хөлс олгогдсон эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

4. Дээрх байдлаар Д.Э-гийн нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэх, улмаар хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/00135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-ийн төлсөн 49,113 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ