Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/00499

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/00499

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Г-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Д-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болон хохиролд 5.644.300 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.А хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д нь 2015.11.02-ны өдөр надтай автомашин захиалгаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу би GRS180-0046720 арлын дугаартай мөнгөлөг өнгийн, Тоуоtа Crown 180 маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирж, 2015.12.10-ны өдөр гаалийн хяналтын бүсэд Б.Дод хүлээлгэн өгсөн. Би Б.Дод автомашин захиалах журам ямар байдаг, яаж ирдэг талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн бөгөөд Днь болж байна хурдхан л захиалъя хэмээн гэрээ хийсэн болно. Автомашины нийт үнэ 14,300,000 төгрөг, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Автомашин 2015.12.10-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн ба би Б.Дын хүсэлтээр гааль дээрх контайнер задлахыг хүлээлгэж байгаад Б.Д болон түүний төрсөн эгч гэгчийг гаалийн хяналтын бүсэд биеэр нь оруулан контайнер задлах үед байлцуулан автомашиныг нүдэн дээр нь гарган ирж, буулгаж авсан ба тухайн үед Дболон түүний төрсөн эгч гэгч нар нь үзэж хараад сайхан тэрэг байна болж байна гэсэн. Ингээд гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу автомашинийг хүлээж авахдаа Б.Д нь надад 4,000,000 өгөх ёстой байсан боловч мөнгө олдсонгүй ёстой уучлаарай 2,000,000 байна маргааш буюу 2015.12.11-ны өдөр яг гүйцээж өгье гээд автомашинаа аваад явъя хэмээн удаа дараа гуйгаад байхаар нь би гаалийн бичгийг автомашины хамт өгөөд явуулсан болно.

Тухайн үед Б.Д нь 1,000,000 төгрөг дутуу өгсөнөөс шалтгаалж автомашины гаалийн татвар, тээвэрлэлт төлөх мөнгө 1,000,000 төгрөгөөр дутсан бөгөөд би хүнээс 3,000,000 төгрөг зээлж (2,300,000 төгрөгийг нь Б.Д гэрээний дагуу 2015.12.20-ны өдөр төлөхөд нь буцааж төлнө гэж тооцож зээлсэн), гаалийн татвар болон тээврийн зардалд төлөхөөр тохиролцсон байсан бөгөөд тухайн зээлэх мөнгө дээр Б.Дын дутуу өгсөн 1,000,000 төгрөгийг 2015.12.10-ны өдөр 6 хувийн хүүтэйгээр мөн нэмж зээлсэн болно. Маргааш нь буюу 2015.12.11-ны өдөр Б.Д, эгчийн хамт манай ажил дээр ирж, өгөх ёстой мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд үлдсэнийг нь орой дансаар шилжүүлнэ, Дархан-Уул аймаг явах маш чухал ажил байна машины цэнхэр бичгээ өгчих одоо очоод дугаар авъя хэмээн дахин дахин гуйхад би зөвшөөрч машины цэнхэр бичиг, гаалийн бичгээ Дболон түүний төрсөн эгч гэгч нарт өгөөд явуулсан болно. Тэгээд би 2016.12.12-ны өдөр үлдсэн мөнгөө авах гэж залгахад чи миний хүссэн машин авчирж өгөөгүй байна би мөнгөө авмаар байна гэж шалтаг зааж, мөнгийг буцаан төл гэж надаас 11,000,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр шаардсан. Мөн гэрээний дагуу хамгийн сүүлийн төлбөр болох 2,300,000 төгрөгийг 2015.12.20-ны дотор төлөх үүрэгтэй байсан ба мөн төлөөгүй, үүнээс шалтгаалж би хүнээс зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж чадаагүй өнөөдрийг хүрч, Б.Дын төлөөгүй 3,300,000 төгрөгт сард 6 хувийн хүүг төлсөөр байна. Иймд хариуцагч Б.Доос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг болон талуудын хооронд 2015.11.02-ны өдөр байгуулсан гэрээний 3 болон 6 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдөр гүйцэтгэх байсан үүрэг 1,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөх байсан 2,300,000 төгрөг нийт 3,300,000 төгрөг, гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдөр гүйцэтгэх 1,000,000 төгрөгийн алдангид гэрээний 6-д заасны дагуу /2015.12.09-нөөс 2016.08.09- ний өдрийг хүртэл/ 245 өдрөөр тооцож 245.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх 2,300,000 төгрөгийн алдангид /2015.12.20-ны өдрөөс 2016.08.09-ний өдөр хүртэл/ 233 өдрөөр тооцож 535.900 төгрөг, мөн бусдаас зээлсэн зээлийн хүү 1.000.000 төгрөгийг 6%-иар, 6 сараар тооцож, нийт 5.644.300 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.10.26-ны өдөр оройн 6 цагт миний бие Б.Д нь интернэт ашиглан Google-ээр Япон машины захиалга, худалдаа гэж хайлт хийсний үндсэн дээр FАСЕВООК цахим хуудас руу хөтлөгдөн орсон. Ингээд А.Гтэй холбогдсон. Ингээд А.Ггийн ажил дээр ирж, санал болгосон Тоёота кроун машины талаар ярилцсан. А.Г нь 3,5 үнэлгээтэй машин гэж хэлсэн бөгөөд би анх удаа захиалгаар авч байгаа тул өөрөөс нь асуудалгүй биз дээ гэж асуусны үндсэн дээр худалдаж авах үнэ болон хугацаа тохиролцохоор болсон. 14.500.000-аас жоохон ярьчих гэж хэлсэн би цаанаасаа захиалж өгдөг найзтайгаа яриад хэлье гээд холдож байгаад утсаар ярьсан. Ингээд 14.300.000 төгрөг болгосон. Ингээд би машиныг худалдаж авахаар тохиролцож эхний ээлжинд 8.000.000 төгрөг, машин орж ирэхээр 4.000.000 төгрөг, 12 сарын 20 гэхэд 2.300.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хугацааны хувьд хэд хонож байгаад ирэх вэ? гэсэн чинь 11 сарын 30 гэхэд ирнэ гэсэн. Ингээд гэрээ байгуулсан, гэрээний хугацаагаа 5 хоногоор сунгах санал тавихад нь би зөвшөөрсөн. Алдангийн хувийг 0.5 болгоё гэж миний бие санал болгоход яахын бэ 0,1 болгоё гэхэд нь мөн зөвшөөрсөн. Гэрээгээ байгуулчихаад миний бие А.Ггийн худалдаа хөгжлийн банкны дансанд нь 8.000.000 төгрөг шилжүүлсэн. 12 сарын 05-ний өдөр би утсаар асуухад хэд хоногоос ирнэ гэхдээ Улаанбаатар хотод ирэхээр болсон шүү гэж хэлсэн. Одоо хаана явна гэж асуухад Хятад улсын хил дээр ирсэн байна гэсэн. 3 хоногийн дараа асуухад хэд хоногийн дараа ирнэ гэж хариу өгсөн. Ингээд би 2015.12.10-ны өдөр машиныг би эгч Дэлгэрийн хамт 2.000.000 төгрөг өгч гаалийн баталгаат агуулахаас машинаа хүлээж авсан. Хүлээж авах үед машин дээр жижиг жижиг зураас, баруун хойд хаалганы усны хамгаалалт буюу хөмсөг нь хугарч сөрдийсөн байсан. А.Гд тэр бүгдийг хэлэхэд иймэрхүү эвдрэл гэмтэл байдаг гэж хэлсэн. Тухайн үед нь би гомдол тавиагүй бөгөөд А.Ггийн ажил руу хамт явсан. Замд явж байхад машины зүүн урд талд юм дугарч байсан ба миний бие А.Гд хэлтэл орж ирсэн машин ингэж дугардаг, амартизатор нь царцчихсан байгаа юм аа гэхдээ удахгүй зүгээр болно гэсэн.

Ажил дээр нь хамт ирчихээд машинаа шилжүүлэх юм чинь чи авч явах уу? Би авч явах уу? гэж асуутал А.Г нь чи авч яваад машинаа үзлэг оншилгоонд оруулаад үлдэгдэл мөнгөтэйгээ маргааш ирээрэй гэсэн. Би маргааш өглөө нь Доктор автосервис дээр очин Авто тээврийн хэрэгслийн үзлэг оншилгоонд оруулсан ба холбогдох мэргэжлийн инженерүүдээр явах эд ангийг нь үзүүлсэн. Гэтэл Доктор автосервисийн механикийн инженер урд амартезатор нь эвдэрсэн байна, шинээр солих шаардлагатай байна гэж оншилгооны бичиг жийж өгсөн. Ингээд маргааш нь очоод 1.000.000 төгрөг өгч, машины цэнхэр бичгийг авсан. Ингээд Гэгээнтэн оффисын 9-н давхарын 903 тоотод байрлах автомашины үзлэг оношлогооны газраар шалгуулж үзэхэд 3.5 үнэлгээтэй бус харин R үнэлгээтй, осолд орсон зарим хэсгийг нь үйлдвэрийн аргаар сольсон байна гэж хэлсэн. Тийм учраас би үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй. Үлдэгдэл мөнгөө машины гэмтлийг засуулах мөнгийг хасаад төлөх, эсхүл машинаа буцааж авах шаардлагыг тавьсан юм. Тэгээд ч зээл авсан гэдэг нь ойлгомжгүй байх тул зээлийн хүүг ч төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Г нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 3.5 үнэлгээтэй бус R үнэлгээтэй, доголдолтой автомашин хүлээлгэж өгсөн бөгөөд үүнийг засаж өгөхгүй байгаа тул миний бие гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт өгсөн 11.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Гэрээний дагуу бид аралын дугаар тохирсон болохоос биш үнэлгээг тохирсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий машин R үнэлгээтэй гэдэг нь зөв, өөрөөр хэлбэл осолд орсон ч түүнийг нь үйлдвэрийн аргаар цоо шинэ болгож зассан гэсэн үг. Тэгээд ч Япон хүмүүс зарчимч, юмыг яг таг хийдэг учир муу машин экспортонд гаргадаггүй юм. Анхнаасаа болж байна, таалагдаж байна гэж авчихаад одоо машины үлдэгдэл төлбөрийг өгч чадахгүй болохоороо гэрээ цуцлах шаардлага тавьж байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч машиныг маш их унаж, эдэлсэн байгааг бид зургаар өгсөн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн доголдолгүй, гэрээ цуцлах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Дод холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болон хохиролд 5.644.300 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч А.Гд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг цуцлаж 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир алдангийн хамт төлөх үүрэгтэй, мөн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс шалтгаалж бусдаас мөнгө зээлж, хүү төлж хохирч байна, машиныг ямар нэгэнт эвдрэл гэмтэлгүй хүлээн авснаас хойш өнөөдөр бүтэн 10 сарын гаруй хугацаа өнгөрсөн, Б.Д өнөөдрийг хүртэл унаж, ашиглаж байна, тийм учраас гэрээг цуцлах үндэслэлгүй гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрөхгүй байх бөгөөд доголдолтой автомашин өгсөн учир төлбөрийг төлөхгүй, харин гэрээг цуцлаж, төлсөн 11.000.000 төгрөгөө буцаан гаргуулж авна гэж маргав.

Зохигчид 2015.11.02-ны өдөр автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Г нь GRS180-0046720 аралын дугаартай, усан цэнхэр өнгийн Тоёота кроун маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирэх, хариуцагч Б.Д нь 14.300.000 төгрөгөөс урьдчилгаанд 8.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг автомашиныг хүлээн авах үед, 2.300.000 төгрөгийг 2015.12.20-ны дотор төлж дуусгах, хэрэв нэхэмжлэгч А.Г автомашиныг хугацаанд нь оруулж ирээгүй, хариуцагч Б.Д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын гаргасан тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдов.

 

Дээрх байдлаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч А.Г нь 2015.11.02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу GRS180-0046720 аралын дугаартай, усан цэнхэр өнгийн Тоёота кроун маркийн автомашиныг Д.Б-н нэрээр улсын хилээр оруулж ирэн 2015.12.10-ны өдөр гаалийн баталгаат агуулахад хариуцагч Б.Дыг байлцуулан бичлэг үйлдэн түүнд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, CD бичлэг, түүнээс буулгасан гэрэл зураг, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, автомашины цэнхэр бичиг буюу экспортонд гаргах гэрчилгээ, Ц.Б-н тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Б.Д нь уг автомашиныг доголдолтой, 3.5 үнэлгээтэй бус R үнэлгээтэй, урд амартизатор солих шаардлагатай гэсэн, тийм учраас Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж тайлбарлан SBT ХХК-ийн 2016.02.20-ны өдрийн 1/27 тоот албан бичиг, Доктор автосервис ХХК-ийн хөдөлгүүрийн оношлогооны хуудас, автомашины анхан шатны үзлэгийн хуудас, автомашины цэнхэр бичиг буюу экспортонд гаргах гэрчилгээ зэрэг баримтуудыг үндэслэн мэтгэлцэв.

 

Хариуцагчийн татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа дээрх баримтуудаас үзвэл маргаан бүхий GRS180-0046720 аралын дугаартай, усан цэнхэр өнгийн Тоёота кроун маркийн автомашин нь R үнэлгээтэй, хөдөлгүүрийн эд анги хэвийн байх бөгөөд зохигчид анхнаасаа автомашины үнэлгээний талаар бус харин аралын дугаараар тохиролцсон, уг аралын дугаартай автомашин улсын хилээр R үнэлгээтэй орж ирсэн, түүнийг хариуцагч Б.Д хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч Б.Дод гэрээг цуцлах шаардлага Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар үүссэн байх боловч маргаан бүхий автомашин нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1-д заасан гэрээг цуцлах хэмжээний эд хөрөнгийн болон эрхийн ямар нэгэн доголтой болох нь тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т зааснаар гол эд анги доголдолтой бол гэрээг бүхэлд нь цуцлах зохицуулалттай байх бөгөөд маргаан бүхий Тоёота кроун маркийн автомашины хувьд гол эд анги буюу мотор доголдолгүй, тухайн техник хэвийн хэмжээнд ажиллаж байгаа болох нь 2016.08.09-ний өдрийн зохигчдын хамт байж тус автомашины одоогийн байгаа байдлын харуулсан СD бичлэг, түүнийг буулгасан гэрэл зургуудаас харагдаж байх тул 2015.11.02-ны өдрийн автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь цуцлах хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагч Б.Д нь автомашиныг худалдан авсны төлбөрийг нэхэмжлэгч А.Гд төлөх хууль зүйн үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Д нь автомашиныг худалдан авсан 14.300.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг төлж, үлдэх 3.300.000 төгрөг, түүний алданги 780.900 төгрөг, нийт 4.080.900 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэгч А.Гд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, худалдах, худалдан авах гэрээний 3, 6 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Доос автомашины үлдэгдэл төлбөрийг, алданги, хохирлын хамт шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Доос гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс бусдаас 1.000.000 төгрөгийн зээл авч хүү төлж хохирсон гэж 6 сарын хүүд 1.563.400 төгрөгийг 2015.12.10-ны өдрийн зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгуудыг үндэслэн нэхэмжилж байх боловч уг баримтуудаар А.Гд маргаан бүхий автомашины үлдэгдэл төлбөрөөс шалтгаалж хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Тодруулбал нэхэмжлэгч А.Г нь 2015.12.10-ны өдөр Г.Гантулгаас 4.000.000 төгрөгийг, 1 сарын 6%-ийн хүүтэй зээлж, зээлийн хүү, үндсэн зээлийг төлсөн байх боловч уг зээлийн 1.000.000 төгрөг нь Б.Дод яаж холбогдож байгаа, зээлийн гэрээг сунгасан эсэх талаар баримтгүй байхад яагаад 6 сарын хүүг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул хохирол нэхэмжилсэн уг шаардлага үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Б.Доос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3.300.000 төгрөг, алданги 780.900 төгрөг, нийт 4.080.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.563.400 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болсноос бусад баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч А.Г нь тэмдэгтийн хураамжид 105.259 төгрөг төлөх байтал 38.711 төгрөгийг, хариуцагч Б.Д нь сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 190.900 төгрөг төлөх байтал 38.500 төгрөгийг тус тус илүү төлсөн байх тул уг 38.711 төгрөг, 38.500 төгрөгийг тус тус зохигчдод улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Доос 4.080.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.563.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Б.Дын гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ггээс тэмдэгтийн хураамжид төлсөн 143.970 төгрөгийг /120.686+23.284/, хариуцагч Б.Доос сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 229.450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 38.711 төгрөгийг нэхэмжлэгч А.Гд, 38.500 төгрөгийг хариуцагч Б.Дод тус тус олгож, хариуцагч Б.Доос 80.244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА