Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00032

 

А.Ганхүүгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00499 дүгээр шийдвэртэй,                                                  

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1811 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : А.Ганхүү

Хариуцагч : Б.Дэлгэрцогтод холбогдох

Үндсэн нэхэмжлэл:  5.644.300 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээг цуцлах, 11 сая төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ганхүү, хариуцагч Б.Дэлгэрцогт, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал, Ч.Жадамбаа, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дэлгэрцогт нь 2015.11.02-ны өдөр автомашин захиалгаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу би GRS180-0046720 арлын дугаартай Тоуоtа Crown 180 маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирж, 2015.12.10-ны өдөр гаалийн хяналтын бүсэд Б.Дэлгэрцогтод хүлээлгэн өгсөн. Нийт үнэ 14.300.000 төгрөг, урьдчилгаа 8.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Автомашин 2015.12.10-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн. Дэлгэрцогт болон түүний эгч нь гаалийн хяналтын бүсэд орж, контайнер задлах үед байлцан  автомашиныг гарган ирж, буулган хүлээж авсан. Автомашинийг хүлээж авахдаа Б.Дэлгэрцогт 4 сая төгрөг  өгөх ёстой байсан боловч 2 сая  төгрөг өгсөн.  Маргааш нь буюу “...2015.12.11-ны өдөр мөнгө  гүйцээж өгье гээд автомашинаа аваад явъя..” гэж гуйсан тул  би гаалийн бичгийг автомашины хамт өгөөд явуулсан. Тухайн үед Б.Дэлгэрцогт 1 сая  төгрөг дутуу өгсөнөөс шалтгаалж гаалийн татвар, тээвэрлэлтийн мөнгө 1сая  төгрөгөөр дутсан тул  би хүнээс 2015.12.10-ны өдөр 6 хувийн хүүтэйгээр мөнгө зээлсэн. Маргааш нь өгөх ёстой мөнгөнөөсөө 1 сая  төгрөг өгсөн бөгөөд “...үлдсэнийг нь орой дансаар шилжүүлнэ, Дархан-Уул аймаг ажил байна машины цэнхэр бичгээ өгчих одоо очоод дугаар авах хэрэгтэй байна..” гээд  гуйсан тул  машины цэнхэр бичиг, гаалийн бичгийг  өгөөд явуулсан болно. 2016.12.12-ны өдөр үлдсэн мөнгөө авах гэж залгахад “...миний хүссэн машин авчирж өгөөгүй байна би мөнгөө авмаар байна...” гэж надаас 11 сая төгрөг шаардсан. Мөн гэрээний дагуу хамгийн сүүлийн төлбөр болох 2.300.000 төгрөгийг 2015.12.20-ны дотор төлөх үүрэгтэй байсан ч  төлөөгүй, үүнээс шалтгаалж би хүнээс зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж чадаагүй өнөөдрийг хүрч сард 6 хувийн хүүг төлсөөр байна. Иймд машины үлдэгдэл мөнгө 3.3 сая төгрөг, алданги 780.900 төгрөг, зээлийн хүүд төлсөн мөнгө буюу хохирол  1.640.100  төгрөг нийт 5.640.100төгрөг шаардаж байна /хх1-ийн 1-3, 215-216, хх2-ын 8/ гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины үнэ 14.300.000 төгрөг. Би машиныг худалдаж авахаар тохиролцож эхний ээлжинд 8.000.000 төгрөг, машин орж ирэхээр 4.000.000 төгрөг, 12 сарын 20 гэхэд 2.300.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хугацааны хувьд 11 сарын 30 гэхэд ирнэ гэсэн. Ингээд гэрээ байгуулсан, гэрээний хугацаагаа 5 хоногоор сунгах санал тавихад нь би зөвшөөрсөн. Алдангийн хувийг 0.5% болгоё гэхэд  0.1% болгоё гэхэд нь мөн зөвшөөрсөн. 2015.12.10-ны өдөр би эгчийн хамт  очиж 2 сая төгрөг өгч гаалийн баталгаат агуулахаас машинаа хүлээж авсан. Хүлээж авах үед машин дээр жижиг жижиг зураас, баруун хойд хаалганы усны хамгаалалт хугарсан байсан. А.Ганхүүд энэ талаар хэлэхэд  “...иймэрхүү эвдрэл гэмтэл байдаг...”  гэж хэлсэн. Замд явж байхад машины зүүн урд талд юм дугарч байсныг А.Ганхүүд хэлтэл “...орж ирсэн машин ингэж дугардаг, амартизатор нь царцчихсан байгаа юм аа гэхдээ удахгүй зүгээр болно...” гэсэн. А.Ганхүү хэлэхдээ “...машинаа авч яваад үзлэг оношилгоонд оруулаад үлдэгдэл мөнгөтэйгээ маргааш ирээрэй...” гэсэн тул үзлэг оруулсан. “Доктор автосервис”-н механикийн инженер үзээд “...урд амартизатор нь эвдэрсэн байна, шинээр солих шаардлагатай...” гэж оношилгооны бичиг хийж өгсөн. Ингээд маргааш нь очоод 1 сая төгрөг өгч, машины цэнхэр бичгээ А.Ганхүүгээс авсан. Дахин автомашины үзлэг оношлогооны газраар шалгуулж үзэхэд 3.5 үнэлгээтэй бус, харин R үнэлгээтэй буюу  осолд орсон зарим хэсгийг нь үйлдвэрийн аргаар сольсон машин байна гэж хэлсэн. Тийм учраас би үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй. Үлдэгдэл мөнгөө машины гэмтлийг засуулах мөнгийг хасаад төлөх, эсхүл машинаа буцааж авах шаардлага  тавьсан. Зээл  авсан гэж байгааг ойлгохгүй байна, зээлийн хүүг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. /хх1-ийн 26-27, 237-239/

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Ганхүү нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 3.5 үнэлгээтэй бус, харин R үнэлгээтэй, доголдолтой автомашин өгсөн бөгөөд үүнийг засаж өгөхгүй байна. Иймд гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт өгсөн 11.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. /хх1-ийн 44-45/

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн  тайлбартаа: Гэрээний дагуу бид аралын дугаар тохирсон болохоос биш үнэлгээг тохирсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий машин R үнэлгээтэй гэдэг нь зөв, өөрөөр хэлбэл осолд орсон ч түүнийг нь үйлдвэрийн аргаар цоо шинэ болгож зассан гэсэн үг. Анхнаасаа болж байна, таалагдаж байна гэж авчихаад одоо машины үлдэгдэл төлбөрийг өгч чадахгүй болохоороо гэрээ цуцлах шаардлага тавьж байгааг ойлгохгүй байна.Машиныг  маш их унаж, эдэлсэн байгаа ба машин ямар нэгэн доголдолгүй юм. Иймд гэрээ цуцлах үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. /хх1-ийн 64/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00499 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан  Б.Дэлгэрцогтоос 4.080.900 төгрөг гаргуулж А.Ганхүүд олгож, нэхэмжлэлээс 1.563.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан  Б.Дэлгэрцогтын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан улсын  тэмдэгтийн хураамжид А.Ганхүүгээс төлсөн 143.970 төгрөг, Б.Дэлгэрцогтоос төлсөн 229.450 төгрөгийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээж, илүү төлсөн 38.711 төгрөгийг нэхэмжлэгч А.Ганхүүд, 38.500 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрцогтод тус тус олгож, хариуцагч Б.Дэлгэрцогтоос 80.244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ганхүүд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1811 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00499 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө  цахим хуудсаар холбогдож худалдах, худалдан авах хэлцлийн харилцаанд орж гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг тохиролцсон байдаг. /хх48-50, 51-61/ Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт өгөхдөө талууд автомашины үнэлгээний талаар бус арлын дугаараар тохиролцсон байна гэж автомашины үнэлгээтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, орхигдуулж алдаатай дүгнэлт өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдаатай дүгнэлтийг залруулсан, зөвтгөсөн үндэслэл бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгч чадаагүй, мөн л талууд гэрээн дээр үнэлгээний талаар тохироогүй гэж буруу дүгнэлт өгсөн. Шүүх талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө үүссэн үүргийн талаар үнэлэлт өгөөгүй, орхигдуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-г  зөрчлөө. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар тайлбарлахдаа талуудын үүрэг, оролцоог магадалж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. А.Ганхүү нь автомашины үнэлгээний талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг Б.Дэлгэрцогтод өгөлгүй, төөрөгдүүлж, чанар муутай автомашин нийлүүлсэн байхад шүүх  худалдагчийн үйлдэлд хууль зүйн үүднээс дүгнэлт өгөөгүй. Худалдагч нь автомашины үнэлгээг зориудаар худал мэдээлэлж, автомашинаа борлуулах сонирхолтой байсан нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байтал шүүгч худалдагч талын хуулиар хүлээсэн үндсэн үүрэгтэй холбогдуулж энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2016.9.02-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс уг хэрэг дээр шинжээч томилуулж автомашины эвдрэл гэмтлийг газар дээр нь болон дагалдах баримт бичгүүд үндэслэн тогтоох, анхнаасаа эвдрэлтэй автомашиныг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн эсэхийг тодруулахад чухал ач холбогдолтой гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-т заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг. Шүүх  шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөхгүй байх бөгөөд R үнэлгээтэй машин, эвдрэл гэмтэлтэй гэдэг баримт хэрэгт авагдсан байгаа, шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй гэх зэргээр хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүйгээр зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулсан. Хэргийн материалын хүрээнд мэтгэлцэх, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлт, тайлбар хийх зохигчийн эрхийг хангахгүйгээр шүүх хуралдааныг хийж алдаа гаргасан. Учир нь, шүүгч гаалийн баримт дээрээс FОВ гэх товчлолыг ямар учиртай болохыг нэхэмжлэгч талаас тодруулснаа туйлын зөв тайлбар мэтээр нэг талын тайлбарт хөтлөгдсөн нь алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Шүүгчид ойлгомжгүй зүйл байх ёсгүй, эсвэл мэдэхгүй, ойлгомжгүй бол түүнийг заавал орчуулга болон үгийн товчлол ямар учиртай болохыг тодорхойлох, үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ уг нь түүнд хуулиар олгогдсон юм. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. /хх2-ын 51-53/

ХЯНАВАЛ:

А.Ганхүү нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, машины үлдэгдэл мөнгө 3.3 сая төгрөг, алданги 780.900 төгрөг, зээлийн хүүд төлсөн мөнгө буюу хохирол 1.640.100 төгрөг нийт 5.640.100 төгрөгийг хариуцагчаас /хх 1-ийн 1-3, 215-216, 2-ын 8/ шаарджээ.

Хариуцагч Б.Дэлгэрцогт нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах, төлбөрт өгсөн 11 сая төгрөгийг нэхэмжлэгчээс буцааж гаргуулахыг хүссэн байна. /хх1-ийн 44-45/

Анхан шатны шүүх хариуцагчаас машины үлдэгдэл мөнгө 3,3 сая төгрөг, алданги 780.900 төгрөг нийт 4.080.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...талуудын худалдах- худалдан авах гэрээ байгуулахдаа 3,5 үнэлгээтэй автомашин авах талаар тохиролцсон... худалдагч Иргэний хуулийн 243.2-т заасан үүргээ биелүүлээгүй... шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй... гаалийн баримт дээр буй FОВ гэх товчлолыг  нэхэмжлэгчээс тодруулснаа туйлын зөв тайлбар мэтээр нэг талын тайлбарт хөтлөгдсөн... шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулсан...” гэсэн үндэслэл заасан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

1. А.Ганхүү, Б.Дэлгэрцогт нар нь 2015.11.02-ны өдөр “автомашин захиалгаар худалдах-худалдан авах”  гэрээ /хх 1-ийн 6/ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь GRS180-0046720 аралын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирэн худалдах, Б.Дэлгэрцогт нь 14.300.000 төгрөгөөс урьдчилгаанд 8 сая төгрөг шилжүүлэх, 4 сая төгрөгийг автомашиныг хүлээн авах үед, 2,3 сая төгрөгийг 2015.12.20-ны дотор төлөх үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн, автомашиныг хугацаанд нь оруулж ирээгүй мөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑г зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Автомашин захиалгаар худалдах- худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь GRS180-0046720 аралын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг Б.Дэлгэрцогтод 2015.12.10-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул гэрээнд заасан үүргээ худалдагч биелүүлсэн гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж Б.Дэлгэрцогт маргах боловч энэ үйл баримт тогтоогдоогүй байна. 

а/. GRS180-0046720 аралын дугаартай, Тоёота кроун маркийн автомашин биет байдлын доголдолтой эсэх талаар зохигчид маргаж, автомашины доголдолтой холбоотой  “СБЭТЭ МОНГОЛИЯ” ХХК-ийн 2016.02.20-ны өдрийн 1/27 дугаар тодорхойлолт /хх1-ийн 13/., фото зураг /хх1-ийн 21-24/., “Амжилтын Ганхүү”... гэсэн хаягтай цахим хуудас...”ын хуулбар /хх1-ийн 31-32/., гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1456853 дугаартай  мэдүүлэг /хх1-ийн 42/ ., экспортонд гаргах гэрчилгээ япон хэлнээс орчуулсан орчуулгын хамт /хх 1-ийн 43, 133/., “Амжилт Ганхүү” гэсэн нүүрном /www.facebook.com/hugo.amjilt/ -н хуулбар /хх1-ийн 51-61, 99-101, 119-123/., CARA.MN япон машины дуудлага... гэсэн интернет мэдээлэл /хх1-ийн 95-98, 113-118/, Доктор автосүлжээ ХХК-иас 2015.12.12-ны өдөр олгосон хөдөлгүүрийн оношлогооны мөн үзлэгийн хуудас /хх1-ийн 103-104/., гадаад хэлээр  бичигдсэн  баримт /хх1-ийн 105/., 2015.12.11-ны өдөр зохигчдын хооронд болсон гэх ярианы бичлэгийг /хх-1ийн 240-241/ талууд шүүхэд гаргаж өгсөн байна. Автомашин  доголдолтой байсан эсэхийг нотлох өөр баримт хэрэгт байхгүй, эдгээр баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцжээ.   

Гэрээний зүйл доголдолтой байсан эсэхтэй холбоотой дээр дурдсан баримтуудаас хэргийн 1-р хавтасны 105-д буй баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу  гадаад хэлээр бичигдсэн баримтын орчуулга байхгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Үлдсэн бусад баримтууд нь талуудын хооронд 2015.11.02-ны өдөр байгуулагдсан гэрээний нөхцөлийг буюу “...хариуцагч 3,5 үнэлгээтэй автомашин захиалсан...” үйл баримтыг нотлоогүй байна. Зохигчдын гаргаж өгсөн баримтаар  автомашины чанарын талаар буюу зохигчдын тайлбарласан “3,5 эсхүл R” гэсэн үнэлгээний аль нэгийг талууд гэрээний нэг нөхцөл болгосон үйл баримт нотлогдоогүй   байна.   

Худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

А.Ганхүү, Б.Дэлгэрцогт нар нь 2015.11.02-ны өдөр “автомашин захиалгаар худалдах, худалдан авах”  гэрээ  байгуулахдаа  нэхэмжлэгч GRS180-0046720 аралын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирэн худалдах,  Б.Дэлгэрцогт нь 14.300.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн бөгөөд  гэрээнд машины  чанарын талаар тухайлан заагаагүй, хариуцагч хүлээн авсан автомашиныг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдсон тул  шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 251 дүгээр зүйлийг зөв  тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.   

б/. “...гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1456853 дугаартай мэдүүлэгт FОВ гэж бичсэнийг нэхэмжлэгчийн тайлбараар шүүх маргаангүй гэж үнэлсэн...” тухай хариуцагчийн  гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Хэргийн 1-р хавтас 42 дугаар талд “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1456853 дугаартай мэдүүлэг” авагдсан байх бөгөөд уг мэдүүлэгийн 7-с үзвэл FОВ нь “бараа нийлүүлэх нөхцөл” байна.

 3. Хариуцагч нь шүүх хуралдаан дээр буюу 2016.9.02-ны өдөр шинжээч томилох  автомашины эвдрэл гэмтлийг газар дээр нь болон дагалдах баримт бичгийг үндэслэн тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд  шүүгч “...автомашин R гэсэн үнэлгээтэй байгаа нь тодорхой байгаа... автомашины эвдрэлтэй холбоотой баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн...” гэсэн үндэслэлээр хүсэлтийг 2016.9.02-ны өдөр 182/Ш32016/02566 дугаартай захирамж гаргаж хангахгүй /хх1-ийн 243-246/ орхижээ.

Б.Дэлгэрцогт нь шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 123  дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Хариуцагч нь шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй шалтгааныг буюу хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой  нотлох баримтыг /шинжээчийн дүгнэлт/ урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй байх тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох улмаар дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах үндэслэлгүй байна.

4/.  “...шүүх хуралдаан болох өдөр хариуцагчийг хэргийн материалтай танилцуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон...” гэх  хариуцагчийн  гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал түүний нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Хариуцагч тал хэргийн материалтай  2016 оны 6 дугаар сарын 09, 14-ны өдөр мөн  2016 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдөр нийт 4 удаа танилцсан байх тул шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин хэргийн материалтай танилцуулсныг /хх1-ийн 71, 72, 225, 242, 244/ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00499 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Б.Дэлгэрцогт хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 229.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ