Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00563

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00563

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ЧБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ХХБЭХА,

Хариуцагч:  ЖА ХХК-нд тус тус холбогдох

2015.11.02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцласны улмаас учирсан хохиролд 128.455.056 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагч ХХБЭХАийн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.Г, хариуцагч ЖА ХХК-ийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ДММ ХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмшигч ЖА ХХК, ЖА ХХК-н 100%-ийн хувьцааг эзэмшигч ХБХХК-ийн түүний ЭХАтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу уг компаний нэг бүр нь 1000 /нэг мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8.301.420 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааг төлбөр төлөх хугацаанаас хамааран 3 тэрбум, 3.2 тэрбум төгрөгөөр худалдан авах 2 нөхцөлтэйгөөр худалдан авахаар тохиролцсон. Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь барилга угсралтын ажил бөгөөд баригдсан орон сууц нь худалдагдаагүй тул өөр эх үүсвэрээс төлбөрийг төлөх боломжгүй болсон тул Монгол Улсын Иргэний хуулиар олгогдсон гэрээний тэгш байх эрхийн хүрээнд гэрээг цуцлах тухай саналыг худалдагчид 2016.02.15-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл худалдагчийн зүгээс 2016.02.17-ны өдрийн 03-01/526 дугаартай мэдэгдэлийг ирүүлсэн. Мэдэгдэлд худалдан авагч талын санаачлагаар гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн худалдагч талаас гэрээний 11.2.1, 11.2.3-д заасан үндэслээр гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн бөгөөд гэрээний 11.4-д зааснаар дэнчинд төлсөн 100.000.000 төгрөгийг өөрт үлдээхээр мөн гэрээний төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийн 20% буюу 4.000.000 төгрөгийг худалдагчид учирсан хохиролд, 35.400.000 төгрөгийг алдангид тус тус тооцсон тухай мэдэгдсэн. Дээрх мэдэгдэлийн дагуу гэрээ худалдагчийн санаачлагаар гэрээг цуцласан нөхцөлд дэнчингийн мөнгийг худалдагчид үлдээхээр заасан гэрээний 11.4 дэх заалт нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-д заасныг зөрчиж байгаа бөгөөд талууд гэрээ цуцалсанаас худалдагчид учирсан хохиролын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20%-иар тооцож хариуцлага хүлээхээр заасан бөгөөд худалдагчийн зүгээс 20.000.000 төгрөгийн 20%-иар тооцож хохирлоо бүрэн гаргуулсан гэж үзэж байна. Мөн гэрээ цуцлагдсанаар худалдан авагч нь хариуцлага хүлээхгүй болно. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.2-д гэрээний 1.2.4, 1.2.5-д заасан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсаны орлогоос сар бүрийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг орон сууцны борлуулалт хийхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой бүх төрлийн зээлээ зогсоосноос үүдэн гэрээний төлбөрөө хугацаанд хийх боломжгүй болсон билээ. Гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байдаг тул төлбөр төлөгдөөгүй үеийн алдангийг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд 2015.11.02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, худалдан авагчаас дэнчинд төлсөн 100.000.000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1.146.000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16.000.000 төгрөг, нийт 128.455.056 төгрөг гаргуулж өгнө үү гэж шаардсан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа гэрээ цуцласнаас учирсан хохирол гэж үзэн тодруулж, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар 128.455.056 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна гэв.

 

Хариуцагч ХХБЭХА шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧБ ХХК болон ЖА ХХК, ХБЭХА нарын хооронд 2015.11.02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ДММ ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8.301.420 ширхэг энгийн хувьцааг А нөхцөл: 2016.01.31-ний өдрийн дотор багтаан бүрэн төлөх нөхцөлд 3.000.000.000.00 төгрөг, Б нөхцөл: 2016.01.31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3.200.000.000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хувьцааны төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2016.06.30-ны өдрөөр тогтоосон ба гэрээнд төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж болох нөхцлийг заасан. Хувьцааг дагаж Компаний тайлан тэнцэлд байгаа бүх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд, эд хөрөнгийн эрхийн хамт гэрээнд заасан нөхцлийн дагуу худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжих бөгөөд тэдгээрийг илүү засч сайжруулах, өөрчлөх нөхцөл шаардахгүйгээр хүлээлцэх өдрийн байдлаар нь авахаар тохиролцсон. Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн болохоо илэрхийлж гэрээний 10.1.4-д буюу худалдан авагчаас гаргах баталгаа хэсэгт тусгайлан дурьдсан. Гэрээний 11.2.4-д зааснаар худалдан авагчийн гаргасан баталгаа нь худал байсан тохиолдолд гэрээнд дурьдсан худалдагч талаас гэрээг дангаар цуцлах нөхцлийг эрхийг хэрэгжүүлэхээр, гэрээний 10.1.6-д худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан, түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохыг тусгайлан заасан.

Өөрөөр хэлбэл худалдан авагчаас зөвхөн барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос гэрээний үнийг төлөхөөр тохиролцоогүй бөгөөд дээр дурьдсаны дагуу бусад санхүүгийн эх үүсвэрээр төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 1.2.4-1, 2.9-д заасан хөрөнгүүдийг барьцаалуулахаар тохиролцож байгаа хэлбэр нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд ийнхүү хөрөнгө барьцаалж байгаа нь худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба энэ нь худалдагчаас гэрээний биелээгүй үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаагүй байдлаас тодорхой байна. Гэрээний талууд ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 233 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох дэнчинг хэрэглэж гэрээний 2.2.1.1-д 100.000.000.00 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон гэрээнд талууд гарын үсэг зурж тэмдэг дарснаас хойш хуанлийн 2 хоногийн дотор төлөх, худалдан авагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулж тооцно гэж дурьдсан.

Худалдан авагч талаас гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ удаа дараа зөрчиж, энэ талаар мэдэгдлийг худалдагчаас 2015.12.18-ны өдрийн 938, 2016.01.07-ны өдрийн 05 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй нь гэрээний 11.2.1, 11.2.3-д тус тус заасан худалдагч талаас гэрээг цуцлах нөхцлийг бүрдүүлсэн. Гэрээ байгуулахаас өмнө худалдан авагчийн зүгээс хөрөнгө оруулагчийн хамтаар үйлдвэрийн барилга, эд хөрөнгийн байдалтай газар дээр нь биечлэн танилцсаны үндсэн дээр цаашид ашиглах, засвар, сайжруулалт хийх, уг зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж гэрээг байгуулсан. Гэрээний 4.1.2-д зааснаар хавсралтад дурьдсан хөрөнгүүдэд биет байдлын доголдол илэрсэн тохиолдолд худалдагчаас нуун дарагдуулснаас бусад тохиолдолд худалдагч тал хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Үйлдвэрийн хөрөнгүүдийн тухайд гэрээг байгуулахаас өмнө газар дээр нь танилцах явцад болон үйлдвэрийг хүлээлцэх явцад ил байсан ба худалдагч талаас бодит байдлыг нуун дарагдуулсан зүйлгүй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа 2015.11.02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-дэх хэсэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрээний 8.1-д заасан давагдашгүй хүчин зүйлд нөлөөлөх төрлүүдийн нэг болох Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гэдэг нь гэрээний зүйл болох ДММ ХХК-ийн хувьцаа, үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тухайд төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан гаргасан шийдвэрийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд хэрэгжих заалт бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоол нь Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн барьцаалуулагчаас төрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа барьцаалагчаас зөвшөөрөл авах агуулга бүхий заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд тогтоолоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоох эсэх талаар шийдвэрлээгүй. Арилжааны банкууд нь өөрсдийн эрхийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг зогсоож байгаа байдал нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт хамаарахгүй.

ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2.1.1-д сар бүр төлөх 100.000.000 төгрөгөөс доошгүй төлөх төлбөрийг төлөхдөө 100.000.000 төгрөгт хүргээгүй бол тус дүнгээс дутсан үнийн дүнгээс тооцон тус төлбөрийг бүрэн гүйцээж төлөх өдрийг хүртэл хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон. Худалдагчаас худалдан авагчид 2015.12.18-ны өдрийн 938 дугаартай албан бичиг, 2016.01.07-ны өдрийн 05 дугаартай гэрээний хэрэгжилтийг биелүүлэх тухай албан бичгүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан бөгөөд худалдан авагчаас гэрээний зөрчлийг арилгахгүй байсаар 2016.02.15-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Тус албан бичигт дурьдсан гэрээ цуцлах үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, тус үндэслэлд худалдагч талаас гэм буруугүй байсан тул худалдагч талаас үндэслэлийг эс зөвшөөрч, харин худалдан авагчаас цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй, түүний хөрөнгө оруулагч хамтран ажиллахаас татгалзсан, гэрээний зөрчлийг арилгаагүй зэрэг нөхцлүүдийг харгалзан худалдагчаас гэрээг гэрээнд заасан үндэслэлээр цуцалсан. Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2015.02.15-ны өдрийн байдлаар нийт 35.400.000 төгрөгийн алданги хуримтлагдсан. Тус гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш буюу 2015.11.02-ны өдрөөс худалдагч талаас гэрээг цуцлах хүртэл хугацаа буюу 2016.02.17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж талуудын хооронд үүрэг үүссэн байсан нь компанийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж байсан, худалдан авагчаас гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдоно. Иймд энэ тохиолдолд гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын нөгөө талын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үндэслэлгүй. Талууд гэрээг байгуулахдаа худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20%-иар тооцож уг төлбөрийг хохиролд тооцуулахаар тохиролцсон. Учир нь худалдагчаас худалдан авагчтай уг гэрээг байгуулснаар буюу худалдан авагчаас гэрээний төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар гэрээний зүйлийг бусдад худалдах, өөр сонирхогч этгээдээс ирүүлсэн худалдан авах саналыг хүлээн авах, гэрээ байгуулахаар санал солилцох боломжгүй болох тул алдагдсан боломжийг хохиролд тооцохоор урьдчилан тохиролцсон. Алдагдсан боломжийг хохиролд тооцож байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэх зохицуулалттай нийцсэн. Худалдагчаас нийт 35.400.000 төгрөгийн хуримтлагдсан алдангиас дараах үүргийн гүйцэтгэлийг суутган тооцож үлдэх 6.944.589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгосон. Үүнд төлөгдсөн хуваарьт төлбөрийн үлдэгдэл 16.000.000 төгрөг, худалдан авагчийн үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаах 11.309.056 төгрөгийн үлдэгдэл, хангамжийн материалд зарцуулсан 1.146.355 төгрөг, нийт 28.455.411 төгрөг болж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ЖА ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хууль зүйн үндэслэл нь ХБЭХАаас гаргасан хариу тайлбартай ижил ба уг тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. ЖА ХХК нь ДММ ХХК-ийн хувьцааг 100% эзэмшдэг түүний толгой компани юм. ЖА ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХБХХК-ийн 2015.11.01-ний өдрийн 01/15 дугаартай хувьцаа худалдах шийдвэрээр ЖА ХХК-ийн охин компани ДММ ХХК-ийн нийт 8.301.420 ширхэг хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ЧБ ХХК-тай 2015.11.02-ны өдөр 539/2015/БЭХА дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу төлөгдсөн 120.000.000 төгрөгөөр ЖА ХХК-ийн Хадгаламж банкин дахь зээлийг 2016.02.29-ний өдөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг ЖА ХХК хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЧБ ХХК нь хариуцагч ХХБЭХА, ЖА ХХК-нд тус тус холбогдуулж 2015.11.02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дэнчинд төлсөн 100.000.000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1.146.000 төгрөг, гэрээний төлбөр 16.000.000 төгрөг, нийт 128.455.056 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа 2015.11.02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцласны улмаас учирсан хохиролд 128.455.056 төгрөг гаргуулах гэж тодруулсны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч талд гэрээ цуцлах талаар мэдэгдэж, гэрээ цуцалсанаас худалдагчид учирсан хохиролын хэмжээг тухайн үед төлөгдсөн 20.000.000 төгрөгийн 20%-иар тооцож хохиролыг бүрэн төлсөн, Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байгаа тул төлбөр төлөгдөөгүй үеийн алдангийг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж, гэрээ цуцлагдсан бол төлсөн дэнчин, гэрээний төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч талууд дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, цуцлагдсан бол дэнчинг хохиролд тооцохоор заасан тул суутгаж авсан, мөн нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй тул алдангид гэрээний төлбөр, даатгалын гэрээний төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг суутган авсан гэж мэтгэлцэв.

 

Зохигчид 2015.11.02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч ХБЭХА нь ДММ ХХК-ийн 8.301.420 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааг төлбөр төлөх хугацаанаас хамааран 3 тэрбум, 3.2 тэрбум төгрөгөөр худалдах 2 нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч ЧБ ХХК-нд шилжүүлэх, нэхэмжлэгч ЧБ ХХК нь 2016.06.30-ны өдрийн дотор сар бүрийн сүүлийн ажлын өдөрт багтаан 100.000.000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Мөн дээрх гэрээг дагалдаж зохигчдын хооронд 2015.11.06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Чойбалсан констаркшн ХХК-иас Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 77 дугаар байр, 2239 м.кв хэмжээтэй орон сууцны зориулалттай барилга, агуулах, граж, газар эзэмших эрх зэргийг барьцаалсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарууд зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ЧБ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015.11.02-ны өдөр хариуцагч ЖА ХХК болон ХХБЭХАийн төлөөлөгчдийг байлцуулан ДММ ХХК-ийн эзэмшилд байсан ган резарваур, харуулын байр, цутгамал бетон зам, талбай, салбар төмөр зам, төмөр замын ачааны тавцан, мал хүлээн авах хэсгийн том тавцан, машинаас мал буулгах тавцан зэрэг нийт 320 нэр төрлийн эд хөрөнгийг,

мөн 2015.11.10-ны өдөр цахилгааны өрөө, худалдааны цэг, урд граж, Тансаг дэлгүүр гэх мэт нийт 35 төрлийн эд хөрөнгүүдийг тус тус хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, эд зүйлс хүлээлгэн өгч, хүлээн авсан тухай тэмдэглэл, ДММ ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн акт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдов.

 

Хариуцагч ЖА ХХК болон ХХБЭХА нь 2015.11.17-ны өдөр СД л ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр ДММ ХХК-ийн барилга, байгууламж, электрон тоног төхөөрөмжийг даатгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч ЧБ ХХК нь 2015.11.02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.10-т зааснаар уг даатгалын зүйлийг үргэлжлүүлэн даатгуулж, хураамжийг хариуцах үүрэг хүлээсэн байна.

 

Гэтэл дээрх даатгалын гэрээний хугацаа 2015.11.14-ний өдөр дуусч, ЖА ХХК болон ХХБЭХАаас СД л ХХК-тай 2015.11.16-ны өдөр даатгалын гэрээг дахин байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч ЧБ ХХК нь хариуцагч нарт даатгалын төлбөрийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ нь ЖА ХХК-ийн 2015.11.23-ны өдрийн 03-01/496 тоот албан бичгээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч ЧБ ХХК нь 2015.12.15-ны өдөр компанийн орлогын гол эх үүсвэр болох орон сууцны борлуулалтаас олох орлогоос төлөх төлбөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн зээлээ зогсоосноос гэрээний дагуу төлбөр төлөхөд хүндрэл учраад байна. Иймд гэрээний 8.1-д зааснаар гэрээний хугацааг түр хугацаагаар зогсоолгох тухай хүсэлтийг хариуцагч ХХБЭХАид хүргүүлсэн байх боловч ХХБЭХА нь 2015.12.18-ны өдрийн 03-01/511 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй, гэрээнд заасан бусад санхүүгийн эх үүсвэрээс хуваарьт төлбөрийг төлөхийг мэдэгдсэн байна.

 

Ингээд нэхэмжлэгч ЧБ ХХК нь 2016.02.15-ны өдөр хөрөнгө оруулагч тал болон мэргэжлийн байгууллагын зүгээс хөргөлтийн цехийн барилга болон эхлэн боловсруулах цехийн барилгын хийцэд гарсан ноцтой эвдрэл, гэмтэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон шалтгаанаар гэрээ цуцлах хүсэлтийг ХХБЭХА болон ЖА ХХК-нд тус тус хүргүүлсэн байх боловч хариуцагч нар нь 2016.02.17-ны өдрийн 03-01/526 тоот албан бичгээр нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй, харин худалдагч талаас гэрээг цуцлаж байгааг мэдэгдэн, гэрээний 11.4-т заасан дэнчингийн 100.000.000 төгрөг, даатгалын төлбөр 11.309.056 төгрөг, хангамжийн материалд зарцуулсан 1.146.355 төгрөгийг тус тус алдангид тооцон суутгаж байгааг мэдэгджээ.

Дээрх мэдэгдлийн дагуу зохигчид маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг 2016.02.17-ны өдөр цуцлаж, 2016.02.25-ны өдөр нэхэмжлэгч ЧК ХХК нь хүлээн авсан ДММ ХХК-ийн эд хөрөнгүүдийг хариуцагч ХХБЭХА болон ЖА ХХК-ийн төлөөлөгчдийг байлцуулан буцаан хүлээлгэн өгсөн болох нь ДММ ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн акт, эд зүйлс хүлээлгэн өгч, хүлээн авсан тухай тэмдэглэл, Барьцаалсан эд хөрөнгө болон түүнийг өмчлөх, эзэмших эрхийн бичгийн эх хувийг хүлээлгэн өгсөн акт, мөн өдөр хийсэн CD бичлэг, түүнийг бичгийн хэлбэрт буулгасан тэмдэглэл, гэрэл зургуудаар нотлогдсон.

 

Хэдийгээр зохигчид худалдах, худалдан авах гэрээг цуцласан талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч талаас гэрээний 11.4-т заасан дэнчингийн 100.000.000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмж буюу хангамжийн материалын 1.146.000 төгрөг, гэрээний төлбөрийн 16.000.000 төгрөгийг алданги болон хохиролд тооцон суутгаж авсныг зөвшөөрөхгүй байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан нь гэрээний 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгааныг бий болгож байгаа учир гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж мэтгэлцэв.

 

Харин хариуцагч талууд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь гэрээний 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар бусад санхүүгийн эх үүсвэрээс төлбөрийг төлөх боломжтой гэрээний үүргийг зөрчсөн учир алданги болон хохирлыг суутгаж авах эрхтэй гэж маргасан.

 

2015.11.02-ны өдрийн ДММ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.2-т хувьцааны үлдэгдэл төлбөрийг дараах эх үүсвэрээс төлнө. Үүнд: Г-д А, Б, В-д зааснаас бусад санхүүгийн эх үүсвэрээр төлж болох ба энэ боломж нь А, Б, В-д заасан орлогоос төлбөрийг хийхээс татгалзах, хойшлуулах үндэслэл болохгүй,

 

2.5.1-д гэрээний 2.2.1.2-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хожимдуулсан бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хугацаа хоцруулсан хоног тутамд 0.5%-иар алданги төлнө,

 

8 дугаар зүйлийн 8.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт, үер, гал түймэр, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө,

 

11 дүгээр зүйлийн 11.4-т худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэх ба худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож, уг төлбөрийг хохиролд тооцуулна. Үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан олгоно

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-д гэрээг цуцласан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж тус тус зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа Үндсэн хуулийн цэцийн 2015.12.09-ний өдрийн 11 тоот тогтоол /www.legalinfo.mn сайт буюу төрийн мэдээлэл сэтгүүл, нийтэд илэрхий үйл баримт/, арилжааны болон МБ-с ирсэн албан бичгүүдээс гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл харагдсангүй.

 

Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн 2015.12.09-ний өдрийн 11 тоот тогтоолоор Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэсэн, уг шийдвэртэй холбогдуулан банкуудаас ипотекийн зээлийг зогсоогоогүй, харин холбогдох дотоод бичиг баримтуудад өөрчлөлт хийсэн явдал нь нэхэмжлэгч тал гэрээний 2.2.1.2-т заасан санхүүгийн бусад эх үүсвэрээс төлбөрийг төлөхөд саад болохгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч талаас гэрээний 2.5.1-д зааснаар нэхэмжлэгч талын гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг 2015.12.05-наас 2016.02.15-ныг хүртэл 35.400.000 төгрөг гэж тооцон нэхэмжлэгч талд төлөх төлбөр болох даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмж буюу хангамжийн материалын 1.146.000 төгрөг, гэрээний төлбөрийн 16.000.000 төгрөгийг алдангид тооцон суутган авч үлдсэнийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талд гэрээний үүргийг биелүүлэхэд саад болсон хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэж шүүх дүгнэсэн учир гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн алдангийг гэрээ болон Иргэний хуулийн зохих заалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагч талд төлөх үүрэгтэй болно.

 

Харин гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар хариуцагч тал нь нэхэмжлэгч талын төлсөн дэнчингийн 100.000.000 төгрөгийг хохиролд тооцон суутгаж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар гэрээ нэгэнт цуцлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй байх тул уг суутгасан 100.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал буцаан шаардах эрхтэй бөгөөд хуулийн уг заалтыг гэрээний 11.4 дэх заалт зөрчсөн, хохирол тооцох хууль зүйн үндэслэл өөр болно.

 

Маргааны зүйл болсон дэнчингийн 100.000.000 сая төгрөг, даатгалын гэрээний төлбөр, тоног төхөөрөмжийн буюу хангамжийн материалын төлбөр, гэрээний төлбөр төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй хэдий ч зохигчид энэ талаар болон буцаан өгөх үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Иймд хариуцагч нараас 100.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.455.056 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч ХХБЭХА болон ЖА ХХК-иас 100.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ЧК ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.455.056 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ЧБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 800.300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХБЭХА болон ЖА ХХК-иас 657.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ЧБ ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА