Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01034

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01034

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Хариуцагч Ж ХХК нарт холбогдох

 

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 128 455 056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Ч" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ" нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдсан тул хуулийн дагуу төлсөн дэнчинг буцаан авах эрхтэй. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэрээг цуцалсан бол дэнчин авсан тал дэнчинг буцааж өгөхөөр маш тодорхой зохицуулалтыг хийж өгсөн. Гэтэл "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ"-ний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт "Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ гэж заасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулах мөн дэнчинд төлсөн 100 000 000 төгрөгийг гаргуулах хангалттай үндэслэл байна гэж үзэж байна.

"ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ нь нийт 96 хоног үйлчилсэн бөгөөд гэрээ цуцалснаас худалдан авагчид учирсан хохиролд Даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр /гэрээний хүчинтэй 96 хоногийг хасч тооцсон/ 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1 146 000 төгрөгийг нийт 28 455 056 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгөөр өөрт учирсан хохирлыг гаргуулан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан "Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ" гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулж үндэслэлгүйгээр авсан дэнчингийн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, Гэрээ цуцалснаас худалдан авагчид учирсан хохирол болох Даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр /гэрээний хүчинтэй 96 хоногийг хасч тооцсон/ 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1 146 000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16 000 000 төгрөг нийт 28 455 056 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг тодруулж байна. Манай компанийн хувьд гэрээнд заасан төлбөрийг "Ж" ХХК-ийн дансанд шилжүүлж байсан учраас А ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлж байна. Ийм учраас "Ж" ХХК-иас нийт 128 455 056 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч "Ж" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Ч" ХХК болон "ХХХ" ХХК, Аны эрх хүлээн авагч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 539/2015БЭХА дугаартай "ХХХХ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан. Гэрээгээр "ХХХХ" ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 301 420 ширхэг энгийн хувьцааг 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор багтаан бүрэн төлөх нөхцөлд 3 000 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Хувьцааны төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон ба гэрээнд төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж болох нөхцөлийг заасан. Хувьцааг дагаж компанийн тайлан тэнцэлд байгаа бүх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд, эд хөрөнгийн эрхийн хамт гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжих бөгөөд тэдгээрийг илүү засч сайжруулах, өөрчлөх нөхцөл шаардахгүйгээр хүлээлцэх өдрийн байдлаар нь авахаар тохиролцсон.

Гэрээнд төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг бичгээр тохиролцсон бөгөөд худалдан авагчаас төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн учир худалдагчаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 938 дугаартай албан бичиг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 дугаартай Гэрээний хэрэгжилтийг биелүүлэх" тухай албан бичгүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан бөгөөд худалдан авагчаас гэрээний зөрчлийг арилгахгүй байсаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Гэтэл худалдан авагчийн албан бичигт дурьдсан гэрээ цуцлах үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, тус үндэслэлд худалдагч талаас гэм буруугүй байсан учраас манай зүгээс худалдан авагч гэрээг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй, түүний хөрөнгө оруулагч хамтран ажиллахаас татгалзсан, гэрээний зөрчлийг арилгаагүй зэрэг нөхцөлүүдийг харгалзан 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн.

Үүний дараа талууд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр "ХХХХ" ХХК-ийн үйлдвэр, эд хөрөнгүүдийг худалдан авагчаас худалдагчид буцаан хүлээлгэн өгч энэ тухай акт үйлдсэн бөгөөд тус өдрөөр гэрээ цуцлагдсан. Нэгэнт цуцлагдсан гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь заалт, мөн хуулийн 233 дугаар зүйлээс зөвхөн ерөнхий ойлголтыг томьёолсон 233.2 дахь хэсгийн зохицуулалтыг салган бусад нарийвчилсан зохицуулалтыг үл хайхран энэхүү шаардлагыг гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Дэнчин нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах аргуудын нэг бөгөөд энэ утгаараа гэрээний талууд дэнчинг анх тавихдаа үүргийн гүйцэтгэлд оруулах, эсэх талаар тохиролцдог ба ийнхүү тохиролцоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгохоор 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зохицуулсан. Гэрээний 2.2.1.1-д 100 000 000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон төлөхөөр тохиролцож уг зүйл, хэсгийн дотор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон. Мөн гэрээний 10.1.6-д худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохоо илэрхийлж гэрээний хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан. Дэнчин өгөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ зөрчсөн байвал түүнийг үүргийн гүйцэтгэлд субъектив байдлаар буруутгах, эсхүл гэм буруутайд тооцох бөгөөд тухайлбал тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж дэнчингээ үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой.

Гэтэл худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. Үүнд: Гэрээний 2.2-д зааснаар худалдан авагч нь хувьцааны төлбөрийг дараах эх үүсвэрээр төлөхөөр тохиролцсон.

Үүнд:А: Гэрээний 1.2.4, 1.2.5,

Б: Гэрээний 1.2.4, 1.2.5,

В.Гэрээний 1.2.4 1.2.5-д тус тус заасан үл хөдлөх хөрөнгүүдийг банкинд барьцаалан зээл авах хэлбэрээр.

Г, А, Б, В-д зааснаас бусад санхүүгийн эх үүсвэрээр төлөх

Худалдан авагчаас Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн болохоо илэрхийлж гэрээний 10.1.4-д буюу худалдан авагчаас гаргах баталгаа хэсэгт тусгайлан дурьдсан.

Худалдан авагчаас зөвхөн барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос гэрээний үнийг төлөхөөр тохиролцоогүй бөгөөд дээр дурьдсаны дагуу бусад санхүүгиин эх үүсвэрээр төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүрээ биелүүлээгүй.

Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолын дагуу үүссэн нөхцөл байдал нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бий болгосон тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоох эсэх талаар шийдвэрлээгүй. Арилжааны банкууд нь өөрсдийн эрхийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг зогсоогоогүй дотоод бичиг баримтуудад өөрчлөлт хийсэн байдал нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар биелүүлж чадах санхүүгийн эх үүсвэртэй гэж баталгаа гаргаж, гэрээний зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж гэрээний дагуу үүрэг хүлээж худалдагч талын гэрээний зүйлийг бусдад худалдах, орлого олох боломжийг алдагдуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн худалдагч буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж зааснаар Ийнхүү дэнчинг хохиролд оруулан тооцсон нь хохирлын хамгийн бага хэмжээг урьдчилан тогтоож байгаа хэлбэр бөгөөд үүн дээр нэмж талууд гэрээ цуцлагдах үед төлөгдсөн байсан төлбөрийн 20 хувийг нэмж хохиролд тооцохоор гэрээнд тохиролцсон байсан.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт зааснаар дэнчин авагч буюу худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчинг буцаан олгох зохицуулалттай ба уг гэрээний тухайд худалдагч талаас аливаа байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй болно.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа "2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ"-ний 11 дүгээр зүйлийн 11.4-дэх хэсэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээ цуцлагдсанаар худалдан авагч хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тус гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс худалдагч талаас гэрээг цуцлах хүртэл хугацаа буюу 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж талуудын хооронд үүрэг үүссэн байсан нь компанийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж байсан, худалдан авагчаас гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдоно.

Иймд энэ тохиолдолд гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын нөгөө талын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үндэслэлгүй.

"ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.1.1-д Cap бүр төлөх 100 000 000 төгрөгөөс доошгүй төлөх төлбөрийг төлөхдөө 100 000 000 төгрөгт хүргээгүй бол тус дүнгээс дутсан үнийн дүнгээс тооцон тус төлбөрийг бүрэн гүйцээж төлөх өдрийг хүртэл хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө" гэж тохиролцсон.

Худалдагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд харин худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүрэг биелүүлээгүй талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд бичгээр зааж тохиролцсон алдангийг төлүүлэх үндэслэлтэй.

Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 35 400 000 төгрөгийн алданги хуримтлагдсан.

Нэхэмжлэгчээс гэрээ цуцлагдсанаар худалдан авагч хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээгээр талууд биенийхээ өмнө үүрэг хүлээж, гэрээ 96 хоног хэрэгжсэн, үйлдвэрийг эзэмшилд өгсөн байгаа тул хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгодог тул буцаан өгөх үндэслэлгүй.

Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул худалдагчаас нийт 35 400 000 төгрөгийн хуримтлагдсан алдангиас дараах үүргийн гүйцэтгэлийг суутган тооцож үлдэх 6 944 589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгосон. Үүнд төлөгдсөн хуваарьт төлбөрийн үлдэгдэл 16 000 000 төгрөг, худалдан авагчийн үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаах 11 309 056 төгрөгийн үлдэгдэл, хангамжийн материалд зарцуулсан 1 146 355 төгрөг нийт 28 455 411 төгрөг болсон.

 

Гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хэрхэн зохицуулах талаар Иргэний хуулийн 227.1, 227.2 дахь хэсэгт тодорхой заасан бөгөөд худалдагч талын буруугаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "ХХХ" ХХК-иас 128 455 056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Ч" ХХК-д олгож, нэхэмжлэгч нь А ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хамтран хариуцагчаас чөлөөлсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар "ХХХ" ХХК-иас 800 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Ч" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Шүүх талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан 539/2015/БЭХА дугаартай "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж буруу дүгнэсний улмаас Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээгээр авсан бүх зүйлсээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Худалдах худалдан авах гэрээнд эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож болох ба энэ нь эд зүйлийн үнийг төлөх журам хугацааг талууд тохирч байгаа болохоос үүний төлөө хүү тооцож, үнэ нэмэгддэг зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн шинж байдаггүй. Гэтэл "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ"-ний тухайд ямар нэг байдлаар хүү тохиролцсон тохиролцоо талууд хийгээгүй ба гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг гаргаснаар гэрээний зүйлийн үнэ нэмэгдээгүй байдлыг шүүх анхааран үзсэнгүй.

Тус зүйлд зааснаар хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлсээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Гэвч шүүхээс хуульд өөрөөр заасан байдлыг шүүх анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс талууд "ХХХХ" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ"-г цуцалсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэрнээ гэрээнээс татгалзах тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Тус гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш буюу 2015 оны 11 сарын 2-ны өдрөөс худалдагчаас гэрээг цуцлах хүртэл хугацаа буюу 2016 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж талуудын хооронд үүрэг үүссэн байсан нь компанийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж байсан, худалдан авагчаас гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдоно. Иймд энэ тохиолдолд гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын нөгөө талын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үндэслэлгүй. Иймд гэрээг цуцалснаас үүсэх үр дагаврын хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байтал гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврын хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсон. Мөн худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс гэрээг цуцлах хүртэл хугацаанд хүлээсэн байсан үүргийг шаардаж буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнийн 2.1.1-д заасан бичгээр тохиролцсон алдангиас 3 худалдагчид буцаан олгох 28 455 411 төгрөгийг суутган төлүүлэх үндэслэлтэй байсан.

Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар гэрээний төлбөрт нэхэмжлэгч талаас төлсөн 4 000 000 төгрөг, үйлдвэрийг 96 хоног эзэмшилдээ байлгасан хугацааны төлбөрт 4 035 936 төгрөгийг суутган авсныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн хэрнээ Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасны дагуу дэнчинг хохиролд оруулан тооцсон байдалд дүгнэлт өгсөнгүй. Дэнчин өгөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ зөрчсөн байвал түүнийг үүргийн гүйцэтгэлд субъектив байдлаар буруутгах, эсхүл гэм буруутайд тооцох бөгөөд тухайлбал тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж дэнчингээ үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 заасны дагуу талууд гэрээ цуцлагдах үед төлөгдсөн байсан төлбөрийн 20 хувийг нэмж хохиролд тооцохоор гэрээнд тохиролцсон байсан.

Гэрээний 2.2.1.1-д 100 000 000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон төлөхөөр тохироцож уг зүйл, хэсгийн доор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон. Мөн гэрээний 10.1.6-д худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан, түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохоо илэрхийлж гэрээний хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлээр дэнчингийн зохицуулалтыг зохицуулахдаа эхлээд ерөнхий ойлголтыг томьёолж /233.1/ бусад хэсгүүдээр /233.3/ тухайн нөхцөл байдал бүрд тохирсон нарийвчилсан зохицуулалтыг гаргасан. Гэвч нэхэмжлэгчээс Иргэний хуулийн дэнчинг зохицуулсан 233 дугаар зүйлээс зөвхөн ерөнхий ойлголтыг томьёолсон 233.2 дахь хэсгийн зохицуулалтыг салган 233.3 дахь хэсгийн буюу нарийвчилсан зохицуулалтыг үл хайхран энэхүү шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй байсан.

Хариуцагчаас гэрээг цуцлахад худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай байдал нөлөөлсөн тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх тайлбарыг гаргасан боловч шүүх талууд гэрээг цуцалсан талаар маргаагүй учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Худалдагч талаас нэхэмжлэгчтэй гэрээг байгуулснаар гэрээний зүйлийн талаар бусадтай хэлцэл хийх, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон хууль зүйн үр дагаврыг үүсгэсэн. Гэвч нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар биелүүлж чадах санхүүгийн эх үүсвэртэй гэж баталгаа гаргаж, гэрээний зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж, гэрээний дагуу үүрэг хүлээж худалдагч талын гэрээний зүйлийг бусдад худалдах, орлого олох боломжийг алдагдуулсан.

Гэрээний 2.1.3-д зааснаар компанийн хөрөнгүүдийг байгаа байдлаар буюу хүлээлцэх өдрийн байдлаар нь хүлээлгэн өгөх, хүлээн авахаар тохиролцсон, гэрээ байгуулахаас өмнө худалдан авагчийн зүгээс хөрөнгө оруулагчийн хамтаар үйлдвэрийн барилга, эд хөрөнгийн байдалтай газар дээр нь биечлэн танилцсны үндсэн дээр цаашид ашиглах, засвар, сайжруулалт хийх, уг зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж гэрээг байгуулсан.

Гэвч үйлдвэр, тоног төхөөрөмжийг эзэмшилдээ авсны дараа түүний хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахаас татгалзсаны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал нь хэрэгт авагдсан талуудын уулзалтын үеийн тэмдэглэлээс харагддаг.

Гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хэрхэн зохицуулах талаар Иргэний хуульд тодорхой заасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдоп учирсан хохирлыг аршгуулахаар шаардах эрхтэй", 227.2 дахь хэсэгт "Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй". Гэвч хэрэгт авагдсан байдлаар гэрээг цуцлах нөхцөлд худалдагчийн гэм буруутай байдал тогтоогддоггүй. Хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхэд гэрээний талын гэм буруутай байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалтаас аль тохирох хэсгийг хэрэглэх байсан. Хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэх явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулсан бичигтэй танилцахад магадлалын дээр дурьдсан шаардлагыг хангаагүй тул дахин тодруулсны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бичгээр тодруулсан. Уг тодруулгатай танилцахад гэрээ цуцалсны улмаас учирсан үр дагаврыг арилгуулах агуулгатай байсан ба нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа талаар амаар тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны явцад амаар гаргаж байгаа тайлбар дахь шаардлагын үндэслэлүүд нь өөр өөр байсан. Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт "Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ" гэх зохицуулалтыг талууд хийсэн ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсгүүдэд тус тус нийцсэн байсан. Нэхэмжлэгчээс уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан ба шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үзэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр 2 удаа тодруулахдаа нийт 128 455 056 төгрөгийн хэдийг "Ж" ХХК-иас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй хэвээр байсан тул "Ж" ХХК-иас урьдын адил нэхэмжлэлийн үнийн дүнг хувь тэнцүүлэн буюу шаардаж буй дүнгийн 50 хувийг нэхэмжилж байна гэж ойлгогдож тус шаардлагад нь хариу тайлбарыг гаргаж байсан. Гэвч нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад "А" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 128 455 056 төгрөгийг бүхэлд нь "Ж" ХХК-иас нэхэмжилж уг шаардлагын талаар шүүх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хамтран хариуцагчийг харин тэдгээрийн дундаас нэхэмжилж байсан мөнгийг "Ж" ХХК-иас дангаар нь нэхэмжилж байгаа байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа үр дагаврыг үүсгэсэн бөгөөд энэ тохиолдолд нэмэгдэж байгаа шаардлагын талаар хариуцагч хуульд заасан хугацаанд тайлбараа гаргах, мэтгэлцэх боломжгүй болсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Ч" ХХК нь хариуцагч "Ж" ХХК болон А ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, дэнчинд төлсөн 100 000 000 төгрөг, даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1 146 000 төгрөг, гэрээний төлбөрт 16 000 000 төгрөг нийт 128 455 056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч "Ж" ХХК эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаар Ж" ХХК болон А ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг татсан боловч шүүх хуралдааны явцад А ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч А ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч, "Ж" ХХК-ууд нь нэхэмжлэгч Ч ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ХХХХ ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ХХХХ ХХК-ийн 8 301 420 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааг худалдан авахаар тохиролцсон байна. / хэргийн 1 хавтас 5-16/

 

Талууд гэрээний үнийг төлөх хугацаанаас хамаарч 2016 оны 1 дүгээр сарын 31-ний дотор бүрэн төлсөн нөхцөлд 3 000 000 000 төгрөгөөр, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3 200 000 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцжээ.

 

Талууд дээрх худалдах-худалдан авах гэрээгээр гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байхад анхан шатны шүүх уг гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж байгуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой.

 

Гэрээ цуцлагдсанаас үүргийн гүйцэтгэлийг буцаах шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч" ХХК нь хариуцагч Ж ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ цуцлах тухай санал хүргүүлж, хариуцагч "Ж" ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/ 526 тоот албан бичгээр худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй гэсэн үндэслэлээр худалдагч талтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Гэрээний 11.2.1-д гэрээний 2.2.1.1-д заасан төлбөр төлөх хуваарийг хуанлийн 5 хоног, сар бүр 100 000 000 төгрөгөөс дээш төлбөр төлөх үүргээ худалдан авагч 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд нэхэмжлэгч Ч" ХХК нь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Иймд хариуцагч "Ж" ХХК нь нэхэмжлэгч Ч" ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/ 526 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдсэнээр талуудын хооронд байгуулагдан 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

/хэргийн 1 хавтас 17,18/

 

Худалдах-худалдан авах гэрээний үнэд худалдагч талаас 20 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ асуудлаар зохигчид маргаагүй байна. Гэрээний 11.4-т зааснаар худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан олгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага гэрээний үнэд төлсөн 20 000 000 төгрөгийн 20 хувь буюу 4 000 000 төгрөгийг буцаан шаардаагүй байна.

 

Гэрээ цуцлагдсаны улмаас талууд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХХХХ ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж, барьцаалсан эд хөрөнгө болон эзэмших эрхийн бичгийн эх хувийг хүлээлгэн өгсөн акт үйлдсэн, энэ асуудлаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 1 хавтас, 127-134 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч Ч" ХХК нь хариуцагч Ж ХХК-аас гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1 146 000 төгрөг, гэрээний төлбөрт 16 000 000 төгрөг нийт 28 455 056 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрч худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйээс гэрээний 2.1-д зааснаар 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллагад төлөх 35 400 000 төгрөгийн алданги хуримтлагдсан байгаа тул уг мөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг суутган 6 944 589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгоно гэж тайлбарлажээ.

 

Талууд гэрээний 2.1-д сар бүр төлөх 100 000 000 төгрөгөөс доошгүй төлбөрийг төлөхдөө 100 000 000 төгрөгт хүрээгүй бол тус дүнгээс дутсан үнийн дүнгээс тооцон тус төлбөрийг бүрэн гүйцээж төлөх өдрийг хүртэл хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар анз нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх, хариуцагчид төлөх үнийн дүнд алдангийн хэмжээг оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гэрээний үнэд төлсөн 20 000 000 төгрөгөөс 16 000 000 төгрөг, үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн мөнгөнөөс 11 309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1 146 000 төгрөг, 28 455 056 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Гэрээний 11.4 дэх заалтыг хүчингүй болгуулж, дэнчингийн мөнгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан, дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулж тооцоогүй гэсэн үндэслэл зааж,

 

хариуцагч Ж ХХК нь ...талууд дэнчинг хохиролд оруулан тооцохоор гэрээндээ тохиролцсон тул буцаан өгөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байна.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь заалтад Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин тавьсан этгээдэд үлдэнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно гэж заасан бөгөөд хуульд зааснаар дэнчин тавигч үүргээ гүйцэтгээгүйгээс дэнчин авагчид хохирол учирсан тохиолдолд уг заалт үйлчлэхээр байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч байгууллага дэнчингийн мөнгийг буцаан өгөх үүргээсээ татгалзахдаа өөрийн байгууллагад учирсан хохиролтой холбон тайлбарлажээ. Хариуцагч Ж ХХК нь гэрээ цуцлагдсантай холбогдон өөрийн байууллагад ямар хохирол учирсан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас дэнчингийн 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 11.4 дэх заалтын тохиролцоо нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасан агуулгаар хийгдсэн өөрөөр хэлбэл хариуцагчид хохирол учирсан, түүнийгээ нотолсон тохиолдолд дэнчинг хохиролд тооцон авч үлдэх агуулга бүхий тохиролцоо байх бөгөөд ийнхүү тохиролцсоныг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээний 11.4 дэх заалтыг хүчингүй болгох боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагч байгууллагаас 128 455 056 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

Харин шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүйгээс гадна нэхэмжлэгч хариуцагч А ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй алдаа гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1, 233 дугаар зүйлийн 233.2 гэж өөрчилж,

уг заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээний 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Ч" ХХК нь хариуцагч А ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 300 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО