Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02390

 

2017 оны 09 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2017/02390 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШГАт холбогдох иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г банк ХХК /РД: /-ийг оролцуулан,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00356 тоот захирамжаар Д.О, Ц.Хнараас 43,658,337 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу НШГАнь Д.Оийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, .......................... тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82,850,000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 57,995,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Энэ 2 өрөө байр нь 1981 онд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, бүх худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр, мөн төмөр замын зорчих үйлчилгээний төв, вокзалын ойролцоо байдаг учир одоогийн зах зээлийн үнэ нь 130,000,000 төгрөгөөр үнэлэгддэг байхад НШГАнь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж 82,850,000 төгрөгөөр тооцож, үүний 70 хувь болох 57,995,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ИЙмд үл хөдлөх хөрөнгөд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00356 дугаар захирамжаар Д.О, Ц.Хнараас 43,658,337 төгрөгийг гаргуулж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны дотор Голомт банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, .................. тоотод байрлах, Ү-2205021450 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 148/1, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 148/2, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 148/3 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч Д.О, Ц.Хнараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 2 өрөө орон сууцыг 100.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Төлбөр төлөгч Д.О, Ц.Х, төлбөр авагч Голомт банкинд үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3/13656 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн.

Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Д.О, Ц.Хнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнэ 82,850,000 төгрөгийн 70 хувь 57,995,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн.

Уг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах ёстой байдаг ч уг хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, мөн хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар Д.О, Ц.Хнараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,470,685.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 187,652 төрөг, нийт 43,658,337.01 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Ү-2205021450 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ..................... тоот хаягт орших, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдсэн.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийг худалдан борлуулах үнийн дүн дээр тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээчин томилогдон 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэгч Ч.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дээрх хөрөнгийн үнэлгээг танилцуулан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эхний дуудлага худалдааны санал болгох доод үнийг 57,995,000 төгрөгөөр тогтоох болохыг мэдэгдсэн байдаг.

Гэтэл Д.О нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьд нь өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж буцсан нэхэмжлэлээ дахин гаргаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг. Энэхүү гомдолд иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар гомдол гаргах энэхүү хугацааг ямар нэг шалтгааны улмаас нөхөн сэргээх ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагчийн хайхрамжгүй үйлдэл хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй гэж үзэж байна.

Иймд Д.Оийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн шинжээчийн дүгнэлтэд гаргасан гомдол нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасныг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШГАнд холбогдуулан хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2017-06 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00356 дугаар захирамжаар Д.О, Ц.Хнараас 43,658,337.01 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Д.О, Ц.Хнар нь төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба уг захирамжид 2017 оны 3 дугаар сарын 17ы өдөр 00452 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар НШГА2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа хийгдэж байна.

 

НШГАшүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021450 дугаарт Д.Оийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, 12 дугаар хороолол, Төмөр зам, 57 дугаар байрны 60 тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 148/1 тоот актаар битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148/2 тоот актаар хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 146 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

Шинжээч Баян Модот ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 82,850,000 төгрөгөөр тогтоосон ба энэ тухай нэхэмжлэгч нь НШГАны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээ /нийт 82,850,000/-ний 70 хувь болох 57,995,000 төгрөгөөр тогтоох болохыг мэдэгдсэн 3/13656 тоот мэдэгдлээс мэдсэн байх бөгөөд уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон үндэслэлээр хүчингүй болгуулах гомдлоо 2017 оны 6 дугаар сарын 05ы өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн шийдвэрээр Д.О, Ц.Хнараас гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч нар заасан хугацаанд, сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр НШГАүүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хийгдсэн тул шүүх гомдлыг энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Шүүх 2002 оны Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул шүүх ийнхүү заасан хугацаанд гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянана.

 

Нэхэмжлэгчийн тухайд үнэлгээний талаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн байх ба уг үнэлгээг зөвшөөрөхгүй гомдлоо 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд онцгой ажиллагааны журмаар гаргасан бөгөөд уг гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дахин гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ийнхүү хуульд заасан журмын дагуу энэхүү гомдлоо 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 26 хоногийн дараа байх тул шүүх хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн Д.Оийн гомдлын шаардлагын үндэслэлийг шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул шүүх онцгой ажиллагааны журмаар шүүхэд гомдол гарган хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн нэхэмжлэгчийн энэ нөхцөл байдлыг хүндэтгэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол өөрөө үндэслэлгүй болохыг мөн дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2017-06 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА