Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/01187

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/01187

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Л, Т.Э нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.М, Ч.Б нарт холбогдох

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирол буюу автомашин ашигласны төлбөрт 4.430.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Намуун, хариуцагч нарын төлөөлөгч С.Равдандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.Л, Т.Э нар нь 2014.12.13-ны өдөр хариуцагч Н.М, Ч.Б нарт Лхажавын нэр дээр Төрийн банкны зээлээр авсан **** УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркын автомашиныг худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд уг машины зээлийн төлбөрийг Н.М, Ч.Б нар төлж дуусгаад автомашиныг өмчлөлдөө шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү автомашиныг хариуцагч нар 2014.12.13-ны өдрөөс 2016.04.07-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаатай буюу нийт 479 хоногийн турш эзэмшилдээ байлгаж, унаж ашиглаж ирсэн байдаг. Гэвч хариуцагч Н.М, Ч.Б нар нь банкны зээлийг эргүүлэн төлөх хугацааг хожимдуулж, эцэст нь банкны зээлийг төлж чадахгүйд хүрч, банк машиныг нь хурааж авах гээд байх үед О.Л, Т.Э нараас машины лизингийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг гуйж 2016.01.08-ны өдөр Эаар Д.А гэх хүнээс 2,050,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлж байжээ. Ийнхүү өндөр хүүтэй мөнгө зээлж, дарамтанд орсон нэхэмжлэгч нар удаа дараа зээлийн мөнгийг эргүүлэн төлөхийг шаардахад Н.М, Ч.Б нар нь 4 сард ноолуур самнаад өгнө гэсэн боловч 2016.04.06-ны өдөр болоход 6 сард ноолуураа самнах болсон гэж худал хэлээд зээлийн мөнгийг өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон тул О.Л, Т.Э нар тухайн өдөр нь машинаа хураан авч 2016.04.08-ний өдөр Да Хүрээ захад байдаг ченжид 3,000,000 төгрөгөөр зарж 10 хувийн хүүтэй зээлээ төлж, өмнө нэхэмжпэгч нарын хүсэлтээр тэдний өмнөөс машины зээл төлөхөөр ломбарданд тавьсан ээмэг, бөгжөө ломбарднаас авч, мөн нэхэмжлэгч нарын замын хөдөлгөөний зөрчилд холбогдсон торгууль 188,000 төгрөгийг 3,000,000 төгрөгнөөс суутгуулан, төлж барагдуулсан байна.

Үүнтэй холбоотой Н.М, Ч.Б нар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд О.Л, Т.Э нараас банкинд төлсөн төлбөр болон машин зассан төлбөр зэрэгт нийт 8,093,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн №182\ШШ2016\00259 тоот шийдвэрээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2014.12.13-ны өдөр дээрхи автомашин фидуцын гэрээгээр Төрийн банкны өмчлөлд шилжсэн байсан тул Худалдах, худалдан авах гэрээ нь байгуулсагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус байсан хэмээн үзээд нийт 5,303,100 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Бодит байдалд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Н.М, Ч.Б нар автомашиныг банкны өмчлөлд байдгийг мэдэж байсан бөгөөд банкний зээлийг төлж дуусгаад өмчлөлдөө авахаа хүлээн зөвшөөрч, Хүүхдүүдээ өдөр бүр доод тал нь 10,000 төгрөгөөр такси барьж хичээл сургуульд нь зөөдөг учир машинаа өгөөч хэмээн хадаг барьж ирэн гуйж машиныг нь авсан байдаг. Нэгэнт талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон учир хариуцагч Н.М, Ч.Б нарын **** УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркын автомашиныг 2014.12.13-ны өдрөөс 2016.04.07-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаатай буюу нийт 479 хоногийн турш эзэмшилдээ байлгаж, унаж ашиглан үр шимийг нь хүртэж байсантай холбоотой төлбөрийг О.Л, Т.Э нар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. хэмээн заасан байдаг. Нэхэмжлэгч О.Л, Т.Э нар нь найз нөхдийн хувьд Н.М, Ч.Б нарын хүсэлтийг хүндэтгэн, өөрсдийн арай ядан банкны зээлээр авсан машинаа таатай нөхцлөөр авах боломжийг хариуцагч нарт олгосноос өнөөдөр их хэмжээний төлбөрт унаж хохироод байх бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн машин унаагүй, хүнд нөхцөл байдалд байсан болно. Иймд зах зээлд суудлын автомашиныг ашиглах нэг өдрийн түрээс 20,000 төгрөг байдаг тухай тодорхойлолтыг үндэслэн элдэв ашиг харахгүйгээр хоногийн түрээсийг 10,000 төгрөг байхаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Гэхдээ бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.430.000 төгрөг болгосон бөгөөд үүнийг Гэрэгэ эстимэйт ХХК-ийн алдагдсан боломжийн талаар гаргасан үнэлгээ болох 4.280.000 төгрөг, мөн татварын 150.000 төгрөг гэж задалж байна. Иймд хариуцагч нараас 4.430.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснааар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудлыг шүүх өмнө нь шийдсэн. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шийдвэрээр машин худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Энэ асуудалд нэхэмжлэгч нар өөрсдөө буруутай, гуравдагч этгээд буюу банкны зөвшөөрлийг авалгүй бидэнд машиныг зарсан нь тогтоогдсон. Тэгээд ч нэхэмжлэгч нар нь биднээс машинаа авчихсан, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноос нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирол байхгүй. Харин шүүхийн шийдвэрийн дагуу бидэнд өгөх мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Л, Т.Э нар нь хариуцагч Ч.Б, Н.М нарт холбогдуулж хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирол буюу автомашин ашигласны төлбөрт 4.790.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа 4.430.000 төгрөг болгон багасгасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нар нь О.Лын эзэмшлийн **-11 УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркийн автомашиныг үндэслэлгүйгээр 479 хоног өөрийн эзэмшилд байлгасан, хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул үр шимийг бид хүртэх эрхтэй, уг автомашинаар нэхэмжлэгч нар нь таксинд явж орлого олдог байсан гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд уг үйл баримтыг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирол байхгүй, машинаа биднээс авсан гэж маргав.

 

Хариуцагч Н.М, Ч.Б нар нь нэхэмжлэгч О.Л, Т.Э нарт холбогдуулж тус шүүхэд өмнө нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 8.093.100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх 2016.07.07-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр хариуцагч нараас 5.303.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 2.790.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл дээрх шийдвэрээр зохигчдын маргааны үндэслэл болсон О.Лын эзэмшлийн **-11 УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон, О.Л, Т.Э нар нь маргааны зүйл болох машиныг Н.М, Ч.Б нараас буцаан авч цааш нь худалдсан үйл баримт тогтоогдсон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас өөрт учирсан хохирлыг маргаан бүхий машинаар тухайн үедээ таксинд явж ашиг олдог байсан гэж үр шимийг 4.430.000 төгрөгөөр тооцон ТЭБЭ сервис ХХК-ийн 2016.07.18-ны өдрийн 133 дугаартай машины түрээсийн тухай албан бичиг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2016.11.11-ний өдрийн алдагдсан боломжийн тухай үнэлгээ, тус байгууллагын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэж байх боловч дурдсан баримтуудаар нэхэмжлэгч О.Л, Т.Э нарт бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй, маргаан бүхий **-11 УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркийн автомашинаар таксинд явж ашиг олдог байсан нь тогтоогдохгүй, уг автомашиныг худалдсан хэлцэлд нэхэмжлэгч нар өөрсдөө буруутай байх тул гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч нар нь маргаан бүхий **-11 УНИ улсын дугаартай Тоёота Приюс 11 маркийн автомашинаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нараас нэгэнт буцаан авсан, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас хэлцэл хүчин төгөлдөр бус болсон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтууд нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд хамааралгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Н.М, Ч.Б нарт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирол буюу автомашин ашигласны төлбөрт 4.430.000 төгрөг гаргуулах тухай О.Л, Т.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.М, Ч.Б нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 91.590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА