Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 353

 

О.Лхажав, Т.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Лхажав, Т.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нарт холбогдох

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирол буюу автомашин ашигласны төлбөрт 4 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.Лхажав, Т.Энхбаяр нар нь 2014.12.13-ны өдөр  Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нарт  36-11 УНИ улсын дугаартай Тоёота Приус 11 маркын авто машиныг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож уг машины зээлийн төлбөрийг Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нар төлж дуусгаад авто машиныг өмчлөлдөө шилжүүлэхээр болсон. Авто машиныг хариуцагч нар 2014.12.13-ны өдрөөс 2016.04.07-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаатай буюу нийт 479 хоногийн турш эзэмшилдээ байлгаж, унаж ашигласан.  Гэвч хариуцагч Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нар нь банкны зээлийг буцаан төлөх хугацааг хожимдуулж, эцэст нь төлж чадахгүйд хүрсэн тул  2016.01.08-ны өдөр Энхбаяраар Д.Азжаргал гэх хүнээс 2 050 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж банкны зээлийг төлүүлж байсан.  Хариуцагч нар нь мөнгийг өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон тул О.Лхажав, Т.Энхбаяр нар тухайн өдөр нь машинаа хураан авч 2016.04.08-ний өдөр Да Хүрээ захад байдаг ченжид 3 000 000 төгрөгөөр зарж 10 хувийн хүүтэй зээлээ төлж, өмнө нэхэмжпэгч нарын хүсэлтээр тэдний өмнөөс машины зээл төлөхөөр ломбардад тавьсан ээмэг, бөгжөө чөлөөлж  авч, мөн нэхэмжлэгч нарын замын хөдөлгөөний зөрчилд холбогдсон торгууль 188 000 төгрөгийг 3 000 000 төгрөгнөөс суутгуулан, төлж барагдуулсан.  Үүнтэй холбоотой Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж,  О.Лхажав, Т.Энхбаяр нараас банкинд төлсөн төлбөр болон машин зассан төлбөр зэрэгт нийт 8 093 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр  худалдах-худалдан авах гэрээ нь байгуулсагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус гэж үзээд нийт 5 303 100 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэгэнт талуудын хоорондын гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул хариуцагч Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нараас авто машиныг эзэмшилдээ байлгаж, унаж ашиглан үр шимийг нь хүртэж байсны 4 430 000 төгрөгийг   нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ асуудлыг шүүх өмнө нь шийдсэн. Нэхэмжлэгч нар өөрсдөө буруутай, гуравдагч этгээд буюу банкны зөвшөөрлийг авалгүй бидэнд машиныг зарсан нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр бидэнд өгөх мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нарт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирол буюу автомашин ашигласны төлбөрт 4.430.000 төгрөг гаргуулах тухай О.Лхажав, Т.Энхбаяр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 91.590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Урьд хэрэг маргааныг шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрийн үзэмжээр, дур зоргоороо өөрчлөн шийдвэрлэсэн. Өмнө нь дээрхи маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч нарыг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзээгүй бөгөөд хэн аль нь худалдах, худалдан авах гэрээг хийхдээ банкнаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзсэн юм. Учир нь нэхэмжлэгч нар автомашинаа банкны өмчлөлд байгаа гэдгийг нуусан, банкнаас зөвшөөрөл авсан гэж хуурамч баримт бичиг үйлдэж хариуцагч нарыг төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Хариуцагч машиныг унаж ашиглах явцад нь дээрхи авто машины гэрчилгээ Төрийн банкны өмчлөлд бүртгэлтэй байсан учир Төрийн банкнаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг мэдэх боломжтой байсан. Хариуцагч нар дээрхи асуудлыг мэдсээр байж, өөрсдөө сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн авто машиныг авч унаж ашигласан болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлосон.  Гэтэл шүүгч ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд зөвхөн нэхэмжлэгч нарыг буруутгасанд гомдолтой байна.

 Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагчид авто машин өгч, түүнийгээ буцаан авсан гэх боловч бодит байдалд хариуцагчийн унаж ашиглаж, хүртсэн үр шимийг бодитойгоор буцаан авах боломж байхгүй юм. Өнөөгийн нийгмийн амьдралд шатахуун бага зарцуулдаг приус-11 маркын автомашинаар таксинд явж мөнгө олж болох нь нийтэд илэрхий үйл баримт. Нэхэмжилсэн төлбөр нь нэг өдрийн 9 250 төгрөг.  Хариуцагч нар нь 479 хоногийн турш такси барьж явах мөнгөө хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч нар нь авто машины хувьд шударга бус эзэмшигчид бөгөөд Иргэний хуулийн 95.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт үр шимийг нь нөхөн төлөх үүрэгтэй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч О.Лхажав, Т.Энхбаяр нар нь Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болсны улмаас автомашиныг ашигласны үр шим буюу хоногт түрээсээр олох байсан орлогыг хариуцагч нарын авто машиныг ашигласан 479 хоногоор тооцож  4 430 000 төгрөг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч өмнө нь энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь нэхэмжлэгч нар өөрсдөө тул нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 36-11 УНЕ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, машиныг Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нарын эзэмшилд бодитоор хүлээлгэн өгсөн, худалдан авагч тал буюу хариуцагч нар нь үнийн урьдчилгаад 2 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл авто машины линзингийн төлбөрт 4 306 412 төгрөгийг худалдагч талын өмнөөс банкинд төлж дуусгахаар үүрэг хүлээн  тохиролцсон. / хх-ийн 14 /

 

Гэвч хариуцагч буюу худалдан авагч Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, авто машины зээлийг О.Лхажав, Т.Энхбаяр нарын өмнөөс банкинд төлөөгүй, худалдагч буюу нэхэмжлэгч О.Лхажав, Т.Энхбаяр нар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр машинаа буцаан авсан үйл баримт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00259 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

Мөн зохигчдын хоорондын дээрх авто машин худалдах-худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, Төрийн банкны нэр дээр Фидуцийн гэрээгээр өмчлөх эрх нь шилжсэн бусдын өмч болох авто машиныг   өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, худалдагч тал буюу О.Лхажав, Т.Энхбаяр нараас 5 303 100 төгрөгийг буцаан гаргуулж худалдан авагч Н.Мөнхбаяр, Ч.Билгээ нарт олгосон                                  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. / х.х-ийн 15-21 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

 

Хэдийгээр энэ хэргийн хариуцагч Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нар нь тухайн үед бусдын өмчийг О.Лхажав, Т.Энхбаяр нар худалдсан тул өөрсдөө буруутай гэсэн тайлбарыг одоо энэ хэрэгт гарган мэтгэлцэж байгаа ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн автомашин хүлээлцсэн тохиролцоо зэрэг баримтаас үзэхэд машиныг эзэмшилдээ хүлээж авах үедээ банкинд зээлийг төлж дуусгасны дараа өмчлөлдөө шилжүүлж авах ёстой гэдгээ мэдэж байсан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр тухайн авто машиныг эзэмшилдээ байлган эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон, хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэнд зөвхөн худалдагч талыг буруутай гэж үзсэн дүгнэлт алга байна. 

 

Зохигчдын хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус болсон нэхэмжлэгчийн хувьд уг автомашиныг хариуцагч нарын эзэмшилд байсантай холбоотойгоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар уг автомашиныг үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс уг автомашинаас олсон орлого эсхүл олох ёстой байсан орлого, үр шимийг автомашины эзэмшигч буюу нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй.

 

Иргэд хоорондын автомашины түрээсийн үйл ажиллагаа явуулахад өдрийн 9 000 - 10 000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг  хариуцагч нар няцаагаагүй байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгч нарын автомашиныг 479 хоног эзэмшилдээ байлгасан талаар маргаан үүсээгүй ч авто машиныг дээрх хугацаанд унаж ашиглаж байсан гэж дүгнэх нь өрөөсгөл  юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоолоор тээврийн хэрэгслийн сүүлийн оронгоор авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан 1 өдөр, амралтын 2 өдрийг хасаад 7 хоногийн 4 өдөрт 9 000 төгрөгөөр тооцон 2 737 143 төгрөгийн хэмжээнд хязгаарлан хариуцагч нарын төлбөл зохих үр шим, орлогыг тодорхойлж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нараас 2 737 143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 692 857 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Н.Мөнхбаяр, Ч.Билэгээ нараас 58 744 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

     Ш.ОЮУНХАНД