Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 115/ШШ2023/0010

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Дорноговь аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нарын  хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

- “А” ХХК-ийн ..., ...дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

-    Нөхөх олговрыг олгохыг Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах (нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулснаар) нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж гарган, маргаж байна.

 

2.  Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Манай компани нь 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д аймгийн Ө сумын нутагт байрлах Аргалын ууланд “Хар чулуут” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ... дүгээр тусгай зөвшөөрлийг, 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хартан овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ...дүгээр тусгай зөвшөөрлийг авч, хууль ёсны дагуу эзэмшдэг.

Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Ө сумын Аргалын уулыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд манай компанийн ..., ...дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай бүхэлдээ тус газартай давхцаж байгаа болно.

Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийн улмаас манай компани өөрийн эзэмшлийн ..., ...дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Ингээд хуульд заасан журмын дагуу нөхөх олговор авахтай холбоотой асуудлаар 2017 оноос хойш Д аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн яам, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хандсан бөгөөд уг асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд тус тус нэхэмжлэл гаргасан.

Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ..., ...дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төлөх болохыг тогтоосон болно.

Сүүлийн байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаар магадлалаар Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “А” ХХК-ийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг ИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Уг асуудлаар нэхэмжлэгч “А” ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөх олговор олгох хүсэлтийг ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүссэн.

Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болох талаар “А” ХХК-д мэдэгдээгүй, хуралдаанд оролцож тайлбар гаргах боломж олгоогүй, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг огт судлалгүйгээр, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн байна.

Уг хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх, нотлох баримт цуглуулах, тайлбар авах ажиллагааг огт хийлгүй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан хуулиар хамгаалах ёстой. Улс орны эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьжиргааны өсөлтөд хөрөнгө оруулалт нэн чухал. Гэтэл уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг ялгаварлан гадуурхаж, улмаар албан тушаалтнууд тусгай зөвшөөрлийн талбайг нөхөх олговоргүйгээр төрийн тусгай хамгаалалтад авах замаар бизнес эрхлэгчийг тонон дээрэмдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд удаа дараа хандаж, тухай бүр хөрөнгө, мөнгөний бололцоогүй гэх хариуг авч байсан бөгөөд уг асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч компани нь Засгийн газраас нөхөх олговрыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан ч Улсын дээд шүүхээс Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нөхөх олговрыг олгох ёстой гэж шийдвэрлэсэн байдаг.

Манай компанийн хувьд орон нутгийн иргэдийн санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хүндэтгэлтэй хандсан бөгөөд гагцхүү хуулиар тогтоосон нөхөн олговор авах асуудлыг шийдвэрлүүлж чадалгүй бүтэн 4 жилийн хугацааг ардаа үдээд байна. Өнгөрсөн хугацаанд бид тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудлыг үл тоон, орон нутгийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсан байхад хууль зөрчиж бидний эрх, ашгийг хөндсөн шийдвэрийг дахин гаргасаар байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “А” ХХК-ийн ..., ...дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийн ..., ...дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олгохыг Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг ирүүлсэн бөгөөд,

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудад нэхэмжлэгч талаас нөхөх олговор олгохтой холбоотойгоор анх гаргасан нэхэмжлэлдээ “...Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу...” гэж дэлгэрэнгүй бичсэн байсан. Үүнийгээ нөхөх олговор олгохыг даалгах гэснээр оруулж тодруулж байна. Яагаад гэхээр журам нь тодорхой байгаа учраас энийг заавал дэлгэрэнгүй бичих шаардлагагүй юм байна гэж үзэж байна, ингээд нэхэмжлэлийн шаардлагын хувьд,

Нэгдүгээрт, Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Хоёрдугаарт, “А” ХХК-ийн ..., ...дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрыг олгохыг Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах гэснээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, дэмжиж оролцож байна.

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болоод хэрэгт хамааралтай нотлох баримтуудын хувьд дараах тайлбарыг хэлье. Хамгийн гол нь нэхэмжлээд байгаа мөнгө буюу нөхөх төлбөр нь хайгуулын ажилд зарцуулагдсан зардал мөн эсэхийг “С” ХХК-аас сүүлд “А” ХХК-д шилжүүлснээс хойш гарсан зардал уу, эсвэл “С” ХХК-аас улбаалаад гарсан зардал уу гэдгийг тодорхойлох шаардлагатай учраас холбогдох баримтуудыг гаргуулъя гэдэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батсугираас гаргасан байдаг. Хүсэлт гаргаж байснаас үзэхэд хариуцагчаас нөхөх олговрын дүнтэй холбоотой манайхаас хүргүүлсэн баримтуудыг үзсэн, мэдэж байна гэдгээ нотолж байна. Бидний зүгээс юу ч хэлэхгүй байж байгаад гэнэт нөхөх олговрын дүнг шүүх дээр ирээд зарлаад байгаа зүйл байхгүй шүү гэдгийг тодруулж хэлье.

Иймд хариуцагч тал тухайн баримтуудтай танилцсанаар дараа нь энэ талаарх нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан тул нөхөх олговрын үнийн дүнтэй холбоотой асуудлыг мэдэхгүй байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм.

         Хоёрдугаарт тусгай зөвшөөрлүүд нь хоёр аймгийн нутаг дамжсан гэж яриад байна. Энэ давхцалтай холбоотой асуудал, нотлох баримт нь мөн нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлтэй Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох шүүхийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэрэгт авагдсан. Хоёр тусгай зөвшөөрөл давхцаагүй, хэрэв давхцалтай гэвэл ямар хэмжээгээр давхацсан юм тэр нь хэрэгт байх ёстой байх, тэгэхээр одоо хуралд орж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маань энэ асуудлаарх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй, хурал дээр орж ирээд баримтын зөрүүтэй зүйл ярьж байгааг нь үгүйсгэхгүй.

Ер нь хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эрх хэмжээгээ урвуулан ашиглаж, хууль зөрчиж газрыг тусгай хамгаалалтад авсан шийдвэр гаргаж бидний эрхийг зөрчөөд байна гэсэн үндэслэлээр маргаагүй. Харин хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлсэн юм чинь үүргээ биелүүлээч гэдэг хүсэлтийг л гаргаад байгаа. Энийг зөв ойлгомоор байна. Үүнтэй холбоотой Ашигт матмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх зүйл яригдаж байгаа ба хуулийн тус заалтад нөхөх олговрыг шийдвэр гаргасан байгууллага төлнө л гэсэн зохицуулалт байгаа. Тиймээс төлөх ёстой юм байна, та нар төлөөч ээ л гэдэг асуудлыг яриад байгаа юм. Иймд хариуцагчийн хувьд уг асуудлаар татгалзсан шийдвэр гаргах болон өөр сонгох зохицуулалтай хуулийн зохицуулалт байхгүй.

Нөгөө талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дөрвөн жилээр солигдож үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Анх тус Хурлын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар газрыг тусгай хамгаалалтад авах талаар ярилцсан байдаг. Үүн дээр тодорхой саналуудыг хэлээд, нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдэж байж газрыг тусгай хамгаалалтад авах талаар хурлын дарга Түмэнбаяр гэж хүний хэлж байсан санал тус хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан. Үүн дээр юу хэлэх гээд байна гэхээр төрийн үйл ажиллагаа, захиргааны байгууллагын үйл ажиллагаа өөрөө залгамж халаатай, тасралтгүй явагдаж байх ёстой. Нэгэнт тусгай хамгаалалтад авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд явж байгаа тохиолдолд нөхөх олговрыг төлөх нь зайлшгүй юм. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга өөрчлөгдөх болгонд өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг хүчингүй болгоно гэж байхгүй, хэрэгжилтийг үргэлжлүүлээд л явна. Энэ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

3. Хариуцагч Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч Д аймгийн ИТХ-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Д аймгийн ИТХ-ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд маргаан бүхий 01/90 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шинжийг хадгалсан “Захиргааны акт” биш бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхолтой үр дагаврын хувьд уялдахгүй байна. Аймгийн ИТХ нь ЗЗНДНТУТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн гаргаж буй захиргааны актаа тогтоол хэлбэрээр гаргадаг бөгөөд маргаан бүхий 01/90 дугаартай албан бичиг нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй “... Хүсэлтэд хариу өгсөн ...” шинжтэй албан бичиг бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ямар нэгэн үр дагавар үүсгээгүй байна.

Нэхэмжлэгч нь аймгийн ИТХ-аас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дугаартай тогтоол нь түүний эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдаж байгаагаас үзэхэд шаардлагын үндэслэл болсон 01/90 дугаартай албан бичиг нь ямар үр дагаврын улмаас маргаан бүхий 07/11 дугаар тогтоолтой уялдаж маргааны зүйл болж байгаа нь тодорхойгүй байна.

Хуульд заасан дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий 01/90 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт биш учир тухайн албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, тус үндэслэлд хууль бус гэж тодорхойлсон албан бичиг, захиргааны актууд, тэдгээрийн улмаас зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зэрэгт шалтгаант холбоо байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт юм. Хууль зүйн шинжээрээ хариуцагчаас нэхэмжлэгч “А” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн 01/90 дугаартай албан бичиг нь “...Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр ...”-ийг мэдэгдэж буй үйл ажиллагаа бөгөөд тус шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэгч “А” ХХК нь шийдвэрийг мэдэгдэж буй 01/90 дугаар албан бичгийг бус Д аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

“А” ХХК-ийн ..., ...тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөх олговор олгохгүй байгаа Д аймгийн ИТХ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгохыг Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах шаардлагын тухайд:

 Д аймгийн ИТХ-аас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 07/11 дугаартай “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гаргаж Д аймгийн Ө сумын нутагт орших “Аргалын уул”-ыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авсан. ИТХ-аас гаргасан 07/11 дугаартай тогтоолын хүрээнд нэхэмжлэгч “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгч нь ЗХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг хэтрүүлж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан нь ЗХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж, ЗХШХШТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үр дагавар үүсгэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс нөхөх олговортой холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 0048 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үндэслэл нь, ЗХШХШТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан ЗЕХуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэсэн. Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 0048 дугаартай захирамжийн биелэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хангуулахдаа 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/02 дугаартай албан бичгээр хариуцагчид хандаж 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02/103 дугаартай албан бичгээр хариу авснаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан гэж дүгнэж байгаа нь ЗЕХуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны актад гомдол гаргах хугацаа, журмыг ноцтой зөрчсөн, ЗХШХШТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан “...Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн 0048 дугаартай захирамжийн үндэслэл арилаагүй байна.

Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/11 дугаар тогтоолыг мэдэгдсэн буюу мэдсэнээс хойш ЗЕХуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан гомдлыг хариуцагчид гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд тухайн гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн хариуг эс зөвшөөрвөл ЗХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн зохицуулалтыг ноцтой зөрчиж удаа дараа илтэд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...Нөхөх олговор олгох...” шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь ЗЕХуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүхий гомдлоо мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд хариуцагчид хандаж гаргаагүй, захиргааны хэргийн шүүхэд ЗХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлүүлээгүй зэрэг үндэслэлүүдэд хариуцагч Д аймгийн ИТХ-ыг буруутгах үндэслэл болохгүй тул ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох болон нөхөх олговор олгохыг даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хууль бус захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд ЗХШХШТХуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах нь түүний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гэвч нөхөх олговор олгуулах болон олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, даалгах шаардлагын хүрээнд нэхэмжлэгч “А” ХХК нь ЗХШХШТХуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийн дагуу хангуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа нь ЗХШХШТХуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан уйл баримтууд нь бодит бус, илт үндэслэлгүй нөхцөл байдлуудыг дурдсан байгааг дараах байдлаар тодруулан, няцаах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

4.1. “...Ингээд хуульд заасан журмын дагуу нөхөх олговор авахтай холбоотой асуудлаар 2017 оноос хойш Д аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн яам, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хандсан бөгөөд уг асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд тус тус нэхэмжлэл гаргасан...” гэж дурджээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Д аймгийн ИТХ-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/11 дугаартай “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолд маргаж эхэлсэн үйл баримт нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс анх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар шүүхийн процесс ажиллагаа эхэлсэн бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн гаргаж буй ЗЕХуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр гомдол гарган шийдвэрлүүлэх хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Нөгөө талаас нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д аймгийн ИТХ-аас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 07/11 дугаартай “Газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоол гаргаагүй байхад тухайн тогтоол болон түүний үр дагаврыг эс зөвшөөрч 2017 оноос эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах боломжгүй юм.

4.2. “... Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ..., ...дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төлөх болохыг тогтоосон болно...” гэж дурдсан нь өмнө маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг илт хууль бусаар тайлбарласан үйлдэл болсон байна. Зүй нь, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтад “...Тусгай зөвшөөрлийн нөхөх төлбөрийг Д аймгийн ИТХ төлөх...” талаар тусгасан заалт огтоос байхгүй байхад дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг илт хууль бусаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нь хууль бус юм.

 4.3. “... Сүүлийн байдлаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаартай магадлалаар Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж “А” ХХК-ийн нөхөх олговор авах тухай хүсэлтийг ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг асуудлаар нэхэмжлэгч “А" ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийн дагуу нөхөх олговор олгох хүсэлтийг ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүссэн...” гэжээ.

Хариуцагч Д аймгийн ИТХ-ын зүгээс Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2021/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаартай магадлалд заасан “...Нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох...” асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан шүүхийн шийдвэрийг хуульд зааснаар биелүүлсэн. Зүй нь, Д аймгийн ИТХ-ын зүгээс анхан шатны шүүхийн 115/ШШ2021/0007 дугаар шийдвэрт дурдсан асуудлыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж “...“А” ХХК-ийн нөхөх олговор олгох хүсэлтийн хүрээнд зарим зүйлийг тодруулах ажлын хэсэг томилон ажиллуулах шийдвэр гаргасан...” бөгөөд дээрх нөхцөл байдалд хариуцагч Д аймгийн ИТХ-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхийн 115/ШШ2021/0007 дугаар шийдвэрийн нэг дэх заалтад “...АМТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн 14.4 дэх хэсэгт заасан нөхөх олговрын хэмжээ төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох...” асуудлыг хуульд журмын дагуу болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг хариуцагч Д аймгийн ИТХ-д даалгаж ...” шийдсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан “...Нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн...” гэх шүүхийн ямар нэгэн шийдвэр, заалт огтоос байхгүй болно. Аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ажлын хэсгийн зүгээс “А” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл нь зохих журмын дагуу олгогдсон эсэх болон талбайнуудад ашигт малтмалын хайгуул хийхэд 2.660.060.000 төгрөгийн зардал зарцуулсан нь нотлогдох боломжгүй байгаа тул мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалтын ажил явуулж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 01/89 дугаартай албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна.

4.4. “ ... Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг ялгаварлан гадуурхаж улмаар албан тушаалтнууд тусгай зөвшөөрлийн талбайг нөхөх олговоргүйгээр төрийн тусгай хамгаалалтад авах замаар бизнес эрхлэгчийг тонон дээрэмдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна...” гэх үндэслэлийн хувьд Д аймгийн Ө сумын “Аргалын уул” гэх газар нь дархан цаазат аргал хонь нутагшсан байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар тул нутгийн иргэд унаган төрөхөөр нь хадгалахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Ө сумын ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аргалын уул” орчмын 63.524 га газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэлжүүлсэн болно.

Аймгийн Засаг даргаас аймгийн ИТХ-ын 2018 оны ээлжит 07 дугаар хуралдаанд Ө сумын “Аргалын уул” түүний ойр орчмын газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцүүлэн ИТХ-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/11 дүгээр тогтоолоор Ө сумын нутаг “Аргалын уул”-ыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Ө сумын нутаг дахь “Аргалын уул”-ыг тусгай хамгаалалтад авч унаган төрхөөр нь хадгалж үлдэх хүсэлтэд анх Ө сумын 1000 иргэн гарын үсэг зурж, тус орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүнд хүргүүлсэн байдаг бөгөөд тухайн хүсэлтийг УИХ-ийн гишүүнээс аймаг сумын ИТХ-д хэлэлцүүлэхээр шилжүүлснийг шийдвэрлэсэн үйл баримт нь аль нэг албан тушаалтны тонон дээрэмдэж байгаа шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

 Иймд “А” ХХК-иас Д аймгийн ИТХ-д холбогдуулан гаргасан “... Д аймгийн ИТХ-ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Д аймгийн ИТХ-ын “А” ХХК-д тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг олгохгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийн ..., ...дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг АМТХуульд заасан журмын дагуу олгохыг Д аймгийн ИТХ-д даалгах тухай...” нэхэмжлэлийн шаардлагуудыг ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд,

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий хариу тайлбарыг нийтэд нь уншиж сонсгосон. Нэмэлтээр гаргах тайлбарын хувьд өнөөдрийн хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь үндсэн гурван шаардлагаар буюу хүчингүй болгуулах, эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, даалгах гэсэн шаардлагуудыг гаргаж байна.

Хүчингүй болгуулахаар шаардаж буй албан бичгийн хувьд энэ нь захиргааны акт мөн үү гэдэг асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийж талууд мэтгэлцэж байна. Тус албан бичиг нь тодорхой үр дагавар үүсгэсэн эсэх асуудлыг нэхэмжлэгчийн талаас тухайн албан бичигт дурдагдсан үг, өгүүлбэрийг уншиж танилцуулдаг, өөрөөр хэлбэл “шийдвэрлэх боломжгүй байна” гэдэгтэй нь холбогдуулж тодорхойлдог.

Гэтэл ямар учраас боломжгүй байгаа юм, энэ боломжгүй асуудлыг яаж шийдвэрлэх ёстойг хариуцагчаас тодруулах шаардлагатай байгаа талаар тус албан бичигт дурдсан байгааг шүүх дүгнэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхөх олговрын  хувь хэмжээний асуудал яригддаг ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2,6 тэрбум гэсэн тоог нэхэмжлэгчээс гаргаж ирж тавиад байдаг, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр 1,7 тэрбум төгрөгийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаад байгаа нь өнөөдрийг хүртэл нөхөх олговрын хувь хэмжээ тодорхойгүй байгааг харуулж байна.

Тиймээс энэ шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гаргаж шийдвэрлэе гэсэн утга агуулга бүхий 01/90 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг няцаасан, үгүйсгэсэн үр дагавар үүсгэсэн гэж үзэх боломжгүй. Захиргааны актад байх хууль зүйн шинжээр үзвэл нэг удаагийн тохиолдлыг зохицуулах зорилгоор эрх зүйн үр дагавар үүсгэж гаргасныг захиргааны актад тооцно. Гэтэл энэ нь нэг удаагийнх биш, 2019 оноос хойш үргэлжлээд явж байгаа процесс тул зөвхөн 01/90 дүгээр албан бичгийг захиргааны акт болгоод нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө гэсэн ойлголтоор хандаж болохгүй.

Мөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэдэг асуудал яригдаж байна, гэтэл эс үйлдэхүй өөрөө ямар байдлаар тодорхойлогдох ёстой вэ. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол эс үйлдэхүй гэж үзэх юм уу, гэтэл хууль ёсны эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа хуралдуулаад, хэлэлцэх асуудалдаа багтаагаад, үүнтэй холбоотой ажлын хэсгээ томилоод, хамтарч ажиллах талаар аймгийн Засаг даргад хандаад, тус Засаг дарга нь цаашаа төрийн захиргааны холбогдох байгууллагуудад нь хандаад явж байгааг үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж, эс үйлдэхүй хууль бус байна гэж дүгнэх хууль зүйн боломж байгаа юу.

  Мөн даалгах шаардлагын хүрээнд шүүхийн 07 дугаар шийдвэрээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа процесс байхад заавал нэмэлтээр даалгах шаардлага гаргаж байгаа нь хэр зэрэг оновчтой вэ гэдэг дээр талууд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Үүн дээр ялангуяа тодруулж хэлэхэд гол нь нөхөх олговрын асуудал яригдаж байгаа, гэтэл нөхөх олговрын асуудлаа нэхэмжлэгч тодорхой болгож хэлдэггүй. Нэхэмжлэгчээс удаа дараагийн нэхэмжлэлийн шаардлагуудад дурдагдаад байгаа нөхөх олговрын хувь хэмжээгээ тодорхой гэж хэлдэг, тэгвэл энэ тодорхой байгаа зүйлээ тодруулахгүй, энэ асуудлыг хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбож тайлбарлах ямар хууль зүйн зохицуулалт байна вэ.

Даалгах шаардлагатай мөн холбогдуулж хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хохирол болон нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шаардаж байгаа бол тухайн хохирол, мөнгөн дүн нь тодорхой байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс 1,7 тэрбум төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан, үүнийг хариуцагч тал мэдэж байгаа гэсэн байдлаар нотлох баримтын хүрээнд тайлбарлаж байгаа тул нөхөх олговрын үнийн дүнтэй холбоотой асуудлыг тодорхойлох хууль зүйн шаардлага байна гэж харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх ёстой гэсэн зохицуулалттай, гэтэл хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, тодорхойгүй шаардлагын хүрээнд маргаан яваад байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох татгалзлаа дэмжиж байна.

Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлүүд давхацсан гэж яриагүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн талбай Сүхбаатар, Д гэсэн хоёр аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байна, энэ талаар тусгай зөвшөөрөл дээр нь хүртэл Д аймгийн Ө сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум гэж тодорхой дурдсан байдаг. Гэтэл анх “С” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох үед тус аймгуудын Засаг дарга нараас авагдсан саналуудаас харахад дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналуудыг гаргасан байдаг, иймд аль саналыг нь дэмжиж шийдвэр гаргах нь хуульд нийцэх ёстой байсан бэ гэдэг асуудлыг тодруулж хэлсэн болохоос нэг газрын хоёр тусгай зөвшөөрлийн талбайг давхацсан байна гэж тайлбарлаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч “А” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа”-г хэтрүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа /1 дэх хавтаст хэргийн 196,197 дахь тал/ болон мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж байх боловч нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагчийн дээрх тайлбаруудад дурдагдаж буй Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолтой маргаагүй бөгөөд түүнчлэн нэхэмжлэгчээс тус шүүхэд 2019, 2021 онуудад гаргаж байсан нэхэмжлэлд хамаарах “хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх асуудал нь түүний 2022 онд гаргасан нэхэмжлэлээр тус шүүхээр одоо хэлэлцэгдэж буй маргаанд хамааралгүй тул шүүх нэхэмжлэгчийн Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичигт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан “нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах” үндэслэлүүд тогтоогдохгүй байна /1 дэх хавтаст хэргийн 181-184, 187,188 дахь тал/ гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн Д аймгийн Засаг даргаас болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Яамнаас нотлох баримт гаргуулах” тухай хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 159, 160 дахь тал/-үүдийг гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...”-үүдийн нэг болох мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхээс анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан шүүгчийн захирамж /1 дэх хавтаст хэргийн 164-168 дахь тал/-ийг давж заалдах шатны  шүүхээс хүчингүй  болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болсон тогтоол /1 дэх хавтас хэргийн 179-184 дэх тал/-ыг үндэслэн хүсэлтийн 1 дүгээрт заасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлтийн 2, 3 дугаарт заасан нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар “...нотолгооны ач холбогдолгүй ...” гэж үзэж хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэн, энэ тухай шийдвэрийг шүүх хуралдааны тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 167 дахь тал/-д тусган шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тэдгээрийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалж, үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Талуудаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргаж буй үндэслэлүүдийн агуулгыг дараахь байдлаар тодорхойлбол:

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа, хариуцагчийн гаргасан   “01/90”  дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь нэхэмжлэгчид нөхөх олговор олгох боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт бөгөөд, хариуцагчаас уг татгалзлын хүрээнд нөхөх олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь мөн хууль бус юм, иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөх олговрыг төлөх үүрэгтэй гэсэн агуулгаар

4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа, нэхэмжлэгчийн маргаж буй “01/90” дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш бөгөөд харин нөхөх олговрын хувь хэмжээг тус Хурлын хуралдаанаар тогтоох боломжгүй байснаар түүнийг тодруулах шаардлагатай гэсэн агуулгаар өгсөн хариу албан бичиг юм. Эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг асуудал нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн, энэ дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ба, нөгөө талаар тухайн асуудлыг  хэрхэн шийдвэрлэх талаар Хурлын зүгээс хуралдаанаараа хэлэлцээд, асуудлыг тодруулах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг томилж, энэ талаар аймгийн Засаг даргатай хамтран ажиллахаар тогтсон зэргээр зохих ажлуудыг хийгээд явж байгаа учир хариуцагчийн зүгээс ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй, мөн нөхөх олговор олгохыг даалгахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэдий хэмжээний нөхөх олговрыг гаргуулах талаар нэхэмжлэгчээс тодруулахгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй тул зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

 5. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

 

            5.1  Нэхэмжлэгч “А” ХХК-аас 2021 онд 21/02 дугаар албан бичгээр хариуцагчид хандан гаргаж байсан хүсэлтийг Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлээгүй талаарх асуудал болон нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ..., ...дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан, мөн тус зөвшөөрлүүд бүхий талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаарх асуудлууд нь тус шүүхийн 2021 оны 115/ШШ2021/0007 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг үндэслэн дээрх асуудлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэв.

 

5.2 Харин нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 115/ШШ2021/0007 дугаар дээрх шийдвэр болон тус шийдвэрийг хянаж гаргасан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 535 дугаар магадлал зэрэг /1 дэх хавтаст хэргийн 109-126 дахь тал/ шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд нэхэмжлэгч “А” ХХК-нь “... нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн, яаралтай  шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 21/10 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/-ээр хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

 

5.3 Энэ дагуу хариуцагчаас “Танай компаниас ирүүлсэн 2021 оны 21/10 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулагдсанаас хойш ирсэн. Уг хүсэлтийг 2022 оны эхний улиралд зохион байгуулагдах ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргүүлэхийг уламжилж байна” гэсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 02/01 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг 2022 оны эхний улиралд зохион байгуулагдах ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх болсон тухайг мэдэгдсэн байна /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/.

 

5.4 Тус мэдэгдлийг нэхэмжлэгчээс хүлээн авснаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 22/02 дугаар албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/-ээр Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны талаарх мэдээллийг мэдэгдэхийг хариуцагчаас хүссэн байна.

5.5 Гэтэл дээрх хүсэлтийг хангаагүй болох нь шүүхээс тодруулсны дагуу хариуцагчаас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/211 дүгээр албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/-т “... Уг хуралдаанаар тус компанийн эрх, ашгийг хөндсөн захиргааны акт гаргаагүй тул сонсох ажиллагаа явуулаагүй болно...” гэж байгаагаар тогтоогдож байх бөгөөд,

            5.6  Улмаар хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 6 дугаар хуралдаан болж, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг болох нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой асуудлыг түүний оролцоогүйгээр хэлэлцэж, уг асуудалд албан бичгээр хариу өгөхийг тус Хурлын даргад үүрэг болгосон  /1 дэх хавтаст хэргийн 205-208 дахь тал/-ны дагуу, "... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн төлөөлөгчдийн саналыг хүргүүлж байна.” гэсэн хариуг хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  01/90 дүгээр албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 236, 237 дахь тал/-ээр өгч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчээс шүүхэд хандан маргаан үүсгэх үндэслэл болсон байна.

6. Маргааны зүйл болох хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн дээрх 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийн хууль зүйн үндэслэл, тэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд;

 6.1 Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь тухайн 01/90 дүгээр албан бичгийг захиргааны акт мөн, биш гэж үзэх талаар маргаж байна.

            6.2 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас  тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, мөн зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ..., ... түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заасан байгаа ба,

            6.3 Гэтэл хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэгчийн нөхөх олговорыг шийдвэрлүүлэх тухай дээрхи хүсэлтийг өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу тус Хурлын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдаанаар хэлэлцсэн боловч, “нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлж, шийдвэрлэсэн нь нөхөх олговрыг төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх сэргээгүй болох эрх зүйн үр дагаврыг бий болгосон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу “татгалзсан” шийдвэр болж байх тул дээрх хуульд заасны дагуу Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

6.4 Хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны) дахь "Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх"-ийг тодорхойлсон 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх" –ийг хэрэгжүүлэх хүрээнд буюу тухайлбал Ашигт малтмалын тухай хууль дахь “Нутгийн ... өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх”-ийг зохицуулсан 12 дугаар зүйл (энэ зүйлийн гарчигт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар)-ийн 12.1.4-т "Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах" эрхээ хэрэгжүүлсний хувьд,

Газрын тухай хууль дахь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ... ын нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 20 дугаар зүйл (энэ зүйлийн гарчигт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар)-ийн 20.1.4 дэх зүйл (тус заалтад өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар)-д “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын Ө мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч "А” ХХК-д нөхөх олговор төлөх үүргийг хуулиар хүлээж,

6.5 Тус нөхөх олговрыг төлөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 –д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох ...” гэж зааснаар нэхэмжлэгчтэй тохиролцон тогтоосон нөхөх олговрыг төлөхөөр, эсхүл мөн тухайн зүйл дэх “... тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж заасны дагуу тогтоогдсон нөхөх олговрыг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус зохицуулагдсан байна.

6.6 Гэтэл хариуцагч нь дээрх хуулиудад заасан эрх, үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлсэн “нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичиг болох захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хуульд заасан эрх зөрчигдсөн байна.

 7. Хариуцагчийн нөхөх олговрыг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрыг төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1 Хариуцагч нь хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж”-ийг хэрэгжүүлэх эрхтэй боловч түүнийг гагцхүү хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудад үндэслэн тэдгээрээс хэрэглэх эсэхээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр байна.

  7.2 Гэтэл хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дахь нөхөх олговрыг төлөхтэй холбоотой гаргах шийдвэрийн хувьд дээрх хуульд заасан “сонгох боломж”-ийг хэрэгжүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх нь зөвхөн “нөхөх олговрыг төлөх” хуулиар хүлээлгэсэн үүргээр хязгаарлагдаж байгаа тул тэрээр “татгалзсан” шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...Ашигт матмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх зүйл яригдаж байгаа ба хуулийн тус заалтад нөхөх олговрыг шийдвэр гаргасан байгууллага төлнө л гэсэн зохицуулалт байгаа..., ... Иймд хариуцагчийн хувьд уг асуудлаар татгалзсан шийдвэр гаргах болон өөр сонгох зохицуулалтай хуулийн зохицуулалт байхгүй.” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

         7.3 Гэтэл хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч “А” ХХК-д хуульд заасны дагуу олгогдох нөхөх олговрыг төлөхөөс татгалзсан  шийдвэр буюу  2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичиг болох захиргааны актыг гаргаснаар тус нөхөх олговрыг төлөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

7.4 Иймд дээр тогтоогдож буй хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж зааснаар нөхөх олговрыг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид төлөхийг хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах үндэслэлтэй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичиг болох захиргааны актыг хүчингүй болгож, хариуцагчаас “А” ХХК-ийн ..., ...дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус нөхөх олговрыг нэхэмжлэгчид төлөхийг Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Хариуцагч талаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн ..., ...дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн өмнөх эзэмшигч болох “С” ХХК-д тухайн тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс анх олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь зүйлүүдэд заасныг зөрчиж буюу аймгийн Засаг даргаас санал авалгүй тусгай зөвшөөрлийг шууд олгосон, энэ нь “А” ХХК-ийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох үр дагаврыг үүсгэнэ гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргадаг боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдох маргаан нь “С” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл хууль бус эсэхтэй холбоогүй, харин нэхэмжлэгчид нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон дээрх тусгай зөвшөөрлүүдэд холбогдох нөхөх олговрын асуудалтай холбоотой маргаан тул хариуцагчийн тухайн тайлбарт шүүх дүгнэлт хийхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл (энэ зүйлийн гарчигт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар)-ийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйл (энэ зүйлийн гарчигт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар)-ийн 20.1.4 (тус заалтад өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн өмнөх хуулиар) дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичиг болох захиргааны актыг хүчингүй болгож, хариуцагчаас “А” ХХК-ийн ..., ...дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус нөхөх олговрыг нэхэмжлэгчид төлөхийг Д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ЦЭНД