Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 122

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч,

улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн

бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                            Д.Мөнхтуяа

                                            П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                  Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Ау Вай Катийг “Жи Эл Ди Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0033 дугаар магадлал,

Нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбилэг,

Нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батбилэгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн Ау Вай Китийг “Жи Эл Ди Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0033 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар...” гэснийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ц.Батбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0033 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хуульд заасан ямар үндэслэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөн 2014 оны үйл баримтад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн зохицуулалтыг хэрэглэж маргааныг хянан шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5. “Жи Эл Ди Ви” ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 5028787 дугаар гэрчилгээ олгогдсон бөгөөд Ц.Батбилэг миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр бус шийдвэр, тогтоол болон Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн баримт бичгүүдийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинээр гэрчилгээ, тамга тэмдэг олгож, тус компанийн гүйцэтгэл захирлаар Ау Вай Китийг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн.

6. Өөрөөр хэлбэл тус газар нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангуулсны үндсэн дээр холбогдох бүртгэлийг хийх үүрэгтэй байхад хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах /гүйцэтгэх удирдлага өөрчлөхөд/, шинээр дахин гэрчилгээ олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.5-д заасан “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримтална гэсэн заалтыг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө” гэж зохицуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн байна.

7. Хувьцаа эзэмшигч миний бие 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй ба Ау Вай Китийг гүйцэтгэх захирлаар томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч энэ талаар Иргэний хэргийн шүүхэд хандах гэсэн боловч “Жи Эл Ди Ви” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч “Гэйн леженд лмитид” ХХК болон түүний захирлаар томилсон гэх Ау Вай Кит нь Монгол улсад байхгүй, сураггүй алга болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, хувьцаа эзэмшигчийн хувьд эрхээ хамгаалуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь тамга, тэмдэггүй хурлын шийдвэр, түүний тэмдэглэл гэх баримтыг үндэслэн хувьцаа эзэмшигч Ц.Батбилэг нь хурлыг орхин явсан, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

8. Энэ маргаанд Ау Вай Кит болон “Гэйн леженд лимитид” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2 жилийн хугацаанд дээрх этгээдүүдийг хоёр орны эрх бүхий байгууллагууд олж тогтоож чадаагүй болно.

9. Давж заалдах шатны шүүхээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг хуулийн зохицуулалтад нийцсэн бүртгэл хийсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал, “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.2-т заасны дагуу “өргөдөл хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэх”-ийг шалгаагүй. Мөн журмын 6.1.5-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /УБ-05/ бүртгэсэн огноог бичиж, тэмдэг дарах” гэж заасан байна.

10. Гэтэл улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл буюу УБ-05 маягтын 6-д гүйцэтгэх захирал Ц.Батбилэгийг ажлаас чөлөөлсөн 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дүрэм гэсэн байх боловч 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн дүрэм гэх акт байхгүй. Маягтын 7-д шинэчлэн найруулсан хавсралт нэгээр баталсан дүрэм гэж байх боловч шинэчлэн найруулсан дүрэм байдаггүй. Мөн өргөдөл гаргасан этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн жагсаалтад оруулах өөрчлөлтийг бүртгүүлэх эрх бүхий этгээдүүдийн аль нь биш бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаагүй, мөн гарын үсэг зурж баталгаажаагүй байхад гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн бүртгэлийг энэ өргөдлийн дагуу хүлээн авч бүртгэсэн нь үндэслэлгүй байна.

11. Журмын 8-д гүйцэтгэх захирлыг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн. Үүнд УБ-5 маягт /өргөдөл/, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг чөлөөлж, томилох тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш/ үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, тэмдэглэл, харъяа татварын албаны тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар/, анхаарах зүйлс шийдвэр, хурлын тогтоол, тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах гэжээ.

12. Гэтэл УБ-05 маягтад байхгүй шийдвэр, тушаалыг дурдсан, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон этгээдийн үнэмлэхний хуулбар болон татварын албаны тодорхойлолт байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байхгүй, хоёр үүсгэн байгуулагчтай хамтарсан компанийн хувьд магадлалын үндэслэл болсон 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл болон 14/01, 14/02 дугаар тогтоолуудад нэг ч хувьцаа эзэмшигчийн үсэг зурагдаагүй, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаж баталгаажигдаагүй, өргөдөл гаргагч этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд биш байхад материалыг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийг зөрчиж хийсэн бүртгэл гэж үзэхээр байна.

13. “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”ын 8.1.2-т заасны дагуу “хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй гэсэн үндсэн тохиолдолд гэрчилгээ дахин шинээр олгох”-оор заасан. Гэтэл “Жи Эл Ди Ви” ХХК-ийн гэрчилгээ, тамга байсаар байхад журмын 8.1.3-т заасан гэрчилгээг хүчингүй болгож нийтэд мэдээлсэн талаар баримт байхгүй, харьяалах татварын албаны тодорхойлолтгүй, мөн 14/01, 14/02 тоот хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол гэх баримтад компанийн гэрчилгээг шинээр авах талаар шийдвэр гаргаагүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинээр олгосон нь дээрх журмын 8.2-т заасан “бүртгэгч нь журмын 8.1.1-8.1.5-д заасан баримтыг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох гэсэн хуулийн заалтыг зөрчиж хувьцаа эзэмшигч Ц.Б-ийн эрх ашгийг хохироож, үүнээс болж энэ компанийн үйл ажиллагаа болон татвар, авлаг, өр төлбөртэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зогсоож компани төдийгүй Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байна.

14. Улсын Дээд шүүхийн 275 дугаар тогтоол болон анхан шатны шүүхийн 385 дугаартай шийдвэрт “Жи Эл Ди Ви” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь Ц.Батбилэг мөн болохыг тогтоосон байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1207 дугаар тушаал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр гэрчилгээ дахин олгогдсон, бүртгэлийг хүчингүй болгосон нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй болно.

15. Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ау Вай Катийг “Жи Эл Ди Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг шинээр олгосон үйлдлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

17. Оюуны өмч,  улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  “Жи Эл Ди Ви” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд БНХАУ-ын иргэн Ау Вай Китийг гүйцэтгэх захирлаар бүртгэж, өөрчлөлт оруулсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсгүүдэд тус тус заасантай нийцжээ.

18. Тодруулбал, хариуцагч нь дээрх бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгэхдээ хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, “Жи Эл Ди Ви” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, уг хурлаас гаргасан 14/01, 14/02 дугаар тогтоол зэрэг баримтуудад үндэслэсэн, өргөдөл гаргагч нь итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд болохыг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй дүгнэжээ.

19. Компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах үндэслэл болсон “Жи Эл Ди Ви” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, уг хурлаас гаргасан 14/01, 14/02 дугаар тогтоол зэрэг нь хүчин төгөлдөр байгаа, эдгээр шийдвэрийг хүчингүйд тооцсон холбогдох шийдвэр байхгүй талаар нэхэмжлэгч маргаагүй.

20. “...Ау Вай Кит нь сураггүй болсон, ...хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хувьцаа эзэмшигчийн эрхээ хамгаалуулах боломжгүй нөхцөл үүссэн...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл биш болно.

21. Захиргааны хэргийн шүүх хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой, харъяалалын бус асуудлыг дүгнэх боломжгүй бөгөөд хоёр шатны шүүх маргааны гол болох улсын бүртгэлтэй хамааралтай захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэнийг зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

22. Анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ