Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 836

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан иргэн Ц.Б ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ц.Б 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А******* Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Ж ” ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж, регистрийн 5028787 дугаар гэрчилгээ олгогдсон бөгөөд Монгол, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай, 2 үүсгэн байгуулагчтай. Ц.Б  2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 275 тоот тогтоолоор компанийн гүйцэтгэх захирал мөн болохыг тогтоосон байдаг. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр бус шийдвэр, тогтоол болон Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан шаардлагыг хангаагүй баримт бичгүүдийг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинээр гэрчилгээ, тамга тэмдэг олгож, тус компанийн гүйцэтгэх захирлаар А******* томилсон өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Үүнд: Нэг.Хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулах

Хоёр.Шинээр дахин гэрчилгээ олгохдоо шаардлагатай материалууд зөрчилтэй, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагаа дутуу байхад тухайн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэн авч дээрх өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал:

- Улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл буюу УБ-05 маягтын 6-д хасагдаж буй өөрчлөлтөд: гүйцэтгэх захирал Ц.Б ийг ажлаас чөлөөлсөн 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дүрэм гэжээ. Гэтэл намайг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн талаар ямар нэг эрх зүйн акт байхгүй. 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тогтоол нь хууль бус бөгөөд өөрөөр 2 үүсгэн байгуулагчийн нэг болох Ц.Б  миний бие энэ хуралд оролцоогүй, гарын үсэг зураагүй, хурал болсон процесс нь Компанийн тухай хууль болон дүрэм зөрчсөн.

   -Өргөдөл /УБ-05 маягт/-ийн 7-д заасан нэмэгдэж буй өөрчлөлтөд: гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн А*******ыг томилох, шинэчлэн найруулсан дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах гэжээ. Гэтэл шинэчлэн найруулсан дүрмийг хавсралт 1-ээр баталсан гэх боловч энэ өөрчлөлт орсон дүрэм нь улсын бүртгэлийн хувийн хэрэгт байдаггүй.

   - Өргөдөл /УБ-05 маягт/-ийн 8-д заасан өргөдөл гаргагч этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн жагсаалтад оруулах өөрчлөлтийг бүртгүүлэх эрх бүхий этгээдүүдийн аль нь биш бөгөөд “Ж ” ХХК-ний тамга тэмдэг дарагдаагүй, мөн гарын үсэг зурж баталгаажигдаагүй байхад гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 227 тоот тушаалаар батлагдсан журмын 8-д гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн. Үүнд:

1. УБ-05 маягт/өргөдөл/

2. Гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг чөлөөлж, томилох тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/

3. Харъяа татварын албаны тодорхойлолт

4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /2200 төгрөг, Голомт банк 14010022649/

5. Гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ын иргэний үнэмлэхний хуулбар

6. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар

Анхаарах зүйлс:

* Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах

* №12 цонхноос УБ-05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах гэжээ.

    Гэтэл УБ-05 маягт бүхий өргөдлийн дагуу материалыг бүрдүүлэхдээ харъяалах Татварын албаны тодорхойлолт байхгүй, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гэх этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байхгүй, 2 үүсгэн байгуулагчтай хамтарсан компанийн хувьд хурлын тэмдэглэл болон тогтоолд үүсгэн байгуулагчийн нэг нь гарын үсэг зурагдаагүй, УБ-05 маягтад тухайн хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаж баталгаажагдаагүй, өргөдөл гаргагч этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд биш байхад материалыг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж байна.

ХОЁР. Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 227 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.1.2-т заасны дагуу 1.хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, 2.ашиглах боломжгүй" гэсэн үндсэн тохиолдолд гэрчилгээ дахин шинээр олгохоор заасан байна.

    Гэтэл Ж  XXК-ийн гэрчилгээ, тамга байсаар байхад журмын 8.1.3-т заасан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож нийтэд мэдээлсэн талаар баримтгүй, 8.1.5-д заасан харьяалах татварын албаны тодорхойлолтгүй мөн 14/01, 14/02 тоот хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолоор компанийн гэрчилгээг шинээр авах талаар шийдвэр гаргаагүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинээр олгосон нь журмын 8.2-т заасан “бүртгэгч нь журмын 8.1.1-8.1.5-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох" гэсэн хуулийн энэ заалтыг зөрчсөн байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирал, тус компаний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Б ийн эрх ашгийг хохироож байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А******* Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаас иргэн Ц.Б ийг чөлөөлж, Гонконгын иргэн А*******ыг томилж, дахин гэрчилгээ олгохдоо тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын 14/01, 14/02 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Ц.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Ц.Б ээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А******* Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б ийг Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 5 жилийн хугацаатай ажиллуулахаар 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн Ц.Б  2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ж  ХХК-ийн хөрөнгө оруулагч Б.С*******эс тус компанийн хувьцааны 7 хувийг шилжүүлэн авч, 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагчаар, 2009 оны  дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар Ж  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд  бүртгэгджээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгасан үндэслэлдээ “...Бүртгэлийн Ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр бус шийдвэр, тогтоол болон Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан шаардлагыг хангаагүй баримт бичгүүдийг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинээр гэрчилгээ, тамга тэмдэг олгож, тус компанийн гүйцэтгэх захирлаар А*******ийг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль бус” гэж маргажээ.

Хариуцагчаас “2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаас иргэн Ц.Б ийг чөлөөлж, БНХАУ-ын иргэн А*******ыг томилж, дахин гэрчилгээ олгохдоо тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын 14/01, 14/02 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарладаг.  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1207 дугаар  тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр   дүгнэлтийг үндэслэн Ж  ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр орсон өөрчлөлт буюу компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Б ийг бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгож,  улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.  

 Ж  ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, 14/01, 14/02 дугаар хурлын тогтоол зэрэг  баримтуудыг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс Ж  ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд гүйцэтгэх захирлаар Ау Вэй Китийг  бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд  тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б  “Ж  ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй, гарын үсэг зураагүй, хурал болсон процесс нь Компанийн тухай хууль болон дүрэм зөрчсөн” гэж тайлбарладаг боловч хурлын тэмдэглэлд түүнийг өмгөөлөгчийн хамт оролцсон талаар тусгагдсан байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс А*******ийг Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн талаар маргаж байгаагүй. 

Харин Ц.Б ийн Ж  ХХК-д холбогдуулан тус компанийн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлээ Ц.Б  татан авсныг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1195 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ц.Б ийн Ж  ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль зөрчсөн эсэх асуудлыг зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс “Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 275 дугаар  тогтоолоор Ц.Б ийг компанийн гүйцэтгэх захирал мөн болохыг тогтоосон” гэх боловч уг тогтоол болон Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 385 дугаар  шийдвэртэй иргэний хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр байсан гүйцэтгэх захирлаар  Ц.Б ийг бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1207 дугаар тушаалаар уг бүртгэл хүчингүй болжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д ”хуулийн этгээд ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, 23.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 23.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 23.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; 23.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; 23.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.” гэж зааснаас  үзэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн А*******ийг Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Б ээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн А*******ийг Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн БНХАУ-ын иргэн А*******ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Гэвч  гуравдагч этгээдээр татагдсан БНХАУ-ын иргэн А*******ийг Монгол улсын хилээр гарсан талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авах ажиллагааг Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан хэрэгжүүлсэн боловч гуравдагч этгээдээр татагдсан этгээдийн хаяг тодорхойгүйн улмаас шүүхийн даалгавар хэрэгжээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн шийдвэрлэсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн А*******ийг Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН