Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/01191

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/01191

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ЦББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: В.Гд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон түүнээс учирсан хохиролд 10.237.300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Г.Онон, өмгөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: В.Г нь манай байгууллагаас 2013.11.07-ны өдөр хувийн хэрэгцээндээ зориулж 6.000.000 төгрөгийг 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 2014.11.07-ны өдөр гэрээнд нэмэлт хийж дахин 1 жилийн хугацаатай сунгасан боловч гэрээний хугацаа дууссан. Тэрээр үндсэн зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зөвхөн хүүд 4.622.000 төгрөг төлсөн бөгөөд 2015.07.03-наас хойш огт төлөлт хийгээгүй. В.Г нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Ж уулсын өвөр 3-20**а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 6.000.000 төгрөг, хүү 2015.07.03-ноос 2016.09.17-ныг хүртэлх хүү 3.722.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500.800 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч В.Гээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд 14.200 төгрөг, нийтдээ 10.237.300 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Г нь хамтран амьдарч байсан Д.Минжүүрт машин авч өгөх зорилгоор ЦББСБ-аас 2013.11.07-ны өдөр 6.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлийн газрыг тавьж зээл авсан нь үнэн. Үүнээс хойш жилийн турш хүү төлсөн. Тухайн үед В.Г нь ажил эрхэлж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, биеийн байдал муу байгаа, хүүний асрамжид орсон юм. Одоо уг зээлээ барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Ж уулсын өвөр 3-20**а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа өгч хаах хүсэлтэй байгаа. Учир нь В.Г нь одоо өвчтэй, бусдын асрамжид байгаа бөгөөд уг төлбөрийг барьцааны хөрөнгөө шилжүүлэх маягаар төлж дуусгахаас өөр боломж байхгүй юм. Ер нь бол төлбөрийг Д.Минжүүр төлөх ёстой гэтэл одоо В.Гээс салаад явсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир өөрөө төлье гэж байгаа юм. Гэхдээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байгаагүй, өнөөдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж авах гэж хугацаа авч байгааг зөвшөөрөхгүй, энэ хугацаанд зээлийн гэрээг сунгаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хүүг үндэслэлгүй нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЦББСБ ХХК нь хариуцагч В.Гт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 10.223.100 төгрөг, нотариатын зардалд 14.200 төгрөг, нийт 10.237.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгасан боловч үндсэн зээл, хүү төлөөгүй учир зээлийн төлбөрийг гарсан зардлын хамт шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал маргахгүй байх бөгөөд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна, гэхдээ өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хариуцагчаас зээлийн төлбөрийг төлөхийг шаардаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ ихэсгэж байгааг зөвшөөрөхгүй, энэ хугацаанд гэрээ дахиж сунгагдаагүй гэж маргав.

 

В.Г нь ЦББСБ ХХК-тай 2013.11.07-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Ж уулын өвөр 3-20**а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Хариуцагч В.Гийн 2014.10.21-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 2015.11.07-ны өдөр сунгаж, 2014.11.07-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулжээ.

 

Дээрх байдал нь зохигчдын тайлбар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн нэмэлт гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, В.Гийн газрын гэрчилгээ, зээлийн хугацаа сунгах тухай В.Гийн өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл, түүний нэмэлт болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

Хариуцагч В.Г нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд 4.622.000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2015.11.07-ны өдөр дууссан, тэрээр 2015.07.03-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбар, зээл, хүүний төлөлтийн картаар нотлогдсон.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,

 

452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

 

26 дугаар зүйлд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй,

 

30 дугаар зүйлийн 1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ

 

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, холбогдон гарах бусад зардлыг зээлдэгч төлнө, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн зээлийн үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө,

 

5 дугаар зүйлийн 5.1-д зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлүүлэх, зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү бодож төлүүлэх гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч ЦББСБ ХХК-нд гэрээ болон хуулийн дээрх заалт, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, гарсан зардлыг шаардах эрх, хариуцагч В.Гт төлбөр төлөх үүрэг тус тус үүссэн байна.

 

Нэхэмжлэгч ЦББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.237.300 төгрөгийг үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүүг 2015.07.03-ноос 2016.09.17-ныг хүртэл тооцож 3.722.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500.800 төгрөг, нэхэмжлэл гаргахад бичиг баримтыг нотариатаар батлуулсан зардалд 14.200 төгрөг гэж задлан тайлбарлаж байх боловч шүүх зээлийн хүүг 2015.07.03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016.08.19-ний өдрийг хүртэл 13 сар, 16 хоногийн хүү 3.248.000 /6.000.000төг*4%=240.000*13сар=3.120.000төг, 240.000төг/30хон=8000*16=128.000/ төгрөг гэж,

үндсэн хүү 3.248.000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцвол 649.600 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 500.800 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг 500.800 төгрөгөөр тус тус тооцов.

 

Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд бичиг баримтуудыг нотариатаар батлуулж 14.200 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нотариатын тасалбараар тогтоогдсон.

 

Иймд хариуцагч В.Гээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 3.248.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500.800 төгрөг, нотариатын зардал 14.200 төгрөг, нийт 9.763.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 474.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас хариуцагч талын гаргасан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хариуцагчаас зээлийн төлбөрийг төлөхийг шаардаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ ихэсгэж байгааг зөвшөөрөхгүй, энэ хугацаанд гэрээ дахиж сунгагдаагүй гэх тайлбар няцаагдав.

Хариуцагч В.Гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Ж уулсын өвөр 3-20**а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар нь нэхэмжлэгч ЦББСБ ХХК-ийн барьцаанд байгаа болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч В.Гээс 9.763.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 474.300 төгрөгийн шаардлагын хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч В.Гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Ж уулсын өвөр 3-20**а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар нь нэхэмжлэгч ЦББСБ ХХК-ийн барьцаанд байгаа болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч ЦББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 178.747 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.Гээс 171.158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦББСБ ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА