Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00272

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цэншижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 182/ШШ2016/01191 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В.Ганцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон түүнээс учирсан хохиролд 10 237 300 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

В.Ганцэцэг нь манай байгууллагаас 2013.11.07-ны өдөр хувийн хэрэгцээндээ зориулж 6 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, 2014.11.07-ны өдөр гэрээнд нэмэлт хийж дахин 1 жилийн хугацаатай сунгасан боловч гэрээний хугацаа дууссан. Тэрээр үндсэн зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зөвхөн хүүд 4 622 000 төгрөг төлсөн бөгөөд 2015.07.03-наас хойш огт төлөлт хийгээгүй. В.Ганцэцэг нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулсын өвөр 3-2086а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 2015.07.03-ноос 2016.09.17-ныг хүртэлх хүү 3 722 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500 800 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч В.Ганцэцэгээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд 14 200 төгрөг, нийтдээ 10 237 300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч В.Ганцэцэг болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт:

В.Ганцэцэг нь хамтран амьдарч байсан Д.Минжүүрт машин авч өгөх зорилгоор Цэншижир ББСБ ХХК-иас 2013.11.07-ны өдөр 6 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлийн газрыг тавьж зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш жилийн турш хүү төлсөн. Тухайн үед В.Ганцэцэг нь ажил эрхэлж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, биеийн байдал муу, хүний асрамжид орсон байгаа. Одоо уг зээлээ барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулсын өвөр 3-2086а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа өгч хаах хүсэлтэй байна. Уг нь бол төлбөрийг Д.Минжүүр төлөх ёстой гэтэл одоо В.Ганцэцэгээс салаад явсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир өөрөө төлье гэж байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байгаагүй, өнөөдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж авах гэж хугацаа авч байгааг зөвшөөрөхгүй, энэ хугацаанд зээлийн гэрээг сунгаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хүүг үндэслэлгүй нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч В.Ганцэцэгээс 9 763 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 474 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч В.Ганцэцэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулсын өвөр 3-2086а тоот хаягт байршилтай 226 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар нь нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 178 747 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.Ганцэцэгээс 171 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ононгийн давж заалдах гомдолд:

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ төлөхийг шаардах ажиллагаа хийгээгүй, зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээг хийгээгүй байсаар атал бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг авч хугацаа хожсоор байхад шүүх зээл, төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж бодит байдалд тулгуурлаж нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр шударга бус үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. В.Ганцэцэг нь уг зээлийг хамтран амьдарч байсан Д.Минжүүрт машин авах зорилгоор авч байсан. Үүний талаар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан ба Д.Минжүүрийг хариуцагчаар татах хүсэлтийг гаргахад нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авсан боловч ажиллагааг идэвхитэй хийгээгүй Д.Минжүүрийн оршин суугаа хаяг тодорхойгүй, утсаар нь холбогдсон боловч хөдөө байна гэсэн хариултын дагуу хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж Д.Минжүүрийг шүүхийн ажиллагаанд оролцуулсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч В.Ганцэцэгийн 2014.10.21-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 2015.11.07-ны өдөр сунгаж, 2014.11.07-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулжээ гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 2013.11.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хугацаа сунгах нэмэлт гэрээг 2014.11.07-ны өдөр байгуулсан юм.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" гэжээ. 2015.11.07-ны өдрөөс хойш гэрээ байгуулаагүй байтал 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хугацаа хожиж, 2015.11.07-ны өдрөөс хойш гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч В.Ганцэцэг одоо эрхэлсэн ажилгүй, биеийн байдал муу, хүний асрамжид байгаа. Гэтэл шүүх бодит байдалд тулгуурлан нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад шүүгч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь илэрхий харагдаж байна.

Иймээс үндэслэлгүй, шударга бус шйидвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01191 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байгааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК нь хариуцагч В.Ганцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон түүнээс учирсан хохиролд 10 237 300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг Д.Минжүүр төлөх ёстой гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК нь хариуцагч В.Ганцэцэгт 6 000 000 төгрөг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 3-2086а тоот, 226 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан, зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн нэмэлт гэрээг байгуулсан болох нь хэргийн 8-15 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна.

 

Хэргийн 6-7 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК нь гэрээний зүйл болох 6 000 000 төгрөгийг хариуцагч В.Ганцэцэгт шилжүүлэн өгсөн байх ба хариуцагч нь уг мөнгийг Д.Минжүүрт өгсөн гэж тайлбарлажээ. Хариуцагч тал зээлийг өөр этгээдэд өгсөн, захиран зарцуулсан явдал нь нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөх буюу татгалзах үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Минжүүрийг татан оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал татгалзаагүй боловч шүүх хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 05, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд хариуцагч талд тайлбарлан өгсөн байх тул анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-иас ирүүлсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 3 722 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500 800 төгрөг, нийт 10 237 300 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэх тооцоололд хариуцагч маргаагүй, зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-д сарын хүү 4 хувь байна гэж заасан бөгөөд бичгээр хүүгээ тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагч хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардах эрхтэй, зээлдэгчийг хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байхад шүүх үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах зохицуулалт буюу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй ба үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 182/ШШ2016/01191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Ганцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 3-2086а тоот, 226 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ононгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч В.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ