Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1239

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01211 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Мд холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээгээр илүү төлсөн 421 070 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О,

Хариуцагч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Мтай 2018 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хурд хотхоны 5-А байрны 46 тоотод байрлах 57.68 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай түрээслэж амьдрахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаанд үүргээ биелүүлж ашиглалтын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, тавилга эд хөрөнгийн эмх цэгц, оршин суугчдын ая тухтай байдлыг ханган, байрыг хүлээлгэж өгсөн. Байрыг хүлээлгэн өгөхдөө гэрээний 5 дугаар зүйлийн 5.11 дэх заалтын дагуу гэрээг дахин сунгахгүйгээр сарын өмнө буюу 10 дугаар сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдсэн бөгөөд хөлслүүлэгч тал 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зар өгсөн нь тодорхой болж, хүмүүс түрээслэх байр үзэх гэсэн юм, зарын дагуу явж байна гэж оройн цагаар ирцгээсэн. Мөн гэрээнд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын түрээсийн төлбөр 700 000 төгрөгийг бүтнээр нь төлж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу байрнаас 10 дугаар сарын 21-ний өдөр нүүж, 10 дугаар сарын 22-ны өдөр байраа цэвэрлэн, хүлээлцэхэд бэлэн болгож бичгээр гарсан гэдгээ мэдэгдсэн. Би түрээслэн сууж байсан үеийн СӨХ-ны төлбөр болон бусад тооцоогоо бүгдийг төлж дуусгасан. Гэтэл хөлслүүлэгч М.М тухайн өдөр байраа хүлээж авах завгүй гэх шалтгаанаар 10 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн. Ингээд цаашид үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон тул амьдраагүй хоног буюу 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх 15 хоногийн төлбөр 350 000 төгрөг, халаалтын төлбөрийн илүү төлөлт 13 827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7 243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25 000 төгрөг, цэвэр усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25 000 төгрөг, нийт 421 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хурд хотхоны 5-А байрны 46 тоот байрыг түрээслэхээр болж, уг байрыг анх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Ундраад түрээсэлсэн боловч гэрээг түүний ээж Н.Отэй байгуулсан. Би байраа түрээслэхдээ 3 сараар түрээсийн мөнгөө авна гэхэд Н.О сар сард нь төлбөрийг чинь өгье гэхээр нь зөвшөөрсөн. Хөлслөгч түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгөөгүй учраас дараагийн сараас Н.Отэй нотариат дээр очиж гэрээ байгуулсан ба хэрвээ та байрныхаа түрээсийн хугацааг сунгах эсвэл байрнаасаа гарах болсон ямар ч тохиолдолд надад нэг сарын өмнө мэдэгдээрэй, сарын өмнө мэдэгдэж байж би дараагийнхаа түрээслэгчийг олдог гэж хэлсэн. Б.Ундраагаас надад байрнаас гарах талаар утсаар захидал илгээснийг 7 хоногийн дараа гадаадаас ирээд мэдэж, бид утсаар ярьсан. Нэг сарын түрээс 700 000 төгрөгийг өгсөн, 25-ны өдөр байраа хүлээн авсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хөлслөгч ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг хугацаанаасаа өмнө цуцлахаар бол дараагийн хөлслөгчийг олох боломжит хугацаа өгөх үүднээс 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцож хөлслүүлэгчээс авч болно гэж заасан байгаа. Гэрээг цуцлах захидал 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад ирсэн, энэ өдөр төлбөрөө шилжүүлсэн байхаар нь дараагийн сар буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрнаасаа гарах юм байна гэж би ойлгож, зараа өгч эхэлсэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарсан, хэзээ тооцоо нийлж, байраа хүлээлгэж өгөх үү гэсэн захиаг явуулсан байсан. Иймээс цэвэр усны тоолуур баталгаажуулсны 25 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдсэн мөнгийг зөвшөөрөхгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Маас 375 000 төгрөгийг гаргуулж, Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 46.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 282 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” бөгөөд тодорхой хугацаатайгаар буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан. Харин Иргэний хуульд заасны дагуу тодорхой хугацаатай байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг энгийн “мэдэгдэл” өгөх замаар цуцлах боломжгүй ба зөвхөн Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэг, 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хөлслөгч нь гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай өөр хөлслөгчийг санал болгосон, гэрээ цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн зэрэг урьдчилсан нөхцөл бүрдсэн бол орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Б.О нь хугацаатай “Орон сууц хөлслөх гэрээ”-г цаашид дахин сунгахгүй талаараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн боловч гэрээг цуцлах мэдэгдлийг 1 сарын өмнө өгөөгүй, мөн төлбөрийн чадвартай өөр хөлслөгчийг санал болгож байгаагүй болно. Цаашилбал нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэнэт дур мэдэн гэрээ цуцлах мэдэгдлийг утасны мессеж хэлбэрээр ирүүлсэн.Иймд талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт заагдсан үүргээ зөрчсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 350 000 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Мд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээгээр илүү төлсөн 350 000 төгрөг, халаалтын төлбөрийн илүү төлөлт 13 827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7 243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25 000 төгрөг, цэвэр усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25 000 төгрөг, нийт 421 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч цэвэр усны тоолуур баталгаажуулсны 25 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш-ийн 5 дугаар байрны А блок, Ү-2206017162 дугаарын Улсын бүртгэлтэй, 46 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэх, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт сард 700 000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаангүй байна. /хх 4-5, 7-9/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид орон сууцны хөлсөнд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 700 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууцнаас нүүсэн тул түүний 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх орон сууцанд амьдраагүй хугацаа болох 15 хоногийн төлбөр 350 000 төгрөг, халаалтын төлбөрийн илүү төлөлт 13 827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7 243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25 000 төгрөг, цэвэр усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25 000 төгрөг, нийт 421 070 төгрөгийг гаргуулна” гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын түрээс 700 000 төгрөгийг авсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаас гарсан нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “...20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр төлбөрийг хоногоор нь тооцож болно” гэж заасан байхад надтай хөлслөгч зөвшилцөөгүй тул зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас усны тоолуур баталгаажуулсан төлбөр 25 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэж тус тус тайлбарласан байна. /хх 1-2, 19/

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс  хойш тоолно” гэж заажээ.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор ирүүлсэн “10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн гар утсанд “дараа сарын 05-нд байрнаасаа гарахаар болсон, гэрээний дагуу 1 сарын өмнө мэдэгдэж байна” гэх, мөн “10 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарчихсан байгаа” гэх агуулга бүхий уг баримт нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч хариуцагч талаас уг мессежийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх 6/

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч нь  гэрээний 5.4 дэх хэсэгт заасан гэрээ цуцлах тухайгаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 20 хоногийн өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 15 хоногийн орон сууцны хөлсөнд төлсөн 350 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас усны тоолуур баталгаажуулсны хөлс болох 25 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагч М.Маас 25 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэсэн нь зөв боловч эд хөрөнгө хөлслүүлэгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дэх заалтыг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас халаалтын төлбөрийн илүү төлөлт 13 827 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7 243 төгрөг, монтаж суулгуулсаны төлбөр 25 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь баримтаар тогтоогдоогүй, нэгэнт гэрээнд түрээсийн төлбөрөөс бусад хэрэглэсэн зардлаа хөлслөгч өөрөө төлөхөөр тохирч, төлбөрийн нэхэмжлэхтэй танилцан төлсөн учраас эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01211 дүгээр шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289..2.5-д зааснаар хариуцагч М.Маас 25 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...11 900 төгрөг...” гэснийг, “ ...4 550 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.М давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН