Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/01212

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/01212

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.У нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.У, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Б.Мтай танилцаж, улмаар 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Насанжаргал, 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин М.Буянжаргал, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин М.Хишигжаргал нар төрсөн. Хамтын амьдрал зохиогоод 19 жил болж байгаа ч сэтгэл санаа нийлэхгүй болсон. Хариуцагч архи уусан үедээ агсан тавьдаг, бусадтай харддаг, сэтгэл санааны дарамтад орох болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн тал дээр маргаан байхгүй. Хүү М.Насанжаргал болон охин М.Хишигжаргал нарыг өөрийн асрамжинд авна. Охин М.Буянжаргалыг эцэгийн асрамжинд үлдээнэ. Энэ талаар хариуцагчтай харилцан ярьж тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие 1999 онд Н.Утай танилцаж, гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Насанжаргал, 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин М.Буянжаргал, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин М.Хишигжаргал нар төрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжын тухайд хүү М.Насанжаргал, охин М.Хишигжаргал нарыг эхийн асрамжинд үлдээж, охин М.Буянжаргалыг өөрийн асрамжинд авна. Энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан ярьж тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Б.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.У болон хариуцагч Б.М нар 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн байна. Гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү М.Насанжаргал, 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин М.Буянжаргал, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин М.Хишигжаргал нар төрсөн нь ПА-374 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон Г-2015, 0251382-2329, 0000714964 Г-3788 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү М.Насанжаргал, охин М.Буянжаргал, М.Хишигжаргал нар нь эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого, санал болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн хүү М.Насанжаргал, охин М.Хишигжаргал нарыг эхийн асрамжинд, охин М.Буянжаргалыг эцэгийн асрамжинд тус тус үлдээв.

 

Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Урианхай овогт Булгаагийн Мягмар, Боржигин овогт Намжилийн Ууганмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Насанжаргал, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Хишигжаргал нарыг эх Н.Угийн асрамжинд, 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Буянжаргалыг эцэг Б.Мын асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Түмэн-Өлзийд даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН