Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0405

 

 

 

 

 

 

 

 

    2023          05           02                                   128/ШШ2023/0405

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК,

Хариуцагч: А хэлтэс

Маргааны төрөл: “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан, уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “А хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах,

2. XV*** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах”

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

“А* газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт ирүүлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Манай компанийн ажилчид корона вируст цар тахал өвчнөөр өвдөж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Д* аймгийн Ш* сумын эмнэлэг болон хайгуулын кемптээ тусгаарлагдсан. Энэ нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын онцгой комисс даргын 2021 оны ** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Коронавируст халдвар (ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам"-ыг мөрдөж ажилласан нөхцөл болно. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан билээ. Хэдийгээр холбогдох хуулийн заалт ёсоор хугацаа дуусахаас /2022.12.21-ний өдөр хугацаа дуусах байсан/ сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргах байсан ч дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусахаас 11 өдрийн өмнө анхны хүсэлтээ өгсөн.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд дахин хүсэлт өгсөн байх бөгөөд А* газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан хуулийн үйлчлэлийн хүрээнд 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, бүртгэлд бүртгэсэн тухай тодорхойлолтыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүйгээс үүдэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон бүртгэлд бүртгэсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 болон 20 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын журмаар олгодог бөгөөд нэгэнт журмын дагуу авсан зөвшөөрлийг тус хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу цаашид сунгуулах зохицуулалттай билээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдал, цар тахлын нөлөөлөл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан үүргийг биелүүлэх үүднээс хугацаа хоцорч өгсөн хүсэлтэд А* газар "Тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан тухай шийдвэр гаргаж, манай байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй нь энэ чиглэлээр /ашигт малтмалын хайгуул хийх/ цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсгээд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан үндэслэлийн дагуу манай байгууллага А* газарт удаа дараа хүсэлт хүргүүлж тусгай зөвшөөрөл сунгуулахаар хандсан боловч тус газар татгалзсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр шүүхээр шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж буй болно. Иймд А* газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

1. А* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын XV-** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах

2. Ашигт малтмалын хайгуулын XV-** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа:

“ ... Д* аймгийн Х*, Ш* сумдын нутагт орших Б* нэртэй 69.76 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-** дугаартай тусгай зөвшөөрлийг А* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар шийдвэрээр "Г*" ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар шийдвэрээр "И" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Улмаар "И*" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХѴ-** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн EX-** дугаарт бүртгэн хянаж үзээд хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн * дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх" ** тоот албан бичгээр аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Хуулийн дээрх шаардлагын дагуу "И*" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс нэг сарын өмнө хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахдаа зөвшөөрлийн нотолгоо гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль, тогтоомж, бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "И*” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан.

Гэтэл "И*" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХѴ-** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 12 дугаар сарын 21/ өдрөөс нэг сарын өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

"И*" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн **, 20-ны өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн хариуг Г хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний ** тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүрдлийн хамт гаргаагүй байх тул 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байгааг мэдэгдсэн байна.

Тус хариуг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байх бөгөөд хариуг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ бүхнээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно... тодорхойлсон байгаагаас үзвэл "И*” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байхад түүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор байна. Гэтэл "И*" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Дээрх үйл баримтаас үзэхэд А* газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ... Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1- 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8–11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... гэж тус тус заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд "И*" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд "И*" ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. 14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 4 сарын 11-ний өдөр эцсийн байдлаар А* газрын Г* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах, XV** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах” гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Д* аймгийн Х*, Ш* сумдын нутагт орших Б* нэртэй 69.76 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-** дугаартай тусгай зөвшөөрлийг А* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар шийдвэрээр "Г*" ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар шийдвэрээр “И*” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө төлснөөр хугацааг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, К* хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн * дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Хариуцагч нь “И*" ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын XV-* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 12 дугаар сарын 21/ өдрөөс нэг сарын өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудас”-аар тогтоогдож байна . 

"И*" ХХК-ийн захирал О.Б* нь А* газрын Г* хэлтэст хандаж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар албан бичгээр, мөн 12 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот албан бичгээр тус хэлтэст хандаж “...захирал О.Б*, уурхайн дарга Л*, менежер А*, Д* болон бусад ажилчид өвдөж...эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж дэглэм сахих хэрэгтэй болсон тул сунгалтын өргөдөл өгөх хүнгүй байсан,...хавсралт баримтууд бүгд бүрэн, өргөдлийг хүлээн авна уу” гэх хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн байна.

Дээрх хүсэлтүүдийн хариуд Г* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний ** тоот албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүрдлийн хамт гаргаагүй байх тул 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсон байна,...төрийн захиргааны байгууллагын зүгээс Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгааг, танай компаниас хугацаандаа хандаагүй тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй”-г мэдэгдсэн хариуг өгсөн байна.

Мөн нэхэмжлэгчээс дахин 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ** тоот албан бичгээр А* газрын даргад хандаж “...компанийн удирдлага болон гэрээт ажилчдын дунд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр халдвар илэрч сумын эмнэлэг болон хайгуулын кемпэд тусгаарлагдсан, 12 сарын 10-нд хандахад “хуулийн хугацаа дууссан” гээд хүлээж аваагүй...” нотлох баримт болгон ажилчдын гэрээ, эмнэлгийн магадлагаа зэргийг хавсаргав” гэсэн утгатай хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд үүний хариуг А* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот албан бичгээр дээрх ** тоот албан бичигтэй адил агуулгаар хариу хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах үүрэгтэй байжээ.

Нэхэмжлэгчийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд нь гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Үүнийг тайлбарлавал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгон тайлбарлан маргаж байгаа коронавируст цар тахлын улмаас эмнэлэгт болон хайгуулын кемптээ тусгаарлагдсан, Эмнэлгийн магадалгаа, шинжилгээний хариунууд зэрэг нотлох баримтууд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааны дотор  гаргаагүйг нотлох баримт болохгүй юм. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гэсэн хугацааг 1 сарын өмнө гэж шууд утгаар ойлгохгүй ба хугацаа дуусахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө хэдийд ч өргөдлөө гаргана гэж ойлгож, хэрэглэхээр байна. 

Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө хэдийд ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан эсвэл баталгаат шуудан болон цахим шуудан /email/ зэрэг боломжит бусад хэлбэрээр өргөдлөө гаргах боломжтой байсан байх ба энэ үндэслэлээр тайлбарлан маргаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй байх ба зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Иймд “А* газрын Г* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ  

“XV** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах” шаардлагын тухайд:

Шүүх “нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэж А* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV-** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий тусгай зөвшөөрлийг к* системд дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Иймд “XV** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч Л.Ц* шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан А* газрын Г* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, XV-** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А* хэлтэст даалгах, XV-** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг А* хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “И*” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И*” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу /-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.БАТЗОРИГ

 

                     ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

                               

                              ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ