Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00905

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00905

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Д.А /РД:*********/-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Б /РД************/-д холбогдох

эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хашаанд барьсан торхон байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, өмгөөлөгч Г.Ц, хариуцагч Ц.Б, өмгөөлөгч О.М, нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Баярмаатай тохиролцож Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байх хашаа, байшинг 2008 оны 12 дугаар 10-нд худалдан авсан юм.

Уг хашааны 427 м2 газар, байшинг 13 сая төгрөгөөр авахаар болсон бөгөөд нийт 11 сая төгрөг төлөөд байгаа. Ц.Баярмаа нь тухайн газрыг 227 м2 ба 200 м2 гэж салгасан байдаг. 2010 онд маргаан гарч бид хашааг дахин бүтэн зарах авах тухай эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар Дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар 03-ны өдрийн 845 тоот захирамж гаргуулсан.

2012 онд Ц.Баярмаа нь Д.Алтантуяад холбогдуулан Хашаа байшин зарсан хэлцлийг хүчингүй болгуулах, хэлцлээр шилжүүлсэн хашаа байшинг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 43 тоот шийдвэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй, хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан.

Энэхүү худалдан авсан газар, байшинтай холбоотой хийгдсэн улсын бүртгэлийн асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар 03-ны өдрийн 101 дугаартай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Уг шийдвэрээр СБД 11-р хороо, Зүүн сэлбийн 4-р гудамжны 18б тоот хаягт байрлах 427м2 газрыг 2009 оны 10-р сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014-09-02-ны өдөр иргэн Г.Батнуур,Ц.Баярмаа, 37.4м2 хувийн сууцыг 2011-02-23-ны өдөр иргэн Ц.Баярмаа, 2014-09-01-ны өдөр иргэн Ц.Баярмаа , Г.Батнуурын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Н-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийн болон тэдгээрийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 00349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн засаг даргын 2009 оны 111-р захирамжийн Ц.Баярмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн харьяллыг зөрчих тул иргэний шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд Д.Алтантуяа намайг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байх 427 м2 газрын, мөн 37.4 м2 хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Миний 427 м2 газар дээр Г.Батнуурын нэрийг барин манай хашааг дур мэдэн таллан, 2015 оны сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү.

Ц.Баярмаа нь гэрээнээс татгалзах эрхгүй, гэрээнээс татгалзаж байгаа гэсэн мэдэгдлээ надад ерөөсөө өгөөгүй. Гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийг зөрчиж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлд өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Алтантуяа нь 6х8 харьцаатай өвлийн шинэ барьсан байшин, 427 м2-ын тал болох 226 м2 газар, автомашины гараашийн хамт 13 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 7+4=11 сая төгрөгийг тухайн үед өгсөн боловч өнөөг хүртэл 2 сая төгрөгийг өгөөгүй. Миний хашаа байшинг олон жил ашиглан эзэгнэж байга Алтантуяа нь хохиросон гээд байгаа боловч үнэн хэрэгтээ Баярмаа би цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ асар ихээр хохирсоор явна.

Маргаж буй газар, байшинг би хууль ёсоор өмчилсөөр ирсэн. 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцэлийн дагуу Алтантуяа нь 6х8 харьцаатай өвлийн шинэ барьсан байшин, 427 м2-ын тал болох 226 м2 газар, автомашины гараашийн хамт 13 сая төгрөгөөр худалдан авахаар тохирохдоо үлдэгдэл 2 сая төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед гэж тохирсон. Энэ үүргийг миний бие зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг өгөхгүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг удаа дараа Алтантуяад өгсөн.

Иймд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээнээс татгалзаж байгааг баталж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байх гэр бүлийн хэрэгцээний 427 м2 газар, уг газар дээр байрлах 37.4 м2 талбайтай байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрлах 427 м2 газрын болон тухайн газар дээрх 37.4 м2 талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг газар дээр баригдсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Баярмаа нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээнээс татгалзаж байгааг батлуулах, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрлах 427 м2 газар, тухайн газар дээрх 37.4 м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Зохигч нь нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь харилцан зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талууд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрлах 427 м2 газар, тухайн газар дээрх 37.4 м2 талбайтай хувийн сууцтай холбоотойгоор нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлүүд гаргасан.

 

Дурдсан газар, түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дараах шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг. Үүнд:

1. Ц.Баярмаа нь Д.Алтантуяад холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрлах өөрийн өмчлөлийн 200 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоож, өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болохгүй болохыг даалгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2. Ц.Баярмаа нь Д.Алтантуяад холбогдуулан өөрийн байшин, газар эзэмших эрх худалдсан 2008-12-10-ны өдрийн хэлцлийг хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон гэж хүчин төгөлдөр бусд тооцуулж, байшин, газраа буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8, 56.5-ыг баримтлан нэхэмжлэгч Ц.Баярмаагийн хариуцагч Д.Алтантуяад 226 м кв газар бүхий гарааштай байшин худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Уг шийдвэрээр одоо маргаж буй үйл явдалтай холбоотой дараах дүгнэлтүүд хийгдсэн:

а/ Зохигчид 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4-18Б тоотод байрлах 226 м.кв газартай 6х8 харьцаатай гарааш бүхий өвлийн 2 давхар байшинг 13 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, 7 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгөх, 6 000 000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед төлөхөөр харилцан тохиролцсон хэлцлийг хийж, эхлээд 7 000 000 төгрөг, дараа нь 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан бичгийн гэрээ, мөнгө төлсөн баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдсон гэж,

б/ Талууд газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийгээгүй боловч хожим нь хэлцлийг хэлбэрийн хувьд хуульд нийцүүлэх талаар тохиролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй гэж,

в/ Гэрээнээс үзэхэд Д.Алтантуяа нь үлдэгдэл 2 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж аваад төлөхөөр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл Д.Алтантуяагийн үлдэгдэл мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй нь Ц.Баярмаагийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй (хүлээсэн үүргээ биелүүлээгүй)-тэй холбоотой байна. Ц.Баярмаа боломжтой (газар өмчлөх эрхийн гэрчилгээ 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарсан) байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авсан Д.Алтантуяад шилжүүлж өгөлгүй үлдэгдэл мөнгийг шаардаж байсан, улмаар гэрээ цуцлахыг шаардсан нь үндэслэлгүй гэж.

3. Д.Алтантуяагийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийг гаргаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4, 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Ү-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосон.

Ийнхүү шийдвэр гаргахдаа маргаан бүхий газар нь анхнаасаа Ц.Баярмаагийнх гэдгийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гэрчээр асуугдсан С.Санчир, Б.Сүхбаатар, Захиргааны хэргийн шүүх дээр гэрчээр асуугдсан Н.Саруултуяа нарын мэдүүлэг болон газрын цагаан гэрчилгээ, газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж, кадастрын зураг зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ Г.Батнуур хамтран өмчлөх эрхтэй болох нь нотлогдохгүй, гагцхүү харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд ийнхүү хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнө нэхэмжлэгч Д.Алтантуяатай байгуулсан газар, байшинг шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр байхад Ц.Баярмаа нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй Г.Батнуурыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг тул дээрх шийдвэрүүдээр тогтоосон баримтын хүрээнд нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхийн зүгээс шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ц.Баярмаа болон Д.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18 тоотод байрлах 226 м.кв газар, түүн дээрх 6х8 харьцаатай гарааш бүхий өвлийн 2 давхар байшинг 13 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаагийн зэрэгцээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан. Мөн талууд Д.Алтантуяагийн худалдан авсан, одоо амьдарч буй 226 м.кв газар дээр нэхэмжлэлд дурдсан 37.4 м.кв талбай бүхий хувийн сууц байрладаг, түүнийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаатай маргаагүй.

Иймд Должингийн Алтантуяаг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрших 226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож байна.

Харин Д.Алтантуяа нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 427 м.кв газар худалдан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, маргаж буй 427 м.кв газраас 200 м.кв газар нь Ц.Баярмаагийн өмчлөлийх болохыг шүүхээс урьд тогтоосон байдаг тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс хашаа таллаж 2015 оны 09 дүгээр сард барьсан гэх торхон байшин нь түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй тул уг торхон байшинг нүүлгэж, газраа чөлөөлүүлэх шаардлага гаргасан боловч Д.Алтантуяагийн өмчлөгчөөр нь тогтоогдож буй 226 м.кв талбай бүхий газар дээр торхон байшинг 2015 оны 09 дүгээр сард барьсан үйл баримт тогтоогдохгүй, өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Ц.Баярмаагийн өөрийн газар дээр торхон байшин барьсан үйлдэл хамаарахгүй нөхцөл байдал байгаа тул хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрыг Ц.Баярмаа өмчлөх эрхтэй болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар шүүгчийн захирамжаар бататгаажуулж байснаас гадна Д.Алтантуяатай 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед энэхүү өмчлөх эрх нь хариуцагчид хадгалагдаж байсан гэж үзэх үндэстэй.

Иймд Цэвэгжавын Баярмааг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож байна.

Гэрээний татгалзлын хувьд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын хүрээнд татгалзлын талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй, гэрээнээс татгалзах талаар гаргасан мэдэгдлээ өгөөгүй гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг хариуцагч нь няцаагаагүй.

Нөгөө талдаа хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах үндэслэлээ нэхэмжлэгч Д.Алтантуяа гэрээнд заасан төлбөрөөс 2 000 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүйтэй холбож тайлбарласан. Шүүхийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгээгүй нь гэрээнээс татгалзах нөхцөлд хамаарахгүй, мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой асуудалд Иргэний хуулийн гэрээнээс татгалзахаас өөр зохицуулалт, журам үйлчилнэ гэж үзэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр Д.Алтантуяа нь үлдэгдэл мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь Ц.Баярмаагийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн байдаг. Энд дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-ээс татгалзаж байгааг батлуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагчийн гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож байгаа, түүнчлэн Д.Алтантуяа, Ц.Баярмаа нарын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18 тоотод байрлах 226 м.кв газар, түүн дээрх 6х8 харьцаатай гарааш бүхий өвлийн 2 давхар байшинг 13 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул дурдсан газарт байрлах 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

1 дүгээр хавтаст хэргийн 12-р талд Д.Алтантуяагийн өмчлөгчөөр тогтоож буй 226 м.кв талбай бүхий газарт хийгдсэн кадастрын зураг, 200 дугаар талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваас хуулбарлан олгосон маргаж буй 427 м.кв талбай бүхий газарт хийгдсэн кадастрын зураг тус тус авагдсан, зохигч нар өөрсдийн өмчлөгчөөр тогтоогдож буй газруудад оршин сууж байгаа болохыг дурдвал зохино.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр дурдсан хаягт байх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг холбогдох бүртгэлийн хамт хүчингүй болгосон боловч энэ нь уг маргаантай газрын талаар гарч байсан Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хөндөөгүйн зэрэгцээ одоо шүүхээс Д.Алтантуяа, Ц.Баярмаа нарын өмчлөх эрхийн асуудлыг шийдвэрлэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно.

 

Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг Шүүхийн төрөлжсөн архивын газар руу хүргүүлэхийг, тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1106 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэл дуусгавар болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Должингийн Алтантуяаг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрших 226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож,

үлдэх 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2015 оны 09 дүгээр сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэвэгжавын Баярмааг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18-б тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож,

сөрөг нэхэмжлэлээс 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-ээс татгалзаж байгааг батлуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Баярмаагаас 222 950 төгрөг гаргуулан Д.Алтантуяад олгож, Д.Алтантуяагаас 70 200 төгрөг гаргуулан Ц.Баярмаад, 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ