Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Б.Мөнх-Од,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

шүүгдэгч Н.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баян сум, Цавчир хоолт 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 33-4-54 тоотод түр оршин суудаг, 1997 оны 1 сарын 15 ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр  Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг  тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 6 сарын 19-ний өдрийн 71 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын  шүүхийн 2000 оны 3 сарын 3-ны өдрийн 3 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 7 сарын 22-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж 2013 оны 5 сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЖЮ77090315/ Боржигон овогт Наранцэцэгийн Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020576 дугаар 185/2017/0320/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ганболд нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн Э.Ганзоригийн гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, бугуйн цаг, эмэгтэй хүний зүүлт зэрэг эд зүйлс хулгайлсан бусдад 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганболдын: 2017 03 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байх айлын хаалгыг эвдэж ороод 3 мөнгөн аяга, зүүлт, 3 ширхэг цаг хулгайлсан. Эдгээр авсан зүйлсээ ломбарданд тавьсан. Өөрийн бодлогогүй, ухаангүй үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад хохирогч Э.Ганзоригийн: ...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ... орой 19 цаг 30 минутын үед ирэхэд манай хаалга хөшчихсөн байхаар нь түлхүүрээ хийгээд эргүүлэхэд түлхүүр хоосон эргээд байхаар нь хаалгаа татахад хаалга шууд онгойж цоож нь унасан. Тэгээд л гэртээ ороход бүх зүйлийг эмх замбараагүй болгож шүүгээ онгойлгож дотор талаас нь 3 ширхэг мөнгөн аяга, бугуйн цаг 3 ширхэг, арслангийн толгойн дүрстэй саарал өнгийн төмөр эмэгтэй хүний 1 ширхэг зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Одоо бол хулгайд алдсан бүх эд зүйлсээ олж авсан байгаа. Тиймээс надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Шүүх хуралд суухгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34-36/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Батмөнхийн: ...Миний бие нь Сайн ломбарднаас хураан авсан мөнгөн аягануудаас нэг ширхгийг нь буюу Н.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг мөнгөн аяга тавьсан байсан аягыг мөрдөн байцаагчаас хүлээн авсан байгаа. Одоо манай байгууллага нь Н.Ганболдоос 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 ширхэг мөнгөн аягыг 220.000 төгрөгөөр тавьсан бөгөөд энэ 220.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Даваадоржийн: ...2017 оны 03 дугаар сарын 09-нйи орой 18 цагийн үед гэртээ байж байтал доод давхарт юм уу 2 юм уу 3 дугаар давхарт орцонд төмөр балбаж байгаа дуугараад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал 3 дугаар давхараас нэг залуу доошоо бууж явсан. Тэгэхээр нь би ямар хүн юм бол гээд харахад бор сааралдуу богино куртиктэй боровтор өнгийн жижиг дөрвөлжин цүнх үүрсэн жинсэн өмдтэй нэг залуу доошоо хурдан буугаад явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал 10 орчим минутын дараа дахиад 3-4 удаа төмөр цохих чимээ гарсан юм. Тэгэхээр нь би дахиж гаргаагүй юм. Туранхай залуу байсан, өөр зүйл хараагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/,

 

Мөрдөн байцаалтад Н.Ганболдын яллагдагчаар: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан бол манай гэрт хоол унд байхгүй, миний хоёр хүүхэд гэртээ өлсөөд байсан ба би өөрөө ямар ч ажил төрөл хийгээгүй би ажил хийхээр цалин мөнгөн төгрөг өгөхгүй алга болчихдог цалингаар минь тоглочихдог болохоор л би яахын аргагүй хулгай хийсэн. ...СБД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байр руу 2 дугаар орц руу ороод 3 давхарт гараад хаалга тогшиход онгойлгож өгөхгүй байхаар нь би гэрээсээ авчирсан торцовыг гаргаж ирээд хаалгыг нь хөшиж онгойлгоод дотор талаас нь шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг цаг, зүүлт зэрэг эд зүйлс хулгайлаад буцаад гараад явсан. Энэ 3 ширхэг мөнгөн аягыг Сайн ломбарданд 220.000 төгрөгний барьцаанд тавьж мөнгөөрөө хоол ундны юм аваад гэртээ харьсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-62-63/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19/, Н.Ганболдын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-20/, Сайн ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх-28-29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-32-33/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-133/, Си Ди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-134/, эд зүйлийн үнэлгээ /хх-95/, Н.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-69-81/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Прокуророос шүүгдэгч Н.Ганболдын 2017 оны 3 сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн Э.Ганзоригийн гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2017 оны 8 сарын 1-ний өдөр прокурорын 165 дугаар тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2017 оны 8 сарын 14-ний өдөр 24 тоот яллах дүгнэлт үйлджээ.

2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д  “…хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “…эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Н.Ганболд Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 7 сарын 22-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 10 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэн ял эдэлж 2013 оны 5 сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагджээ. Прокуророос шүүгдэгч Н.Ганболдын гэмт үйлдлийг 2015 оны эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь эрх зүйн байдлыг  дээрдүүлж байгаа мэт боловч эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д …найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн нь 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д …гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Ганболдод холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэлийг 2015 оны эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ганболд гэм буруугаа хүлээн чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад 450.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Э.Ганзоригийн хэргийн материалтай танилцахдаа гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгчийн тодорхойлолт /хх-117/-оор нотлогдож байх тул оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцаг /СиДи/-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Наранцэцэгийн Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилсүгэй.
  2. Наранцэцэгийн Ганболдыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Наранцэцэгийн Ганболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Ганболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Ганболдын цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  6. Н.Ганболд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс тоолсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ