Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнх-Од,

ялтан Н.Г-н өмгөөлөгч Д.Дашдорж,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  прокурор Г.Бат-Очирын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Г-д холбогдох 2017 2502 0576 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Н Г, 1977 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн н сум, суух хаягийн бүртгэлтэй боловч тоотод түр оршин суудаг,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр 1997 оны 1 сарын 15-ны өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр 1998 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулаад тэнссэн 1 жил 6 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр 2000 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 27 хоногийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2013 оны 5 сарын 25-ны өдөр хорих хугацаа дуусч суллагдсан, /РД:000000000000000/;

Н.Г нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн Э.Ганзоригийн гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, бугуйн цаг, эмэгтэй хүний зүүлт зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Г-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Н Г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж, Н.Г-г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Н Г-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Г-н цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Н.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Г.Бат-Очир бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл прокуророос Н.Г-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна гэж шүүх дүгнэв.” гэжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын санкц нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан хуулиас хүнд мэт байгаа боловч Эрүүгийн хуулийг хэрэглэх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль гэж үзэхээр байна. Учир нь ялтан Н.Г-д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт байх ба шүүгдэгч өөрт ашигтай дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжоо алджээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийтгэх тогтоол гаргасан байх тул тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ.

 

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцэлд бичсэний дагуу шийтгэх тогтоолд өөрлчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Ялтан Н.Г-н өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх санал тавьж байсан. Тухайн үед цагдан хоригдсон байсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлд зааснаар торгох ялаар хасч тооцож шийтгүүлэх боломжтой юм байна гэсэн байр суурьтай оролцож байсан. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар цагдан хоригдсон хугацааг дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийн цагдан хоригдсон хоногт тооцож хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Н.Г- нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн Э.Ганзоригийн гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, бугуйн цаг, эмэгтэй хүний зүүлт зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ялтан Н.Г-д /хх-62-63, 166/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Ганзориг /хх-34-36/, иргэний нэхэмжлэгч Ц.Батмөнх /хх-38/, гэрч С.Даваадорж /хх-40/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19/, “Сайн” ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх-28-29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-32-33/, эд зүйлийн үнэлгээ /хх-95/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж, түүнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Г-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Дээд шатны прокурор Г.Бат-Очирын бичсэн: “...2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын санкц нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан хуулиас хүнд мэт байгаа боловч Эрүүгийн хуулийг хэрэглэх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль гэж үзэхээр байна. Ялтан Н.Г-д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт байх ба шүүгдэгч өөрт ашигтай дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжоо алджээ...” гэсэн эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлыг хянавал:

Ялтан Н.Г-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “орон байр...д нэвтэрч үйлдсэн” шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, ...д нэвтэрч ... үйлдсэн” шинжтэй тохирч байх боловч тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ “...хоёр жилээс найман жил хүртэл...” хугацаатай болж түүнд оногдуулах ял хүндэрч эрх зүйн байдал нь дордохоор байх тул  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан боловч 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:

 “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж,...болно:” гэж заажээ.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийн заалт нь шүүхэд үүрэг болгосон заавал биелүүлэх хэм хэмжээ биш байх ба ялтан Н.Г-д нь 1997, 1998, 2000, 2004 онуудад хулгайн хүнд, онц хүнд гэмт хэрэгт удаа, дараа хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш засрал хүмүүжил ололгүй 2017 онд дахин хулгайн хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс үзвэл хувийн байдлын хувьд прокурорын эсэргүүцэлд үндэслэлд тэмдэглэсэнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хангахын тулд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэснийг үндэслэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин ялтан Н.Г-д нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сэжигтнээр 13 хоног,

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл яллагдагчаар 57 хоног, нийт 70 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “62 хоног” гэж түүний цагдан хоригдсон хоногийг “8” хоногоор дутуу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй тул шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.