Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 123

 

Т.Х-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:   Х.Батсүрэн

Шүүгчид:                Г.Банзрагч

                               Д.Мөнхтуяа

                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:     Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Т.Хт тэтгэлэг олгох тухай Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0883 дугаар магадлал,

Нэхэмжлэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-ын “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0883 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0883 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Х-ын Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тухайн захиргааны актын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон түүнийг эс зөвшөөрч гаргасан гомдолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийн үндэслэл нь “маргаан бүхий тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь хэн байна гэдгийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар мэргэжилтнийг шалгаруулж аваагүй нь маргаан гарах үндэслэл болсон” гэсэн байна.

6. Хариуцагчийн зүгээс шинэ захиргааны акт гаргахдаа тухайн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг зөрчсөн. Маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж дүгнэлт гаргасан байх ба тухайн ажлын хэсгийн хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг харахад нэхэмжлэгч Т.Х болон Э.Ганзориг нарын хэн нь маргаан бүхий ажлын байрны шаардлагыг илүү хангаж байгааг тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзээгүй байдаг.

7. Өөрөөр хэлбэл тухайн 2 албан хаагч үр дүнгийн гэрээгээ хэрхэн дүгнүүлж байсан, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь ямар байсан, мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байсан аль эсхүл хэрхэн шагнал урамшуулал авч байсан, мэргэшсэн байдал нь ямар байгаа зэрэг нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгсөн зүйл байхгүй байдаг. Уг ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн Санал хэсэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Д.Баярмаа “...уг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын инженер мэргэжилтэй гэсэн шаардлагыг Э.Ганзориг нь илүү хангаж байгаа тул түүнийг дээрх ажлын байранд сонгон шалгаруулж авсан нь хууль зүйд нийцэж байна гэж үзэж байна", Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Оюунхүү "...Э.Ганзоригийн мэргэжил шаардлага хангаж байгаа тул тухайн албан тушаалд Э.Ганзоригийг томилсон нь үндэслэлтэй гэж үзэж байна”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ганзориг "...иймд Э.Ганзоригийг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилсон нь зөв гэж үзэж байна”, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Гантөмөр “...Э.Ганзоригийг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилсон нь зөв гэж үзэж байна”, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Очир "... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Э.Ганзоригийг дээрх ажлын байранд сонгон шалгаруулж авсан нь хууль зүйд нийцэж байна гэж үзэж байна” гэсэн саналуудыг гаргасан байх ба уг тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн дүгнэлт 3-т “Иймд ажлын хэсгийн гишүүдийн гаргасан дээрх санал дүгнэлтүүдэд үндэслэн Э.Ганзоригийг тухайн ажлын байранд сонгон авсан нь менежер өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ажлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэх ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан мэргэжилтнийг үндэслэлтэй сонгон авсан байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүд 100 хувийн саналаар гаргав” гэсэн байна.

8. Эндээс харахад ажлын хэсэг нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутаас 17 цаг 05 минут хүртэл 3 цаг 35 минутын хугацаанд хуралдаж дүгнэлт гаргахдаа Т.Х, Э.Ганзориг нарын хэн нь маргаан бүхий ажлын байранд тавигдах болзол шаардлагыг илүү хангаж байна гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулаагүй байх ба газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаал гаргасан нь үндэслэлтэй, бид Э.Ганзоригийг сонгон авсан нь зөв болжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрт заасны дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “амаар гаргасан шийдвэрийг баталгаажуулахын тулд ажлын хэсэг томилсон” гэсэн тайлбарыг гаргасан.

9. Шүүхээс тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гарсан боловч сонгон шалгаруулалт явагдаагүй байх тул Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаараа Э.Ганзоригийг маргаан бүхий ажлын байранд дахин томилсон нь хууль бус байх ба энэхүү үндэслэлээр тухайн захиргааны акт хүчингүй болох боломжтой байна.

10. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгч Т.Хыг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байранд өрсөлдөх боломж олгоогүй, сонгон шалгаруулалт явуулаагүй ба анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй.

11. Иймд, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0883 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

13. Э.Ганзоригийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилсон тус газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ”...албан тушаалд тавигдах ...шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг ...шалгаруулж авна” гэж заасантай нийцсэн байна. 

14. Маргаан бүхий дээрх тушаалыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага өмнө нь нэхэмжлэгч Т.Х-ын нэхэмжлэлтэй маргааныг хянан “...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн” Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар шүүхийн шийдвэрт үндэслэжээ. 

15. Нийгмийн халамж үйлчилгээний болон Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн зохион байгуулагдсанаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр ажиллах албан хаагчийг сонгохдоо тус газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд нэхэмжлэгч Т.Х, гуравдагч этгээд Э.Ганзориг нарыг тодорхой шалгуураар харьцуулан дүгнэсэн үнэлгээний дүнг харгалзсан нь нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар шүүхүүд тодорхой, дэлгэрэнгүй дүгнэсэн байна. 

16. Үүнээс гадна “Т.Хт 3 сарын үндсэн цалинтай хэмжээний тэтгэлэг олгох тухай” Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/45 дугаар тушаалыг түдгэлзүүлсэн тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 16 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул шүүх, энэ тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “ ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ...байгаа” гэж заасныг зөрчөөгүй болно. 

17. Мөн маргаан бүхий 2017 оны Б/06 дугаар тушаалд “Т.Хт 3 сарын тэтгэлгийг 2016 оны Б/45 дугаар тушаалаар олгосон”-ыг дурдсан байна.

18. Иймээс “...сонгон шалгаруулалт явуулаагүй..., ...Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0883 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ