Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/шш2023/02853

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02853

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Г, Г.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Ш **** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар **********, С овогт Т-ийн Зийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, З *** тоот хаягт байрлах, регистрийн ******* дугаартай, Т ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 4.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *********** дугаар шийтгэх тогтоолоор П.Г-ийг гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Т ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан тул иргэний нэхэмжлэгч миний эд хөрөнгө болох ******** дугаартай Т приус 30 маркийн автомашинд учирсан хохирол, оношилгоо, ачилт, үнэлгээ гаргуулсан зардал болох 14.839.000 төгрөг, өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад шаардлагатай автомашин түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг, нийт 20.839.000 төгрөг, түүний 3.500.000 төгрөгийг автомашины даатгалаас төлсөн тул үлдэгдэл 17.339.000 төгрөгийг иргэний хариуцагч Т ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл иргэний хариуцагч Т ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17.339.000 төгрөгийг төлөгдсөн. Иргэн Т.З надад өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад автомашин зайлшгүй шаардлагатай тул төлбөр төлөгдөх хүртэлх 97 хоногийн хугацаанд автомашиныг үргэлжлүүлэн түрээслэж төлбөр 4.850.000 төгрөгөөр хохирсон. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Т ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас иргэн Т.З надад учирсан 4.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: "Т ХХК-д холбогдох автомашин түрээсэлсэн гэх 4.850.000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 00 цагийн үед Т ХХК-ийн ******** Миксер маркийн автомашин Т приус маркийн ********* автомашинтай мөргөлдөж тээврийн осол гаргасан. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэл явагдаж Т приус маркийн ********* автомашины жолооч Т.З нь 20.839.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 14.839.000 төгрөг автомашины хохирол, 6.000.000 төгрөг автомашин түрээсийн төлбөрийг төлөхөөр 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ************ тоот анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Т ХХК-ийн бүх автомашинууд жолоочийн хариуцлагын даатгалаар М даатгал ХК-иар даатгуулсан бөгөөд М даатгал ХК-ийн дотоод асуудлаас болж нөхөн төлбөр орохгүй удсан. М даатгал ХК-ийн нөхөн төлбөрийг хүлээхгүйгээр Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *********** тоот тогтоолын ТОГТООХ хэсэгт зааснаар автомашин түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг, ******** авто машинд учирсан зохирол 11.339.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. М даатгал ХК-иас нөхөн төлбөр 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр орсон болно. Иймд иргэн Т.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 92.550 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Т ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн машин механизм түрээсийн гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *********** дугаар шийтгэх тогтоол, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, нэхэмжлэгчээс Г.Б-д олгосон итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч Т ХХК-иас Э.Б-д олгосон итгэмжлэл, Э.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******** дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ***** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудасны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *********** дүгээр албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ************ дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ********** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ********** дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********** дүгээр зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ****** дугаар төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн дансны хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ********* дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, хариуцагч компаниас Д.Н-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ********** дугаар шийтгэх тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Т.З-д 20.839.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, үүнээс төлөгдсөн 3.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 17.339.000 төгрөгийг иргэний хариуцагч Т ХХК-иас гаргуулж Т.З-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолыг иргэний хариуцагч Т ХХК нь сайн дураар биелүүлээгүй байх ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Т.З-д 17.339.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн дансны хуулбараар тогтоогдож байна.

3. Ингээд шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс шийдвэрийг гүйцэтгэсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 97 хоногийн хугацаанд автомашин түрээслэн 4.850.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэгч Т.З шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг шаардлагатай холбоотой тус шүүхэд иргэн Ж-н М-тай 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Машин механизм түрээсийн гэрээ болон Т.З-ийн Х банк дахь *********** тоот данснаас ********** тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4.850.000 төгрөгийг Машины түрээс З 3 сар 7 хоног гэх утгаар шилжүүлсэн тухай дансны хуулгыг тус тус ирүүлсэн.

Гэвч Т.З нь нэхэмжлэлийн шаардлагадаа Өдөр тутмын амьжиргааг залгуулахад автомашин шаардлагатай байсан гэх боловч үүнтэй холбоотой бичгийн баримтыг ирүүлээгүй, ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах, мөн нөхрөө ажилд нь хүргэх, авах зэргээр байнга, өдөр тутамдаа автомашин хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан хэмээн тайлбарлаж байгаа боловч хэрэгт цэцэрлэг, сургуулийн, мөн ажлын газрыг тодорхойлолт авагдаагүй, хүүхдүүд ямар сургууль, цэцэрлэгт хүмүүждэг, нөхөр хаана ажилладаг болох, тухайн сургууль, цэцэрлэг, ажлын байр нь гэрээс нь хэдэн клометрын зайтай болох талаарх нотлох баримт авагдаагүй.

Мөн Т.З-ийн түрээсэлсэн гэх ********* улсын дугаартай, Т ******* маркийн автомашин нь иргэн Ж.М-ын эзэмшлийн автомашин мөн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй байх ба тухайн этгээд уг автомашиныг захиран зарцуулах эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 4.850.000 төгрөг гаргуулах тухай Т.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

5. Талууд шүүх хуралдааны үеэр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх тухай санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 4.850.000 төгрөг гаргуулах тухай Т.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.ГОНЧИГСУМЛАА

 

Г.ТӨРБОЛД