Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02111

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02111

 

 

Т.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02853 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 4,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШШТ/01142 дугаар шийтгэх тогтоолоор П.Г-ийг гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Т ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан тул иргэний нэхэмжлэгч миний эд хөрөнгө болох 00-00 УБК дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинд учирсан хохирол, оношилгоо, ачилт, үнэлгээ гаргуулсан зардал болох 14,839,000 төгрөг, өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад шаардлагатай автомашин түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, нийт 20,839,000 төгрөг, түүний 3,500,000 төгрөгийг автомашины даатгалаас төлсөн тул үлдэгдэл 17,339,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Т ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17,339,000 төгрөг төлөгдсөн. Т.З- надад өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад автомашин зайлшгүй шаардлагатай тул төлбөр төлөгдөх хүртэлх 97 хоногийн хугацаанд автомашиныг үргэлжлүүлэн түрээслэж төлбөр 4,850,000 төгрөгөөр хохирсон. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Т ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас Т.З- надад учирсан 4,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Т ХХК-д холбогдох автомашин түрээсэлсэн гэх 4,850,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00 цагийн үед Т ХХК-ийн 00-00 УНЕ Миксер маркийн автомашин Тоёота приус маркийн 00-00 УБК автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж Тоёота приус маркийн 00-00 УБК автомашины жолооч Т.З- нь 20,839,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14,839,000 төгрөг автомашины хохиролд, 6,000,000 төгрөг автомашин түрээсийн төлбөрт төлөхөөр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШШТ/1142 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Т ХХК-ийн бүх автомашинууд нь М ХК-ийн жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан бөгөөд М ХК-ийн дотоод асуудлаас болж нөхөн төлбөр орохгүй удсан. М ХК-ийн нөхөн төлбөрийг хүлээхгүйгээр Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШШТ/1142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааснаар автомашин түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, 00-00 УНК авто машинд учирсан зохирол 11,339,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. М ХК-аас нөхөн төлбөр 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шилжиж орсон болно. Иймд иргэн Т.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох гэм хорын хохирол 4,850,000 төгрөг гаргуулах тухай Т.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй автомашин засварлах төлбөрийг өгөөгүйгээс ашиглах боломжгүй байсан тул зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас автомашины түрээсийг үргэлжлүүлэн 4,850,000 төгрөгийн хохирол учирсан байхад гэрээ бусад баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШШТ/01142 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг биелүүлэх үүргээ хариуцагч Т ХХК нь биелүүлэлгүй шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж хугацаа алдсаны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл баримтаар нотлогдож байгаа. Мөн дээрх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд зайлшгүй шаардлагатай хохирол гэдгийг тогтоосон, хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй үйл баримт, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг харгалзан үзэлгүй нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Т ХХК 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хугацаанд нь биелүүлсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч өдөр тутмын амьжиргаагаа залгуулдаг гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч интернэтээс татсан зургуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд такси үйлчилгээнд явж орлого олдог, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, гэр маань Өлзийт хороололд байдаг гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Т ХХК нь эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Т.З- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ амьжиргаа залгуулахад автомашин шаардлагатай байсан тул 97 хоног автомашины түрээсэлсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

1.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ манайх шүүхийн шийдвэрээр тогтоосон бүх төлбөрийг барагдуулсан, мөн гэм хороос учирсан бодит хохирлыг л төлөх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШШТ/1142 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Т ХХК-аас зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 17,339,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.З-д гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолоор хариуцагчаас гаргуулсан дээрх төлбөрт нэхэмжлэгчийн бусдын автомашин түрээсэлсэн зардалд 6,000,000 төгрөгийг оруулан тооцсон байна./хх9-12/

 

Дээрх шийтгэх тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Т.З-д 17,339,000 төгрөгийг хариуцагч Т ХХК төлсөн болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогдож байна. /хх 35-48/

 

3. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Машин механизм түрээсийн гэрээ-гээр түрээслүүлэгч Ж.М- нь 22-36 УНР улсын дугаартай Тоёота BB-QNC20 маркийн автомашиныг 1 өдрийн түрээсийн төлбөр 50,000 төгрөгөөр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар Т.З-д түрээслүүлэх тухай гэрээг, нэхэмжлэгч Т.З-гийн Хаанбанкны 0000 дугаартай харилцах данснаас 0000 дугаарын дансанд 4,850,000 төгрөгийг машин түрээс З- 3 сар 7 хоног гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулгыг нэхэмжлэгч талаас тус тус ирүүлсэн байна./хх 5-8, 13/

 

Гэтэл дээрх түрээсийн гэрээ сунгагдсан эсэх нь тодорхойгүй, түрээсийн гэрээний зүйл болох автомашины тээврийн хэрэслийн гэрчилгээ байхгүй, мөн эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй байх бөгөөд Хаан банкны дансны хуулгат авагдсан 4,850,000 төгрөгийг хүлээн авагч нь хэн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь автомашинаар амьжиргаагаа залгуулдаг гэх боловч энэхүү нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь дээрх хуулийн аль шаардлагад хэрхэн хамаарч буй талаарх үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл заалт нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг алдааг залруулан өөрчлөлт оруулна.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 499 дүгээр зүйлийн 499.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ